| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0443/3 |
| Дугаар | 128/ШШ2024/0959 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж,
Нэхэмжлэгч: Б.Б******* /*******/
Хаяг: *************************************
Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.Б*******д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн Г.А*******, Ц.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч : Б.Б*******гаас Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ:
1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан мөнгөн урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгуулахаар шаардлагаа тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:
Миний бие 2012 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн №433 тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтэс /тухайн үед хэлтэс байсан/-ийн Замын- Үүд сум дахь Аврах гал унтраах 17 дугаар анги /Замын-Үүд суманд байдаг/-д дуудлага хүлээн авагчаар анх ажилд орж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Б/1078 тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгчээр, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн Б/731 тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр тус тус томилогдон ажиллаж байсан.
Харин Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 05- ний өдрийн Б/764 тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд шилжиж Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг үндэслэн/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн Б/688 тушаалаар Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах нягтлан бодогчоор томилогдон одоог хүртэл ажиллаж байна.
Дээр дурдсан буюу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн Б/764 тушаал гарах хүртэл Онцгой байдлын албанд нийт 10 жил 9 сар ажилласан бөгөөд энэ хугацаанд 5 жилийн урамшуулал авч байгаагүй болно.
Иймээс Монгол Улсын Гамшгийн тухай хууль (2017)-ийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт "Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно." гэх заалтын дагуу 5 жилийн урамшуулал авах эрх нээгдсэн тул 2023 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Бие бүрэлдэхүүний сургалт, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.З******* /утасны *******/-т "Хуулийн дагуу 5 жилийн урамшуулал авах хүсэлтээ өгье" гэхэд "Одоо хүсэлт авахгүй. Тэр мөнгийг олгох үгүй нь тодорхойгүй байгаа. Ерөнхий газраас алба дугаар хаагчдаас хүсэлтийг нь ав гэсэн чиглэл ирээгүй байна" гэсэн учраас хүсэлтээ өгч чадалгүй Онцгой байдлын байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжсэн.
Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Бие бүрэлдэхүүний сургалт, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.З******* /утасны дугаар *******/ надтай утсаар холбогдож "5 жилийн урамшуулал авах хүсэлтээ бичиж өг" гэсний дагуу тухайн өдөр нь хүсэлтээ бичин Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэст өөрийн биеэр өргөдлөө хүргэж өгсөн. Тус өргөдлийн хариу ирээгүй тул 2024 оны 02 дугаар сарын 26-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г. А дахин өргөдөл бичсэн.
Гэтэл Онцгой байдлын ерөнхий газраас 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн "Өргөдлийн хариу өгөх тухай" №3/624 дугаар албан бичгээр намайг онцгой байдлын албан ажиллахгүй байгаа тул урамшуулал олгогдох боломжгүй гэх хариуг өгч татгалзсан. Тус албан бичгийг миний бие 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан.
Миний бие Онцгой байдлын байгууллагад ажиллаж байх үедээ буюу 2022 оны 07 дугаар сард "тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдын судалгаа"-г боловсруулж, Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлж байсан бөгөөд уг судалгаанд миний нэр орсон байсан. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу урамшуулал авах эрх нээгдэх хугацаанд миний бие онцгой байдлын албанд ажиллаж байсан тул хуульд заасан урамшууллыг авах эрхтэй гэж үзэж байна.
Иймд Онцгой байдлын ерөнхий газраас надад Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан урамшуулал олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр гаргах өгнө үү." гэжээ.
Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлыг хангах, алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуульд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 болон түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид мөнгөн урамшуулал олгох зохицуулалт нэмэлтээр орж, үүний дагуу Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор уг асуудлыг зохицуулсан журам батлагдаж, мөрдөн ажиллаж байна.
Нэхэмжлэгч Б. Б******* нь 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан. Мөнгөн урамшууллын төсвийг 2023 оны 10 дугаар сард олгож эхэлсэн Шалтгаан нь:
1. Улсын жилийн төсвийн орлого бүрдүүлэхтэй холбогдуулан дээрх зардлын санхүүжилт нь 2023 оны 10 дугаар сарын төсвийн хуваарьт батлагдсан
2. Мөнгөн урамшуулал авах алба хаагчдын урьдчилсан судалгааг дахин нягталж, тооцоог хийж, тушаал, шийдвэрийн бүрдлийг бүрэн хангах, санхүүжилтийн зарцуулалтын эрх нээлгэх зэргээс хамааран 2023 оны 10 дугаар сараас олгож эхэлсэн.
Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор зохицуулаагүй зарим асуудлыг Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 78 дугаар тушаалаар "Онцгой байдлын байгууллагад алба хаах журам"-д нэмэлт оруулан зохицуулсан. Тус нэмэлтээр журмын 13.10-т "Урамшуулал авах эрх үүссэн боловч албанаас чөлөөлөгдсөн, сахилгын шийтгэлээр болон хуульд заасан бусад үндэслэлээр халагдсан, тэтгэвэрт гарсан тохиолдолд урамшууллыг нөхөж олгохгүй" гэж, мөн журмын 13.11-т "Урамшууллын мөнгийг Онцгой байдлын ерөнхий газраас тухай төсвийн жилийн 4 дүгээр улиралд багтаан олгоно" гэж зохицуулсан.
Иймд Гамшгаас хамгаалах тухай хууль болон журамд ".... ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид... мөнгөн урамшууллыг олгоно" гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Б*******гийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* тус шүүхэд хандан Нэхэмжлэгч Б.Б*******д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд,
1. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Томилох, цол олгох тухай 433 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б*******г Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 17 дугаар ангид дуудлага хүлээн авагчийн албан тушаалд томилжээ.
Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Шилжүүлэн томилох тухай Б/1078 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагчийн албан тушаалаас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангид аврагч-гал сөнөөгчийн албан тушаалд шилжүүлэн томилж,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Томилох тухай Б/731 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс томилж,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/764 дугаар Шилжүүлэх тухай тушаалаар шилжин ажиллах хүсэлт гаргасан нэхэмжлэгч Б.Б*******г 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн байна.
2. Нэхэмжлэгч Б.Б*******гаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11-д Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно гэж заасны дагуу 5 жилийн урамшуулал авах өргөдлийн хариуд Онцгой байдлын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/624 дугаар албан бичгээр ...Та Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны Б/764 дүгээр тушаалаар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс чөлөөлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох-оор заасан тул урамшуулал олгогдох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь Онцгой байдлын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/624 дугаар албан бичгийг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ... мөнгөн урамшуулал авах эрх үүссэн, хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль бус байх тул хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг гаргахыг хариуцагчид даалгах хэмээн тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Гамшгаас хамгаалах тухай хуульд онцгой байдлын алба хаагчдад урамшуулал олгох зохицуулалт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлтээр орж, Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор уг харилцааг зохицуулсан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам батлагджээ.
Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор зохицуулаагүй зарим асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28.1-д Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 28.1.5-д гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, заавар, салбар хоорондын харилцан ажиллагааны төлөвлөгөө, удирдамжийг батлах гэж тус тус заасан эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар Журамд нэмэлт оруулах тухай тушаалаар Онцгой байдлын байгууллагад алба хаах журам-д нэмэлт оруулах байдлаар нарийвчлан зохицуулжээ.
Дээрх хууль тогтоомжийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газраас мөнгөн урамшуулалд хамрагдах алба хаагчдын тооцоо, судалгааг гаргаж, тушаал, шийдвэрийн бүрдлийг хангах, санхүүжилтийн зарцуулалтын эрх нээлгэж, улсын жилийн төсвийн орлого бүрдүүлэхтэй холбогдуулан урамшууллын төсвийг 2023 оны 10 дугаар сарын төсвийн хуваарьт батлагдаж, мөн оны 4 дүгээр улирлаас олгогдож эхэлсэн нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:
Гэрч С.З*******ын дээд шатны байгууллага болох Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 09 сард алслагдсан суманд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа албан хаагчдынхаа судалгаа, мэдээллийг ирүүл гэсэн чиглэл ирсэн. Үүний дагуу албан хаагчдынхаа судалгааг авч хүргүүлсэн, энэ тухай хүсэлтийг огт гаргаж байгаагүй, харин манайхаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу манай албан хаагчид 2024 оны 1 дүгээр улирлаас урамшуулал авснаас хойш хуучин хамт ажиллаж байсан хүмүүсээсээ урамшуулал авсан талаар сонссон байх, надтай утсаар холбогдож . урамшуулал авах боломжтой юу гэж асууж байсан, . дээд шатны байгууллагаас 2023 оны 09 дүгээр сард судалгаа ирүүлэх чиглэлийн дагуу тухайн сард багтааж холбогдох албан хаагчдын судалгааг гаргаж хүргүүлсэн. Ингэхдээ одоо ажиллаж байгаа албан хаагчдын судалгаа, мөн тухайн байгууллагад өмнө нь ажиллаж байгаад шилжин томилогдсон болон албанаас чөлөөлөгдсөн албан хаагчдын судалгаанд Б.Б*******гийн нэрийг хамруулж хүргүүлсэн гэх мэдүүлэг,
Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/1858 дугаартай Судалгаа ирүүлэх тухай, Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25/200 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг,
Мөн Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5-аас дээш ажиллаж байгаа алба хаагчдын судалгааны Шилжин томилогдсон болон албанаас чөлөөлөгдсөн алба хаагчид хэсгийн 46 дугаарт Б Б*******, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/764 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст томилогдсон гэж бичигджээ.
5. Гамшгаас хамгаалах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 50 дугаар зүйлийн 50.11-д Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно, /2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт/ 50.13-т Энэ хуулийн 50.10, 50.11, 50.12-т заасан нэмэгдэл, мөнгөн урамшуулал, нөхөн олговор олгох журмыг Засгийн газар батална /2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт/ гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар тогтоолоор батлагдсан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 1.1-д Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид мөнгөн урамшуулал гэх)-ыг олгоход энэ журмыг мөрдөнө, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар Журамд нэмэлт оруулах тухай тушаалын 13.10-т Урамшуулал авах эрх үүссэн боловч албанаас чөлөөлөгдсөн, сахилгын шийтгэлээр болон хуульд заасан бусад үндэслэлээр халагдсан, тэтгэвэрт гарсан тохиолдолд урамшууллыг нөхөж олгохгүй ...., 13.11-д Урамшууллын мөнгийг Онцгой байдлын ерөнхий газраас тухайн төсвийн жилийн 4 дүгээр улиралд багтаан олгоно гэж тус тус заажээ.
Маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүх, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11-д Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно, Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 1.1-д Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид мөнгөн урамшуулал гэх)-ыг олгоход энэ журмыг мөрдөнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Б******* нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр Онцгой байдлын албанаас чөлөөлөгдсөн байх тул онцгой байдлын албаны ажиллаж байгаа алба хаагчид хамаарахгүй, 2023 оны 4 дүгээр улирлаас олгож эхэлсэн мөнгөн урамшууллыг нөхөж авах боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан дээрх хууль тогтоомжоор тавигдаж буй үндсэн шаардлага нь тус албанд ажиллаж байгаа алба хаагч гэж тодорхойлсноос үзвэл нэхэмжлэгч Б.Б*******гийн хөдөлмөрийн харилцаа нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/764 дугаар тушаалаар онцгой байдлын албанаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор дуусгавар болсон тул мөнгөн урамшуулал олгож эхэлсэн цаг хугацаанд хамаарахгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ... нэхэмжлэгч нь онцгой байдлын албанд нийт 10 жил 9 сар ажилласан тул дээрх мөнгөн урамшууллыг авах эрх үүссэн, энэ талаарх хүсэлтээ хариуцагчид гаргаж байсан... гэж тайлбарлах боловч эдгээр нөхцөл, байдлууд нь нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгох үндэслэл болохгүй.
6. Нэхэмжлэгч Б.Б*******гийн онцгой байдлын албанд ажилласан жил болон тус албанаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын цахим шуудангийн хаягаар мөнгөн урамшуулал авах талаар өргөдөл ирүүлснийг цахим сайтын шинэчлэл хийгдэж байсан шалтгаанаар тус байгууллагын бүртгэлд бүртгээгүй, хариу өгөөгүй талаарх үйл баримттай хариуцагч маргаагүй.
7. Түүнчлэн, хэрэгт баримтаар авагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх ажлын тайлангаас үзвэл уг мөнгөн урамшууллын олгож буй зорилго нь алслагдсан аймаг, суманд ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид тогтвор суурьшилтай ажиллах, гэр, орон байраа тохижуулах, гэр бүлээ хөгжүүлэх, үр хүүхдээ сургах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад санхүүгийн хувьд дэмжлэг авч амьдралын чанар нь сайжрах, цаашлаад гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүн дээшлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б*******д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал олгох үндэслэлгүй байх тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоос татгалзсан хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/624 дугаар албан бичгийг шүүх зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11, 50.13-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Б*******гийн нэхэмжлэлтэй Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох нэхэмжлэгч Б.Б*******д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг гаргахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР