Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/28

 

 

Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай  

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/181 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.Т-д холбогдох эрүүгийн 2136001380026 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, яллагдагч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа /цахим сүлжээгээр/, хохирогчийн өмгөөлөгч Х.Зулхаш, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа /цахим сүлжээгээр/                       нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ********* төрсөн, ****** настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ******* мэргэжилтэй, ам бүл *** хүнтэй, ******-ийн хамт *********-д оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б.Т /РД: *********/ нь *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 6 дугаар сарын 23-аас 28-ны өдрийг хүртэлх хугацаанд толгой компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй 456.950.673 төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг гэм буруугийн шууд санаатай үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 117/А дугаар яллах дүгнэлтээр Б.Тын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн  2023/ШЗ/181 дүгээр шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 15.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож, Б.Т-д холбогдох эрүүгийн 2136001380026 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хөрөнгө завших гэмт хэргийг “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдэх” хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Б.Т-ын үйлдэлд уг гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.

3.2. Яллагдагч Б.Т нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгсэл, чиргүүл зэрэг хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 23-аас 28-ны өдөр хүртэл хугацаанд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан, улмаар дээрх хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэн З.С-ийн нэр дээр шилжүүлж захиран зарцуулсан нөхцөл байдал /1 дэх хавтаст хэргийн 106-112, 176-185 дахь тал/ тогтоогдсон байх тул мөрдөгч, прокуророос яллагдагч Б.Т-ын хөрөнгө завших үйлдэлд нотлох баримтуудын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгч, гэмт хэрэг эхэлсэн, төгссөн цаг хугацааг нарийвчлан шалгах зайлшгүй шаардлагатай.

3.3. Яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг үндэслэн хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээч нар тээврийн хэрэгсэл, чиргүүл зэрэг хөрөнгөд үнэлгээ тогтоохдоо уг хөрөнгийн байгаа газарт биечлэн очиж үнэлгээ хийсэн эсэхийг шалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

3.4. Мөн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа хэргийн материалыг хэргийн оролцогч нарт тухай бүрд нь танилцуулж, хуульд заасан эрхийг нь эдлүүлэх шаардлагатай /3 дахь хавтаст хэргийн 211 дэх тал/.

 

4. Прокурорын эсэргүүцэлд:

4.1. Прокуророос шүүгчийн захирамжийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

4.2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас өөр асуудлаар шийдвэр гаргасан нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлгийн хүрээ, хязгаараас давж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзнэ. Учир нь:

4.3. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт 1-14 хүртэл дугаарлан тоочиж бичсэн асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “хүсэлт шийдвэрлэх ажиллагаа” бус, харин нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудлуудыг дагнан дурджээ.

4.4. Нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан “Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан”-ы явцад хэлэлцэж, шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай байтал “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг”-ийн шатанд “гэм буруу”-тай эсэх, түүнийг нотолсон нотлох баримтын үнэлгээтэй холбоотой шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд алдаатай байна.

4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

5. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг мөн шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж шийдвэрлэв.

6. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын үйлдсэн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 117/А дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Б.Т-ын “*** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 6 дугаар сарын 23-аас 28-ны өдрийг хүртэлх хугацаанд толгой компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй 456.950.673 төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг гэм буруугийн шууд санаатай үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж өөрийн нэр дээр шилжүүлэн авч, завшсан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх яллагдагч Б.Тын уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдэх” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлд хамаараахгүй, хуульд нийцээгүй  байна.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба улсын яллагчаас яллагдагч Б.Т-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар “хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаар ашиглаж үйлдсэн” гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс түүний үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсгийн 2 дахь заалтад заасан “хөрөнгө завших гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай гэж үзсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтат мэдээллийг үндэслээд “Б.Т нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгсэл, чиргүүл зэрэг хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 23-аас 28-ны өдөр хүртэл хугацаанд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан, улмаар дээрх хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэн З.С-ийн нэр дээр шилжүүлж захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон” гэж дүгнэсэн атлаа “гэмт хэрэг эхэлсэн, төгссөн цаг хугацааг нарийвчлан шалгах зайлшгүй шаардлагатай” гэж үзсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүйгээс гадна уг нөхцөл байдлыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар дахин тогтоолгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарахгүй, энэ үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй байна.

Түүнчлэн шүүгчийн захирамжид дурдсан нотлох баримтууд болон шинжээч нарын “тээврийн хэрэгсэл, чиргүүл зэрэг хөрөнгөд үнэлгээ тогтоосон” дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх эсэх асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэх талаар гаргасан прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан. Мөрдөгч, прокурор, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцдог.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн аливаа шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хуульд нийцүүлэн өөрчлөх бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхэд эрх олгосон бус, харин үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

11. Харин яллагдагч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түүнд 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэвээр нь хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/181 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Яллагдагч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хугацаанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК