| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00353/И |
| Дугаар | 313/ШШ2025/00088 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, Эцэг тогтоосон, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 313/ШШ2025/00088
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 313/ШШ2025/00088 | Д сум |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч******* овогт Б**ын С******* /РД: *******/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Эх тогтоолгох тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүү С.Э*******ийг төрүүлсэн. Би хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувь учир группд байдаг. Нөхөргүй учраас хүүхдээ өсгөж бойжуулахад бэрхшээлтэй гэж үзээд өөрийн төрсөн дүү болох Будын Н*******т үрчлүүлэх саналыг ах дүүсээрээ зөвлөж ярилцаад үрчлүүлсэн билээ. Ингээд 2 сарын дараа би төрсөн хүүгээ үнэхээр хүнд өгч чадахгүй юм байна гээд буцаан өөрийн нэр дээр авсан. Би өөрөө хүүтэй болох хүсэлтэй байсан. Хөгжлийн бэрхшээлтэй надад ирээдүйд үр хүүхэд хэрэгтэй. Би хүүхдээ санаж, бэтгэрч хямралд орсон байсан. Миний дүү бүгдийг ойлгож хүүг минь буцаан өгснөөр одоо хүүтэйгээ 16 жил хамт амьдарч байна. Харин миний хүүгийн төрсөн эх нь цахим бүртгэлд миний дүү Б.Н*******аар гарч ирээд байгаа учир миний хүү С.Э*******ийн төрсөн эх нь Б.С******* мөн болохыг тогтоож өгнө үү. Жич: Хүүхдийг анх бүртгэхдээ төрсөн эхээр нь биш өргөж авсан эх, эцгээр нь төрсний гэрчилгээг гаргасан учир төрсний бүртгэлийн лавлагаагаар ээж нь С******* биш Н*******аар гарч байгаа болно.
Иймд С******* төрсөн эх нь мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү Э******* нь 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн төрөх тасагт Б.С*******гийн хүү болж төрсөн. Тэгээд өсгөж чадахгүй, хөгжлийн бэрхшээлтэй учраас хүүгээ эгчдээ өгнө гэж очсон боловч төрсний гэрчилгээг нь эгчээр нь бичиж өгсөн. Эгчийг нь төрснөөр бичсэн учраас эгүүлээд Б.С*******г эхээр нь тогтоолгох хүсэлт гаргасан. Одоо хүү Э*******ийн төрсөн эх нь Б.С******* болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Ер нь бол ээж дээрээ байдаг. Ээжийгээ Б.С******* гэж мэднэ гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.С******* /*******/-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд Улсын ахлах бүртгэгч Сүхээгийн А******* миний бие нь оролцож байгаа бөгөөд Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн төрсний бүртгэл, үрчилсний бүртгэл, овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл, лавлагааны талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Иргэн С.Э******* /*******/ нь 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д суманд төрж 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Д сумын төрсний бүртгэлийн журналын 79 дугаарт хүүхдийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр Б******* овогт Угийн Э******* /*******/, эх Ө овогт Б**ын Н******* //, эцэг Б******* овогт Бгийн У // гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн журнал, ХААТР-11 маягт байгаа.
2. 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Д сумын үрчилсний бүртгэлийн журналын 03 дугаарт үрчлэгдэхийн өмнөх овог, нэр Ч******* овогт С*******гийн Э******* /*******/, төрүүлсэн эх Ч******* овогт Будын С******* //, үрчилсний дараах шинэ овог, нэр Б******* овогт Угийн Э******* /*******/, үрчилж авсан эцэг Б******* овогт Бгийн У //, үрчилж авсан эх Ө овогт Будын Н******* // гэж бүртгэгдсэн бүртгэлийн журнал, ХААТР-12 маягт байгаа.
3. 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Б сумын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн журналын 07 дугаарт өөрчлөхийн өмнөх овог, эцгийн нэр, өөрийн нэр дээр Б******* овогт Угийн Э******* /*******/, өөрчилсний дараах шинэ овог, эцгийн нэр, өөрийн дээр Ч******* овогт С*******гийн Э******* /*******/, эцэг Ш овогт Чийн Э //, эх Ч******* овогт Будын С******* /*******/ гэж бүртгэгдсэн бүртгэлийн журнал, ХААТР-13 маягтууд тус тус Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд болон иргэний бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа.
С.А******* миний бие иргэн Ц.М*******ын гаргасан хүсэлтийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн бүртгэл болон архивын эх нотлох баримтыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсний бүртгэл, үрчилсний бүртгэл, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаануудыг тус тус гаргаж өгсөн.
Иргэн Ч******* овогт Будын С******* /*******/-ийн эх Ц***ын М******* // нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр надтай уулзаж хэлэхдээ С.Э*******ийн төрсөн эх нь Будын С******* гэдэг хүн байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Б.У, Б.Н******* нар нь С.Э*******ийн үрчилж авсан эцэг, эх нь гэсэн.
2008 онд иргэний улсын бүртгэлийн онлайн программ гэж байгаагүй, иргэний улсын бүртгэлийн ажил үйлчилгээ сумын Засаг даргын Тамгын газарт харъяалагддаг байсан зэргээс шалтгаалж иргэн С.Э*******ийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Д суманд бүртгэгдсэн төрсний бүртгэл, 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Д суманд бүртгэгдсэн үрчилсний бүртгэл, 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Б суманд бүртгэгдсэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлүүдийг ямар нотлох баримтыг үндэслэн бүртгэсэнийг миний хувьд мэдэх боломжгүй байна.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ” гэж заасан байдаг бөгөөд уг төрсний бүртгэлийг хүчингүй болгож, төрсөн эхийг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Д суманд бүртгэгдсэн төрсний бүртгэлийг хүчингүй болгож, төрсөн эх болох Б.С*******гийн мэдээллийг оруулан төрсний бүртгэлийг нөхөн бүртгэх боломжтой. Түүний дараа 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Д суманд бүртгэгдсэн үрчилсний бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тохиолдолд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтыг үндэслэн төрсний бүртгэлийг сэргээх боломжтой гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эх нь мөн гээд тогтоогдсон бол манай зүгээс төрсний бүртгэлийг нь зөв болгож бүртгэлдээ оруулна. Тэгээд түүний дараа үрчлэлтийн бүртгэл хүчингүй болгох шүүхийн шийдвэр гарч байж үрчлэлт нь хүчингүй болох байх гэж бодож байна гэв.
Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Угийн Э*******ийн төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, С*******гийн Э*******ийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, С*******гийн Э*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 546 дугаартай тодорхойлолт, итгэмжлэл,
Гуравдагч этгээдээс: итгэмжлэл, төрснийг бүртгэх анкетийн хуулбар, ХААТР-11, ХААТР-12, ХААТР-13 маягтууд, 2008 оны үрчилсний бүртгэлийн дэвтрийн хуулбар, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 750 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.С******* нь эх тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Би 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүү С.Э*******ийг төрүүлсэн. Би хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувь учир группд байдаг. Нөхөргүй учраас хүүхдээ өсгөж бойжуулахад бэрхшээлтэй гэж үзээд өөрийн төрсөн дүү болох Будын Н*******т үрчлүүлсэн. Ингээд 2 сарын дараа би төрсөн хүүгээ үнэхээр хүнд өгч чадахгүй юм байна гээд буцаан авсан. Хүүхдийг анх бүртгэхдээ төрсөн эхээр нь биш өргөж авсан эх, эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ олгогдсон учир төрсний бүртгэлийн лавлагаагаар ээж нь С******* биш Н*******аар гарч байгаа” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судалж, дараах үйл баримт тогтоогдлоо.
1. Нэхэмжлэгч Б.С******* нь Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3100 гр жинтэй, 50 см өтэй хүү төрүүлсэн болох нь Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 546 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
2. 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Э*******ийг 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Д сумын төрсний бүртгэлийн журналын 79 дугаарт хүүхдийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр: Б******* овогт Угийн Э******* /*******/, эх: Ө овогт Будын Н*******, эцэг: Б******* овогт Бгийн У гэж бүртгэгдсэн болох нь төрсний бүртгэлийн журнал, төрснийг бүртгэх анкет ХААТР-11 маягтийн хуулбараар,
3. 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Д сумын үрчилсний бүртгэлийн журналын 03 дугаарт үрчлэгдэхийн өмнөх овог, нэр: Ч******* овогт С*******гийн Э******* /*******/, төрүүлсэн эх: Ч******* овогт Будын С*******, үрчилсний дараах шинэ овог, нэр: Б******* овогт Угийн Э******* /*******/, үрчилж авсан эцэг: Б******* овогт Бгийн У, үрчилж авсан эх: Ө овогт Будын Н******* гэж бүртгэгдсэн бүртгэлийн журнал, ХААТР-12 маягтийн хуулбараар,
4. 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Б сумын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн журналын 07 дугаарт өөрчлөхийн өмнөх овог, эцгийн нэр, өөрийн нэр: Б******* овогт Угийн Э******* /*******/, өөрчилсний дараах шинэ овог, эцгийн нэр, өөрийн нэр: Ч******* овогт С*******гийн Э******* /*******/, эцэг: Ш овогт Чийн Э, эх: Ч******* овогт Будын С******* гэж бүртгэгдсэн бүртгэлийн журнал, ХААТР-13 маягтийн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хүүхдийн биологийн эхийг тогтоож дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 750 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.С******* нь С.Э*******ийн биологийн эх байх боломжтой, биологийн эх байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувь байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд нэхэмжлэгч Б.С******* нь 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү С.Э*******ийн биологийн эх мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ч******* овогт Будын С******* /РД: *******/ нь 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү С.Э******* /РД: *******/-ийн эх мөн болохыг тогтоосугай.
2. Энэхүү шүүхийн шийдвэрийн хувийг Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Очмаад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН