Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/29

 

 

О.Х, С.С нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Х, С.С нарт холбогдох эрүүгийн 2213001270252 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав, шүүгдэгч О.Х-ийн өмгөөлөгч Х.Тилеугавал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ***, ***** өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, *** боловсролтой, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *** хүнтэй, *****-н хамт *****-т оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай О.Х /РД:******/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ***** өдөр төрсөн, *** настай эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, ***-н хамт ****-т оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С.С /РД: ********/.

 

3. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Х, С.С нар нь бүлэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй авто засварын газрын арын өрөөнд хамт архи уусан иргэн Р.Ш-ыг “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр яллах дүгнэлтээр О.Х, С.С нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн  2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолоор:  

5.1. Шүүгдэгч О.Х, С.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-ийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.С-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х, С.С нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х, С.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

5.5. Энэ хэрэгт шүүгдэгч О.Х, С.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Ш-ы гэмт хэргийн хор уршигт 5.420.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд:

6.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

6.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Үйлчлүүлэгч С.С бусадтай бүлэглэн хохирогч Р.Ш-ыг зодсон гэх үйлдэл холбогдол хавтаст хэрэг цугларсан дараах хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Үүнд:

6.3 Хохирогч Р.Ш-аас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, мэдээлэлд “...*** дугуй засварын урд үл таних залууд зодуулсан...'" гэснээр,

6.4. Хэргийн 9 дүгээр талд авагдсан Р.Ш-аас аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд “...засварын газрын архи уусан ажилчин залуус намайг зодсон" гэснээр,

6.5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хэрэг болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт ******** талд байрлах *** нэртэй авто засварын газар байв ...дотор талд амрах зориулалттай цай хоол идэх ширээ сандал байв. Хохирогч Р.Ш нь өөрийн сууж байсан гэх газрыг гараар зааж харуулсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав." гэснээр,

6.6. Хохирогч Р.Ш 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...О.Х надтай хэрүүл хийгээд намайг миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон тэгээд би газарт унасан” гэснээр,

 

6.7. Гэрч Э.Г-ийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цаг өнгөрч байхад Р.Ш гэх эрэгтэй хүн жижүүрийн 7042102 дугаарын утас руу залгаж *** авто засварт О.Х гэх залууд зодуулчихлаа гомдолтой байна гэсэн дуудлага өгсөн” гэснээр,

6.8. Гэрч М.Н-ийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...Мейрим өрхийн эмнэлгийн гурван замын уулзварын төгсгөлд байна энд хүрээд ир гэхээр нь очиход уг газарт байхгүй байсан ба утас руу нь залгахад тэрээр согтуу өөрийн хаана байгаа газрыг зааж өгөхгүй утсаар хэрэлдээд байсан” гэснээр,

6.9. Гэрч Н.Т-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн засварын арын *** авто засварын гэрэл асаалттай байхаар нь би гэртээ харих юм уу гэхэд тэрээр харина гэсэн, тэгэхээр нь би түүнийг тэгвэл араас гараад ир би чамайг хүлээж байя гэж хэлээд гарах гэж байхад Р.Ш гаднаас орж ирээд чи намайг таних уу Сагсайн атаман байна гэхээр нь би согтуу хүнтэй юу ярих уу гэж бодоод түүнтэй юм ярихгүй гараад явчихсан. Тэгээд О.Х машиндаа 5-10 минут хүлээгээд сууж байхад тэрээр гарч ирээд миний машинд суусан. Тэр үед Р.Ш ч мөн адил тухай *** засвараас гараад үүд хавиар нь явж байсан. Би О.Х машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөөд өөрөө гэртээ орж амарсан . ..Р.Ш-ы биед ил харагдах ямар нэгэн шарх байгаагүй харин тэрээр нэлээд согтуу архи үнэртүүлчихсэн байсан” гэснээр,

6.10. Яллагдагч О.Х 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...Би Р.Ш-ы толгойн хэсэгт хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн зодоонд С.С нь оролцоогүй учраас түүнд энэ хэрэг хамааралгүй юм ...Т-ын хоёр найз нэг шил архитай ирсэн ямар архи гэдгийг нь мэдэхгүй байна тухайн архийг бид дөрөв хувааж ууж дуусгаад ахиад 0,75 граммын Хараа нэртэй архийг би мөнгөөрөө дэлгүүрээс аваад уг архийг дөнгөж задлаад ууж байхад Р.Ш гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд уг архийг бид тавуулаа хувааж ууж дууссаны дараагаар Р.Ш ахиад нэг шил архи аваад ир гэхээр нь би түүнтэй хэрэлдэж маргалдах үед Табысын хоёр найз явсан байсан яг хэзээ явсныг мэдэхгүй би Р.Ш-тай хэрэлдэж байгаад түүний нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа зодсон тэгээд бид хоёрыг Табыс салгаад Р.Ш-ыг аваад гарсан. Тэгээд нэг сэрэхэд би хоол, цай уудаг өрөөнд ганцаараа сууж байхад Т орж ирээд намайг гэрт хүргэж өгсөн ...Р.Ш-ыг надтай хамт зодсон хүн байхгүй би зөвхөн ганцаараа түүнийг зодсон ...тухайн зодоонд С.С оролцоогүй”  гэснээр,

6.11. Гэрч Б.Т 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...гаднаас 35-40 орчим насны туранхай казах залуу согтуу орж ирсэн. Нэлээд архи уусан байдалтай байсан. Тэрээр бидэнтэй цуг суугаад уг архинаас хамт уусан. ...тэгж байтал О.Х нь нөгөө орж ирсэн залуутай зууралдаад нөгөө залуугийн хамраас нь цус гарчихсан, тэр хоёр зууралдаж байхад нь би салгасан. Тэр хоёр *** авто засварын арын хоол цай идэж уудаг өрөөнд зодолдсон байсан. Би тэр хоёрыг салгаад О.Х уг өрөөнд үлдээд нөгөө зодуулсан залууд гэртээ хариарай гэж хэлээд гадаа хамт гараад явуулсан. ...би тэр хоёрыг салгахад өрөөнд өөр хүн байгаагүй. С.С тухайн зодоонд оролцоогүй болно. Намайг гараад явж байхад түүний дугуй засвар нь хаалттай байсан.” гэснээр,

6.12. Гэрч С.М 2023 оны 01 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...би тус 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгсэлдээ доод эд анги солиулахаар Өлгий сумын 12 дугаар багт байрлах “***" авто засварын газарт машинаа засуулсан юм. Тухайн үед орой 16 цагт очиж шөнийн 01 цагийн үед гарсан байх” гэснээр,

6.13. Яллагдагч С.С 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...зуухандаа гал түлж байхад гаднаас нэг хөгшин хүн орж ирээд даарчихлаа дулаацаж болох уу гэхээр нь тэг тэг та хаанаас явж байна вэ гэхэд тэрээр танай хажуу талын машин засварт машинаа засуулж байгаа хүн юм. Тэнд машин засах залуучууд хоорондоо зодолдож байна би машинаа засуулах гээд дээш нь өргүүлчихсэн байгаа тэд машин засах шинжгүй байна чи миний машиныг буулгаад өгөх үү гэхээр нь тэгье гээд *** дугуй засвар руу ороход цагаан өнгийн **** улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл өргөгдсөн байдалтай байхаар нь буулгаад нөгөө ахад та машинаа өөрөө гаргачих гэж хэлээд засварын өрөөний цаад талд байдаг ажилчдын хоол, цай уудаг өрөөний хаалга онгорхой байсан ба тухайн өрөөг ерөнхийд нь харахад толгойгоо цагаан өнгийн мааралаар ороосон нэг залуу толгойгоо доош нь харуулсан байдалтай сууж байсан, цаад талд нэг залуу өвдгөөрөө газар тулж суугаад хоёр гараараа толгойгоо хамгаалсан байдалтай дөрвөн мөчөөрөө газар тулсан байдалтай байсан, түүний хажуу талд ногоон өнгөөр будсан дугуйгаар хийсэн сандал дээр О.Х толгойгоо доошлуулсан байдалтай сууж байсан О.Хийн баруун гар талд цонхны харалдаа байрлуулсан Уаз загварын машины арын суудал дээр 2 юм уу 3 залуу мөр мөрөө нийлүүлсэн байдалтай сууж байсныг харсан. Тэгээд машинаа гаргаж байсан настай хүн дээр очоод тухайн машин руу очоод та намайг гэрт хүргээд өгөх үү гэж хэлэхэд тэр хүн тэгье гэхээр нь би өөрийн дугуй засварыг цоожилчхоод буцаад нөгөө цагаан Приус 20 загварын тээврийн хэрэгсэлд суух гэж байхад дугуй засварын гадна Тгэх банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг залуу машинтайгаа зогсож байсныг анзаараад түүнтэй мэндлэхэд тэрээр засвар дотор хэн байна гэхээр н би бүгд байна дотор алалцаж байна гэж хэлээд нөгөө цагаан Приус 20 машинд суугаад гэрийнхээ ойролцоо дөхөөд буусан”  гэх,

6.14. Хэргийн 159 дүгээр талд авагдсан мөрдөгчийн мэдэгдэлд “...*** нэртэй авто засварын газарт 2022 оны 4 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Р.Ш-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг Озатханы О.Х үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдож байна” гэх зэрэг нотлох баримтаар үйлчлүүлэгч С.С бусадтай бүлэглэн хохирогч Р.Ш-г зодсон болох нь хангалттай тогтоогдохгүй байна. Харин дээрх нотлох баримтаар яллагдагч О.Х нь ганцаараа хохирогчийг зодсон гэж үзэхээр байна.

6.15. Иймд шүүгдэгч С.С нь О.Хтэй бүлэглэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "***" нэртэй авто засварын газарт 2022 оны 4 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө хохирогч Р.Ш-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх эргэлзээтэй асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолоос шүүгдэгч С.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч С.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Тус аймгийн прокурорын газраас яллагдагч О.Х, С.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

7.2. Шүүгдэгч С.С болон түүний өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч С.С нь мөрдөгчийн тогтоол, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж давж заалдах гомдолд дурдсан байна. 

7.3. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа шүүхийн хэлэлцүүлэгт 1 удаа нийтдээ 4 удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ тогтвортойгоор О.Х миний толгойн тус газраас төмрөөр цохисон, С.С нь нүүрэн тус газраас хөлөөрөө өшиглөсөн гэх мэдүүлэг өгсөн. Хохирогчийн өгсөн мэдүүлгийг үндэслээд Шүүх шинжилгээний газраас гаргасан шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

7.4. Э.Гантулга, М.Нямсүрэн нар нь хэргийн газарт байсан, тухайн зодооныг нүдээр харсан гэрч нар биш. Шүүгдэгч С.С болон түүний өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдолд гэрч Б.Т-ы мэдүүлгийг дурдсан байгаа. Гэхдээ тухайн гэрч мэдүүлэг өгөхдөө би тухайн үед тасраад унтсан байсан гэж тайлбарласан байна.

7.5. Шүүгдэгч С.С-ыг цагаатгах үндэслэл байхгүй тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч С.С түүний өмгөөлөгч А.Серикжаны зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

8. Шүүгдэгч О.Хийн өмгөөлөгч Х.Тилеугавалын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хүлээн зөвшөөрсөн. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч С.С болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгээр хүний эрүүл мэндийн хувьд халдашгүй байх эрхийг хамгаалсан бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлд хэрэг хариуцах чадвартай этгээдийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжүүдийг хуульчилсан.

 

12. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны шөнийн 22 цагийн орчимд шүүгдэгч О.Х, С.С нарын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Шы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь:

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-15 дахь тал/,

- Хохирогч Р.Шы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 53, 56, 59 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

            - Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч ажилтай К.Х-ын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 372 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

-Хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, DVD диск /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

- Хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсныг дүрс бичлэгээр бэхжүүлсэн DVD дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 87 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

13. Иймд шүүгдэгч нарын дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль бус үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн үеийн оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрийг харгалзаж, хуульд зааснаар тус бүрийг нь торгох ялаар ялгамжтай шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон гэм буруугийн, мөн шударга ёсны зарчмуудад нийцсэн байна.

 

14. Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.Серикжан нар давж заалдах гомдолдоо хохирогч Р.Ш-аас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол мэдээлэл, хохирогч Р.Ш-ийн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч Р.Ш-ийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Э.Гантулга, М.Нямсүрэн, Н.Тилеубек, Б.Табысхан, С.Мурат, яллагдагч О.Х, С.С нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэж “шүүгдэгч С.С шүүгдэгч О.Х-тэй бүлэглэж хохирогч Р.Ш-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэж дурдсан боловч шүүгдэгч О.Х 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн орчимд хохирогч Р.Ш-г зодох явцад шүүгдэгч С.С түүнтэй урьдчилан тохиролцоогүй боловч үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд аюултай, Эрүүгийн хуулиар хориглосон, хамгаалсан үр дагаварт хүргэж болзошгүйг мэдсээр байж санаатайгаар шүүгдэгч О.Х-тэй үйлдлээрээ нэгдэж, нийлэн хохирогч Р.Ш-г зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн  нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул оролцогчийн дээрх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Анхан шатны шүүх яллах дүгнэлтэд дурдагдсан үйл баримтыг сэргээн тогтоохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар зөв үнэлж, уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ материаллаг хэм хэмжээг оновчтой тайлбарлан хэрэглэсэн тул шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын шүүгдэгч С.С-гийн гэм буруугийн талаарх маргасан үндэслэлүүд нь хэрэгт цугларсан, тэдгээрийн гэм буруутай болохыг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэм буруугийн зарчим”-ын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй бөгөөд мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж, шүүгдэгч О.Хийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.С-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчмын шаардлыг хангасан байна.

 

17. Анхан шатны шүүх хохирогч Р.Ш-гийн гэмт хэргийн хор уршигт 5.420.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хохирогчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөөгүй, хохирлын талаар хэрэгт хангалттай нотлох баримт цуглараагүй гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг буруутгах боломжгүй.

 

18. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч С.С болон түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч С.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгах тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

                        ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ