Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0963

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Э*******

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*******, О.Д*******

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч А.Э******* миний биеийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 52,953,729 /тавин хоёр сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун хорин ес/ төгрөг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч А.Э******* нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ.

1.2. Улмаар нэхэмжлэгч А.Э*******д Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газраас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар сарын дундаж цалинг 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж 98,766,000 /ерэн найман сая долоон зуун жаран зургаан мянга/ төгрөгийг олгожээ.

1.3. Нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан ... Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугар сарын 22-ны өдрийн 677 дугаар албан бичиг, түүний хавсралтаар миний сүүлийн гурван жилийн цалингийн дундаж хэмжээ 4,214,437 төгрөг, нийт 151,719,729 төгрөг гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тооцохдоо албан тушаалын цалингаас /2,700,000/ гадна онцгой нөхцөлийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулалгүйгээр 98,766,000 төгрөг олгосон нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн зөрүү 52,953,729 /151,719,729-98,766,000=52,953,729/ төгрөг олгож, туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

1.4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1420 дугаар албан бичгээр ... Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн үндсэн цалинг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны төсөвт шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцон нэг удаа олгох тэтгэмжийг 2023 оны байдлаар төлөвлөн тусгасан бөгөөд одоогоор Танд 98,766,000 (Ерэн найман сая долоон зуун жаран зургаан мянга) төгрөгийн тэтгэмжийг олгоод байна. ... Таны сүүлийн 36 сарын цалингийн дунджаар тооцсон тэтгэмжээс 52,953,729 (тавин хоёр сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун хорин ес) төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан олгохоор 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 01/1018 дугаар, 6 дугаар сарын 27-ны өдөр 01/1179 дүгээр албан бичгээр төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монгол Улсын Сангийн сайдад хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн сайд төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн болно гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

1.5. Нэхэмжлэгч А.Э*******өөс тус шүүхэд ... Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч А.Э******* миний биеийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 52,953,729 /тавин хоёр сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун хорин ес/ төгрөг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч А.Э*******өөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А******* Э******* би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 57 дугаар зарлигаар "өндөр насны тэтгэвэр тогтоох" насанд хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар сарын дундаж цалинг 2.700.000 төгрөгөөр тооцож 98.766.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг 2024 оны 08 сарын 14-ний өдөр надад олгосон байдаг.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 сарын 19-ний өдрийн 001/XT2024/0021 дүгээр тогтоолд "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т "... Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу "шүүгчийн авч байсан цалин" гэдгийг нь зөвхөн "албан тушаалын цалин" гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно.

Дээрх тогтоолоор шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тооцохдоо албан тушаалын цалин 2.700.000 төгрөгөөс гадна онцгой нөхцөлийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 738 дугаар албан бичиг, түүний хавсралтаар миний сүүлийн гурван жилийн цалингийн дундаж хэмжээ 2,700,000 төгрөг бус 4,214,437 төгрөг, нийт 151,719,729 төгрөг болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалт, Улсын дээд шүүхийн тогтоол болон шүүхийн тамгын газрын албан бичгээр цалин хөлс нь үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, онцгой нөхцөлийн нэмэгдлээс бүрдэх байтал зөвхөн үндсэн цалин 98,766,000 төгрөгөөс тооцож тэтгэмж олгосон нь үндэслэлгүй байх тул нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн зөрүү 52,953,729 төгрөгийг /151,719,729- 98,766,000=52,953,729/ хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгч А.Э******* миний биед олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэг: Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн А.Э*******өөс тэтгэмжийн зөрүү 52,953,729 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дах хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин" гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

1.1. Албан тушаалын цалин

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шуугчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн... сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

1.2. Нэмэгдэл, тэтгэмж

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

1.2.1. Нэмэгдэл

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:

УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл:

Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;

Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

1.2.2. Тэтгэмж

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

2. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин нь УИХ-ын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.

Хоёр. Өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг дутуу тооцож, зөрүү 52,953,729 төгрөгийг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, тус шүүхийн Тамгын газрын дансанд өндөр насны тэтгэвэрт гарах шүүгчийн нэг удаагийн тэтгэмжийн санхүүжилтийг суулгаж өгсөн.

Уг санхүүжилтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч А.Э*******д нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас 112 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тогтоолыг гаргасан. Уг тогтоолыг гаргахдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0814 дугаартай шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0011 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатын захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0021 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 36 сарын хугацааны нэг удаагийн тэтгэмжийг албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг нь оролцуулан сарын дундаж цалин хөлснөөс тооцож олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатын захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 3 хэргийг хэлэлцээд тогтоол гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1-д тус тус зааснаар дундаж цалин, хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар дундаж цалин хөлс, тогтоох журам байгаа. Журмын 2.1.1-т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлоход ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин, хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана гэж тус тус журамласан байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатын захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 0053 дугаар тогтоолын хянавал хэсгийн 17 дээр тухайн шүүгчийн сүүлийн 36 сард авсан албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг оролцуулан нийлбэр дүнг 36-д хуваахаар тусгаж өгсөн. Мөн 15-д Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох-той холбоотой харилцааг зохицуулсан, үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам нь энэ тохиолдолд төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ болох бөгөөд уг журмын 2.1-д төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо сүүлийн 3 жилийн цалингийн дунджаар сарын дундаж цалин-г тооцохоор тогтоосныг энэ тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ гэж тус тогтоолд дурдаж өгсөн. Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0103 дугаар тогтоолын хянавал хэсгийн 13-т Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тусгаж өгсөн. Тус зүйлд заасан дундаж цалингийн бүрэлдэхүүн нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх талаар Ж.Д******* ба Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох Улсын дээд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоод тухайлан дүгнэсэн. Мөн 14-т нь дундаж цалинг тооцох хугацааны талаар О.Н******* ба Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох Улсын дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар тогтоол Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам нь энэ тохиолдолд төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ болох бөгөөд уг журмын 2.1-д төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо сүүлийн 3 жилийн цалингийн дунджаар сарын дундаж цалинг тооцоод тогтоосныг энэ тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ гэж төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг хэрэглэж сүүлийн 3 жилээс цалингийн дунджийг тооцох талаар дүгнэсэн. 16-д нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж хуульчилсан бөгөөд шүүгчийн төрийн алба хаахтай холбоотой Монгол Улсын шүүхийн тухай хууль тухайлан зохицуулаагүй харилцаанд Төрийн албаны тухай хуулийг хэрэглэнэ. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3 жилийн дунджаар тооцох зохицуулалт нь шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой харилцаанд хэрэглэгдэхээр байна. 17-д нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын агуулга үйлчлэх хүрээ нь шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах харилцаатай хамааралгүй болох нь журмын 2.3-т зохицуулсан харилцаанаас тодорхой харагдаж байна. Тэтгэмжийн тооцооллын тухайд нэхэмжлэгч 52,953,729 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар шүүхэд хандсан. Ажлын албаны санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаас тооцооллыг хийж өгсөн. Уг тооцоололд шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 2023 оны цалингийн картад улирлын ажлын үр дүнгийн урамшуулалд 3,501,900 төгрөгийг 2023 оны 7 болон 8 сард олгосон. Шүүхийн шүүгчийн урамшуулалд 9,998,100 төгрөгийн 10 болон 11 сард олгож 2023 онд нийт 13,500,000 төгрөгийг урамшуулалд олгочихсон байх тул үүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах тооцооллыг гаргаж өгсөн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т урамшуулал багтдаггүй байгаа учраас урамшуулалд олгосон мөнгөн дүнг нь нэхэмжлэлийн шаардлагаас хасуулъя, 39,453,729 төгрөгийг Санхүү хөрөнгө оруулалтын газраас тооцож олгоё гэсэн саналтай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч А.Э******* нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ.

2. А.Э*******д Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газраас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар сарын дундаж цалинг 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж 98,766,000 /ерэн найман сая долоон зуун жаран зургаан мянга/ төгрөгийг олгожээ.

3. Улмаар нэхэмжлэгч А.Э******* нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан ... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугар сарын 22-ны өдрийн 677 дугаар албан бичиг, түүний хавсралтаар миний сүүлийн гурван жилийн цалингийн дундаж хэмжээ 4,214,437 төгрөг, нийт 151,719,729 төгрөг гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тооцохдоо албан тушаалын цалингаас /2,700,000/ гадна онцгой нөхцөлийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулалгүйгээр 98,766,000 төгрөг олгосон нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн зөрүү 52,953,729 /151,719,729-98,766,000=52,953,729/ төгрөг олгож, туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

Уг хүсэлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1420 дугаар албан бичгээр ...Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн үндсэн цалинг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны төсөвт шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцон нэг удаа олгох тэтгэмжийг 2023 оны байдлаар төлөвлөн тусгасан бөгөөд одоогоор Танд 98,766,000 (Ерэн найман сая долоон зуун жаран зургаан мянга) төгрөгийн тэтгэмжийг олгоод байна ... Таны сүүлийн 36 сарын цалингийн дунджаар тооцсон тэтгэмжээс 52,953,729 (тавин хоёр сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун хорин ес) төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан олгохоор 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 01/1018 дугаар, 6 дугаар сарын 27-ны өдөр 01/1179 дүгээр албан бичгээр төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монгол Улсын Сангийн сайдад хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн сайд төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн болно гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж,

Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж,

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ, 47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заасан.

5. Дээрх хууль, журмын зохицуулалтаар, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор, харин хууль тогтоогчоос Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор нарийвчлан зохицуулсан байна.

6. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолд ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу шүүгчийн авч байсан цалин гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно..., шүүгчийн авч байсан цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхой заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдэж, шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байхад хариуцагчаас зөвхөн албан тушаалын гэх нэг бүрэлдэхүүнийг салган авч, үлдэх хэсгийг олгохгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

7. Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-д шүүгч нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг авах эрхтэй гэж заасныг зохих ёсоор хэрэглээгүй, нэхэмжлэгч А.Э*******ийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийг Улсын Их Хурлын 2015 оны Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 101 дүгээр тогтоолын хавсралтын 6-д заасан анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингаас тооцож олгон, зөрүү тэтгэмжийг олгохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

8. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 74.1.1.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 46.8-д заасан журмын дагуу хүргүүлэх;, 74.1.2-т шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;, 74.1.5-т Улсын дээд шүүхээс бусад шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулж, хянан шалгаж, удирдах гэж заасны дагуу хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохын өмнө авч байсан албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 36 сараар тооцож, нийт 39,453,729 /гучин есөн сая дөрвөн зуун тавин гурван мянга долоон зуун хорин ес/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэлээ.

9. Харин нэхэмжлэгчээс ... олгоогүй тэтгэмжийн зөрүү 52,953,729 /тавин хоёр сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулах тооцооллын тухайд түүнд олгосон урамшууллын мөнгөнөөс уг тэтгэмжид оролцуулан тооцох нь дээр дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн үндсэн цалингийн бүрэлдэхүүнд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын тооцооллын дүнгээс урамшууллын дүнг оруулан тооцсон 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг олгох үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн авах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 39,453,729 /гучин есөн сая дөрвөн зуун тавин гурван мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид А.Э*******д олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.НЯМДЭЛГЭР