| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00036/И |
| Дугаар | 319/ШШ2025/00105 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 319/ШШ2025/00105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 оны 01 дүгээр сарын 18-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1971 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1978 оны хавар 8 дугаар ангиа төгсөөд ангиараа илгээлтээр гарч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын газар тариалангийн үйлдвэрлэлд ажилд орж 1980 оны дуустал ажилласан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас надад холбогдох баримт олдохгүй байгаа бөгөөд харин 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн нэгдлийн даргын тушаал олдсон бөгөөд хавсралт нь бас гарч ирээгүй.
Шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн Ч.******* намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
2.1.Хүсэлт гаргагч Ч.*******гээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, иргэн , нарын тодорхойлолт, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, Залуучуудын үнэн сонины хуулбар, гэрэл зураг, итгэмжлэл зэрэг нотлох баримтыг гаргаж өгч,
2.2. Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, гэрч , нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ.
4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар тушаалаар тус сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн 29 сурагчийг 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэгдэлд ногоочноор ажиллуулахаар шийдвэрлэж байжээ.
Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн захиргаанаас хүсэлт гаргагч Ч.*******д 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 805 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээж, 1978 оны 08 сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал цалин, хөлс олгож байсан талаар бичилт хийгдэж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29/47 дугаар албан бичгээр ирүүлсэн Ч.*******гийн ХААТР-7 маягтын ажлын байдал гэсэн хэсэгт “Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ногоочин” гэж 1980 оны 10 сарын 21-ний өдөр бүртгэсэн байна.
Үнэн сонины 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаарт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийн А бүлгийн сурагчид тариалангийн талбайд гарч ажиллах санаачилга гаргаж ажиллаж байгаа талаар нийтлэгдэж байжээ.
Гэрч гийн “...Би Ч.*******тэй 8 жилийн сургуульд нэг ангид хамт суралцаж, 1978 оноос эхлэн хөдөө аж ахуйд илгээлтээр хамт гарч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тариа бригадад ногоочноор 1981 он хүртэл ажилласан. Ч.******* Би 1981 оноос хойш Дархан хот руу явсан учир түүнээс хойш Ч.******* ямар ажил хөдөлмөр эрхэлж байсныг мэдэхгүй. Юутай ч надтай 1978-1981 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа бид хүнсний ногоо, малын тэжээл тариалж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч ын “...Би Ч.*******г 1 дүгээр ангиас нь эхлэн мэднэ. Бид 8 жилийн дунд сургуульд хамт суралцаж 1978 онд 8 дугаар анги төгссөн. Би 1980 онд цэргийн албанд явсан. Манай ангийнхан 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тариа бригадад ногоочноор ажилласан. Би 1980 онд цэргийн албанд татагдахад Ч.******* ногоочноор ажиллаад үлдсэн. Бид бүх төрлийн хүнсний ногоо, малын тэжээл тарьдаг байсан....” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хүсэлт гаргагч Ч.******* нь 8 дугаар ангиа төгссөн жил буюу 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ногоочноор ажиллаж байсан нь нотлогдож байна.
5. Гэрч , нарын “нэгдэлд ногоочноор ажиллаж байсан” гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
6. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Ч.*******гийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* овогт *******ын *******гийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК