Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02286

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02286

 

 

Г.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02750 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Хын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Г.Хыг 727 388 531 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөхөөр эвлэрснийг баталгаажуулан захирамж гарсан. Дээрх захирамжийн дагуу НШШГГ гүйцэтгэх ажиллагаа явуулан, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039164 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75 дугаар гудамжны 2-11 тоотод байрлах 720 метр квадрат талбайтай Үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах нэгж талбарын 1681610012 дугаартай, Э-2205000086 дугаарт бүртгэлтэй 999 м.квадрат талбайтай зоорийн зориулалттай эзэмшлийн газрын хамт битүүмжилсэн бөгөөд төлбөрийн 727 388 531 төгрөгийг 1 сарын дотор төлөх боломжгүй байхад, миний үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар эд хөрөнгийг маань хураан авсан. Тэрээр НШШГГ өмчлөлийн үйлдвэрлэлийн зориулалттай агуулах газрыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар ердөө 556 811 500 төгрөгөөр зах зээлийн үнээс маш хямд үнээр бусдад худалдсан болохыг 4-141/23246 дугаартай Мэдэгдлээр би 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч мэдсэн. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах ёстой байтал шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Золбоо, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-с үнийн санал аваагүй, шинжээч томилох тогтоолыг өмчлөгчид танилцуулалгүй шинжээч томилсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг хөрөнгийн үнийн саналын талаар харилцан тохиролцуулах ажиллагаа явуулалгүй тогтоосон үнэлгээг хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр явуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд 554 811 500 төгрөгөөр доод үнийг тогтоон оруулаад, 2 000 000 төгрөгөөр өсгөж бусдад худалдсан нь албадан дуудлага худалдаа хуйвалдааны аргаар бусдад давуу байдал олгон, хөрөнгийг маань хэт үнэгүйдүүлсэн нь тодорхой байна. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр Худалдаа хөгжлийн банкинд 727 388 531 төгрөг төлөх төлбөрөөс албадан дуудлага худалдаагаар бусдад зарагдсан 556 811 500 төгрөгийг хасаж тооцоход Худалдаа хөгжлийн банкинд 170 577 031 төгрөгийг нэмж төлөхөөр байгаа нь эрх зөрчигдөж байна. Иймд үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02226 дугаартай Шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Г.Х болон Дэлгэр хаан арвижих ХХК-иас 727 388 531 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039164 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу, 75 дугаар гудамжны 2-11 тоотод байрлах 720 метр квадрат талбайтай Үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн тус хаягт байрлах нэгж талбарын 1681610012 дугаартай 999 метр квадрат талбайтай зоорийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт битүүмжилж хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Хаас үнийн санал авахад 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө болон газрыг нийт 3 000 000 000 төгрөгөөр үнэлсэн саналаа ирүүлсэн. Тус үнэлгээг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкинд танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул ВиннэрВэй ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгон хуулийн хугацаанд мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Тус газарт хандан Г.Х хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг олгох хүсэлт гаргасныг шийдвэрлэж хугацаа олгосон бөгөөд төлбөр төлөгч хуульд заасан хугацаанд хөрөнгийг худалдан борлуулаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ 1.109.623.000 төгрөгийн 70 хувь болох 776.736.100 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй. Мөн хуульд зааснаар үнэлгээчний тогтоосон үнийн 50 хувь болох 554.811.500 төгрөгөөр тооцож, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 556.811.500 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгчид 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-141/23246 дугаар Албан бичгээр мэдэгдсэн. Иймээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Хын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч НШШГГ нь төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк-аас үнийн санал аваагүй атлаа 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 123 тоот Шинжээчийн тогтоол-ыг гаргаж шинжээч томилж үнэлгээг тогтоосон, Шинжээч томилох тогтоолыг өмчлөгч Г.Хд танилцуулаагүй, үнэлгээг хууль бус гэж маргадаг. Учир нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан 4 тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно" гэж зохицуулсан. Дээрх зохицуулалтаас харахад дуудпага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнийг өмчлөгч буюу үүрэг гүйцэтгэгч Г.Х, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч Худалдаа хөгжлийн Банк үнийн санал өгөх, тэрхүү үнийн саналууд зөрүүтэй тохиолдолд шинжээч томилох үндэслэл болох бөгөөд тухайн үнийн санал авах, шийдвэр гүйцэтгэх гэжээ. ажиллагааны талууд болон өмчлөгч нарыг тохиролцуулах ажиллагааг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд болох НШШГГ явуулахаар журамласан байтал хариуцагч нь төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/1235 тоот албан бичгийг үндэслэн шинжээч томилсон нь болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог юм. Мөн Виннэрвэй ХХКомпаний хийсэн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдөр хүлээж авсан байтал өмчлөгч Г.Хд албан ёсоор мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг тус тус зөрчсөн байсныг шүүх анхаарч үзээгүй. Хөрөнгө үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийг шинжээч нь Г.Хын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039164 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75 дугаар гудамж, 2-11 тоотод байрлах 720 м.кв талбайтай Үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах /нэгж талбарын 1681610012/ Э-2205000086 дугаарт бүртгэлтэй 999 м.кв талбайтай зоорийн зориулалттай газрын хамт 1 109 623 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл шинжээч хөрөнгө үнэлгээний тайлангийн үнэлгээний тооцооллын 4.3-т зах зээлийн жишиг үнийн хандлагыг тогтоохдоо тухайн хөрөнгийн үнийн мэдээлэл хангалттай олдох ижил төстэй болон орлуулагч хөрөнгөтэй харьцуулан үнэ цэнийг харьцуулан тогтоогоогүй байдаг. Энэ нь Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан "Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтын харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн орлогын аргуудыг хослуулан тодорхойлно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь бүхэл бүтэн агуулах бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 2 давхар барилгыг зах зээлд жишиг болгосон адил агуулах бүхий үйлдвэртэй харьцуулан жишиж үзэж, зах зээлийн бодит үнэлгээг гаргаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв оновчтой сонгож хэрэглэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02226 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Г.Хаас 727 388 531 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Дэлгэр хаан арвижих ХХК-ийн эд хөрөнгөөс үлдэх хэсгийг хангуулахаар шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт заасан зарчим хэрэгжээгүй байна.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зоорийн зориулалттай эзэмшлийн газрын хамт битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр төлөгч нь 2019 оны 02 сарын 19-ний өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлсэн боловч нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК уг үнийн саналыг эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасаныг хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 2 сарын 21-ний өдрийн тогтоолоор Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцны үнэлгээг 1 109 623 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх49-50, 59/

Төлбөр төлөгч өөрийн үл хөдлөх хөрөнгийг 3 тэрбум төгрөгөөр үнэлж, үнийн санал гаргасан ч төлбөр авагч тодорхой үнэ санал болгоогүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн үнийг зөвшөөрөөгүй, талууд харилцан тохиролцож үнэ тогтоогоогүй гэж үзнэ./хх49,50/ Нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар, гомдол үндэслэлгүй юм.

Түүнчлэн, хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний Виннер Вэй ХХК-ийн 2020 оны 03 сарын 06-ны өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 03 сарын 09, 4 дүгээр сарын 30-ны өдрүүдийн мэдэгдлийг хүргүүлэн танилцуулж, үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 776 736 100 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн болох нь хэргийн 71, 77 дугаар талд авагдсан мэдэгдлээр тогтоогдож байна.

Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний Виннер-Вэй ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгч Г.Хд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь нотлогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцээгүй, нэхэмжлэгч гомдол гаргах хуульд заасан хугацааг зөрчжээ. /хх1, 71/

Мөн хэргийн 59-70 дугаар талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан Баянгол дүүрэгт байрлах 720 м.кв талбайтай үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 999 м.кв талбайтай зоорийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах үйлдвэр, агуулахын зориулалттай гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнийг 1 109 623 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, илүү өндөр үнээр 3 тэрбумаар үнэлэх ёстой гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Харин шүүх талуудын маргааныг шийдвэрлэхэд хамааралтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв сонгож хэрэглэж чадаагүй алдааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02750 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 55.1 дэх хэсэгт гэснийг 55.7 дахь хэсэгт гэж өөрчлөн найруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ