Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 27

 

  2018 оны 02 сарын 05 өдөр                       2018/ШЦТ/27                                   Хэрлэн сум

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0035/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                            Н.Энхзул,

Улсын яллагч                                                         Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                                 С.А нарыг оролцуулан

          Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавхан овогт Сарангэрэлийн Ад холбогдох 1739002800011 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1984 оны 07 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Тавхан овогт Сарангэрэлийн А /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  С.А нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 7-25 тоотод иргэн О.Алтангэрэлийг нүүрэн тус газар хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч О.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...А надад үг хаяад маргалдах гээд байхаар нь би харьлаа гээд гэрээс нь гарах гэтэл гэрийн эзэн залуу миний араас тэврээд авахаар нь би хөдөлж чадахгүй тавилдаа пизда минь гэсэн чинь А шууд гэрийн зүүн урд талын гал тогооны шүүгээний дээд талыг үзсэнээ хутга байхгүй болохоор нь шүүгээний доод талын хаалгыг онгойлгосноо модон иштэй хутга гаргаж ирснээ шууд миний нүүр рүү 2 удаа хий чичхээр нь би арагшаа зайлахад 3 дахь дээр нь миний уруулыг дээрээс нь доошоо зүсчихсэн. Тэгсэн миний уруулаас цус гарахаар нь баруун орон дээр нь цусаа гойжуулаад хэсэг сууж байгаад цус маань тогтохгүй байсан  ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14 хуудас/

Гэрч Д.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр 12-ны орой 17 цагийн үед би хашаандаа нүүрс шигшиж байхад Түмэнбаярын гэрийн үүдэнд Түмэнбаяр, А, нэг дээлтэй залуу гурвуулаа гэрийнхээ гадаа зогсож байх шиг байсан. Тэгээд би нүүрс шигшиж байгаад эргээд харсан чинь А, Түмэнбаяр хоёр нь гэрийнхээ үүдэнд хоёр тийшээ хараад уначихсан нөгөө дээлтэй залуу нь хашааны хаалгаар гүйгээд гарч яваа харагдсан. Тэгээд нөгөө хоёр ч босоод гэр рүүгээ орж байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15 хуудас/

Гэрч Г.Түмэнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хадааг согтоод өгөхөөр нь гэрт нь үлдээчихээд үлдсэн 1 шил архиа аваад нөгөө залуутай А бид гурав манайд ирсэн. Тэгээд бид хэд авчирсан архиа хувааж уугаад ойр зуурын юм ярьж сууж байснаа нэг мэдсэн би тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд орон дээр унтаж байхад хөлөн дээр хүн дарж унаад байхаар нь би боль боль гээд нөгөө хоёрыг салгах гээд голоор нь ороод байх шиг байсан. Тэгсэн нэг мэдсэн нөгөө залуугийн амнаас цус гарчихсан орон дээр доошоо тонгойгоод суугаад байх шиг харагдсан. Архи уугаад сууж байхад Алтангэрэл шорон орон яриад байх шиг байсан. ...Би Алтангэрэлийн араас тэвэрч аваад Ааар хутгалуулсан зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20 хуудас/

 2018 оны 01 дүгээр сарын 16-ны №31 Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд

О.Алтангэрэлийн биед дээд, доод уруулын зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /ХХ-25 хуудас/

Сэжигтэн С.А мөрдөн байцаалтан өгсөн: “...Түмэнбаярын ахынд ирж үлдсэн 0.5 граммын стандарт архиа хувааж ууж байхад нөгөө залуу шорон орон яриад хэрүүл өдөөд байх шиг байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан ухаан орж гараад байх шиг байсан. ...нөгөө залуутай гэр дотор зууралдаад байж байхад Түмэнбаяр бид хоёрыг салгах гэж голд зогсож байсан. Тэгсэн би хутга барьчихсан Түмэнбаярын дээгүүр нөгөө залуу руу 2 удаа хутгаараа далайсан чинь сүүлийх дээр нь хутгаараа нөгөө залуугийн уруулыг зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.А нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 7-25 тоотод иргэн О.Алтангэрэлийг нүүрэн тус газар хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Аын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Энхбаатар, Г.Түмэнбаяр нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны №31 тоот дүгнэлтэнд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Алтангэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 2.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа нь хуульд харшлаагүй, бусдыг хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй байх тул уг нэхэмжилж буй 2.000.000  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн ба түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХнь:

1.  Шүүгдэгч Тавхан овогт Сарангэрэлийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Ааас 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Алтангэрэлд олгосугай

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон шитэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ