Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 12 өдөр                                                     Дугаар 2023/ДШМ/30                                                              Даланзадгад сум

 

О.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Д.Ган-Эрдэнэ /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Алтансүх /цахимаар/, Н.Энхтөр,

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /цахимаар/, Г.Мөнгөнцэцэг,     

Яллагдагч О.*******,

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, яллагдагчийн гаргасан гомдлыг үндэслэн яллагдагч О.*******д холбогдох 22290000..... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

....... овогт .........., 1992 оны 04 дүгээр сарын ....-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн оператор мэргэжилтэй, “*******” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, ....... дугаар баг, Т.......-р гудамж, ......тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:........./,

Яллагдагч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах Б.*******ийн ажиллуулдаг үсчин, гар утасны худалдааны газрын гадаа Б.*******тэй “О.*******г эхнэр Б.*******г зодсон” гэх асуудлаас болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт цохьсон, мөн цээж рүү нь өшиглөн газар савуулан унагаснаас Б.*******ийн биед гавал тархины битүү гэмтэл учирч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан буюу Б.*******ийг санаатай алсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт эхнэр Б.*******тай “...намайг халамжилсангүй, хамгаалсангүй...” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь О.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх: Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.*******д холбогдох эрүүгийн 2229000000... дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2, 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан яллагдагч О.*******д 2022 оны 12 сарын 02-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ...Яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй боловч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр давж заалдах эсэргүүцэл гаргаж байна. Үүнд:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж ирүүлээгүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, 197.709.710 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн.

Тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хуульд заасан журмын дагуу эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гарган өгч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрх бүхий этгээд байна.

Шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******гаас гаргаж өгсөн дээрх хохирлын баримтыг хүлээн авсан атлаа “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй” гэж дүгнэсэн нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчжээ.

 

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны үе шат бөгөөд хэрэгт шүүхийн хэлэлцүүлэг хийгдэхгүй, яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлахгүй.

Гэтэл шүүх шийдвэртээ: “....яллах дүгнэлтийн хавсралтын 5-д хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******гаас хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй гэжээ. Дээрх үйл баримтаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүхий арга хэмжээг авч, яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байна” гэж дүгнэж, мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй талаар дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь буруу байна. Тодруулбал:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бол мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлох үүрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны явцад нотлох боломжтой, хэрэгжүүлэгч субъектүүдэд үүрэг болгосон хэм хэмжээ байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шүүх хуралдааны шатанд нотолж, шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгох зэргээр шийдвэрлэх бүрэн боломжтой байхад мөрдөгч, прокурор хуульд заасан ямар арга хэмжээг мөрдөн байцаалтын шатанд аваагүй, яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын алийг нь тогтоогоогүй гэж үзсэн зэрэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан: “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлд хамаарч байна.

 

3. Шүүх шийдвэртээ: “Хохирол, төлбөрийн талаар хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах эрхтэй....” гэж дүгнэсэн атлаа “тухайн хэргийн хувьд шүүхийн хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. ..” гэж дүгнэсэн нь мөн ойлгомжгүй, эргэлзээ бүхий байдлыг бий болгосон гэж дүгнэж байна.

Иймд шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дээрх зөрчлүүд нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлүүдэд тус тус хамаарч байх тул Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Яллагдагч О.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...О.******* миний биеийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг биелүүлээгүй гэх үндэслэлээр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний дугаар болох ........... дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр залгаж тов мэдэгдэхэд ойлголоо оролцохгүй гэж хэлсэн гэх худал баримт шүүгчийн захирамжид бичигдсэн байна.

Над руу шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдөр 19 цагийн үед залгасан. 4 минут орчим  ярилцахдаа энэ гэм буруугийн шүүх хурал биш урьдчилсан хэлэлцүүлэг учир ирэхгүй байж болно гэж тайлбарлаж ярилцсан нь үнэн болно. Миний бие урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохгүй байж болно гэсэн учир ирж оролцоогүй.

Иймд миний хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвийн болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

        Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэн шийдвэрлэх байтал шийдвэрлээгүй байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

 

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь хүн алсан хүн сул чөлөөтэй явах надад үнэхээр хэцүү байсан.  Манай хадмуудын хувьд ч гэсэн маш их хэцүү байсан. Би хоригдсонд нь баярлаж байгаа. Ер нь яагаад ингэж сул чөлөөтэй явах гээд байгаа юм бэ? чамд тийм эрх байхгүй. Чи бол хоригдох ёстой хүн. Энэ хүн миний үйл ажиллагаа явуулдаг Цагаан хад гэх газар эхнэртэйгээ хамт зугаалж, бүжигт ороод л явж байсан гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Алтансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч шүүх хуралдаанд оролцох нь тухайн хүний үүрэг. Шүүх, прокуророос дуудсан цагт ирэх үүрэгтэй. Гэтэл шүүхийн дуудсан цагт шүүх хуралдаандаа хүрэлцэн ирээгүй байна. Нарийн бичгийн дарга шүүх хуралд ирээд хэрэггүй гэсэн гээд байгаа боловч нарийн бичгийн дарга өөрөө шүүх хуралдааны ирцтэй холбоотой шийдвэр гаргадаг хүн биш юм гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдээгүй байна. Тийм учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна гэв.

 

        Яллагдагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

          Яллагдагчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: яллагдагч О.*******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

 

          Яллагдагч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн гаргасан гомдлоо дэмжиж байна. 2023 оны 06 дугаар сарын 16-нд шүүх хурлын талаар надад мэдэгдсэн гэж хэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 19-нд ярихдаа чи ирэхгүй байсан ч болно гэсэн үндэслэлээр би шүүх хуралд оролцоогүй. Миний хувьд санаатайгаар шүүх хуралд саад учруулах зорилгоор ирээгүй зүйл байхгүй. Гэтэл намайг цагдан хорьсонд гомдол гаргасан  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурорын бичсэн эсэргүүцэл, яллагдагчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

   Прокуророос яллагдагч О.*******гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах үсчин, гар утасны худалдааны газрын гадаа Б.*******тэй “О.*******г эхнэр Б.*******г зодсон” гэх асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж, цээж рүү нь өшиглөн газар савуулан унагаж Б.*******ийг санаатай алсан, мөн өдөр эхнэр Б.*******тай “...намайг халамжилсангүй, хамгаалсангүй...” гэж маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

           Анхан шатны шүүхээс хийсэн “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Алтансүхийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т заасныг үндэслэн хүний амь насанд санаатай халдсан гэх үзэж байгаа О.******* гэх этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү гэсэн” хүсэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан яллагдагч О.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан үүргээ биелүүлээгүй нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал нь хууль зүйн үндэслэлтэй байна.”, “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 33.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар яллагдагч О.*******д .......... дугаарт залгаж мэдэгдэхэд “...ойлголоо. Оролцохгүй” гэсэн хариу өгснийг тэмдэглэсэн баримт авагдсан байна. Яллагдагч О.*******гийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн “...Шүүх мэдэгдэх хуудсаар дуудаагүй учраас миний үйлчлүүлэгч ирээгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоогүй нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.”, “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 197709710 баримтуудыг гаргаж өгч байна гэв. ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 5-д “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******гаас хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй” гэжээ.

 

Дээрх үйл баримтаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүхий арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байна гэж дүгнэв.

 

Хохирол, төлбөрийн талаар хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах эрхтэй хэдий ч тухайн хэргийн хувьд шүүхийн хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй байх тул хэргийг прокурорт буцаах зүйтэй байна.” гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй” гэж дүгнээд О.*******д холбогдох эрүүгийн хэргийг  прокурорын газарт буцааж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Алтансүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т заасныг үндэслэн хүний амь насанд санаатай халдсан О.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

          Иймд хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” эсэргүүцэл, яллагдагч О.*******гийн “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/160 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” эсэргүүцэл, яллагдагч О.*******гийн “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                     Л.УГТАХБАЯР

                                                                                       М.МӨНХДАВАА