Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 28

 

 2018 оны 02 сарын 06 өдөр                       2018/ШЦТ/28                                   Хэрлэн сум

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0032/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                            Н.Энхзул,

Улсын яллагч                                                         Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Л.Цогцолмаа,

Шүүгдэгч                                                                 М.А нарыг оролцуулан

          Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жонон овгийн Мягмарсүрэнгийн Ад холбогдох 1739002630006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд  1993 оны 06 дугаар сарын 09-нд төрсөн, 24 настай,  эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Булгийн 5-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Жонон овгийн Мягмарсүрэнгийн А /РД: С4/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  М.А нь 2017 оны 11 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Эвт худалдааны төвийн гадна иргэн Б.Болдбаатартай маргалдаж улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өөрийнхөө машинтай Эвт худалдааны төвөөс хөдлөөд явж байхад машин хажуунаас нэг үл таних залуу зүүн талын урд хаалга руу нэг өшиглөхөөр нь би хөөе гэсэн чинь араас ирээд дахин 2 удаа өшиглөсөн. Тэгэхэлээр нь би бууж очоод яаж байгаа юм. Яаж байгаа юм гэхэд намайг өөдөөс заамдаад авахаар нь би ч гэсэн харилцан заамдаж намайг дэгээдэж тэвэрч унагаад миний нүүр рүү 2-3 удаа өшиглөж мөн нуруу бөөрний хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд манай найз Батзул машинаас бууж ирж салгасан  ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7 хуудас/

Гэрч Б.Батзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай найз Болдбаатар бид 2 Эвт худалдааны төвөөс хүнсний зүйл цуглуулаад машинтайгаа гарах гээд байж байхад миний сууж явсан талаас буюу зүүн талаас нэг үл таних залуу ирээд шууд машины хаалга руу 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь бид 2 яаж байгаа юм бэ гэхэд дахин машины ар талаас өшиглөөд байсан. Тэгэхээр нь Болдбаатар машинаасаа гарч явсан юм, би тухайн үед нь машиндаа авсан юмаа янзалж байгаад Болдбаатарыг орж ирэхгүй болохоор нь машинаасаа буугаад гарч очиход уг залуу Болдбаатарын дээр нь гарчихсан нүдэж байсан, би тэр хоёрыг салгах гэж нилээн үзсэн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13 хуудас/

Гэрч С.Цэцэгнямын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөр Агийн хамт Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Эвт худалдааны төв рүү танил ах Ууганаагаар хүргүүлж очсон. Тэгээд нөхөр А нь машинаас буугаад нэг машины араас өшиглөсөн. Тэгтэл тэр машины жолооч бууж ирээд манай нөхрийг яаж байгаа юм пизда бэ гээд манай нөхрийг ард нь байсан машин руу түлхсэн. Тэгээд тэр хоёр заамдалцаад ноцолдсон. Тэгээд нөхөр Агийн гутал нь халтираад тэр хоёр хоёулаа унасан. Тэгээд босоод ирсэн чинь нөгөө хүнийх нь нүд нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15 хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт №361 /ХХ-ийн 21 хуудас/

Сэжигтэн М.Агийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2017 оны 11 сарын 14-ний өдөр Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт” худалдааны төвийн үүдэнд эхнэр, хүүхдийн хамт тээврийн хэрэгслээс буусан чинь миний хажуугаар өнгөрсөн нэг цагаан өнгийн жийп маркийн автомашин мөргөх шахаад өнгөрсөн. Тэгэхээр нь би тухайн автомашины араас дайрлаа шдээ гэж хэлээд арын гупер рүү нь өшиглөсөн чинь жолооч нь цонхоороо толгойгоо гаргаж ирээд бацаан минь яаж байгаа юм гэж хэлэхээр нь би дахиад гупер рүү өшиглөсөн. Тэгсэн чинь жолооч нь бууж ирээд намайг зогсож байсан машин руу түлхээд нь би арагшаа унах шахаад босч иртэл миний шанаа руу нэг удаа цохисон. тэгэхээр нь би зүүн гараараа нөгөө залуугийн зүүн нүд рүү нэг удаа цохиод тэгээд бид хоёр барьцалдаж аваад газар унасан. Тэгээд хоорондоо ноцолдож байгаад хоёулаа болиод явах гэтэл намайг явуулахгүй байж байгаад цагдаа дуудаж өгсөн....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болно.

Шүүгдэгч  М.А нь 2017 оны 11 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Эвт худалдааны төвийн гадна иргэн Б.Болдбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  болох нь хохирогч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Батзул, С.Цэцэгням нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны 361 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Болдбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 439.200 төгрөгийн зардал нотлогдож байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна. Хохирогч Б.Болдбаатар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Жонон овгийн Мягмарсүрэнгийн Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Ад оногдуулсан торгуулийн ялыг  4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Агээс 439.200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Болдбаатарт олгосугай.

 

6. Хохирогч Б.Болдбаатар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                             Д.ГАНЗОРИГ