2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01528

 

2025          02          18                                    191/ШШ2025/01528                       

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: ***************, ************* тоот хаягт байрлах, “И.***************” ХХК /РД:*********/-ийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ***************, ************* тоот хаягт оршин суух, **** адуут овогт Б.О********* /РД:*********/-д  холбогдох, 

гэрээний үүрэгт нийт 7,427,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч “И.***************” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б.О********* нь нэхэмжлэгч “И.***************” ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үйлдвэрийн нярваар ажилд орсон. Манай компанид үр бүтээлтэй, олон жил ажилласан ажилчдаа Вьетнам улс руу үнэ төлбөргүй аялуулахаар болсон боловч хариуцагч Б.О********* нь өөрөө хүсэлт гаргаж, цаашид 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллахаа илэрхийлсэн, ажлаас гарах халагдах тохиолдолд аяллын мөнгөө төлнө гэсэн учраас уг аялалд оролцуулж, аялаад ирсэн. Гэтэл Б.О********* нь ажил үндэслэлгүйгээр олон өдөр тасалж, сахилгын зөрчил гаргасан учраас захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд Вьетнам улс руу аялсан тохиролцоонд хүрээгүй учраас зардлаа төлөх шаардлага тавихад харицагч нь үлдэгдэл төлбөрөө нэг сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулаад төлнө гэсний дагуу нэг сарын хугацаатай 5 хувийн хүүтэй гэрээг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа болно. Зээлийн гэрээний 5.2-д “Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн лүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэсний дагуу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаа хэтэрсэн нь 430 хоног болж, алдангийн хэмжээ 215 хувь болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй болно. Иймд хариуцагч Б.О*********ас Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 4,716,000 төгрөг, зээлийн хүү 235,800 төгрөг, алданги 2,475,900 төгрөг, нийт 7,427,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ. 

2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:  

“Нэхэмжлэгч И.*************** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 7,427,700 төгрөгийн 1,427,700 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.О********* нь 6,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сараас эхлэн, 2026 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр, сар бүр 500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ. 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, “И.***************” ХХК-тйг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, захирлын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2304 дугаартай тушаал, талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, “Х*********” ХК-ийн дансны хуулга, “Г*********” ХК-ийн цахим гүйлгээний баримт зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт шүүхэд гаргаагүй болно. 

  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

  

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч “И.***************” ХХК  нь хариуцагч Б.О*********д холбогдуулан, гэрээний үүрэгт нийт 7,427,700 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “И.***************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 7,427,700 төгрөгийн 1,427,700 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.О********* нь 6,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сараас эхлэн, 2026 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр, сар бүр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна. 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,800 төгрөгийн 78,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 55,475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 55,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.“И.***************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О*********д холбогдох, гэрээний үүрэгт нийт 7,427,700 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн нэхэмжлэгч “И.***************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 7,427,700 төгрөгийн 1,427,700 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.О********* нь 6,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сараас эхлэн, 2026 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр, сар бүр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,800 төгрөгийн 78,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 55,475 төгрөгийг, хариуцагч Б.О*********с улсын тэмдэгтийн хураамжид 55,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И.***************” ХХК-д олгосугай. 

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

  

  

ШҮҮГЧ З.БАЯРМАА