Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн...... дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд  Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Лг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй гэв,

 

Шүүгдэгч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Гийн хамт 0.75 литрийн хар экс гэх 2 шил архийг бид 2 хувааж уусан. Тэгээд Г бид 2 архиа уучихаад 22 цаг өнгөрөөгөөд Зүүнбаянгийн баар орох гээд очтол баарны үүдэнд Л хэдэн залуусын хамт зогсож байсан. Тэгээд би Баар гэх хочтой хүнийг таньдаг ба мэнд мэдэх гээд очиход Л юу байна ахын дүү гэж хэлтэл чи бид 2 хэзээ ах дүү болчихсон юм гэж хэлээд тэрнээс болж бага зэргийн маргаан үүсээд бид 2 муудалцаж эхэлсэн. Тэгээд би Лг машиных нь цонхоор нүүр лүү нь нэг удаа цохитол Л намайг зөрүүлээд нэг цохьсон. Тэгээд Л машинаасаа бууж ирээд бид 2 зодолдсон ба тэр үед Л зугатаасан. Би Лгийн хойноос гүйсэн ба газар бүдрээд унахаар нь би толгой руу нь гараараа 2-3 удаа цохьсон. Тэр үед мотоцикльтой Б, А 2 хүрч ирээд намайг салгаад Гийн гэр лүү хүргэж өгөөд Гийн хүүхэд Мнамайг гэрт хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг / хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б бид нарын машины буфер лүү өшиглөөд машины шил рүү нэг цохьсон. Тэгэхэд Г ард нь зогсож байсан. ... “сайн уу ахын дүү” гээд Бтай мэндэлсэн чинь “миний муу байх чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэгээд үгийн зөрүүгүй жолооч Баарын урдуур гар нь орж ирээд намайг 2 удаа цохьсон. .... би Баар жолоочийн урдуур Бы зүүн шанаанд нь цохьсон. Тэгэхэд Баарын өврийг дамнуулаад Б миний заамнаас бариад цонхоороо шууд татаж гаргасан. ... намайг харанхуй газар луу гүйхэд мотоцикльтой 2 залуу араас хөөсөн. Уг 2 хүн нь Б, А 2 байсан. Б, А 2 миний зүүн талаар гарахдаа намайг өшиглөж унагаасан. Тэр үед Б, Г нар ирж энэ 4 хүн намайг зодсон. Намайг ойчиход А дараад авсан. Б миний хүзүүн дээр дарсан байдалтай байсан. Тэр үед Б, Г нар ирээд энэ 4 хүн миний тал талаас өшиглөсөн. Намайг зодоход би нүүрээ бүтээгээд 4 хөллөөд хэвтсэн. Тэгэхэд Б миний бие, толгойруу дэвсээд байсан. Тэр үед А гэх залуу нь одоо болно, наадах чинь мөнгө нэхнэ шүү гэж хэлж байсан. Тэгээд Б ирж намайг босгоод аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б машинаас бууж ирээд манай машины урд талын буфер дээр хоёр гараараа цохиод “ямар банди нар нь явж байгаа юм, гараад ир” гээд орилоод машины зөв талаар Б ирэхээр нь жолооч Баар “ах нь байна” гэхэд жолоочтой мэндэлчихээд наад 2 чинь хэн юм гэхээр нь Л “би байна” гээд Бг “сайн байна уу ахын дүү” гэтэл Б “чи бид 2 хэзээ ах дүү байсан юм, миний муу сайн байх чамд ямар хамаатай юм” гээд агсараад Лгийн нүүрэн тус газар хальт нэг цохьсон. Тэгтэл Л чи мэндэлж байгаа хүнийг яагаад цохидог юм бэ гээд Лг зөрүүлээд нэг удаа цохьсон. Б гараад ир гээд Лг татаад байсан. Б Лг машины цонхоор татаад буулгасан. Л зугатаатал түүний араас мотоцикльтой 2 залуу хөөсөн. Би араас нь байшингийн хойд талаар Лгээд дуудаад явж байтал 4 залуу хүн зодож байгаа юм шиг бужигналдаад байсан. Намайг Лгээд хашхиртал тэр залуучууд цаашаа гүйгээд явчихсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Гэрч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Б нэг залууг тууж байсан. Гэрэл тусгаад харахад урд нь Л явж байсан. Би элсэн дээр очоод мотоциклио тавиад эргээд очиход тэр 2 зодолдсон Л газар тонгойчихсон нүүрээ дараад 4 хөллөөд хэвтэж байсан. Ш бид 2 тэднийг салгаад Быг аваад урагшаагаа дэлгүүрийн гудмаар гаргаад Г нартай уулзуулаад машины хажууд үлдээсэн. .... бид нарын хувьд зодоонд оролцсон зүйл байхгүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Б Лг гараад ир гээд байсан. Б машины гадаа Л машин дотор нэг нэгнийгээ энгэр заам, цамцны ханцуйнаас нь зулгаагаад чангаацалдаад байсан. ... Лг яг хэн зодсоныг мэдэхгүй. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... хойноос нь Б гүйж ирээд Лг зодоод эхэлсэн. Б бид 2 очиж салгасан. .... нийлээд зодсон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 21 дүгээр хуудас /, 

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай “....Д.Лгийн биед зүүн 8-9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд  Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Лг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Тэгээд би Лг машиных нь цонхоор нүүр лүү нь нэг удаа цохитол Л намайг зөрүүлээд нэг цохьсон. Л хойноос гүйсэн ба газар бүдрээд унахаар нь би толгой руу нь гараараа 2-3 удаа цохьсон. гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхэд Баарын өврийг дамнуулаад Б миний заамнаас бариад цонхоороо шууд татаж гаргасан. ... Намайг зодоход би нүүрээ бүтээгээд 4 хөллөөд хэвтсэн. Тэгэхэд Б миний бие, толгойруу дэвсээд байсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л би байна гээд Бг “сайн байна уу ахын дүү” гэтэл Б “чи бид 2 хэзээ ах дүү байсан юм, миний муу сайн байх чамд ямар хамаатай юм” гээд агсараад Лгийн нүүрэн тус газар хальт нэг цохьсон. Б Лг машины цонхоор татаад буулгасан... гэсэн мэдүүлэг, Гэрч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Б нэг залууг тууж байсан. Гэрэл тусгаад харахад урд нь Л явж байсан. Би элсэн дээр очоод мотоциклто тавиад эргээд очиход тэр 2 зодолдсон Л газар тонгойчихсон нүүрээ дараад 4 хөллөөд хэвтэж байсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Б Лг гараад ир гээд байсан. Б машины гадаа Л машин дотор нэг нэгнийгээ энгэр заам, цамцны ханцуйнаас нь зулгаагаад чангаацалдаад байсан. ... Лг яг хэн зодсоныг мэдэхгүй. ... гэсэн мэдүүлэг, Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... хойноос нь Б гүйж ирээд Лг зодоод эхэлсэн. Б бид 2 очиж салгасан. гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний нэхэмжлэл хохирогчийн зүгээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД