| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0012/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газар хохирогч С.Бийн нүүрэн тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Муудах болсон шалтгаан нь адуучин маань адуугаа услаагүйгээс болж гүү хээл хаяж, мөн 2, 3 адуу алдчихаад адуундаа явахгүй байсан юм. Адуучнаа ажлаа хийхгүй байна. Намайг хүн гэж үзэхгүй байна гэж хэлсэн чинь Б ах өмөөрсөн. Бид 2 өмнө нь муудалцаж байгаагүй, адуучныг өмөөрөхөд нь Б ах руу уурласан юм билээ. Хутгаар хутгална гэж бодоогүй, савж явахдаа нүүрийг нь зүссэн байсан. Хохирол төлбөртөө хөөрөг бэлгэнд өгсөн. 2 000 000 төгрөг өгсөн гэв,
Хохирогч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид 2 хоолгүй болж байсан учраас гэрт нь ирэхэд Б энэ 2 согтуу байсан. Би мах идчихээд баруун орон дээр сууж байтал Б руу адуу мал дутаасан, мөнгө өгөхгүй гээд загнаж байсан. Гэтэл гэнэт хутга бариад дайрсан. Б дундуур нь орж хутгыг нь салгасан. Цай чанах гэж тонголзож байх хооронд араар нь ороод хутга аваад дахин над руу дайрсан. би гараараа хаагаад ор налаад хөлөөрөө хавчихад нүүр зүссэн гэв. Урьд 11 дүгээр сарын 20-ны өдөр Гад би малчин хийхээ болъё, цалин ихтэй айлд очъё, өөр малчин олж байгаарай гэхэд 10 хоног ажиллаж байгаач гэсэн. Малчнаа больё гэхээр тэгсэн болов уу гэж бодсон. Энэ хүнээс цувуулж байгаад 600 000 төгрөг өгсөн. Эмчилгээнд хүрэлцэхгүй бас Иххэтэд байцаалт өгөх хэрэгтэй байна гэхэд араас 1 400 000 өгсөн. Хот явж томографикийн зураг авахуулсан. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас үлдэгдэл 4 000 000 төгрөгийг нэхэмжлэж байна гэв,
Шүүгдэгч Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгэхээр нь би шүүгээнээс хутга аваад Б дээр очсон. Тэгсэн намайг Б хоёр хөлөөрөө хавчаад хойшоо унасан. Би тэгэхээр нь дээрээс нь унатал хацрыг нь хутгаар зүссэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г над руу гэрт байхад З та хоёр хор найруулаад байгаа шүү гээд мах идэж байсан хутгаа бариад дайрсан. Тухайн үед нь Ббид хоёрыг салгасан. Бнь Гаас хутгыг нь аваад тогооны шүүгээнд хийсэн. Тэгээд Быг Г цай чана гээд цай чанаж байхад араар нь шүүгээнээс хутга аваад Г намайг орон дээр сууж байхад над руу дайрч дээрээс унасан, унахдаа миний баруун шанааг хутгаар зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г нь Б ах руу З та хоёр их хор найруулдаг гээд ширээн дээр мах идэж байсан хутгаа гартаа бариад Б ах руу дайрахаар нь би араас нь барьж аваад хутгыг нь булааж аваад шүүгээнд хийсэн. Тэгээд Гыг суулгасан. Г суугаад унтмаар болоод байхаар нь би цай чанаад угаадас асгах гээд гараад ороод ирэхэд шүүгээнд миний хийсэн хүрэн иштэй богино хутгыг аваад гэрийн баруун орон дээр сууж байсан Б ахын баруун шанааг зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: “...С.Бийн биед баруун хацар хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 38 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газар хохирогч С.Бтой маргалдан түүний нүүрэн тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Л.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ..Бид 2 өмнө нь муудалцаж байгаагүй, адуучныг өмөөрөхөд нь Б ах руу уурласан юм билээ. Хутгаар хутгална гэж бодоогүй . савж явахдаа нүүрийг нь зүссэн байсан. гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...би гараараа хаагаад ор налаад хөлөөрөө хавчихад нүүр зүссэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгэхээр нь би шүүгээнээс хутга аваад Б дээр очсон. Тэгсэн намайг Б хоёр хөлөөрөө хавчаад хойшоо унасан. Би тэгэхээр нь дээрээс нь унатал хацрыг нь хутгаар зүссэн..." гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Быг Г цай чана гээд цай чанаж байхад нь араар нь шүүгээнээс хутга аваад Г намайг орон дээр сууж байхад над руу дайрч дээрээс унасан, унахдаа миний баруун шанааг хутгаар зүссэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г суугаад унтмаар болоод байхаар нь би цай чанаад угаадас асгах гээд гараад ороод ирэхэд шүүгээнд миний хийсэн хүрэн иштэй богино хутгыг аваад гэрийн баруун орон дээр сууж байсан Б ахын баруун шанааг зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч С.Б нь шүүгдэгч Л.Гаас 6000 000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 2000 000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирол төлбөрт зориулан хохирогчид өгсөн. Шүүхийн шатанд хохирогч нь 4000 000 төгрөг нэмж нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт 3800 000 төгрөгөөс татгалзаж 200 000 төгрөг нэхэмжилсэн байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь 100 000 төгрөгийг төлнө гэсэн байр суурьтай, талууд 100 000 төгрөгөнд маргахгүй байгаа тул шүүгдэгч Л.Гаас 100 000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бид олгож, 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гаас 100 000 / нэг зуун мянга/ төгрөгийг гаргаж хохирогч С.Бид олгож, 100 000 / нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД