Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 141/ШШ2025/00045

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 141/ШШ2025/00045

Завхан аймаг

 

      Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ..................аймгийн ...............сумын .................баг хаягаар оршин суудаг М овогт Г-ийн Б-аас ирүүлсэн, хариуцагч ........... аймгийн .............сумын .............баг хаягаар оршин суудаг М овогт Б-ын Б-д холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Г.Б, Б.Б бид хоёр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр их зургаан ханатай, бүрэн сийлбэртэй, орчин үеийн угладаг дээвэр туургатай, өрх, хаяавч, гадна бүрээстэй иж бүрэн монгол гэр, сийлбэртэй хоёр ширхэг модон ор, сийлбэртэй хувцасны шүүгээ, шалны өр, тогооны эргэнэг зэргийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, миний бие дээрх хөрөнгүүдийг Б.Б-д тухайн өдөр нь хүлээлгэн өгч, Б.Б нь тухайн өдрөөс хойш 2 сарын дотор худалдан авсан хөрөнгүүдийн үнэ болох 23,000,000 төгрөгийг надад өгөхөөр амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.Б нь надаас худалдан авсан хөрөнгүүдийн үнийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй тул миний бие түүнээс худалдан авсан хөрөнгүүдийн үнийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлнө гэсээр төлөлгүй нэг жил болсон. Ингээд бид хоёр ярилцаж байгаад 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан Б.Б нь худалдан авсан хөрөнгүүдийн үнийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр надад төлөхөөр тохиролцсон. Гэтэл Б.Б нь мөн л тохиролцсон хугацаандаа худалдан авсан хөрөнгүүдийн үнийг төлөөгүй тул түүнээс худалдан авсан хөрөнгүүдийн үнийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлнө гэсээр өдийг хүртэл худалдан авсан хөрөнгүүдийн үнийг төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.Б-гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 23,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээнд үүрэг хэтрүүлсэн тал нь хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны алдангийг тухайн үед нь тооцож, жич нэхэмжлэх болно...” гэжээ.

Харин талууд нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ “...Нэг талаас: Нэхэмжлэгч .................. аймгийн ...............гэл сумын ... ..........тоот хаягаар оршин суудаг М овогт Г-ийн Б,

Нөгөө талаас: Хариуцагч ...........аймгийн ...........сумын ..........багийн ............ тоот хаягаар оршин суудаг М овогт Б*ын Б нар нь

Эвлэрэн хэлэлцсэн байдал: Нэхэмжлэгч Г.Б-аас ирүүлсэн, хариуцагч Б.Б-д холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэг 23,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж тохиролцов.

Үүнд: Хариуцагч Б.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Г.Б-д худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр 23,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 7,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг төлөх,

Хэрэв дээрх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр 23,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 11,500,000 төгрөг нийт 34,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцов. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эвлэрлийн гэрээтэй холбогдуулан гаргах санал, хүсэлт, гомдол байхгүй, мөн эвлэрэн хэлэлцэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн дээрх маргааны талаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл, давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах боломжгүй талаар ойлгосон. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б-аас хариуцагч Б.Б-д холбогдуулан “Худалдах худалдан авах гэрээний үүрэг 23,000,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.       

Талууд буюу нэхэмжлэгч, хариуцагч нар хуульд заасан эрхийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  

Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.

Тодруулбал хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Б нар нь 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж уг гэрээний 3.4-т “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцох”-оор тохирсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 272,950 төгрөг төлсөн ба талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан 136,475 төгрөг төлүүлэх нь хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч Г.Б*гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,950 төгрөгийн 136,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 136,475 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-гээс 136,475 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б-аас ирүүлсэн, хариуцагч Б.Б-д холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Нэхэмжлэгч Г.Б-аас ирүүлсэн, хариуцагч Б.Б-д холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт   хариуцагч Б.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Г.Б-д худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр 23,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 7,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг төлөх, хэрэв дээрх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр 23,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 11,500,000 төгрөг нийт 34,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,950 төгрөгийн 136,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 136,475 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-гээс 136,475 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                             ШҮҮГЧ                                      Б.УРТНАСАН