Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/32

 

 

2023 оны 09 сарын 12 өдөр                                             Дугаар 2023/ДШМ/32                                                         Даланзадгад сум

 

А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Д.Ган-Эрдэнэ /цахимаар/,

Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх, 

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч ............. нарт холбогдох 2329000000..... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

..... овогтой ............,1979 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, эхнэрийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, ......... дүүрэг, .......... дугаар хороо, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /регистрийн дугаар:.............../,

........................., 1997 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ............... аймгийн ............ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, .......... дүүрэг, .............-р хороо, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /регистрийн дугаар:................./,

................., 1982 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 2, эхийнхээ хамт амьдардаг, Улаанбаатар хот, ................дүүрэг, 19 дүгээр хороо, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, / регистрийн дугаар:........./,

 

 Шүүгдэгч А.Ариунболд нь З.Гансүх, Д.Дэлгэрбаяр нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум ..Жавхлант дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу Толгой” ХХК-ийн уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч, ............ УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг ашиглан ачиж нийт 152.363.655 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэрэг,

 

Шүүгдэгч З.Гансүх нь А.Ариунболд Д.Дэлгэрбаяр нарт урьдчилан амлаж санаатайгаар, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой ХК руу .......7 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх постоор шалгалгүй нэвтрүүлж, уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авсныг ....... УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гарахад нь дэмжлэг үзүүлж нийт 152.363.655 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Д.Дэлгэрбаяр нь А.Ариунболд З.Гансүх нарт урьдчилан амлаж санаатайгаар, 2023 оны 04 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой ХК руу ....... УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх постоор шалгалгүй нэвтрүүлж, уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авсныг ........ УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гарахад нь дэмжлэг үзүүлж нийт 152.363.655 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь шүүгдэгч А.Ариунболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

Шүүгдэгч З.Гансүх, Д.Дэлгэрбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:

Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч А.Ариунболдын эзэмшлийн 82-86 УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, А.Ариунболдод буцаан олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэндорж нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Хууль тогтоогч "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан.

Гэтэл анхан шатны шатны шүүх А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан "хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч", мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан "...машин механизм ашиглаж" бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг бүрэн хангасан байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох прокурорын саналыг үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар зохицуулсан,

Уг тээврийн хэрэгслийн үнийг Дамно ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ............дугаартай шинжээчийн дүгнэлтээр ..........УАТ улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 16.943.943 төгрөгөөр тогтоосон.

Прокуророос 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ....... дугаартай яллах дүгнэлт үйлдэж, прокурорын саналд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4-т тус тус зааснаар 1 жил хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ........ УАТ улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авах саналыг тус тус танилцуулахад зөвшөөрсөн тул хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн.

Мөн шүүх шийдвэртээ “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ........... УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркийн тээврийн хэрэгслийг хураах тухай прокурорын саналд хэний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураах талаар тодорхой тусгаагүй, шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч А.Ариунболдын эзэмшлийн ......... УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд нийцнэ” гэж дүгнээд гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан тээврийн хэрэгслийг хураахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч А.Ариунболдын эзэмшлийнх болох нь тогтоогдсон, шүүхийн шийтгэх тогтоолд шүүгч уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.Ариунболд гэж дурдсан атлаа хялбаршуулсан прокурорын саналд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .......... УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркийн тээврийн хэрэгслийг хураах тухай прокурорын саналд хэний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураах талаар тодорхой тусгаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг журмыг баталсан бөгөөд уг журмын 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүх энэ зүйлийн 3.1, 3.2-т заасан нөхцөл байдлыг хянасны үндсэн дээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар прокурорын гаргасан саналыг баталж, шийдвэрээ танилцуулна гэж журамласан.

Мөн шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, үүний дагуу ял шийтгэл, албадлагын арга хэмжээний талаар прокуророос тавьсан саналыг хүлээн зөвшөөрч үр дагаврыг ойлгосон байхад шүүхээс прокурорын шүүгдэгчтэй тохиролцсон ялаас өөрөөр буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдийг зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...... УАТ улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолд "...шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 82-86 УАТ улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын төсөвт шилжүүлсүгэй..." гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

         Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байж тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...... УАТ улсын дугаартай, Хонда Майти маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод шилжүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

        Шүүгдэгч А.Ариунболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж байна. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэхгүй бол би тухайн тээврийн хэрэгслийг үнийг нь төлж авах хүсэлтэй байна гэв.

 

        Шүүгдэгч Д.Дэлгэрбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй  гэв.

 

        Шүүгдэгч З.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 77 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг /2 дугаар хавтас хэргийн ..... дахь тал/ хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 152363655 /нэг зуун тавин хоёр сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун тавин таван/ төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж бичжээ.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж зааснаас үзэхэд шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэл, хугацаа, журмын дагуу шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж болох хуулийн зохицуулалт байгааг анхан шатны шүүх анхаарвал зохино.

 

Шүүхийн шийдвэрийг хянахад хяналтын прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Ариунболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар, З.Гансүх, Д.Дэлгэрбаяр нарын үйлдлийг 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтуудтай холбогдуулан дүгнэлт хийгээгүй байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

 

“Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг журмыг баталсан бөгөөд уг журмын 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Шүүх энэ зүйлийн 3.1, 3.2-т заасан нөхцөл байдлыг хянасны үндсэн дээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар прокурорын гаргасан саналыг баталж, шийдвэрээ танилцуулна гэж журамласан.

 

Мөн шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, үүний дагуу ял шийтгэл, албадлагын арга хэмжээний талаар прокуророос тавьсан саналыг хүлээн зөвшөөрч үр дагаврыг ойлгосон байхад шүүхээс прокурорын шүүгдэгчтэй тохиролцсон ялаас өөрөөр буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдийг зөрчсөн байна.” гэсэн эсэргүүцлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .......... УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь хэний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авч байгаа талаар тодорхой тусгаагүй байна. Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч А.Ариунболдын эзэмшлийн ........ УАТ улсын дугаартай Hyundai Mighty 2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд нийцнэ гэж дүгнэв.” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын прокурорын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6, 39.7, 39.8 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/...... дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.

 3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 4. Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр, З.Гансүх нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                

171

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                     Л.УГТАХБАЯР

                                                                                       М.МӨНХДАВАА