Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00054

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Адын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02936 дугаар шийдвэртэй,

 

Г.Адын нэхэмжлэлтэй, Д.Блд холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл, өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ад болон Д.Бл нар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Д.Бл нь 30 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Д.Бл болон Д.Дашдулам нарын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны гудамж, 132 дугаар байрны, 5-1 тоот, 65 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн хүүгийн төлбөрт 5 400 000 төгрөг төлсөн. Иймд Д.Блаас үндсэн зээл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Дашдулам нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бл 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч уг гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг аваагүй, Г.Ад 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 7 600 000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл 22 400 000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд олгоогүй.

Иймд Г.Ад болон Д.Бл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ бодитойгоор хэрэгжээгүй, Д.Бл зээлийн гэрээний дагуу Г.Адод нийт зээлийн хүүд 5 400 000 төгрөгийг төлсөн. Г.Адоос авсан 7 600 000 төгрөгөөс 5 400 000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Үлдэх 2 200 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс тусгайлан хэлэх тайлбар байхгүй. Д.Бл, Г.Адоос 7 600 000 төгрөг авсан гэдгийг мэднэ гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Д.Блаас 45 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Адод олгож, нэхэмжлэлийн шаардлагын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Адоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453 150 төгрөг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Блаас улсын тэмдэгтийн хураамжид 382 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаж Д.Блтай барьцааны гэрээ байгуулж гэрээг нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Бл нь Г.Адтой 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан талаар маргадаггүй бөгөөд энэхүү гэрээ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан. Харин нэхэмжлэгч Г.Ад нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй.

Хаан банкны 5926039906 тоот дансны хуулга болон шүүхийн журмаар гаргаж авсан Г.Адын эзэмшлийн 5163173095 тоот дансны хуулга зэргээс харахад нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 7 600 000 төгрөгийг 5926039906 тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогддог.

Харин үлдсэн мөнгөн дүнг нэхэмжлэгч Г.Ад нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ж.Билгүүнбаатарын эзэмшлийн, Хаан банкны 5020850196 тоот дансанд шилжүүлсэн нь Г.Адын 5163173095 тоот дансны хуулгаас тодорхой харагддаг. Түүнчлэн уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн М.Билгүүнбаатар, Ж.Энхбат болон А.Нинжмаа нар нь Г.Адыг Д.Блд  7 600 000 төгрөгийг дансаар өгсөн бөгөөд үлдсэн мөнгөн хөрөнгийг М.Билгүүнбаатарт өгсөн гэдгийг нотолсон.

Д.Бл нь М.Билгүүнбаатартай аливаа харилцаанд оролцоогүй бөгөөд мөнгөн төлбөрийн үүрэг хүлээгээгүй. Харин гэрч Ж.Энхбаттай зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн, энэ нь хэргийн баримтаар нотлогдоно. Ж.Энхбат нь тухайн үед зээл олгохдоо мөнгөгүй байсны улмаас М.Билгүүнбаатараас мөнгө зээлж, улмаар тухайн мөнгөн хөрөнгийг Д.Блд зээлдүүлсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээс маш тодорхой харагддаг. Үүнээс дүгнэвэл Ж.Энхбат нь М.Билгүүнбаатарын өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн бол Д.Бл нь Ж.Энхбатын өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн байна.

Гэтэл М.Билгүүнбаатар нь Ж.Энхбатаас авах ёстой зээлийн гэрээний төлбөрийг шууд Д.Блаас авсан бөгөөд ийнхүү авахдаа Д.Блд мэдэгдэхгүйгээр Г.Адтой ярилцаж авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Д.Бл болон Ж.Энхбат нарын хооронд үүссэн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой тооцооллын маргаан байдаг бөгөөд уг маргаан шийдэгдээгүй байхад Г.Ад Д.Блд олгох ёстой байсан зээлийн мөнгөн дүнг Д.Блд хамааралгүй М.Билгүүнбаатарт шилжүүлсэн байдлыг зээлийн гэрээний дагуу зээл олгосон гэж үзэх үндэслэл байхгүй. Г.Ад гэрээний дагуу зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй учир хүү болон анз авах эрхээ алдсан.

Д.Бл нь нэхэмжпэгч Г.Адоос 7 600 000 төгрөгийг зээлсэн бөгөөд буцаан төлсөн 5 400 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2 200 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээс 2 200 000 төгрөгийг хангаж үлдэх дүнг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Ад нь хариуцагч Д.Блд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зээлийн гэрээний үүрэгт  7 600 000 төгрөгийг авсан, 2 200 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Г.Ад нь Д.Блтай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 30 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Г.Ад нь Хаан банкны 5926039906 тоот дансанд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 7 500 000 төгрөгийг шилжүүлсэн, Д.Бл нь уг мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй.  

Гэрч М.Билгүүнбаатарын “...Д.Бл ББСБ-д байр хураагдах гээд байна 20 000 000 төгрөг зээлээч гэсэн, би тэр үед Хонг-Конг улс руу нисэх гэж байсан учраас Ж.Энхбаттай зээлийн гэрээ байгуулуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг би Л.Бадралд шилжүүлсэн. Хонг-Конг улсаас ирээд Ж.Энхбат Д.Бл нартай уулзахад Л.Бадрал зээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Г.Адтой би танилцуулж, түүнээс 30 000 000 төгрөгийг зээлсэн ба уг мөнгөн хөрөнгөөс миний зээлсэн 23 000 000-24 000 000 төгрөгийг Г.Ад миний дансруу шилжүүлж, үлдэх 7 000 000 орчим төгрөгийг Д.Блд шилжүүлсэн” гэх агуулга бүхий мэдүүлэг,

гэрч Э.Энхбатын “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр М.Билгүүнбаатар намайг Д.Блтай зээлийн гэрээ байгуулчих, би мөнгийг нь шилжүүлье гэж хэлсэн. Зээлийн мөнгө М.Билгүүнбаатарын данснаас гарсан. 5-6 сарын дараа М.Билгүүнбаатар Д.Блтай уулзахад зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, зээлийг өөр хүн рүү шилжүүлж өгөөч гэж хэлсэн. Тэгээд уг зээлийг шилжүүлсэн хүн нь Г.Ад юм шиг байна лээ” гэх агуулга бүхий мэдүүлэг,

гэрч А.Нинжмаагийн “...Д.Бл Г.Адоос 30 000 000 төгрөг зээлнэ гэж ярьж байсан, Г.Ад 30 000 000 төгрөг шилжүүлэх байсан боловч 7 600 000 төгрөгийг шилжүүлсэн” гэх агуулга бүхий мэдүүлгүүдийг

Д.Бл нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Г.Адоос 30 000 000 төгрөгийг хүүтэй зээлсэн, сар бүр хүү 900 000 төгрөг төлж байсан, нийт авсан 30 000 000 төгрөгийг одоогийн байдлаар төлөх боломжгүй тул 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээл 30 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулна гэсэн тодорхойлолтыг нэхэмжлэгч талд бичиж өгснийг,

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Хаан банк дахь Г.Адын эзэмшлийн 5029492958 тоот дансанд Д.Бл нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд буюу сар бүр 900 000 төгрөг, нийт 5 400 000 төгрөгийг зээлийн хүү гэх утгаар шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Иймд дээрх баримтыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл Г.Ад, Д.Бл нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээгээр хүү тохиролцсон, Г.Ад нь гэрээний үүрэгт 30 000 000 төгрөгийг Д.Блд шилжүүлсэн байх тул тэрээр зээлийн хүү шаардах эрхтэй, нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүү болох 5 400 000 төгрөгийг хасч тооцон нэхэмжлэл гаргасан нь зөв болжээ.

 

Зээлийн гэрээний 3.7-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан ба зээлдэгч нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 30 000 000 төгрөгөөс алданги төлөх үүрэгтэй бөгөөд 30 000 000 төгрөгийг 0,5 хувиар тооцвол 1 өдрийн алдангид 150 000 /30 000 000 * 0,5%/ төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд уг үүрэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул анхан шатны шүүх алдангийн хэмжээг хязгаарлаж 15 000 000 /30 000 000 төгрөгийн 50 хувь/ төгрөгөөр тогтоосон нь зөв байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Блаас зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг, алдангид 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Адод олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцнэ.

 

Г.Ад нь Д.Бл, Д.Дашдулам нартай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Д.Бл, Д.Дашдулам нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205067805 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ниарны Зам гудамж, 132 дугаар байр, 1 дүгээр давхарын V-1 тоот, 65 м.кв талбай бүхий орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.

 

Талууд уг барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан байх боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш ОЮУНХАНД

 

                                       ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                      Э.ЗОЛЗАЯА