Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 85

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэл Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:        Х.Батсүрэн

Шүүгчид:                        Л.Атарцэцэг

                                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:              Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0712 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0043 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, өмгөөлөгч Р.М,

Гуравдагч этгээд Ц.Э, түүний өмгөөлөгч М.А нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0712 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/439 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0043 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн газрын албанаас нотлох баримт гаргуулахаар №1/7931 тоот албан бичиг илгээж хариуг шүүх тус тус хүлээн авч улмаар 5.7 га газрын зураг газрын мэдээллийн нэгдсэн санд байхгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ч байхгүй байсан ба хариуцагч тал ийм зураг байхгүй байгаа талаар хуралдааны явцад тайлбарласан. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байхгүй зургийг заавал байлгах ёстой мэтээр магадлалын үндэслэлээ тайлбарласан нь хэт нэг талыг барьсан шинжтэй байна. Түүнчлэн анхан шатны шүүхийг 5.7 га газрын байршлын зургийг олох талаарх нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж дүгнээд ийнхүү дүгнэхдээ зөвхөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас л тодруулсан мэтээр магадлалын 7 дахь талд дурдсан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх дээр дурдсанчлан удаа дараа төрийн байгууллагуудаас дээрх асуудлыг тодруулах зорилгоор нотлох баримтуудыг цуглуулсан болно. Магадлалын 7 дахь талд “...нэхэмжлэгч “В” ХХК-д 16000 м.кв эзэмшүүлсэн газар нь дээрх хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэхийг шууд дүгнэх боломжгүй” гэжээ. Тус маргаан нь газар давхцалын маргаан биш байхад давж заалдах шатны шүүх хэрэг маргааны хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн. Мөн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0043 дугаартай магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгосон атлаа үндэслэлээ тайлбарлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт нийцэхгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4. Тус магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан "Шүүх нотлох баримт цуглуулах зарчим”-ыг хэрэгжүүлсэн байхад хэрэгжүүлээгүй гэж бодит үнэн, хэргийн материал, талуудын тайлбар, нотлох баримтуудад нийцээгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.3, 121.3.4-т заасанд нийцсэн байна.

6. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжаар “... Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн, түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.1.1, 38.1.2, 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, нэхэмжлэгч нь “... маргаан бүхий газар нь хамгаалалтын бүсэд хамаарахгүй, хууль бус шийдвэр гаргасан” гэж, хариуцагч нь “... хамгаалалтын бүсэд хамаарна, хамгаалалтын бүс газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх “... нийслэлийн Газрын албаны 2018 оны 02-04/5467 тоот албан бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь музейн эзэмшил газартай эсхүл хамгаалалтын бүстэй давхацсан эсэх нь тодорхойгүй, ... Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын болон нийслэлийн Газрын албаны хоорондоо зөрүүтэй албан бичгүүд зэрэг баримтуудаас үзэхэд хамгаалалтын бүсийн хил заагийг газрын кадастрын мэдээллийн санд зохих журмын дагуу албан ёсоор оруулсан нь тодорхойгүй, ... газар нь бүхэлдээ давхацсан эсэх, эсхүл тодорхой хэсэг нь хэсэгчлэн давхацсан эсэхийг ойлгомжтой, тодорхой нотолсон баримтгүйгээр нөхцөл байдлыг нарийвчлан судлан шалгалгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ...” гэсэн дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр эргэлзээтэй баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 1.6 га газар нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор тогтоосон “Б”-ны хамгаалалтын бүсийн 5.7 га газарт хамаарах, эс хамаарах, хамгаалалтын бүсээр тогтоогдсон газарт нэхэмжлэгч нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, явуулаагүй эсэхийг тогтоох байтал шүүх нь хэрэгт авагдсан зөрүүтэй гэх баримтуудыг шалгаагүй, нотлох баримт цуглуулах ажиллагааг дээрх албан бичгээр хязгаарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх”-ээр, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх”-ээр заасанд нийцэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байна.

9. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шүүхэд ирүүлсэн 11 хуудас баримтад “Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүс”-ийн гэх зураг /5.7 га газрын/, нийслэлийн Газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02-04/5467 дугаартай албан бичигт кадастрын мэдээллийн санд Б эзэмшил газрыг 2005 онд 51669 м.кв газраар бүртгэсэн тухайг дурдаж, агаарын гэх зургийг хавсаргасан байх бөгөөд уг зурагт нэгж талбарын 18642308612926 дугаар бүхий нэхэмжлэгчийн эзэмшиж буй 16000 м.кв газар, нэгж талбарын 18642308615772 дугаар бүхий гуравдагч этгээдийн эзэмшиж буй 33890 м.кв газар, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшлийн газрыг оролцуулан дахин нэгж талбар үүсгэн, нэгж талбарын 18642308604810 дугаар бүхий 51669 м.кв газар тус тус тусгагджээ.

10. Эдгээрээс үзвэл, Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор тогтоогдсон “хамгаалалтын бүс”-ийн газрын хэмжээ зөрүүтэй байдлаар газрын нэгдсэн санд бүртгэгдсэн үндэслэл юу болох, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 16000 м.кв газар нь “хамгаалалтын бүс”-ээр тогтоогдсон газартай хэдий хэмжээгээр давхцаж буй нь тодорхойгүй, үүнийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

11. Түүнчлэн, нэхэмжлэгч нь “хамгаалалтын бүс”-ээр тогтоогдсон газарт хуулиар хориглосон ямар үйл ажиллагаа явуулсан болох, энэ талаарх баримтыг шүүх шалгаагүй, маргаан бүхий захиргааны актын энэ үндэслэлд огт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

12. Иймд, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0043 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ