Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 381

 

                                                               Д.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн

                                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Пүрэвтогтох,

ялтан Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батсуурь, Ц.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201626030032 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Их шарнууд овогт Дариагийн Эрдэнэбат /Сайхнаа хочтой/, 1989 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч нарын хамт Ховд аймгийн Булган сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй,

- 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн /РД:ПБ89061373/,

Д.Эрдэнэбат нь 2016 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-ны өдөрт шилжих шөнө 03 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хийморь-19” хотхоны 30 дугаар байрны 24 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Д.Өнөтулгыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар түүнийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжний баруун дээд хэсэгт 1 удаа, зүүн доод хэсэгт 1 удаа  нийтдээ  2 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Эрдэнэбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Эрдэнэбатыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Д.Эрдэнэбатын цагдан хоригдсон 112 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Д.Эрдэнэбат нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4.200.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн түрээслэн амьдарч байсан байрны түрээсийн төлбөрт 90.000 төгрөг нэхэмжилснийг хангахгүй орхиж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрээн алаг өнгийн цэцэг хээтэй хөнжил 1 ширхэг, эрээн хүрэн өнгийн орны даавуу 1 ширхэг, “Парламент” нэртэй тамхины иш 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн үслэг хантааз 1 ширхэг, “Сэнгүр” гэсэн бичигтэй пивоны сав 2 ширхэг, “Нийслэл” гэсэн бичигтэй пивоны сав 1 ширхэг, “Пепси” ундааны сав 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн босоо захтай цамц 1 ширхэг, фудболк 1 ширхэг, шар өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж, Д.Эрдэнэбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Эрдэнэбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...надад талийгаач найзыгаа алах санаа бодол байгаагүй. Тухайн үед бид хоёулаа огцом уурласнаас ийм байдалд хүрлээ. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтан Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан Д.Эрдэнэбат нь хүнийг санаатай алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 буюу танхайн сэдэлтээр үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ гэмт хэрэг амь хохирогч Д.Өнөтулга болон ялтан Д.Эрдэнэбат нарын хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдэгдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Ялтан Д.Эрдэнэбат нь өөрийн гэм бурууг хүлээн гэмшиж, талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд 4.200.000 төгрөгийг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид оршуулгын зардалд нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...амь хохирогч Д.Өнөтулга болон ялтан Д.Эрдэнэбат нарын хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа, өс хонзон байгаагүй. Тухайн үед тэдний хоорондын маргаан дууссаны дараа амь хохирогч Д.Өнөтулга ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд ялтан Д.Эрдэнэбатыг гэрээсээ хөөсөн байдаг. Үүнд нь Д.Эрдэнэбат уурлаж түүнийг 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон нь түргэн зуурд танхайн шинжтэй сэдэлт төрсөн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээс ялтан Д.Эрдэнэбатын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Хэргийн материалыг судлахад, Д.Эрдэнэбат нь урьд бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа, 2016 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-ны өдөрт шилжих шөнө 03 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хийморь-19” хотхоны 30 дугаар байрны 24 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Д.Өнөтулгыг “Гэрээсээ зайл гэж хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар түүнийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжний баруун дээд хэсэгт 1 удаа, зүүн доод хэсэгт 1 удаа хутгалсны улмаас цээжний зүүн хөндийг 7, 8 дугаар хавирганы мөгөөрсний завсраар нэвтэрч өрц, ходоодны урд ханыг гэмтээсэн шарх, цээжний баруун хөндийг 2, 3 дугаар хавирганы завсраар нэвтрэн баруун уушгины дунд дэлбэнг нэвт хатган сээрний 6 дугаар нугаламыг гэмтээсэн шарх бүхий учрах үедээ амь насанд аюултай гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дашдоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...миний хүү Д.Өнөтулга ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан. Д.Эрдэнэбат бол миний төрсөн эгч Цэцэгийн хүү нь байгаа юм. Түүнийг бага байхад нь хүнд үрчлүүлсэн гэсэн. Талийгаач нь Д.Эрдэнэбат, Б.Бат-Оргил нартай өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би хүүгээ бусдад алуулсанд гомдолтой байна. Д.Эрдэнэбатын зүгээс 4.200.000 төгрөг өгсөн...” /1хх-31-33, 47/,

гэрч Н.Батхуягийн “...Бамбууш /Б.Бат-Оргил/ өөрийнхөө утаснаас над руу залгаад “Би орцонд байна, Д.Эрдэнэбат буюу Сайхнаа, Д.Өнөтулга /талийгаач/ хоёр юм ярих гэсэн юм чи гарч байгаач гэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “Наад хоёр чинь маргалдаж магадгүй шүү, маргалдах юм бол эвтэйхэн салгаад унтуулаарай” гэж хэлсэн... тэд түргэн ууртай хүмүүс учраас хоорондоо маргалдаж магадгүй гэж бодсон. Мөн Д.Эрдэнэбатын хувьд урьд нь хүн хутгалаад шоронд орж байсан учраас анхааруулж хэлсэн юм... талийгаач тэр орой над руу утсаар яриад “Сайхнаа, Бамбууш бид гурав ууж байна, хүрээд ир” гэж хэлэхэд би “Надад мөнгө байхгүй, өглөө эхнэр ажилтай учраас хоёр хүүхдээ харна” гэж хэлсэн...” /1хх-64-65/,

Б.Бат-Оргилын /Бамбууш хочтой/ мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 20 цагийн үед ... бид гурав талийгаач Д.Өнөтулгын гэрт ирсэн... хоолоо идчихээд бид гурав пиво хувааж ууцгаасан... талийгаач нь Д.Эрдэнэбат буюу Сайхнаатай хамт дэлгүүр орчихоод ирэхдээ 0,75 литрийн архи, 2 литрийн ундаа авч ирсэн ба “Бүгдээрээ үүнийг хувааж ууцгаагаад унтацгаая” гэж хэлсэн... талийгаач намайг “Түр гарч бай, бид хоёрт ярих юм байна” гэж хэлэхээр нь би орцонд гараад Н.Батхуягийн утас руу залгаад энэ тухай хэлсэн... талийгаач намайг “Ороод ир” гэж дуудахаар нь яваад ороход талийгаач “00”-ын өрөө рүү орсон. Би талийгаачийг гарч ирэхээр нь зөрж орохоор хүлээж байхад цаана Сайхнаа хоол идээд сууж байсан. Ингээд талийгаач “00”-ын өрөөнөөс гарч ирээд Сайхнаатай дуу нь өндөрсөөд хэрэлдээд эхэлсэн. Би “00”-ын өрөөнөөс гараад ирсэн чинь талийгаач Сайхнаатай гал тогооны өрөөний орчим ноцолдоод байсан... талийгаач газар унаад босоод ирсэн чинь Сайхнаа “Чи одоо яах гээд байгаа юм бэ” гээд нуруу орчим нь 2 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь талийгаач босч ирээд “Чи намайг яах юм, чамайг дахиж ажиллуулахгүй, одоо манай гэрээс зайл” гэж хэлээд бүхэл 5000 төгрөгийг задгай хэдэн төгрөгтэй хамт шидсэн... би тэр хоёрт хандаад “Одоо та хоёр боль” гэж хэлэхэд Сайхнаа талийгаачийн цээж орчим цохих шиг болсон чинь Сайхнаагийн гарт нь цустай хутга байсан. Тэгээд би гутлаа өмсөөд, хувцсаа аваад гарч зугтаасан. Гадаа гараад өөрийн утаснаас “102” дугаарт залгаж “Манай хоёр найз архи ууж байгаад нэгнийгээ хутгалчихлаа” гэж дуудлага өгсөн... цагдаа нар 10-15 минутын дараа ирсэн бөгөөд би хоёр цагдаагийн хамт давхарт нь гараад хаалгыг нь нүдэхэд дотроосоо хариу өгөхгүй байсан. Ингээд 30-40 минутын дараа онцгой байдал, түргэн тусламжийн хүмүүс ирээд хаалгыг онгойлгоод дотогш орсон. Сайхнаа тэгэхэд зугтаагаад яваад өгсөн байсан... Сайхнаа эхний удаа талийгаачийг хутгалах үед би хажууд нь цагдаа дуудах юм бол намайг яаж ч магадгүй гэж бодоод айгаад гэрээс гарсан...” /1хх-202-205/,

шинжээч Ц.Ганболдын “...талийгаачийн баруун уушги хатгагдсаны улмаас авчилт үүссэн, амьсгалахгүй болсон. Харин амьсгалын гуурсан хоолойгоор зүүн уушгинд цус орж амьсгал бүтэлт үүсгэн нас барсан. Талийгаачид эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд амьд гарах боломжгүй. Баруун талын уушгинд нэвтэлсэн шархыг авснаас хойш 10-15 минутад нас барах боломжтой...” /1хх74-75/,

ялтан Д.Эрдэнэбатын гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1хх-187-189, 191, 2хх-47/, түүний хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 38 тоот дүгнэлт /1хх-115-116/,

хэргийн газарт болон цогцосны гадна байдалд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-24, 105-112/, талийгаач Д.Өнөтулгын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 157 тоот “...талийгаачийн биед цээжний зүүн хөндийг 7, 8 дугаар хавирганы мөгөөрсний завсраар нэвтэрч өрц, ходоодны урд ханыг гэмтээсэн шарх, цээжний баруун хөндийг 2, 3 дугаар хавирганы завсраар нэвтрэн баруун уушгины дунд дэлбэнг нэвт хатган сээрний 6 дугаар нугаламыг гэмтээсэн шарх, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэх ба учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх цээжний баруун хөндийг нэвтэлж баруун уушгины дунд дэлбэнг гэмтээсэн шархны улмаас уушиг авчин, зүүн уушиг руу цус орж сорогдолт амьсгал бүтэлт үүсгэнээс үхэлд хүргэсэн. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Цээжний хөндийг гэмтээсэн ир үзүүртэй зүйлийн ажлын хэсгийн урт нь 17 см-с дээш урттай, 2.5 см өргөнтэй зүйл байна...” /1хх-69-70/, шинжээчийн 690 тоот “...Д.Өнөтулгын цогцосноос авсан гэх цусанд 3.5 промилли, шээсэнд 3.1 промилли спиртийн агууламж илэрч байна...” /1хх-73/ гэх,  мөн амь хохирогч Д.Өнөтулгын тухайн үед өмсөж явсан хувцас, хэргийн газраас хураан авсан хувцас, эд зүйлс дээрх бохирлогдсон зүйл болон уранхайг шинжилсэн биологи, криминалистикийн шинжээчийн 565, 566, 678, 679, 682, 683, 684, 685, 767, 768 тоот дүгнэлтүүд /1хх-118, 123, 128, 130, 133, 151, 160, 165/, хэргийн газраас хураан авсан хувцас, эд зүйлс болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн бор өнгийн иштэй, бариул хэсэг нь 13 см, ажлын хэсэг нь 20 см урттай хутгыг хураан авсан тэмдэглэл, тэдгээрийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-25-27/, ялтан Д.Эрдэнэбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1089 дүгээр шийтгэх тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн тухай шүүгчийн захирамж /1хх-208-211/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг үндэслэн ялтан Д.Эрдэнэбатыг согтуугаар, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилж, Д.Эрдэнэбатад Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулсаны гадна, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Иймээс ялтан Д.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн...” давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй. Шүүх хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн байцаалтаар энэ хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан, хэргийг шалгах явцдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар “...цаазаар авах ялаар шийтгэгдэж болох сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид …өмгөөлөгч томилж, заавал оролцуулах тухай…” заалтыг хэрэгжүүлсэн байна. 

Иймээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.

Ялтан Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...ялтан Д.Эрдэнэбатын үйлдлийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нотлогдоогүй тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэжээ.

Талийгаач  Д.Өнөтулга нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой буюу түүний  цогцосноос авсан цусанд 3.5 промилли, шээсэнд 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн тухай Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн 157 тоот дүгнэлт, мөн Д.Эрдэнэбат нь хохирогч Д.Өнөтулгыг хутгалахын өмнө ноцолдсон ба энэ үед Д.Өнөтулга Д.Эрдэнэбаттай зууралдаад унаж, босч ирээд байсан, түүнийг унасан байхад нь Д.Эрдэнэбат ар нуруу руу нь 2 удаа өшиглөсөн гэж гэрч Б.Бат-Оргил мэдүүлсэн зэргээс дүгнэлт хийхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч Д.Өнөтулга нь согтуу бөгөөд биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Ялтан Д.Эрдэнэбат нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхдээ, согтуугаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, үл ялих зүйлээр шалтаглан, түүний цээжний баруун дээд хэсэгт 1 удаа, цээжний зүүн доод хэсэгт 1 удаа нийтдээ 2 удаа хутгалж, цээжний хөндийг нэвтэрч, өрц, ходоод, уушгийг гэмтээсэн шарх бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнийг танхайрах явцдаа хүнийг санаатай алсан гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлтэй. Түүний өмнө болон сүүлд үйлдсэн гэмт хэргийн байдлаас үзэхэд биеэ хамгаалж чадахгүй хүнд зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бие махбодид нь олон тооны гэмтэл учруулж гүйцэтгэсэн байх ба гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлж үлдээсэн фото зургийн үзүүлэлт бүхий баримтыг, Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 157 тоот дүгнэлттэй харьцуулан дүгнэхэд, Д.Эрдэнэбат хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхдээ танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх үндэслэл байна. Мөн Д.Өнөтулгын амь насыг хохироосон үйлдэлд, Д.Эрдэнэбатаас өөр хүн оролцсон байдал мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын ял шийтгэл, хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                  Д.ГАНСҮХ

                                                                                                    Д.МӨНХТУУЛ