Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/01269

 

Д.Бямбагэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Ц.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04740 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1500 дугаар магадлалтай,

Д.Бямбагэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй

Л.Батцэнгэлд холбогдох

Гэрээний үүрэгт 3 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Батцэнгэл нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн 86-99 УБҮ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашиныг Д.Бямбагэрэлд 17 000 000 төгрөгөөр тооцож зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь 1 500 000 төгрөг бэлнээр төлж цаашид cap бүр 650 000 төгрөг төлөхөөр, худалдагч тал тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Худалдан авагч Д.Бямбагэрэл нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 1 600 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөг төлсөн байхад худалдагч Л.Батцэнгэл нь худалдсан эд хөрөнгийн эрхийг худалдан авагч талд шилжүүлж өгөхгүй. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., гэрээний 3.8-д заасан үүргээ ноцтой зөрчиж байсан тул Д.Бямбагэрэл нь энэ үүргээ биелүүлэхийг хэд хэдэн удаа шаардаж 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш төлөлт хийх асуудлаа зогсоож гэрээнээс татгалзахаа мэдэгдсэнээр худалдагч Л.Батцэнгэл нь автомашиныг буцааж булааж авсан тул гэрээний дагуу урьдчилан төлсөн 3 100 000 төгрөг буцаан авах шаардлага гаргахад өгөхгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Бямбагэрэлтэй тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, мөн 12 дугаар сарын 11-ний өдөр 2 удаа хийсэн шалтгаан нь Д.Бямбагэрэлтэй холбоотой бөгөөд анхлан авсан автомашинаа тухайн өдрийнхөө маргаашнаас өөлж, он залуу автомашинаар солимоор байна гэж удаа дараа гуйж эхэлсэн ба түүний хүсэлтээр 2009 онд үйлдвэрлэсэн УБҮ 86-99 дугаар бүхий “Тоёота приус-20” маркийн автомашиныг 12 дугаар сарын 11-ний өдөр ямар ч сэв, доголдолгүйгээр хүлээлгэн өгсөн. Уг автомашиныг худалдан авахын тулд миний эхнэр 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл авсан. Дээрх гэрээнүүдийн явцад би Д.Бямбагэрэлд аливаа доголдолгүй, тээврийн хэрэгслүүдийг жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалуудын хамт хүлээлгэн өгсөн. Д.Бямбагэрэл нь 7 хоногийн дараа гадаад руу явах болсон гэж өөрөө надад хэлсэн тул миний хувьд өөрийн эрсдлээ тооцоолох нь зайлшгүй. Тиймээс би түүнд тодорхой орлоготой, гэрээг үргэлжлүүлээд явах чадвартай хүн авчиртал автомашинаа хураалаа, түүнтэй гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлж, тайлбарласан. Миний хувьд дээрх автомашиныг одоогоор бусдад худалдаж, түрээслэх байдлаар ашиг олоогүй харин зогсоолын болон банкны төлбөрийг төлсөөр байна. Мөн бидний хооронд бичилцсэн мессеж, утасны дуудлагуудыг шалгана уу. Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний 3.8-д заасан хугацаа болоогүй байсан. Учир нь аливаа хөрөнгийг зээлээр худалдахад зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дууссанаар худалдагч нь худалдан авагчид нэрийг шилжүүлж өгдөг журамтай. Миний хувьд гэрээнээс татгалзаж эд хөрөнгөө хураах эрхтэйгээс гадна гэрээний 3.1-д заасны дагуу түүнд урьдчилгаа болон явцын төлбөрийг буцаан төлөхгүй тохиролцоотой гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04740 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хариуцагч Л.Батцэнгэлээс 3 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бямбагэрэлт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1500 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04740 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын гомдолдоо: Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Би автомашиныг авахдаа банкнаас 1.8 хувийн хүүтэй зээл авч, уг зээлийг өнөөдрийг хүртэл төлж байна. Гэрээний явцад Д.Бямбагэрэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүдийг гаргаж 6 хоногт 115 200 төгрөгийн торгууль тавиулж төлөөгүй, мөн гэрээний хугацаанд тогтмол сар бүр мөнгөө өгч байгаагүй ба утсаа салгаж зугатаах, залгахаар авахгүй байх үйлдэл гаргаж машины урд буфер, сетка хагалж 2 удаа шүргэлцэж тэнхлэг тохиргоо алдуулж байгаагүй хэмжээгээр хохироосон тухайд нь хэлж шаардлага тавихад тоодоггүй. Одоо 205 000 төгрөгийн торгуулийн үлдэгдэлтэй байгаа. Д.Бямбагэрэл нь 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр уулзаад Австари улс руу явах болсон автомашины урьдчилгаа 1 500 000 төгрөг, явцад төлсөн 1 600 000 төгрөгөө буцааж авах, эсвэл Австариас сар бүр төлөлтийг хийх санал тавьсан. Гэрээ цуцлах саналыг би биш худалдан авагч тавьсан. Би худалдан авагчийг мөнгөө төлөхгүй автомашин аваад явчих вий гэсэндээ өөртөө туслах үйлдэл хийж хурааж авсан, тодорхой орлоготой гэрээг шилжүүлээд садан төрлийн хүн байвал олж ирээд автомашин ав гэсэн шаардлага тавьсан. Худалдан авагч намайг сүрдүүлж зохисгүй үйлдэл гаргаж байсан ч би хүлээцтэй хандсан. Би гэрээний 3.1.-д “худалдан авагч сар бүрийн 10-нд төлбөрийг төлөх ба энэ хугацаанаас 7 хоног хэтэрвэл худалдагч нь тээврийн хэрэгслийг буцаан авч урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцаан олгохгүй” гэж тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байхад уг заалтыг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Зээлээр автомашин худалдаж байгаа тохиолдолд үнэ бүрэн төлөгдөөгүй байхад автомашины  гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх боломжгүй. Худалдагч тал  ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй байхад автомашиныг 4-5 сар унаж хэрэгэлчихээд одоо боллоо гээд мөнгөө нэхэж болохгүй. Автомашины элэгдэл хорогдол жолоочийн буруугаас оногдуулсан торгуулийг хариуцахгүй өгсөн мөртлөө мөнгөө нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх ёстой шаардлагыг хангаагүй. Гэрээний 3.1-д зааснаар би хариуцлага хүлээхгүй.

Хэргийн оролцогчдод эрх үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулах ёстой байхад надад танилцуулахгүйгээр энд зур гээд зуруулсан нь эрхээ эдлэх боломжоор хангаагүй тул миний эрх ноцтой зөрчигдсөн. Иймд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Д.Бямбагэрэл нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 3 100 000 төгрөгийг Л.Батцэнгэлээс буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.  

Анхан шатны шүүх Д.Бямбагэрэлийн нэхэмжлэлийг хэлэлцэн хариуцагчаас 3 100 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн бөгөөд уг магадлалыг хариуцагч эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ. 

Хяналтын шатны шүүх хуралдаан дээр зохигчид маргааны талаар эвлэрч, эвлэрлийн гэрээг баталж өгөхийг хүссэн байна.

Зохигчдын байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээнд “...Нэхэмжлэгч Д.Бямбагэрэл би хариуцагч Л.Батцэнгэлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр УБҮ 86-99 улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн автомашиныг 110 хоног түрээслэн хэрэглэсэн төлбөр, автомашиныг хэрэглэх явцад учруулсан гэмтэл хохирол, торгууль зэргийг харгалзан анхны нэхэмжилсэн дүнг 1 000 000 төгрөг болгон энэ өдөр бэлнээр хүлээн авахыг зөвшөөрч энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Иймээс дээрх нэхэмжлэлтэй холбоотой маргааныг эцэслэн цаашид шүүхийн маргааныг хоёр тал үргэлжлүүлэхгүй бөгөөд өмнө байгуулсан гэрээг хүчингүйд тооцож ахин шинэ хэлбэрээр дахин маргаан нэхэмжлэл үүсгэхгүй болно. Хоёр тал нь энэхүү гэрээг хэн нэгний ятгалаг, дарамт шахалтгүй сайн дураар харилцан тохиролцож байгуулсан... 1 000 000 төгрөг хүлээлцсэн тухай баримт үйлдэж эвлэрэн хэлэлцсэн нэхэмжлэгч Д.Бямбагэрэл, хариуцагч Л.Батцэнгэл” гэжээ.

Дээрх гэрээ нь зохигчдын хооронд байгуулагдсан, ба уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн  магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04740 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1500 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бямбагэрэл  нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1 000 000 төгрөг болгон, хариуцагч Л.Батцэнгэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг төлж, зохигчид эвлэрснийг баталж, Д.Бямбагэрэлийн нэхэмжлэлтэй Л.Батцэнгэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА