| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06376/И |
| Дугаар | 191/ШШ2025/00556 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00556
2025 01 23 191/ШШ2025/00556
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: **************, ************ тоот хаягт оршин суух, *****гэгээн овогт Ж.З*********** /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************, ************ тоот хаягт оршин суух, ***********овогт М.С********** /РД:***********/-д холбогдох,
Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2,102,510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.З***********ыг төлөөлөн Б.Б********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч М.С********** нь өөрийн эзэмшлийн орон сууцны ашиглалт, эд зүйлийнхээ бүрэн бүтэн байдлыг анхаараагүйгээс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр их хэмжээний ус алдаж доод давхрын айл буюу Ж.З***********ын эзэмшлийн орон сууц, эд хөрөнгөд хохирол учруулсан. Ус алдалтын улмаас гал тогооны өрөөний тааз норж хууларсан, хананы обой хөөсөн, хананы модон тавцан зааг гарж хөөсөн, паркетан шал зааг гарж хөөсөн, хувцасны өрөөний хана, тааз, шал норж шарласан, том өрөөний хана, обой, уналттай тааз норж шаралсан, жижиг өрөөний хана, обой уналттай тааз норж шаралсан, 2 ширхэг модон хаалганы ирмэг норж хагарсан зэрэг эд хөрөнгийн болон сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлыг учруулж, өвлийн улиралд 7 гаруй хоног тоггүй, чийгтэй нөхцөл байдалд бага насны хүүхдүүд байж аргагүйн эрхэд айлд, буудалд байрлаж төлөвлөөгүй гэнэтийн зарцлууд гарсан. Манай зүгээс ус алдалтын тухай өргөдөл гомдлыг холбогдох байгууллагад гаргахад 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 01/02 дугаартай “Ус алдсан тодорхойлолт”-ыг гаргасан. Мөн эд хөрөнгө, ашиглалтад учирсан бодит хихорлыг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд хохирлыг үнэлгээг 3,102,510 төгрөгөөр тогтоосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө” гэж заасан байдаг. Хариуцагчийг учруулсан хохирлыг арилгаж өгөхийг хэлж, хохирлын үнэлгээ, бодит байдлыг харуулсан боловч өнөөдрийг хүртэл хохирлоо бүрэн барагдуулаагүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй 500,000 төгрөг л өгнө гэх тайлбарыг хэлдэг. Бид удаа дараа холбогдоход 500,000 төгрөгөөр 2 удаа хохирлын мөнгийг өгсөн. Бидний зүгээс орон сууцны засварыг олон удаагийн үйлдэлгүй, нэг мөр хийж тав тухтай хуучны нөхцөл байдалдаа очмоор байгаа тул эд хөрөнгөд учруулсан хохирлоо даруй гаргуулж, засвар үйлчилгээг хийлгэх хүсэлтэй байна. Иймд орон сууцанд ус алдалтаас үүдэн учирсан бодит хохирол болох 3.102.510 төгрөг, үүнээс хариуцагч нь 1,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн тул 2,102,510 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч М.С********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М.С********** би Ж.З***********ын нэхэмжилсэн 2,102,510 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************дугаартай гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ус алдсан тодорхойлолт №01/02, “Х.************” ХХК-ийн Хохирол үнэлгээний тайлан, гэрэл зургууд зэргийг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.З*********** нь хариуцагч М.С**********д холбогдуулан, Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2,102,510 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.С********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,102,510 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2,102,510 төгрөг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,791 төгрөгийн 24,895.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 24,895.5 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 24,895.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.З***********т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ж.З***********ын нэхэмжлэлтэй, М.С**********д холбогдох, Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2,102,510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.С********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,102,510 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,791 төгрөгийн 24,895.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 24,895.5 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.С**********гаас 24,895.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.З***********т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА