Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 313/ШШ2025/00076

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК 

Хариуцагч: ******* ХХК

262 412 330 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 400 921 960 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан 2 ширхэг цахилгаан шатны үнэ болох 218 920 300 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын хөлс болох 19 200 000 төгрөгийн хамт нийт 238 120 300 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс болох 2 ширхэг цахилгаан шатны үнэ болон 1-р блокын 2 ширхэг цахилгаан шатны угсралт, суурилуулалтын 100%-н ажлын хөлс, 2-р блокын 2 ширхэг цахилгаан шатны ажлын угсралт, суурилуулалтын 60%-н ажлын хөлс бөгөөд 1 ширхэг цахилгаан шатны үнэ нь 109 460 150 төгрөг, 1 ширхэг цахилгаан шатны угсралт, суурилуулалтын ажлын хөлс нь 6 000 000 төгрөг болно гэж тодорхойлсон дараахь тайлбарыг ирүүлсэн.

******* ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр MYTZT-23019Т дугаар бүхий Бүтээгдэхүүн захиалах гэрээ-г байгуулсан.

Дээрх гэрээгээр ******* ХХК-ийн Өмнөговь аймагт хэрэгжүүлж байгаа Gobi Residence төслийн барилгад /Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, Их уулын нисэх-2-204в тоот/ Коёо брэндийн 4 ширхэг цахилгааны шатыг нийлүүлж, угсрах, суурилуулах ажлыг гүйцэтгэхээр тохирсон ба гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлс нь бараа бүтээгдэхүүний үнэ, НӨАТ, гаалийн болон тээврийн зардал зэрэг ороод нийт 140 000 ам.доллар буюу нэг ам.долларыг 3 470.29 төгрөгөөр тооцож 485 840 600 төгрөг төлөхөөр тохирч, захиалагч талаас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 42 012.11 ам.доллар, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 21 000 ам.доллар буюу нийт 218 628 270 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 267 212 330 төгрөгт тооцон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 120 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

******* ХХК нь гэрээнд заасны дагуу Коёо брэндийн 4 ширхэг цахилгаан шатыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хил, гаалиар оруулж ирсэн ба 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр барилга угсралтын талбайд буулган, 1 дүгээр блокийн 2 ширхэг цахилгааны шатны угсралт, суурилуулалтын ажлыг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгасан бөгөөд Техникийн магадлалын акт гарсан.

Харин 2 дугаар блокийн 2 ширхэг цахилгаан шатны угсралтыг ажлыг гүйцэтгэхэд захиалагчийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлээс шууд хамаарч хүлээгдсээр байх хугацаанд захиалагч тал гэрээг цуцлах талаар мэдэгдэж улмаар гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн байна.

Талууд гэрээг хэрэгжүүлэх явцад захиалагч болох ******* ХХК-ийн хувьд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн MYTZT-23019T дугаар бүхий Бүтээгдэхүүн захиалах гэрээ болон мөн өдрийн 120 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г цуцлах /2023.12.14-ний өдрийн 97 дугаар, 2023.12.17-ны өдрийн 101 дүгээр, 2023.12.27-ны өдрийн 109 дүгээр албан бичгүүд/, гүйцэтгэгч болох ******* ХХК-ийн хувьд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн MYTZT-23019Т дугаар бүхий Бүтээгдэхүүн захиалах гэрээ-г амжилттай дуусгах, улмаар мөн өдрийн 120 дугаартай Орон сууц захилгын гэрээ-ний дагуу орон сууцыг хүлээн авах /2023.12.11-ний өдрийн 44 дүгээр, 2023.12.18-ны өдрийн 15 дугаар, 2023.12.26-ны өдрийн 16 дугаар, 2024.01.03-ны өдрийн 01 дүгээр албан бичгүүд/-р харилцаж, харилцан байр сууриа илэрхийлж байсан.

Захиалагч болох ******* ХХК-ийн хувьд 2 дугаар блокийн цахилгаан шатны угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэхэд шаардлагатай БД 43-101-03 норм дүрмийн дагуу барилгын цонх, хаалганы угсралтын ажлыг дуусгаж, барилгыг 380В цахилгаан эрчим хүчээр хангаж, цахилгаан шат угсрах нөхцөл хангагдсан тохиолдолд гүйцэтгэгч ******* ХХК-ийн зүгээс MYTZT-23019Т дугаартай гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хугацаанд ажлыг дуусгах бүрэн боломжтой болох байтал ийнхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байж гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн нь гүйцэтгэгч ******* ХХК-ийн хувьд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүйн дээр 4 ширхэг цахилгаан шатны аюулгүй ажиллагаатай холбогдуулан баталгаа гаргах, засвар үйлчилгээг хариуцах боломжгүй нөхцөлийг үүсгэсэн бөгөөд гэрээгээр тохирсон ажлын хөлс болох 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаартай Орон сууц захиалгын гэрээ хэрэгжээгүй.

******* ХХК-ийн хувьд эхний блокийн 2 ширхэг цахилгаан шатны ажлыг 100 хувь буюу бүрэн дуусгасан, харин 2 дугаар блокийн 2 ширхэг цахилгаан шатны ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байхад гэрээ цуцлагдсан нь тул гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг ******* ХХК-с шаардаж байна.

Манай компанийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажил болох 4 ширхэг цахилгаан шатны угсралт, суурилуулалтын ажлын хөлс нь 24 000 000 төгрөг бөгөөд үүнээс 2 ширхэг цахилгаан шатны ажлын гүйцэтгэл 60 хувийн гүйцэтгэлтэй байхад гэрээ цуцлагдсан тул ******* ХХК-с 262 412 330 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн дараахь байдлаар тодорхойлсон.

Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээгээр гүйцэтгэх ажлын урьдчилсан нөхцөл хангагдаагүйгээс 2-р блокын 2 ширхэг цахилгаан шатны ажил удааширч 60%-н гүйцэтгэлтэй ажиллаж байхад хариуцагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 4 ширхэг цахилгаан шатны үнэ болон угсралт, суурилуулалтын ажлын хөлс нийлээд 485 840 600 төгрөг байхаар талууд гэрээгээр тохиролцсон. Энэхүү үнийн дүнг нарийвчлан тооцвол 1 ширхэг цахилгаан шатны үнэ нь 109 460 150 төгрөг буюу нийт 437 840 600 төгрөг бөгөөд 4 ширхэг цахилгаан шатны угсралт, суурилуулалтын нийт ажлын хөлс нь 24 000 000 төгрөг буюу 1 ширхэг цахилгаан шатны угсралт, суурилуулалтын ажлын хөлс нь 6 000 000 төгрөг болно.

Хариуцагч нь гэрээний үнийн дүнгээс нийт 63 000 ам.доллар буюу 218 628 270 төгрөгийг л төлсөн нь 2 ширхэг цахилгаан шатны үнэ бөгөөд 2 ширхэг цахилгаан шатны үнийг болон 1-р блокын 2 ширхэг цахилгаан шатны ажлын хөлс болох 12 000 000 төгрөгийг 2-р блокын 2 ширхэг цахилгаан шатны ажлын хөлс болох 7 200 000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Иймд хариуцагчаас 2 ширхэг цахилгаан шатны үнэ болох 218 920 300 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын хөлс болох 19 200 000 төгрөгийн хамт нийт 238 120 300 төгрөг нэхэмжилж байгаа болно гэжээ.

1. Хариуцагч ******* ХХК татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

******* ХХК болон ******* ХХК-ын хооронд ажил гүйцэтгэх гэрээний болон өөр ямар нэгэн гэрээ болон хуулиар хүлээсэн үүрэг, өр төлбөр, хоорондын авлага, өглөг байхгүй.

2. Хариуцагч ******* ХХК сөрөг нэхэмжлэлээ дараахь байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-н зүгээс цахилгаан шатны үнэ гүйцэтгэсэн ажлын хөлсөө 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан №MYTZT223019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл гэж тайлбарладаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын зүгээс маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгаа нэгэн үйл баримт бол 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №MYTZT223019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-нд заагдсан ажил анх тохиролцсон ёсоор гүйцэтгэгдээгүй явдал.

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байсан, тэр өдрийг хүртэлх гэрээний хэрэгжилтийн үнэлгээ хэдэн төгрөг болох тухай талууд саналын зөрүүтэйгээр маргаж байгаа.

Цахилгаан шат угсрах ажил нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2008 оны 53 дугаартай тушаалын 1-р хавсралтаар баталсан Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм-ийн 28.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий иргэн хуулийн этгээдийн хийж гүйцэтгэдэг ажил юм.

Бизнесийн үйл ажиллагааны явцад итгэлцэн гэрээ байгуулсан лифт угсрах тусгай зөвшөөрөлтэй гэх ******* ХХК нь хүлээсэн үүргээ зөрчиж гэрээнд заасан хугацаанд лифт угсрах ажлыг дуусгаагүй.

Гэрээний 12.1 дэх хэсэгт ...цахилгаан шатны угсралтын ажлыг 30 хоногт гүйцэтгэн МХЕГ-т хүлээлгэн өгсөн цахилгаан шатыг захиалагчид хүлээлгэн өгнө. Хэрвээ гүйцэтгэгч тал ажлыг хүлээлгэн өгөх хугацааг хожимдуулбал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож захиалагчид төлнө. Мөн захиалагчид учруулсан бусад эдийн засгийн хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлнө гэж заасан.

******* ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргийн дагуу лифтийг зохих журмын дагуу хүлээлгэж өгөөгүй байгаа

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 262 412 330 төгрөг гэж үзвэл түүний 0,1 хувь нь 262 412 төгрөг байна. Лифт угсрах ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх ёстой байсан сүүлийн хугацаа болох 2023 оны 10 сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл 386 хоног байна.

386 хоногийг 262 412 төгрөгөөр үржүүлэн тооцож үзвэл 101 291 032 төгрөг болно.

******* ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгэхгүй, ажилтнаа ирүүлэхгүй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ шалгуулахгүй байсаар хүйтний улирал болгосон. Хүйтний улиралд лифт угсрах ажлыг хийдэггүй журамтай. Иймд лифтгүйн улмаас барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон.

Арга буюу өөр гүйцэтгэгч хайж эхэлсэн. Өөр компанийг оруулж ирсэн, техникийн паспортгүй лифтийг угсрах ажлыг гүйцэтгэх компани олдохгүй, бүгд татгалзаж байсан.

Ингээд 2024 оны 02 сарын 14-ний өдөр цахилгаан шат угсрах тусгай зөвшөөрөлтэй ******* ХХК (РД:6332854)-д удаа дараа хүсэлт тавьж үнийн саналыг нэмэгдүүлэн хэлэлцээр хийж тэднээр лифт угсрах ажлыг гүйцэтгүүлсэн.

******* ХХК-н зүгээс дутуу байгаа тог баригчийг шинээр авч суурилуулах, лифтнүүдийг угсрах, тохируулгуудыг хийж хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд урсгал засвар, үйлчилгээг хийх, 3 жилийн хугацаанд гарсан аливаа гэмтлийг засварлах баталгаа гаргах ажлыг нийт 210 000 000 төгрөгөөр гүйцэтгэх санал гаргасан. ******* ХХК-н зүгээс саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.

Манай ******* ХХК-н зүгээс анх ******* ХХК-тай гэрээ байгуулахдаа барилгаа лифттэй болгох ажилд 485 840 600 төгрөг зарцуулахаар тооцоолж гэрээ байгуулсан.

Гэтэл гэрээний хэрэгжилтийн явцад урьдчилгаа болгон 2023 оны 05 сарын 29-ний өдөр 145 740 000 төгрөг, 2023 оны 06 сарын 22-ны өдөр 72 156 000 төгрөг нийт 217 896 000 төгрөгийг гүйцэтгэгч Коёо Элеватор ХХК-д шилжүүлсэн байна.

Мөн ******* ХХК-аар Коёо Элеватор ХХК-н гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлэхэд 250 000 000 төгрөг зарцуулсан байна.

Нийт 467 896 000 төгрөг зарцуулаад ч Коёо Элеватор ХХК-ын буруутай үйл ажиллагаанаас үүдэн цахилгаан шатаа зохих журмын дагуу ажиллуулж чадахгүй байдалд хүрээд байна. Иймд нэхэмжлэгч Коёо Элеватор ХХК-аас гэрээний алданги нэхэмжилж байна.

Өнгөрсөн хугацаанд ******* ХХК нь Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-ний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Гүйцэтгэгч нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөнөөс үүдэн ******* ХХК болон Gobi residence орон сууцны оршин суугчдад их хэмжээний хохирол, хүндрэл учруулсан.

Гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар 140 000 ам/долларыг 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 3 470.29 төгрөг гэх ханшаар хөрвүүлж тооцвол гэрээний нийт үнэ 485 840 600 төгрөг байна.

Гэрээний 12.1 дэх хэсэгт ...хэрэв гүйцэтгэгч тал ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хожимдуулбал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож Захиалагчид төлнө гэж заасан.

Гэрээний нийт үнэ 485 840 600 төгрөгийн 0,1 хувь нь 485 480 төгрөг байна.

Гэрээний үүргийн дагуу цахилгаан шатыг угсарч хүлээлгэн өгөх ёстой байсан 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс энэхүү сөрөг нэхэмжлэл бичсэн 2024 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 377 хоног өнгөрсөн байна.

Гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээний үүргээ бүхэлд нь гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн дүнг 485 840 600 төгрөгөөр тооцож түүний 0,1 хувь болох 485 480 төгрөгийг 377 хоногт үржүүлэн тооцож үзвэл хуримтлагдсан алданги 183 025 960 төгрөг болж байна.

Ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хийж гүйцэтгэх үүргээ зөрчсөн бол захиалагч хөлсийг төлөхөөс Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзах эрхтэй. Харин тэрээр хөлсийг аль хэдийн төлсөн бол Иргэний хуулийн 355.1-н дагуу гэрээг цуцалж, хөлсийг Иргэний хуулийн 225, 205-н дагуу буцаан шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ...гэрээг цуцалж урьд шилжүүлсэн 217 896 000 төгрөг, алданги 183 025 960 төгрөг нийт 400 921 960 төгрөгийг...шаардаж байна гэж тодорхойлсон.

3. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй хариу тайлбар гаргадаг.

4.Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн MYTZT-23019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалах гэрээ /хх-5-7/, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаартай орон сууц захиалгын гэрээ /хх-8-11/, ******* ХХК-ийн 436003912 дугаартай харилцах дансны хуулга /хх-12/, Эрдэнийн групп ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаартай албан бичиг /хх-13/, Эрдэнийн групп ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай албан бичиг /хх-14/, Маёоттэ ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай албан бичиг /хх-15/, ******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай албан бичиг /хх-16-17/, ******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай албан бичиг /хх-18/, ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай албан бичиг /хх-19-22/, ******* ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай албан бичиг /хх-23/, гадаад шилжүүлгийн даалгавар /хх-178-179/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-180-182/, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02-00-03/012/227 дугаартай Барилга, хот, байгуулалтын яам Улсын ахлах байцаагчийн дутагдлыг арилгуулах тухай албан шаардлага /хх-183-188/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-189-197/,

5. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02-00-03/011/51 дугаартай Барилга, хот, байгуулалтын яам Улсын ахлах байцаагчийн дутагдлыг арилгуулах тухай албан шаардлага /хх-129-135/, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02-00-03/011/48 дугаартай Барилга, хот, байгуулалтын яам Улсын ахлах байцаагчийн дутагдлыг арилгуулах тухай албан шаардлага /хх-136-135-142/, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 72 156 000 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл /хх-143/, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 145 740 000 төгрөгийг шилжүүлгийн мэдээлэл /хх-144/, Эрдэнийн гүн ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай мэдэгдэл /хх-161/, Эрдэнийн гүн ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23/109 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх-162-163/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

6. Шүүх зохигчийн хүсэлтээр 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цахилгаан шатны угсралтын байдалд үзлэг хийв. /хх-ийн 172/ Мөн зохигчийн хүсэлтээр гэрч М.Мөнхбат, Т.Түвшинзаяа нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан гэрээ цуцалснаас үүссэн хохирол болох 2 ширхэг цахилгаан шатны үнэ 218 920 300 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс болох 19 200 000 төгрөг, нийт 238 120 300 төгрөгийг гаргуулахыг хүсч дараах байдлаар үндэслэлээ тайлбарласан. Үүнд: гэрээгээр тохирсон 4 ширхэг цахилгаан шатны үнэ 485 840 600 төгрөгнөөс 1 ширхэг цахилгаан шатны үнэ нь 109 460 150 төгрөг болж байгаа. 4 ширхэг цахилгаан шатны угсралт, суурилуулалтын нийт ажлын хөлс нь 24 000 000 төгрөг буюу 1 ширхэг цахилгаан шатны угсралт, суурилуулалтын ажлын хөлс нь 6 000 000 төгрөг болно. 2 ширхэг цахилгаан шатны угсралт суурилуулалтын ажлыг 100 хувь гүйцэтгэсэн, 2-р блокийн цахилгаан шатны угсралт суурилуулалтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байхад хариуцагч компанийн санаачлагаар гэрээ цуцлагдсан. 1-р блокийн 2 ширхэг цахилгаан шатны угсралт суурилуулалтын 100%-н ажлын хөлс 12 000 000, 2-р блокийн 2 ширхэг цахилгаан шатны ажлын угсралт, суурилуулалтын 60%-н ажлын хөлс 7 200 000 төгрөг, нийт 238 120 300 төгрөгийг гаргуулна гэдэг.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гарган, ******* ХХК болон ******* ХХК-н хооронд 2023 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан №МҮТZТ-23019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-г цуцалж, урьд шилжүүлсэн ажлын хөлс 217 896 000 төгрөг, алданги 183 025 960 төгрөг нийт 400 921 960 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

Хэрэгт авагдсан баримтууд зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон.

1. ******* ХХК нь ******* ХХК-ын хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр MYTZT-23019Т дугаар бүхий Бүтээгдэхүүн захиалах гэрээ байгуулагдсан.

2. ******* ХХК 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 42 012.11$x3 469.0=145 740 000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 21 000$x3 436.0=72 156 000 төгрөг буюу нийт 63 012.11 ам.доллар буюу 217 896 000 /218 628 270/ төгрөг төлсөн.

3. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 120 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан.

4. ******* ХХК нь нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 6-р баг, Нисэх-2 204В тоот хаягт байрлах Gobi residence орон сууцны төсөлд шаардлагатай 450кг-н даацтай 2 ширхэг, 800кг-ын даацтай 2 ширхэг нийт 4 ширхэг цахилгаан шатыг барилгын талбайд буулгасан. Хэзээ

5. 1-р блокийн 2 ширхэг цахилгаан шатны ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн.

Талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №MYTZT-23019Т дугаартай бүтээгдэхүүн захиалах гэрээ байгуулагдсан байх ба худалдах худалдан авах гэрээний агуулга, ажил гүйцэтгэх гэрээний агуулга бүхий холимог гэрээ байгуулагдсан. талууд гэрээ байгуулагдсан эмэх талаар маргаагүй.

Дээрхи гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д 4 ширхэг цахилгаан шатыг нийлүүлж угсарч суурилуулах үүрэг хүлээсэн, хариуцагч ******* ХХК-нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээж талуудын хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №MYTZT-23019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалах гэрээ гэрээнд ******* ХХК нь ******* ХХК-д биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй байх ба ******* ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө гэжээ.

Гэрээний 6.1-д Бүтээгдэхүүний үйлдвэрлэлт эхлэхээс өмнөх эхний санхүүжилт орсон өдрөөс эхлэн хуанлийн 60 хоногийн дотор захиалагч талын барилгын талбайд хүлээлгэн өгнө гэжээ.

******* ХХК нь 4 ширхэг цахилгаан шатыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр барилгын талбайд буулгаж хүлээлгэн өгсөн болох нь түүний тайлбараар нотлогддог ба худалдагч талыг гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

******* ХХК нь ******* ХХК-ийн 436003912 дугаартай дансанд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 145 740 000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөн дансанд 72 156 000 төгрөг нийт 217 896 000 төгрөг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар нотлогдож байна.

Гэрээний 2.1-д Энэхүү гэрээний дагуу Koyo брэндийн нийт 4 иж бүрдэл цахилгаан шатыг тус тус нийлүүлнэ гэж, 3.1-д Гэрээний нийт үнэ ...140 000 ам доллар гэжээ.

Гэрээний 3.2-т Гэрээний нийт үнэ 140 000 ам доллар байх ба нийт үнийн дүнгийн 50% буюу 70 000 ам долларыг Монгол банкны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар $1=3 470.29 төгрөгөөр тооцоож 242 920 300 төгрөгийг Gobi residence төслийн байрнаас 1м2 үнийг 3 200 000 төгрөгөөр бодон бартер хийхээр харилцан тохиролцов гэжээ.

Ийнхүү талууд гэрээний үнийг доллараар тооцсон хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасанчлан талууд үүргийн гүйцэтгэх үүрэг үүсэх үеийн ханшаар гэрээгээр 3 470.29 төгрөгөөр тооцохоор тохиролцжээ. Иймд 4 ширхэг цахилгаан шатны үнэ 140 000 ам доллар байхаар талууд тохиролцсон байх бөгөөд хариуцагч талаас 63 012.11 доллар буюу 217 896 000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 76 987.89 доллар болж байна. Үүнийг үүрэг үүсэх үеийн ханш болох 1$-3 470.29 төгрөгийн ханшаар тооцоход 267 170 305 төгрөг болж байна.

Худалдах худалдан авах гэрээний дагуу 267 170 305 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч тал уг мөнгийг шаардах эрхтэй. Талуудын зарчмыг үндэслэн нэхэмжлэгч 238 120 300 төгрөгийг шаардаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал 1-р блокийн 2 ширхэг цахилгаан шатны угсралт суурилуулалтын 100%-н ажлын хөлс 12 000 000, 2-р блокийн 2 ширхэг цахилгаан шатны ажлын угсралт, суурилуулалтын 60%-н ажлын хөлс 7 200 000 төгрөг нийт гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 19 200 000 төгрөгийг шаарддаг.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №MYTZT-23019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалах гэрээ гэрээний 3.1-д Гэрээний үнэнд НӨАТ, барааны үнэ, гаалийн татвар, гаалийн бүрдүүлэлтийн зардал, тээвэрлэлтийн зардал, угсралтын зардал, баглаа боодол, тэмдэглэгээний зардал, УТХЕГ-ын шалгалтын зардал орсон болно гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй. Учир нь талууд гэрээгээр угсралт суурилуулалтын ажлын хөлс нь Худалдах худалдан авах гэрээний нийт үнийн дүнд багтсан байх тул цахилгаан шатны угсралтын ажлын хөлсийг тусад нь нэхэмжлэх эрхгүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.

Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* ХХК-д гэрээний үүргээ ноцтой зөрчсөн өөрөөр хэлбэл гэрээний хугацааг 4 сараар хэтрүүлсэн шалтгаанаар гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсэн болох нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заажээ.

Үүрэг гүйцэтгэгчийн буруугүй байдал нь хугацаа хэтрэлтийн урьдчилсан нөхцөл болохгүй, харин эсрэгээр буюу тэрээр буруугүй учир хугацаа хэтэрсэн асуудал яригдахгүй.

Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь өөрийн нь буруугаас болоогүй, түүнийг хариуцахгүй гэдгээ нотлох нь үүрэг гүйцэтгэгчийн хэрэг байдаг бөгөөд тэрээр үүнийгээ нотлох үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК руу лифт угсрах нөхцөлийг хангуулах талаар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь өөрийн буруугаас болж хугацаа хэтрүүлээгүй талаар гэрчүүдийн мэдүүлэг болон ******* ХХК руу хүргүүлсэн албан бичгүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

Үүрэг гүйцэтгэгч ******* ХХК нь цахилгаан шатны лифтийг угсрахад ******* ХХК-иас шалтгаалсан нөхцөл байдлаас үүдэн хугацаа хэтэрсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

4 лифтнийг Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 6-р баг, Их-Уулын нисэх-2 204в тоот Gobi residence төслийн барилгажилтын талбайд хүргэж угсрах ажлуудын гарах зардлыг захиалагч тал

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ******* ХХК болон ******* ХХК-н хооронд 2023 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан №МҮТZТ-23019Т дугаартай Бүтээгдэхүүн захиалгын гэрээ-г цуцалж урьд шилжүүлсэн ажлын хөлс 217 896 000 төгрөг, алданги 183 025 960 төгрөг нийт 400 921 960 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 1 470 012 төгрөгийг орон нутгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 348 551.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 320 511 төгрөгийг орон нутгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ******* ХХК-иас 238 120 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 1 470 012 төгрөгийг орон нутгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 348 551.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 320 511 төгрөгийг орон нутгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Нэхэмжлэгч, хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ