Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/853

 

 

Х.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Нарангуа,

шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Тт холбогдох эрүүгийн 2204000000040 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Хын Т, 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ах нарын хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Х.Т нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хүний хөгжлийн ордны зүүн талд хохирогч Б.Cтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний толгойн хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл, дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхинд язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстад цус харвалт, баруун хоншоор ясны өмнөд ба дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Багануур дүүргийн прокурорын газраас: Х.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Хын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Хын Тт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Тт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Т нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8.738.865 төлсөн болохыг, үлдэх 33.904.585 төгрөгийн хохирлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Х.Тын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 18 настай бөгөөд 25 настай Б.C тай Багануур дүүрэгт тааралдан маргаж, толгой хэсэгт нь 7 см урттай, 5 см өргөнтэй чулуугаар цохиж гэмтэл учруулсны дараа гэм буруугаа ухамсарлан өөрөө цагдаад дуудлага өгсөн. Гэм буруудаа огт маргадаггүй. Хэрэг маргаан болох үед би - ангид суралцан төгсөж, 2022 оны 6 дугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтаа өндөр оноотойгоор амжилттай өгч, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Автозамын инженер” хөтөлбөрөөр суралцан төгссөн. Мөн 2021 онд Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг “вагон үзэгч засварчин” ангийг дүүргэсэн. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд шүүхээс тогтоосон 8.738,865 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би тасралтгүй сурч боловсрохын хажуугаар барилгын ажил болон “Таванбогд” ХХК-д үндсэн болон цагийн ажилтнаар ажилладаг байсан. Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн төлбөр 1.800.000 төгрөг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлбөр болох 5.800.000 төгрөгийг өөрийн хөдөлмөрөөр төлдөг байсан. Мөн “вагон үзэгч засварчин” мэргэжлээрээ ажил хийж төлөх бүрэн боломжтой. Миний эх Б.Х, эцэг Д тогтмол ажил орлоготой, ах О“Энержи Ресурс” ХХК-д ажилладаг тул надад тусалж, дэмжин төлөлцөх бүрэн боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 18.000.000 төгрөгөөр үнэлэгдэх машиныг өгөхөөр хохирогчтой тохиролцох үед өмгөөлөгч шүүхийн шийдвэр гартал түр хүлээх санал гаргасан тул хүлээсэн. Шүүх хуралдаанд улсын яллагч З.Хүслэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар орлого олох боломжийг харгалзан үзэж, 2 жилийн хугацаанд барагдуулах санал гаргасан. Хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгвөл торгуулийг төлөх бүрэн боломжтойгоос гадна хохирогчийн цаашдын эмчилгээний зардал болон ар гэрт чадах бүхнээрээ туслахаа чин сэтгэлээсээ амлаж байна. Мөн би цаашдаа сурч боловсорч сургуулиа төгсөхийг маш их хүсэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, шууд эмнэлгийн болон бусад туслалцааг үзүүлж, гэм буруугаа хүлээсэн, хохирогчид цаашдын эмчилгээний зардалд туслах хүсэлтэй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Х.Тын өмгөөлөгч Ш.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Х.Тын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй ба үүнийг 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолд тодорхой дүгнэлт хийсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Тыг гэм буруутайд тооцож, хохирогчид нотлох баримтаар шүүхээс тогтоосон хохирол 8.738.865 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн, 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байна. Х.Т нь ээж, ахын хамтаар - тоотод оршин суудаг. Шинжлэх ухаан технологийн сургуулийн Замын инженерийн ангийн нэгдүгээр дамжаанд суралцаж төгсөөд ирэх 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2 дугаар дамжаанд дэвшин суралцах юм. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, түүний хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг торгуулийн ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Т нь ажил, хөдөлмөр эрхэлдэг тул мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хохирол, төлбөрийг төлж барагдуулах боломжтой байсан. Мөн хохирогч Б.C “Х.Т надад “хохирол төлбөрийг чинь төлөх боломжгүй, би ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг” гэж хэлсэн, мөн надаас уучлалт гуйгаагүй” гэж мэдүүлдэг. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Х.Т нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн хандаж байгаа нь харагдаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Т оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ш.А гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Т нь 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 11 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хүний хөгжлийн ордны зүүн талд хохирогч Б.Cтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний толгойн хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл, дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхинд язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстад цус харвалт, баруун хоншоор ясны өмнөд ба дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.C ын “...Уурхайн нийтийн байрны урд талын сааданд манай ажлын газрын эмэгтэй болох Хгийн хуучин найз залуу гэх хүнтэй таарсан. ...Тэр залуу “БиХд хайртай, бид хоёр 3 жил гаруй үерхэж байна” гэж хэлэхээр нь “Би тэгвэл Хг чамтай уулзуулъя” гэж хэлсэн. Тэгээд ... таньдаг хүний утсаарХ руу залгаж дуудаад ажил руу алхаж байх замд 71 дүгээр байрны хажууд Х өөдөөс ирж байсан. Тэгээд Х Т гэх залуутай уулзаад “Чи болчихооч, яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм бэ?, чамтай уулзахгүй гээд байхад” гэх зүйл хэлэхээр нь би хажуугаас нь Тт хандан “энэ хүн чинь ийм юм яриад байна, чи больчихож болдоггүй юм уу?” гээд өөр тийшээ хараад зогсож байсан чинь гэнэт миний баруун нүд рүү нэг хүнд юмаар цохисон. Тэгээд унагаагаад зууралдаад байж байхад цагдаа нар ирээд салгасан. ...Миний толгой руу 1 удаа хүнд юмаар цохих шиг болсон. Тэрнээс бол яг юугаар цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. ...” /1хх 12-13/,

гэрч Д. Т.Х гийн “...2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчим манай ажлын C “Наран” гэх цайны газрын хажууд талд дуудсан бөгөөд ... очиход манай хуучин найз залуу Т цуг зогсож байсан. ...Т “буцаад нийлье” гэхээр нь би “үгүй” гэх мэтийн зүйлс ярьж байхад C хажуугаас “Наад охин чинь чамтай нийлэхгүй гээд байгаа юм биш үү” гэж хэлэхэд нь C, Т 2 барьцалдаад авсан. Тэгээд би ажил руугаа гүйсэн. ...” /1хх 17/,

гэрч М.М ы “...C нь манай эмнэлэгт 2 удаагийн мэс заслын эмчилгээ хийлгэсэн. C нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирж үзүүлсэн байсан. Анх манай үзлэгийн эмч үзээд дээрх оношийг тавьсан байсан ба шинэвтэр гэмтэл байсан. Шинэвтэр гэмтэл гэдэг нь 1 сарын дотор учирсан гэмтлийг ойлгоно. Гэмтэл авсан нүдний хувьд юм харах чадваргүй. Харааны үйл ажиллагаа алдагдсан гэж үзнэ. Цаашид ямар ч байдлаар хараа сайжрах боломжгүй. Гэмтсэн нүд нь харах чадвараа бүрэн алдсан болохоор хүнд гэмтэлд хамаарна. ...” /1хх 217-218/,

гэрч М.Ц“...Манай дээр үзлэг шинжилгээ хийлгээд битүү гэмтэлтэй байсан учир үрэвслийн дусаалга дусаахаар аваад явуулсан. Гарын хөдөлгөөн мэдэрнэ гэдэг нь юм хөдөлж байгааг харах болохоос биш юу хөдөлж байна, хэдэн хуруу байна гэдгийг харах боломжгүй гэсэн үг. Миний бодлоор урагдал гэмтэл нь харааны төвөө дайрсан байсан болохоор сэргэлт бол маш муу байна байх гэж бодож байна. ...” /1хх 220-221/,

Х.Тын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, нийтийн байрны урд талын сааданд найз Мгийн хамт сууж байсан. Тухайн надад зодуулсан гэх залуу архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байдалтай хүрч ирсэн. Тэгээд тухайн хүн “чи Хтай уулзмаар байгаа юм уу” гэхэд нь би “Үгүй, надтай угаасаа уулзахгүй байх, тийм болохоор би явлаа” гэж хэлсэн. “Тэгвэл би танай Хг чинь дуудчих уу, намайг дуудахад гүйгээд л ирнэ” гэх зүйл ярихаар нь би “тэгвэл дууд л даа” гэж хэлсэн. ...Надад цохиулсан C гэх залуу таньдаг хүнтэйгээ таараад утсаар нь Хтай ярьсан. Тэгээд бид хоёр ... “Хүний хөгжлийн ордон” гэх газрын зүүн талд явж байхад Х ирсэн. Тэгэхээр нь биХд хандан “чи арай ч дээ, дуудахад нь ирж байгаа юм уу” гэж хэлэхэд Х “чи зүгээр яваад өгөө” гэж надад хэлсэн. Тухайн үед C гараараа миний биед хүрээд дагз луу хөнгөн алгадаад байхаар нь “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл “чи намайг чи гэдэг хэн бэ” гэж хэлээд миний малгайтай цамцны араас татаад гараараа толгой хэсэг рүү цохих үед би хажуу тийшээ болоод бултчихсан юм. Тухайн үед Х ажил руугаа зугтаачихсан. Тэгээд C намайг хоёр хөлөөс давхар хамсан бөгөөд яг тухайн үед би баруун өвдгөөрөө толгой хэсэг рүү нь өвдөглөсөн. Тэгээд бид хоёр газар унаад зууралдаад байж байтал C миний дээр гарчихаад зууралдаад байхаар нь би доор нь хэвтэж байгаад хажууд байсан чулууг аваад толгой руу нь цохисон. C тохойгоороо нүүр хэсэг дээр дарах үед нь би гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд би толгойг нь сугандаа хийж хавчсан байхад хажуугаар хүүхэд явж байхаар нь “ахдаа цагдаа дуудаад өгчих” гэхэд тухайн хүүхэд цагдаа руу залгаад надад утсаа өгсөн. Тэгээд цагдаа дуудсан ба цагдаагийн алба хаагчид ирэн иртэл би Cын толгойг сугандаа хавчуулаад байж байсан. Тэгээд цагдаа нар ирээд салгасан. ...” гэсэн /1хх 19/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Cын биед баруун талын ухархайн дотор хана самалдгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, самалдгийн хөндий болон зүүн талын духны хөндийд цус хуралт, баруун нүдний ухархайн дээд хана духны хөндий рүү сэлтэрсэн, доод хана хоншоорын хөндий рүү цөмөрч сэлтэрсэн хоншоорын өмнөд хана ухархайн доод хананаас доош үргэлжилсэн шугаман хугарал, баруун хоншоорын хөндийд цус хуралт, баруун талын хацар зөөлөн эдийн гэмтэл, тархины доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Үзүүлэгч Б.Cын биед учирсан баруун хоншоор ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн дээд, доод хана, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл, хамрын таславч мурийлт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, тархины доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний хараа бууралт нь хагалгаанд орсны дараа эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Одоогоор хараа бууралт хувь тогтоох боломжгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн шинжээчийн 160 дугаартай /1хх 22-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Cын биед баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл, дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхинд язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстад цус харвалт, баруун хоншоор ясны өмнөд ба дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Урьд гаргасан 160 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байжээ. Баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл нь дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод зовхины язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, алимын салстын цус харвалт гэмтлүүдтэй цуг, нэг цаг хугацаанд үүссэн байна. Б.Cын баруун нүд хараагүй болсон байх ба баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал гэмтлийн үед цаашид эмчилгээний үр дүн муутай байдаг. Баруун нүдний гэмтлүүд, нүдний хараагүйдэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 35 хувь нөлөөлөх тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 111 дугаартай /1хх 234-237/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 160 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй, хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн 111 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Cын биед баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл, дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхинд язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстад цус харвалт, баруун хоншоор ясны өмнөд ба дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 35 хувь нөлөөлөх тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.Cын биед учирсан баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл гэмтэл нь дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхины язарсан шарх, дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, алимны салстын цус харвалт гэмтлүүдтэй цуг, нэг цаг хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 269 дугаартай /1хх 247-250, 2хх 1/ дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 64-66/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Х.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Тын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ш.А“хорих ялыг нь торгох ялаар солиулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, хохирогч Б.C нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ш.А гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Тын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ш.А гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тын 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ