Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө

Шүүгдэгч Д.Н, Г.Д нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар, шүүгдэгч Г.Д-д холбогдуулан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц овогт Д.Н, Ц овогт Г.Д нарт холбогдох эрүүгийн 1722000430047 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн операторчин мэргэжилтэй,  малчин, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1 дүгээр баг, “Шар хоолой” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Ц овогт Д.Н /регистрийн дугаар ЗН84091608/

   

     Монгол Улсын иргэн, 1956 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1 дүгээр баг, “Хадат ам” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Ц овогт Г.Д /регистрийн дугаар ЗН56040315/

 

Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвд 3058 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож яваад Замын хөдөлгөөний  дүрмийн 12.8 дахь хэсэг, 2.1а дахь хэсэгт заасныг зөрчиж баруун гар талын замаар орж ирсэн тээврийн хэрэгслийг мөргөн, иргэн З.О-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,  

 

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 8 дугаар сарын  14-ний өдөр  Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвд 3058 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрэмд заасан бичиг баримтгүй хүнд буюу Д.Н-д шилжүүлсэний улмаас иргэн З.О-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хөдөө гэрээсээ сумын төврүү явсан юм. Суман дээр  Хаан банк орох гээд дэлгүүрийн хажуугаар зөөлөн гартал баруун гар талаас мотоцикль орж ирсэн. Хоёр хүүхэд мотоцикль дээр явж байсан. Би 2 хүүхдийг аваад эмнэлэгрүү явсан. 4 настай охин Г-н нүүр халцарсан. Түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд хотруу авч яваад тархины бичлэг хийлгэсэн. Харин З.О-н эмчилгээний төлбөрийг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна гэв.

 

            Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хөл өвдөөд байхаар нь охиноороо машин бариулсан. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

- Хохирогч З.О-н “...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ Г дүүтэйгээ хамт “сирина” дэлгүүр орсон чинь хаалттай байхаар нь найз Э-тэй уулзчихаад буцаад “сирина” дэлгүүррүү явж байтал хойд талаас машин гарч ирээд мөргөсөн...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардлыг бүрэн төлүүлсэн. Миний бие тэнхэрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

- Гэрч П.М-н “...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Цагаандэлгэр сумын төвд Хаан банкны үүдэнд О.Ц, Х.Т нарын хамт сууж байтал баруун талаас зүүн гар тийшээ З-н охин О мотоцикльтой, ард нь нэг хүүхэд сундлаатай нэлээн хурдтай  явж байсан. “Сайнгашуун” дэлгүүрийн зүүн талаар хойноос урагшаа чиглэлд 30-58 ДУА дугаартай машиныг эмэгтэй хүн унаад явж байсан. Тэд “Сайнгашуун” дэлгүүрийн зүүн урд өнцөгт мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

- Гэрч Д.З-н “...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр би хөдөө гэрт эхнэртэйгээ байсан, юу болсон талаар мэдэхгүй байна. Том хүү З.А хөдөө гэрт очиж З.О осолдчихлоо гэж хэлсэн. Бид 3 сумын төвд ирсэн чинь З. эмнэлэг дээр байсан. Хөлөөс нь цус гараад булчин яс нь задарсан байхаар нь эмч нартай охиноо аваад Улаанбаатар хот явсан. З.О жолооч биш, одоо 16 насанд хүрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10504 дугаартай дүгнэлтэд

“1. З.О-н биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны зөрөөтэй ил хугарал, тархины доргилт, нүүр, баруун мөр, зүүн тохой, зүүн шилбэний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, хөдөлмөрийн чадварыг  тогтонги  алдагдуулах  эсэх  нь  эмчилгээний  үр  дүн,  эдгэрэлтийн  байдлаас хамаарна” гэжээ /хх-ийн 23/

- Дундговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн шинжээчийн дүгнэлтэд

“1. Даюун маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикль нь урд шанаа хэмхэрсэн, урд крыло хугарсан, гар мурийсан, рам гулзайсан, хянах самбар хагарсан зэрэг эвдрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Тээврийн хэрэгслийн тормоз, гэрэл дохио бүрэн бус.

3. Тухайн тээврийн хэрэгслийн тормоз ажиллаагүйгээс осол гарахад нөлөөлсөн байх талтай.

4. Тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг баллаж арилгасан тул улсын бүртгэлд бүртгэлтэй эсэхийг тогтоох боломжгүй.

5. Улсын дугааргүй, арлын дугаар нь тодорхой бус тул тээврийн хэрэгслийн үзлэгт хамрагдсан эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ /хх-ийн 26/

 

- Дундговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн шинжээчийн дүгнэлтэд

“1. Ослын улмаас зүүн урд талын хамгаалалтын төмөр хэсэгт бага зэрэг дотогш цөмөрсөн.

2. Тээврийн хэрэгслийн тормоз бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай, баруун урд гэрэл дохио ажиллахгүй бусад гэрэл дохио бүрэн бүтэн байсан.

3. Осол гарахад тээврийн хэрэгслийн эвдрэл нөлөөлөөгүй болно

4. Митсибиши L200 маркийн 3058 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймагт тээврийн хэрэгслийн үзлэгт хамрагдсан байна” гэжээ /хх-ийн 27/

 

- Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 72 дугаартай дүгнэлтэд

“1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Г-н 2017.08.16-ны өдөр гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна.

2. 3058 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.1.а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх” гэсэн заалтыг зөрчсөн. Улсын дугааргүй “даюун” маркийн тээврийн хэрэгслийн жолооч З.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх” гэсэн заалтыг зөрчсөн.

3. 3058 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байна” гэжээ /хх-ийн 29/

 

- Цагдаагийн газрын мэдээллийн сангаас гаргасан жолоочийн лавлагаанд “Д.Н, регистрийн дугаар ЗН84091608 тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй” гэжээ /хх-ийн 30/

 

- Хохирогч З.О-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-51/

- Хохирол төлсөн баримт /52-53, 56-57, 61-63/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч нар прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулах санал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасахаар заасан боловч шүүгдэгч Д.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тул эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй юм. Харин шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нь зүйтэй байна.

 

Хохирогч З.О-н “2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ Г дүүтэйгээ хамт “сирина” дэлгүүр орсон чинь хаалттай байхаар нь найз Э-тэй уулзчихаад буцаад “сирина” дэлгүүррүү явж байтал хойд талаас машин гарч ирээд мөргөсөн...”,  гэрч Б.М-н “...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Цагаандэлгэр сумын төвд Хаан банкны үүдэнд сууж байтал баруун талаас зүүн гар тийшээ З-н охин О мотоцикльтой, ард нь нэг хүүхэд сундлаатай нэлээн хурдтай  явж байсан…”, шүүгдэгч Д.Н-н “Суман дээр Хаан банк орох гээд дэлгүүрийн хажуугаар зөөлөн гартал баруун гар талаас мотоцикль орж ирсэн. Хоёр хүүхэд мотоцикль дээр явж байсан. Би 2 хүүхдийг аваад эмнэлэгрүү явсан. 4 настай охины нүүр халцарсан. Эмнэлэгт анхан шатны тусламж үзүүлээд хотруу авч яваад Г-н тархины бичлэгийг хийлгэсэн” гэх мэдүүлгүүдээр тухайн өдөр хохирогч З.О, У.Г нар хамт явж байсан болох нь тогтоогдож байна.

 

Хэрэгт У.Г-н биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон шинжээчийн авагдаагүй, хохирогч З.О-н хууль ёсны төлөөлөгч Г.Б Дундговь аймгийн Прокурорын газарт “2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр З.О-тай хамт осолд орсон У.Г-н биед нь ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй тул шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахаас татгалзаж байна” гэх хүсэлтийг гаргасан байна.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т “халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах” эрхтэй гэж заасан байх тул нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогч З.О-н хууль ёсны төлөөлөгч Г.Б Дундговь аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “Эмчилгээний зардалд 5 сая төгрөг авч, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 87/ гэсэн байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.

 

 Шүүгдэгч Д.Н, Г.Д нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Н, Г.Д нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ц овогт Д.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах,  

 

            шүүгдэгч Ц овогт Г.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Н-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

 

         шүүгдэгч Г.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Д.Н, Г.Д нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Г.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

               

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ