| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00087/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж
Нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Х.О нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Д.О-т холбогдох эрүүгийн 1722000960054 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр баг, “Шинэ ус” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх М овгийн Д.О /регистрийн дугаар ЗК71082818/
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр П.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн гарын бугуй хэсэгрүү 5 килограмм жинтэй хүрзээр цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 сарын 24-ний өдөр гэрийн буйр засах ажлаас болж эхнэртэйгээ маргалдаад ийм хэрэг үйлдсэн, тухайн үед согтуу байсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хохирогч П.Т-н: “2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед байх би цаг хараагүй, тэр үед шиг санаж байна, айлын хашаанд буух санаатай гэрийн буйраа засаж байсан. Манай хүү О.С, хүргэн П.А нар машинаар шороо ачиж ирээд буулгаад, гэрийн буйраа засаж байтал манай нөхөр согтуугаар ажил хийж чадахгүй байхаар нь би “чи яваад малтуур аваад ирээч” гэж хэлээд жаахан үглэсэн юм. Гэтэл машин хөдлөх хойгуур газар байсан хүрзийг аваад надруу далайхаар нь би зүүн гараа өргөтөл миний гарыг хуга цохиж зодсон. Намайг хүрзээр нэг удаа цохьсон. Манай хүү ирээд салгасан. Манай нөхөр хүрзээ газар хаяад хэрэг хийгээгүй юм шиг газар суучихсан... Би нөхөртөө “чи урьд өдөр нь хонуут өнжүүд архи уулаа” гэж хэлснээс болоод уурлаад намайг хүрзээр цохьсон... Би зүүн гарын бугуй хэсэгтээ гэмтэл авсан эмч үзээд гар хугарсан байна гэж хэлсэн. Биед өөр гэмтэл шарх байхгүй... Д.О-г архинаас л гаргаж өгмөөр байна. Гомдол саналгүй, хамт амьдардаг болохоор хэцүү л байна. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/
Гэрч П.А-н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би дүү О.С-тай хамт гэрийн буйр засах гээд шороонд явсан. Шороогоо ачиж ирээд 13 цагийн үед хадам ээж П.Т, хадам аав Д.О нартай хамт гэрийн буйр засаж шороо асгаж байсан юм. Намайг гэрийн буйр засаад буруу хараад байж байтал аав, ээж хоёр хоорондоо маргалдаад байсан. Манай хадам аав Д.О газар байсан хүрзийг аваад ээжийн өөдөөс далайтал ээж П.Т зүүн гараараа хүрзний өөдөөс хаатал аав хүрзээрээ гарруу нь цохьсон юм. Хадам аав тухайн үед согтуу байсан. Хадам аав, ээж 2 хоорондоо архинаас болж маргалдсан. Хадам аав хүрзээр нэг удаа зүүн гарруу нь цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Гэрч О.С-н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед манай ээж П.Т, аав Д.О нар гэрийн буйр засаж шороо асгаж байсан. Би өөрийнхөө барьж байсан хүрзийг газар тавиад машинаа холдуулаад, эргээд ажлаа хийх гээд хүрзээ авах гэтэл манай аав Д.О газар байсан хүрзийг аваад ээжийн өөдөөс далайгаад цохьтол ээж П.Т зүүн гараараа хүрзний өөдөөс хаатал аав хүрзээрээ гарруу нь цохьсон юм. Манай аав тухайн үед согтуу байсан. Ээж, аав хоёр хоорондоо архинаас болж маргалдаад аав уурлаад хүрзээр нэг удаа ээжийн гарруу цохьсон...Тэр хүрзийг би Айрагийн 3 дугаар гудамжны 21 тоотод байх хашаанд аваачиж тавьсан. Хүрз тэнд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.10.27-ны өдрийн 170200311 дугаартай дүгнэлтэд
“1, 2. П.Т-н биед зүүн шуу ясны далд хугарал, зүүн гарын долоовор, эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шуу ясны далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шарх нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
4. Дээрх шуу ясны далд хугарсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шарх нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 19/
- Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3/
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/
- Хүрзэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/
- Аюулын зэргийн үнэлгээний маягтад “эрсдлийн түвшин дунд” гэжээ /хх-ийн 36-37/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38-39/
- Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 40/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр П.Т-н биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, тус аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч П.Т Дундговь аймаг дахь Цагдаагийн газар болон тус шүүхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 19 сантиметр урттай хар өнгийн төмөр иштэй, ишний өргөн 3.5*3.5 сантиметр, хүрзны тосгуур хэсэг нь 29*22.5 сантиметр харьцаатай, нийт урт нь 1 метр 50 сантиметр төмөр хүрз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Д.О-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.О-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, мөн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч Д.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 19 сантиметр урттай хар өнгийн төмөр иштэй, ишний өргөн 3.5*3.5 сантиметр, хүрзны тосгуур хэсэг нь 29*22.5 сантиметр, нийт урт нь 1 метр 50 сантиметр төмөр хүрз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ