| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2024/0041/з |
| Дугаар | 119/ШШ2024/0054 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 119/ШШ2024/0054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай “Хатаалганы зуухын сэлбэг” нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “**” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай “Хатаалганы зуухын сэлбэг” нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “**” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
-Захиалагчийн тавьсан шаардлагын техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 50-53 дугаар бараануудад Найрлага: Х20Н80-Н гэж заасан нь тухайн бараа бүтээгдэхүүний найрлагын хэмжээ биш
-Х20Н80-Н найрлагатай загвар нь ямар стандарт, найрлагатай байх талаар тендерийн баримт бичигт тусгаагүй, захиалагч компанийн өөрсдийн шинжилгээий лаборториор хийсэн дүгнэлтийн дагуу техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж тодорхойлжээ.
3. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “**” ХХК нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 06-р сарын 24-ний өдөр зарласан “Хатаалгын зуухны сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай тендер шалгаруултад оролцсон. 2024 оны 09-р сарын 03-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 07-112-12/5696 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг ирсэн ба уг албан бичигт манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй буюу Захиалагчийн тавьсан шаардлагын Техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудад Найрлага: Х20Н80-Н гэж заасан ТШЗ 17.4-т Техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудыг төлөөлүүлж санал болгож буй бараанаас 1 ширхэг 5-10 см урттай бэлдцийг ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд загвар дээжий шалгаж туршиж болохоор заасан ба үүний дагуу өөрийн компанийн чанарын хэлтсийн металлын лабораторийн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн сорилын дүнгээр 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудад төлөөлүүлж ирүүлсэн дээжийн Сг18.48 байгаа нь тус бараануудын найрлага Х20Н80-Н хүрэхгүй байгаа нь шаардлагад нийцэхгүй байна”. гэж дүгнэж манай компанийг тендерт шалгаруулаагүй. Энэ талаараа 2024 оны 09-р сарын 03-ны өдөр 09-112-12/5696 тоот мэдэгдэл явуулсан ба уг мэдэгдэлдээ тендерийн дахин зохион байгуулах талаар мэдэгдсэн. Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “**” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан ба уг гомдолдоо бараа бүтээгдэхүүнд хийлгэсэн Геологийн төв лабаорторийн хариу мөн үйлдвэрлэгч компанийн шинжилгээний хариуг хавсаргаж өгсөн боловч 2024 оны 09-р сарын 20-ны өдөр 03/7805 дугаартай гомдол хянасан хариу бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж гарсан.
Манай компаний зүгээс санал болгосон Х20Н80-Н материалын найрлага нь Геологийн төв лабораторид шинжлүүлэхэд Иш 78,05 Сг 20.25 Са 0.34 Fе0.26 МпО.219 Ti 0.100 хариутай гарсан. Мөн тухайн материалын үйлдвэрлэгч улсын материалын найрлага дахь Хромын хэмжээ Сг 20.22 гарсан. Тендер шалгаруулалтын бичиг баримтын III бүлэг Техникийн тодорхойлолт тавигдах шаардлага хэсэгт туршилт шалгалт хийхдээ загвар дээжийг хэрхэн шалгах турших талаар тодорхой заана гэж заасан. Захиалагч компанийн зүгээс Чанарын хяналтын хэлтсийн металлын лаборатори нь 2024 оны 08-р сарын 28-ны өдрийн дээжинд хийсэн сорил нь хэрхэн яаж хийгдсэн тодорхой бус байна. Хэмжил зүйн тухай хуульд заасан хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй, мөн хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт буюу тогтоосон хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцсэн эсэх талаар мэдээлэл байхгүй мөн хэмжилт гүйцэтгэх аргачлалыг хэрхэн яаж явуулсан нь тодорхой бус байна. “**” ХХК-ийн зүгээс хэмжилт хийх мэргэжлийн байгууллага болох геологийн төв лабартороор тендерт оролцохоос шинжилгээ хийлгэсэн ба уг шинжилгээгээр материалын найрлага дахь Хромын хэмжээ 20.25 гарсан ба энэ нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан Х80Н20-Н материалын найрлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн гэдгийг нотолдог.
Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг бүгдийг хангасан байхад хангаагүй гэж гаргаж байгаа нь үнэлгээний хорооноос үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
ТБОНӨБАҮХАТ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно.13.2. Захиалагч шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 13.1-д заасан шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулж болно.
13.3. Энэ хуулийн 13.2-т заасан шалгалт, туршилтыг хэрхэн зохион байгуулах тухай тендер шалгаруулалтын баримт бичигг зааж, оролцогчийг уг ажиллагаанд оролцох боломжоор хангана. 13.4. Захиалагч хүлээн авсан загвар, дээжийг шалгах, турших үйл явцыг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулна”. гэж заасан. Манай байгууллагын зүгээс техникийн тодорхойлолтод нийцэхгүй байна гэж дүгнэсэн бараа бүтээгдэхүүндээ тендерт оролцохоос өмнө Геологийн төв лаборторид шинжилгээ хийлгэсэн. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас туршилт шалгалтыг зохион байгуулахдаа хуульд зааснаар тендерт оролцогчийг уг ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй төдийгүй шалгалт туршилтыг хэрхэн яаж хийсэн талаар танилцуулаагүй.
Мөн тендерийн баримт бичигт буюу Захиалагчийн тавьсан шаардлагын Техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудад Найрлага: Х20Н80-Н гэж заасан нь тухайн бараа бүтээгдэхүүний загварын нэршил болохоос найрлагын хэмжээ биш юм.
Х20Н80-Н найрлагатай загвар нь ямар стандарт, найрлагатай байх талаар тендерийн баримт бичигт тусгаагүй атлаа захиалагч компанийн өөрсдийн шинжилгээний лабарториор хийсэн дүгнэлтийн дагуу техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраас зарласан ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай “Хатаалганы зуухын сэлбэг” нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09-р сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчийн үйлдвэрийн газрын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “**” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгаж өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай хатаалгын зуухны сэлбэгийн тендер шалгаруулалтанд 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр оролцсон. Тендер зарласны дагуу дээжээ хүргүүлсэн. Дээжийг шинжлээд тендер зарласан шаардлагад хүрээгүй гэсэн үндэслэлээр шалгаруулаагүй. Тэгээд бидний хүргүүлсэн дээж шаардлага хангасан гэж үзэж “**” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэл, захиалагчийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хатаалгын зуухны сэлбэг нийлүүлэх компанийг сонгон шалгаруулахаар ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай тендерийг зарласан. Уг тендер шалгаруулалтыг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нээхэд “**” ХХК болон өөр нэг хуулийн этгээд хүсэлт ирүүлсэн. Тендерийн баримт бичгийн өргөдлийн хүсэлтийн 17.4-т тендерийн тодорхойлолтод заасны дагуу шаардлага тавьсан. Тус шаардлагын дагуу үйлдвэрийн газрын чанарын хяналтын хэлтсийн лабораторид дээрх компаниудаас ирүүлсэн дээжийг шалгахад тендерийн тодорхойлолтоор ирүүлсэн дээжид хүрээгүй. Тиймээс дээрх компаниудын ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй, тус тендерийг дахин зарлахаар болсоныг албан бичгээр мэдэгдсэн. СТО35/70 хатаалгын зуух нь хамгийн том хэмжээтэй технологийн хамгийн том тоног төхөөрөмж. Уг тоног төхөөрөмжийн хамгийн чухал сэлбэг болох халаагч нь чанарын шаардлага хангахгүйгээс засварын ажил чанаргүй болж хатаалгын хугацаа уртсах гологдол бүтээгдэхүүн гарах, засвар хоорондын хугацаа богиносох, ажлын бүтээмж муудах, эрчим хүчний болон засварын зардал нэмэгдэх зэрэг олон сөрөг байдал болох учраас техникийн тодорхойлолтын Х20М80М загварын ГОСТ102766.1 шаардлага хангасан халаагч авахаар тусгагдсан. Тус “**” ХХК-ийн ирүүлсэн дээжид шинжилгээ хийж хромын агуулгыг 18.48, никелийн агуулгыг 76.64 гэж гаргасан нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтыг тогтоосон техникийн үзүүлэлтэнд хүрээгүй тул “**” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна.”гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй. Шүүгчийн захирамжаар шинжээч томилсон, шинжилгээнд явуулсан дээжтэй маргах зүйлгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай “Хатаалганы зуухын сэлбэг” нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “**” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Шүүх нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ “Хатаалгын зуухны сэлбэг “ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарлаж, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тендерийг нээсэн байна.
4. Уг тендерт оролцсон “**” ХХК, “**” ХХК-д тендер нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.4 “Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар, дээж ирүүлэх; Загвар, дээж ирүүлэх тоо хэмжээ: Техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудыг төлөөлүүлж санал болгож буй бараанаас 1 ширхэг, 5-10 см урттай бэлдэцийг ирүүлнэ. ...” гэж заажээ.
Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.4-д заасны дагуу техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 бараануудад ирсэн дээжид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, чанарын хяналтын хэлтсийн металлын лаборатори 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 45 дугаар “итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн”-г гаргасан байна.
5. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирсэн тендерийг хянан үзэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хатаалгын зуухны сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102535 тоот тендерт оролцогч компаниуд шаардлагад нийцсэн нэг ч санал ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Захиалагч бүх тендерээс татагалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана.” гэж заасны дагуу дахин зарлах гэсэн зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 48.2.3 “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих:” зааснаар “Хатаалгын зуухны сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу дахин зарлах үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагчийн зүгээс зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.
7. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг ... зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.” гэж заасны дагуу “**” ХХК-ийн тендер 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн СЭ-112-12/5696 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-д зааснаар захиалагчийн шийдвэрийг “**” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 03/7805 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “ ... “**” ХХК-ийн ирүүлсэн дээжид хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнгээр “Сг 18.48” байгаа нь дээр дурьдсан техникийн тодорхойлолтын найрлага Х20Н80-Н гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. ...” гэж хянан үзжээ.
9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-д “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.” гэж хуульд тус тус заажээ.
10. “Техникийн тодорхойлолт”-д тавигдах шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.”, 12.2-д “Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.”, 13 дугаар зүйлийн 13.1-д “захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох, шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно.”, 13.2-т “Захиалагч шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 13.1-д заасан шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулж болно.” гэж заасан, үүний дагуу захиалагчаас “техникийн тодорхойлолт”-ыг гаргасан, захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн ТШЗ 17.4-д “ Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар, дээж ирүүлэх:, ...Ирүүлсэн дээжид шалгалт туршилт хийгдэнэ. ...” гэж тусгажээ.
11. Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.4-д ““Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар, дээж ирүүлэх; Загвар, дээж ирүүлэх тоо хэмжээ: Техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дугаар бараануудыг төлөөлүүлж санал болгож буй бараанаас 1 ширхэг, 5-10 см урттай бэлдэцийг ирүүлнэ. ...Ирүүлсэн дээжид шалгалт туршилт хийгдэнэ.”, техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дахь бараануудын материалын найрлага: Х20Н80-Н /металл дахь хромын найрлага нь 20 ба түүнээс дээш/, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын чанарын хяналтын хэлтсийн металлын итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнгээр “**” ХХК-ийн нихром утасны Сг 18.48 /хром/, нэхэмжлэгч компани нь тендерийн баримт бичгийг бүрдүүлэх явцдаа тендерт нийлүүлэх нихром утасны найралгыг “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-аар шинжлүүлсэн ба шинжилгээгээр Сг 20.25 /хром/ гэж шинжилсэн байхад стандартын шаардлага хангаагүй гэж Үнэлгээний хороо хянан үзсэн нь үндэслэлгүй гэж маргасан.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачлагаар шинжээчийг томилж болно.” заасны дагуу шүүх 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 119/Ш32024/0383 дугаар шүүгчийн захирамжаар “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ыг шинжээчээр томилж, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Хатаалганы зуухны сэлбэг”-ний нихром утасны найрлага нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлттэй нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулсан.
13. Шинжээч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэлтэндээ “ Чанарын шинжилгээгээр илэрсэн элементийн ойролцоо агуулгыг хавсралтаар ирүүлсэн ба хавсралтад “ ... Нихром утас Cu-0.31; Ni-78.69; Fe-0.30;; Mn-0.26; Ti-0.11” гэж нихром утасны найрлагыг тогтоосон байгаа нь “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ “Хатаалгын зуухны сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолтод заасан нихром утасны материалын найрлага дахь хромын агууламж нь 20-оос дээш байх буюу Cr-20.18 байгаа нь техникийн тодорхойлолтын шаардлага хангасан, “**” ХХК-ийн тендер “Хатаалгын зуухны сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240202535 дугаар тендерийн шаардлагад нийцсэн бараа нийлүүлэх санал хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д ““техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх” заасан ба “**” ХХК техникийн тодорхойлолтын 8, 9, 26-40, 48, 50-53 дахь бараануудын материалын найрлага: /Х20Н80-Н/ металл дахь хромын найрлага нь 20 ба түүнээс дээш байх шаардлагыг хангасан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон нь “**” ХХК-ийг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
15. Иймээс нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай “Хатаалганы зуухын сэлбэг” нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “**” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулахад шинжээчийн зардал болох 66.000 /жаран зургаан мянган/ төгрөгийг Орхон аймгийн шүүхийн тамгын газраас шилжүүлсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаар төлүүлэх, нэхэмжлэгч **-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болохыг тус тус дурьдлаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.4.2, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102535 дугаартай “Хатаалганы зуухын сэлбэг” нийлүүлэгчийн сонгох тендер шалгаруулалтын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09-112-12/5696 тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “**” ХХК-ийн тендерийг дахин үнэлж хамгийн сайн тендерийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д зааснаар хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 66.000 /жаран зургаан мянган/ төгрөг гаргуулж Орхон аймгийн шүүхийн Тамгын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугагй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА