2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01249

 

2025          02          11                                    191/ШШ2025/01249                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *****************, ************** тоот хаягт оршин суух, ********овогт А.С******** /РД:********/-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *****************, **************давхарт байрлах,  “А.********” ХХК /РД:********/, 

Хариуцагч: *****************, ************** тоот хаягт оршин суух, ********овогт Т.Ш******** /РД:********/ нарт холбогдох, 

Ажлын хөлсөнд төлсөн 960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С********, “А.********” ХХК-ийн төлөөлөгч Т.О******** хариуцагч Т.Ш********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.С******** миний бие 2022 оны 10 сарын 03-ны өдө “А.********” ХХК-ийн пэйж хуудас болох “Ш******** буюу А.********” ХХК гэсэн хаяг дахь **********дугаарын утсанд холбогдсон. Одоо “Ш********” ХХК нэртэйгээр пэйж хуудсаа ажиллуулж байгаа.  

Тухайн үед эрх бүхий ажилтантай нь холбогдсоны дагуу 960,000 төгрөгийн урьдчилгаа төлж, гэрийнхээ нэг өрөөнд шилэн хаалга, хана хийлгэхээр болсон.  

Ингээд тус захиалгыг маань 10 сарын 07-ны өдөр дуусгахаар тохиролцсон боловч захиалга авчихаад 7 хоног хойшлуулж өгөөч гэсэн. Тэр хүсэлтийг нь хүлээж аваад 7 хоног хүлээсэн 2022 оны 10 сарын 15-ны өдөр ямар ч ажлын бэлтгэлгүй манайд ирсэн. Дахин хэмжээ авч яваад 2022 оны 10 сарын 25-ны өдөр ирсэн боловч хэмжээ нь зөрсөн. Тогтоох боломжгүй болсон шилтэйгээ ирсэн. Миний зүгээс ч ийм ганц зам дээр хүнд шил явахад аюулгүй юу гэхэд, бид баталгаа өгөхгүй гэж хэлсэн, ингээд хийлгэхээ больж мөнгөө авъя гэхэд өөрсдөө ч зам нь болохгүйн байна гээд 960,000 төгрөгийг төлж барагдуулъя гээд бүх материалаа аваад явсан. Үүнээс хойш энэ компанийн албан ёсны хаяг руу мөнгөө авах талаар бичиж мэдэгдсэн. Мөн ажилтан Т.Ш******** гэх хүний **********гэсэн дугаарын утсаар холбогдсон боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Сүүлдээ Т.О******** гэж хүн утсаа аваад энэ хүн ажиллахгүй болсон гэж хэлсэн. Хүүхэд бага настай байсан тул хүнтэй муудалцаад яахав гэж нилээн харсан. Сүүлдээ мөнгийг минь өгөхгүй болохоор 2024 оны 1 сард цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн.  

Манайх 3-4 насны гурван хүүхэдтэй. Гэтэл шилэн хана хаалгыг хоёр биш ганц зам дээр тогтоох гэж байгаа нь үнэхээр аюултай санагдсан. Материал дээр биш шилэн хана, хаалгыг тогтоох ажиллагаан дээр маргалдсан. Тухайн үед би “А.********” ХХК-тай холбогдсон бөгөөд төлөөлж Т.Ш******** гэх хүн манайд ирсэн. Бидний хооронд гэрээ байгуулагдаагүй. Бичгээр гэрээ хийгээгүй. Утсаар яриад тохиролцсон.  

Ажлын нийт хөлсний хэмжээ 1,200,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд үүний 80 хувь болох 960,000 төгрөг тохиролцсоны дагуу төлсөн. Иймд төлсөн 960,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.  

2.Хариуцагч Т.Ш******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.********” ХХК нь үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байна. А.С******** гэх хүнтэй ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийгээгүй, аман тохиролцоогоор ажлаа хийсэн. Тухайн үед нэхэмжлэгчтэй тохиролцож, урьдчилгаа мөнгөө аваад явсан. **********, ********* суманд 10 сард ажилтай байсан тул яваад ирсэн. Ажлаар явж ирээд хяналтын хэмжээ авсан, нэхэмжлэгчийн орон сууцны хана нь засвартай байсан тул дараа нь ирж авъя гэсэн. Хэмжээгээрээ шилээ авч очоод хаалга хийхэд гүйдэг хаалга байсан бөгөөд бэхэлгээ байгаагүйн улмаас дахиад солих шаардлагатай болсон. Хаалганы хэмжээг тааруулаад солиод авчирсан. Ажлаа хийж эхлэх гээд рамаа зангидаад байж байхад нэхэмжлэгчээс “энийг яаж тогтоох в”э гэж процесс ажиллагааг байнгын асууж байсан. Манайхаас хийдэг процесс, хэрхэн хийдэг талаар тайлбарлахад тэгвэл ийм хэврэг юм хийлгэхгүй, буцаая гэж нилээн маргаан үүссэн. Манайхаас мэдээж айлд хийж өгч байгаа зүйлийг эрсдэлтэй юм хийж өгөхгүй, мөн хатаалттай шилээр хийж байгаа тул хэрвээ ямар нэгэн байдлаар унавал эрсдэл гарахгүй байсан. Гэхдээ тийм зүйл болохооргүй байсан, тэгээд бид нар маргалдаж, ерөнхийдөө юмнуудаа аваад явсан. Тухайн үед төлбөрөө яах талаар ярьснаа санахгүй байна. Гэхдээ материалынхаа мөнгийг аваад үлдэгдэл мөнгийг буцааж өгье гэж А.С******** ахад нэлээн хэдэн удаа гадаа машиныхаа хажууд зогсож байхдаа хэлж байсан. Гэтэл заавал бүх мөнгө авна гээд байсан. Би уг компанид ерөнхий менежер хийдэг. Би “А.********” ХХК-ийг төлөөлж өөрөө холбогдсон. Нэхэжлэгчийн өгсөн мөнгөнөөс 450,000 төгрөгийг материалын үнэд тооцож, үлдсэн 500,000 төгрөгийг гаргаж өгөх боломжтой, шилийг өөр газар ашиглах ямар ч боломжгүй болсон гэв.  

3.Хариуцагч “А.********” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарыг ажлаа хийх гээд очиход нэхэмжлэгч нь бидэнд хийх гэж байгаа ажлыг зааж байсан. Бид нар стандартын дагуу аюулгүй байдлыг хангаж шилэн ханаа хийж угсрах байсан, гэтэл урдаас янз бүрийн юм яриад хийлгүүлэхгүй уурлаад байсан тул хийхгүй гэдгээ хэлсэн. Би энэ компанийн гүйцэтгэх захирлаар 2020 оноос эхлэн ажиллаж байгаа. Т.Ш******** нь манай компанийг төлөөлж нэхэмжлэгчтэй очиж уулзсан. Бичгээр гэрээ байгуулаагүй ч манай компанитай гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч байна.  

Би барилгын инженер мэргэжилтэй, нэхэмжлэгчийн ярьж байгаа нэг, хоёр зам ямар ч ялгаагүй. Нэг зам дээр суурилуулах бүрэн боломжтой. Шилэн хана, хаалга хийж угсрахад стандартын дагуу цаанаасаа зориулагдсан зам урдаас орж ирдэг тул тэр зам дээр хийдэг, тусгай хэлбэртэй, шилэн хана хаалганд зориулагдсан зам байх зориулалттай, тэрэн дээр хийсэн нэг, хоёр замын чанарын ялгаа бол байхгүй.  

А.С********ийн хийлгэж байгаа шилний хэмжээ бусад газруудтай хийлгэж байгаа шилний хэмжээнээс жижиг, тухайн хана гипсэн хана байсан юм шиг байна, гипсэн хана дээр манай зүгээс хийх гэж байсан шилэн хана бол яг стандартын дагуу хийгдэж байсан. Цаанаас нь яг ийм байх ёстой гэсэн дүрэм журам байхгүй. Гэрээгээ бичгээр хийгээгүй, гэрээ цуцлагдвал тодорхой хэмжээний мөнгө  суутгана гэсэн тохиролцоог бичгээр хийгээгүй зэрэг хариуцлагагүй байдал гаргаснаа зөвшөөрч байна. Нэгэнт тааруулаад зүсүүлсэн шилэн хана, хаалгыг өөр газар хэрэглэх боломжгүй тул бид  материалын зардлаа хасаад 500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.  

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэхний хуулбар, “X.**********” ХК-ийн мөнгөн шилжүүлгийн мэдээллийн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хохирогчоос авсан тэмдэглэл, 2024 оны 02 сарын 19-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, хариуцагчаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.  

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан зохигчын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч А.С******** нь хариуцагч “А.********” ХХК, Т.Ш******** нарт холбогдуулан, ажлын хөлсөнд төлсөн 960,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байх бөгөөд хариуцагч нараас материалын зардал 460,000 төгрөг хасаж, 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагчтай  байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээс татгалзсан тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 960,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон. 

  2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 Зохигчдын хэн алиных нь тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч “А.********” ХХК-ийн ажилтан Т.Ш********тэй холбогдон өөрийн амьдардаг орон сууцны нэг өрөөнд шилэн хана, хаалгыг 1,100,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 960,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. 

Нэхэмжлэгчийн ““фэйсбүүк хаягаар “А.********” ХХК-тай холбогдсон, компанийг төлөөлөн Т.Ш******** гэх хүнтэй шилэн хана, хаалга хийлгэхээр тохиролцсон” гэх тайлбар, хариуцагч Т.Ш********гийн “би тус компанид ерөнхий менежер хийдэг. Шилэн хана, хаалга угсралтын ажлаа өөрөө хариуцдаг. Тухайн үед А.С********** нь манай байгууллагатай холбогдож, би өөрөө очиж хяналтын хэмжээ авсан” гэх тайлбар, хариуцагч “А.********” ХХК-ийн төлөөлөгчийн “Т.Ш******** нь манай компанид ажилладаг” гэх тайлбар, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд нэхэмжлэгч А.С********, хариуцагч “А.********” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.  

 3.Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх явцад хариуцагчийн угсралтын үйл ажиллагаатай холбоотой шилэн хаалга, ханыг нэг зам дээр суурилуулах нь унаж хагарах аюултай буюу гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд болон орчиндоо аюултай нөхцөл байдлыг үүсгэнэ гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас шилэн хана, хаалгыг нэг зам дээр суурилуулах нь аюулгүй, нэгэнт хийсэн шилэн хана, хаалгыг өөр газар ашиглах боломжгүй тул ажлын хөлс 460,000 төгрөгийг суутгах үндэслэлтэй гэж маргаж байна.  

4.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан .  

Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас энэ үйл баримттай маргаагүй, харин 460,000 төгрөгийн материалын зардлыг хасаж тооцох үндэслэлтэй гэж маргасан. 

Ажил гүйцэтгэгч нь гэрээнээс татгалзсан, цуцлагдсан тохиолдолд учирсан хохирлоо шаардах эрхтэй хэдий ч хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид 460,000 төгрөгийн материалын зардал гарсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байна.  

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч “А.********” ХХК-иас 960,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.С********т олгож, хариуцагч Т.Ш********д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А.********” ХХК-иас 960,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.С********т олгож, Т.Ш********д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,590 төгрөгийг улсын төвийн орлогод үлдээн, хариуцагч “А.********” ХХК-иас 27,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С**********т олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА