| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 222800000013 |
| Дугаар | 2023/ДШМ/40 |
| Огноо | 2023-09-12 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ДШМ/40
2023 оны 09 сарын 12 өдөр Дугаар 2023/ДШМ/40 Даланзадгад сум
Л.Болортуяад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Мөнхдөл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Шүүгдэгч Л.Болортуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Л.Болортуяад холбогдох 2228000......... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
..........овгийн .........., 1970 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, ........эгтэй, 52 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 1, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, ......... дүгээр баг, .......... тоотод оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ..........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, /регистрийн дугаар: ........./,
Шүүгдэгч Л.Болортуяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, .........дугаар баг, .............тоотод орших Т.Идэржаргалын гэрт түүний толгой хэсэгт төмөр саваар цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Л.Болортуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Л.Болортуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болортуяаг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болортуяад оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болортуяагийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Болортуяагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 15,300,534 /арван таван сая гурван зуун мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэцэгжаргалд олгож, иргэний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол болох 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-т зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20x40 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болортуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Л.Болортуяад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах байдлаар хуулийг ноцтой зөрчсөнийг анхан шатны шүүх хүлээж авсангүй.
Л.Болортуяаг талийгаач Т.Идэржаргалын амь насыг хохироосон талаарх хангалттай нотлох баримт цуглаагүй, талийгаачийн үхлийн шалтгаан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байхад 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шууд урьдчилсан дүгнэлт хийж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Цаашлаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолдоо нийцүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Л.Болортуяаг цагдаагийн алба хаагч нарт баригдаад талийгаачийн гэрээс авч явснаас хойш талийгаачийн гэрт маргаан, зодоон болсон асуудлыг ч мөн шалгуулаагүй.
Мөрдөгчөөс эрүүгийн хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18.00 цагт прокурорын байгууллага хүлээн авсан байхад мөн өдрөөр яллах дүгнэлт үйлдэж олон үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан нь хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь яллах дүгнэлтийг урьдчилан үйлдсэн. Мөн яллах дүгнэлтийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн атлаа тодорхойгүй шалтгаанаар өөр дээрээ дарагдуулж, 21 хоногийн дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Уг хэрэгт Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэг нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр .........дугаартай дүгнэлт гаргасан боловч энэ хугацаанаас өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хавтас хэргийн 101-102 дугаар талд шинжээчээр мэдүүлэг өгсөн.
Шинжээч С.Шүрцэцэг нь талийгаач Т.Идэржаргалыг “...их тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл дор цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдлаар нас барсан” талаар дүгнэлт гаргахаас өмнө өгсөн мэдүүлэгтээ дурдсан. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч С.Шүрцэцэг оролцож мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч нараас асуусан асуултад дараах байдлаар хариулт өгсөн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, мөрдөгч нь шинжээчээр зориуд худал дүгнэлт гаргуулсан, түүнд нөлөөлсөн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Учир нь:
Ямар учраас дүгнэлт гаргахаас өмнө мөрдөгчид мэдүүлэг өгсөн бэ гэх өмгөөлөгчийн асуултад “цагдан хориулахын тулд мэдүүлэг авсан” гэж, мөн талийгаач Т.Идэржаргалын үхлийн шалтгааны талаар тодруулсан өмгөөлөгчийн асуултад шинжээч нь “хэргийн зүйлчлэлд нөлөөлдөг учраас ийм дүгнэлт гаргасан” гэж хариулсан байдлаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааг анхнаас нь Л.Болортуяаг гэмт хэрэгт холбогдуулахаар нотлох баримтуудыг бүрдүүлсэн, түүнийг хууль бусаар цагдан хориулахын тулд шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хууль зөрчиж шинжээчийг байцаан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг прокурорт хүргүүлж, прокурор уг саналыг үндэслэлтэй гэж үзэн шүүхэд хүргүүлсэн, нотлох баримтыг хуурамчаар цуглуулсан, мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан.
Энэ мэт байдлаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 “Шинжилгээний байгууллага, ... нь шинжилгээний явц, үр дүнг шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас өмнө бусдад задруулахыг хориглоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээч гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг егнө”, 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч нь ...шинжээчээс гаргасан дугнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно”, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх хуулийн шаардлага, зүйл заалтуудыг шинжээч С.Шүрцэцэг, мөрдөгч Б.Баярбат ноцтой зөрчсөн.
1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл солигдсон. Энэ нь өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцахдаа өөрийн зардлаар хуульд нийцүүлэн хэвлэж авсан баримт, хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл 2 илэрхий зөрсөн, мөн хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг дугаарласан дугаарыг засварласан байдлаар тогтоогдсон.
Мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр прокурорт хүргүүлсэн байна. Хавтаст хэргийн гадна хавтсанд дарагдсан прокурорын тэмдгээр 2022 оны 12 дугаар сарын 20-ны 18.00 цагт 2 хавтас 28 хуудас материалыг Болор-Эрдэнэ прокурор хүлээн авчээ. Тэгсэн атлаа тэр өдрөө яллах дүгнэлт үйлдсэн. Тэр өдөр бүх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо ч мөн гаргасан.
Энэ мэтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, прокурор зохих ёсоор хяналт тавьж ажиллаагүй болох нь Улсын Ерөнхий Прокурорын газрын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ..........дугаартай мэдэгдэх хуудсаар “...Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь эрүүгийн ...........дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд зохих ёсоор хяналт тавиагүй, мөрдөгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг хяналтаараа илрүүлж, засуулаагүй, гаргасан шийдвэрээ хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй болох нь шалгалтаар тогтоогдсон тул түүнд зохих хариуцлагыг тооцсон” тухай баримтаар тогтоогдоно.
Түүнчлэн хэргийн газраас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон даавуунд шинжилгээ хийлгээгүй, хураан авсан боловч эд мөрийн баримтаар тооцоогүй, уг даавуу хаана байгаа нь тодорхойгүй асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан ба Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 106 тоот прокурорын тогтоолоор “...мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Сармандах нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн ........... дугаартай хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд байх 35x70 см хэмжээтэй дээд хэсгээр 25x10 см талбайд, доод хэсгээр 10х10см хэмжээтэй талбайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон алчуурыг эд мөрийн баримтаар тооцохоор тогтож хураан авч гэснийг алчуурыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав гэж өөрчилсөн нь, мөн цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон алчуур нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолгүй болох нь тогтоогдож байна” гэх үндэслэлээр тухайн үйл баримтад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Л.Болортуяагийн биед хөнгөн хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдож, Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргасан боловч Л.Болортуяагийн биед хэн гэмтэл учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн дүүрэн шалгагдаагүй, болсон үйл явдлын талаар хохирогч мэдүүлэгтээ тодорхой дурдсан байтал Мөнхцэцэг гэх хүн гэмтэл учруулсан талаар баримт тогтоогдохгүй гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийж, үйлдлийг хэрэгсэхгүй болгон, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй үлдсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1-д “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна”, 2-т “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж маш тодорхой заасан.
Гэтэл Л.Болортуяа бусдад зодуулж, биедээ хөнгөн хохирол авсан үйл баримтыг түүнд холбогдох хүнийг алах гэмт хэрэгт нэгтгэж шалгасан нь туйлын ойлгомжгүй бөгөөд мөрдөгч, прокурор мөн л хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн.
Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
Л.Болортуяад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Б.Володя даргалж явуулахдаа яллагдагчийг оролцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Мөн зүйлийн 8-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй” гэсэн нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч оролцохтой холбоотой зохицуулалтыг хуульчилсан ба яллагдагч заавал оролцоно гэж ойлгогдоно.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийг оролцуулаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.8 дугаар зүйлийн 1-д “Яллагдагч анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно” заалтыг зөрчсөн.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Наранбямба монгол хэл, бичиг мэдэхгүй болохоо шүүхэд хэлж мэдүүлсэн боловч шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан нь иргэдийн төлөөлөгч нь монгол хэл, бичиг мэдэхгүйн учир шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэх хэргийн материалтай танилцах боломжгүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2.2-д “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох”, 35.26 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 35.25 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдаж дууссаны дараа шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгож болно” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулсан хугацаанд гэрч С.Мөнхдорж нь “...намайг мэдүүлэг өгөхөөр Цагдаагийн байгууллага руу ороход Сүхжаргал тэр төмрөөр Болортуяа талийгаачийг цохисон гэж хэлээрэй гэдгийг хэлсэн” гэж мэдүүлсэн ба Т.Сүхжаргал нь гэрчид зориуд худал мэдүүлэг өгүүлэх, ятгасан байх ба гэрчид нөлөөлсөн үйлдлийг шалгуулаагүй, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцааж мэдүүлгийн зөрүүг арилгуулалгүйгээр анхан шатны шүүх нь Т.Сүхжаргалын мэдүүлгээр С.Мөнхдоржийн хариулт үгүйсгэгдэж байна гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ижил эрх, үүрэгтэй оролцож буй оролцогч нарын нэгэнд нь давуу байдал олгож, мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн.
Шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа эрүүгийн хавтас хэргийн шүүхийн шийдвэрт нөлөөлж болох чухал нотлох баримтууд нь хууль зүйн үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад Л.Болортуяаг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх өөрөө дүгнэж байгаа нь учир дутагдалтай.
Өөрөөр хэлбэл талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт гаргасан шинжээчийн хууль зөрчиж өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй атлаа түүний дүгнэлтийг ямар үндэслэлээр хууль ёсны нотлох баримт гэж шийдвэрийн үндэслэлээ болгосноо тайлбарлаагүй.
Энэ мэтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хавтас хэргээс нотлох баримтыг сольдог, устгадаг байдал арилахгүй явсаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсан хугацаанд хэргийн хавтас солигдсон нөхцөл байдал дахин илэрснийг анхан шатны шүүх мэдсэн атлаа зохих байгууллагад нь шалгуулах талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Хэргийн газрын үзлэгийн явцад эд мөрийн баримтаар хураан авсан цагаан өнгийн төмөр саван дээрээс шүүгдэгч Л.Болортуяагийн хурууны хээ илрээгүй болохыг тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжилгээгээр тогтоосон байхад үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэйгээр няцааж чадаагүй, Л.Болортуяагийн дараа Ц.Мөнхцэцэг уг саванд хүрснээр хурууны хээ илрээгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй, таамгаар хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл цагаан өнгийн төмөр саванд хүрсэн хүний хурууны хээ илэрсэн, хүрээгүй хүний хурууны хээ илрээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон байгаа юм.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Л.Болортуяад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй, хууль зөрчсөн нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 56 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох буюу хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан үйлдлийн болон санаа, зорилгын шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. /УДЩ-ийн 2020.02.17-ны № 105 тогтоол/
Гэмт хэргийн шалтгаант холбооны талаар онолын тайлбараар гэмт этгээдийн гэмт буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг. 1УДШ-ийн 2018.11.20-ны №589 тогтоол/
Энэхүү Улсын дээд шүүхийн тайлбараас үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь хэргийн бодит байдал буюу факт, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно.
Гэрч Мөнхцэцэг /1 дүгээр хх-ийн 57-60 дахь тал / талийгаачийн хамаарал бүхий хамтран амьдрагч хүн. Тэгэхээр өөрийн нөхрийн үхлийн шалтгаант холбоог мэдүүлдэг боловч хамгийн гол гэрчийн мэдүүлэг өгсөн 2 хүний нэг болоод байгаа.
Мөнхцэцэгийн мэдүүлэг нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, нотлох баримтаар үнэлэхийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас гэрч Мөнхдоржийн мэдүүлэг давхар нотлох учиртай болдог.
Гэтэл хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн гэрч Мөнхдоржийг хэргийг прокурорт буцаасан хугацаанд дахин гэрчийн мэдүүлэг авхуулахад Л.Болортуяа нь талийгаачийг төмрөөр цохисон хараагүй, гэрч Сүхжаргалын зааж өгсөн мэдүүлгийн үндсэн дээр мэдүүлгээ өгснөө гэрчилж мэдүүлсэн. Тэгэхээр Мөнхцэцэгийн ярьж буй зүйлс нь эргэлзээ төрүүлж харин ч ах дүүсээрээ бусдыг хүн алсан гэмт хэрэгт холбогдуулан яллуулж байгаа нь тодорхой болж байна. Иймээс гэрч Мөнхцэцэгийн мэдүүлэг үгүйсгэгдэх шалтгаант холбоо тогтоогдсон учир нотлох баримтаар үнэлэх нь хууль зүйн үндэслэлгүй.
Л.Болортуяаг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж хэт нэг талыг барьж, эрх зүйн байдлыг нь дордуулан гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгчийн зүгээс болон миний үйлчлүүлэгч бид хүлээн зөвшөөрөхгүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан байх боловч үхлийн шалтгааныг тогтоосон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 136 тоот /1 дүгээр хх-ийн 118-120 дугаар тал шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө шинжээч эмч С.Шүрцэцэгийг байцаан ямар дүгнэлт гаргасан эсэхийг тодруулан мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 101 дүгээр тал/ авсан байдаг. Тэгэхээр шинжээч дүгнэлтээ гаргахаас өмнө дүгнэлтээ гаргасан мэт мэдүүлэг өгсөн нь түүний дүгнэлтийг үнэлэх үндэслэлгүй болсон байдаг.
Харин хэргийг прокурорт буцаасан цаг хугацаанд гаргасан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.04.11-ний өдрийн ..... дугаартай дүгнэлтэд /2 дугаар хх-ийн 219- 222 дугаар тал/ талийгаачид хуучин гэмтэл тогтоогдсонгүй, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн олон тооны гэмтэл үүссэн болохыг тогтоосон.
Хүчний үйлчлэл болон олон удаагийн гэсэн давтамжийг дүгнэсэн нь Л.Болортуяагийн нэг удаа цохисон гэх үйлчлэлээс гадна мөн хэд хэдэн удаагийн хүчний үйлчлэл байгааг тогтоосон. Цаашлаад олон тооны гэмтлүүд нь өөр бусад хүний үйлдлээс улбаалан шалтгаант холбоогоор үүссэн байхаар байна.
Гэтэл анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгохдоо:...Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ гэжээ. Өмгөөлөгч миний бие энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь: Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэмтлийг хэн, хэзээ, хаана хэрхэн учруулсан, олон тооны гэмтлээс улбаалан талийгаачийн үхэлд хүргэх шалтгаант холбоо байгаа эсэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа толгой өвдөөд байна гэх өгүүлэмжийг хэлж ярьж байсан зэргийг шинжээчийн дүгнэлттэй холбон хууль зүйн бодитой дүгнэлтийг хийгээгүй нь учир дутагдалтай болсон. Үүнээс үзвэл талийгаачид учирсан гэмтлийг чухам хэн яаж учруулсан, хэрэв миний үйлчлүүлэгчийг учруулсан гэж үзвэл хэзээ хэрхэн яаж учруулав гэдгийг ялган зааглаж, гэмтэл тус бүрийг хэн учруулсанд хууль эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийх ёстой атал дүгнэлт хийгээгүйд гомдолтой.
Хууль тогтоогч субьектив шинжийн хувьд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүйг байхыг шаардсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Л.Болортуяа нь талийгаачийн амь насыг санаатай хохирооё гэсэн санаа зорилго байгаагүй болох нь илт.
Шүүх Л.Болортуяагийн гэм бурууг тогтоохдоо гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн орон, цаг, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоог тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д:..”дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал“ гэсэн заалтын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хууль буруу хэрэглэсэн гэж үзэх хуулийн үндэслэл байгааг анхааран үзэхийг эрхэм шүүгчдээс хичээнгүйлэн хүсье.
Гуравдугаарт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж тус тус заасан. Хуулийн дээрх заалтуудыг гомдлынхоо үндэслэл болгохын учир нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүйг илтгэнэ.
Шүүх Л.Болортуяагийн гэм буруутайг тогтоохдоо хэргийн бодит нөхцөл байдлыг бүх талаас эргэлзээгүйгээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна.
Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасны дагуу анхан шатны шүүх хуулийн заалтыг чанд сахин хэргийг шийдвэрлээгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д:..нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтыг устгасан, өөр нотлох баримт бүрдүүлж хийсэн, эд мөрийн баримт алга болгосон, тухайн нотлох баримтуудыг устгасан үйлдэл холбогдлыг хэрэгт хяналт тавьж байсан прокурор болон мөрдөгч нарын хууль бус үйлдлийн талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнууд хянан шалгаж хэргийг шийдвэрлэх цаг хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй байхад анхан шатны шүүх энэхүү үйлдлийг эс тоон, хэрэгт хамааралгүй болгон хэргийг шийдвэрлэсэн нь хүний эрхийн ноцтой том зөрчил болоод байна.
Анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө тус шүүх хуралдаанд гэрчээр С.Мөнхдорж, Ц.Мөнхцэцэг нарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн:..шүүгч, прокурор, яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх заалтыг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан мэдүүлгийн баримтыг урьдаас хөдөлбөргүй үнэнд урьдчилан тооцож гэрчээр оруулаагүй гэж үзнэ.
Иймээс шүүх бүрэлдэхүүн нэг талдаа гэм буруугийн талаар урьдчилан дүгнэлт хийсэн, нөгөөтэйгүүр гэрч оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход нөлөөлсөн, гэм буруугийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй гэж үзэх үндэслэл байгааг анхааран үзнэ үү гэжээ.
Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон байна гэж үзэж байгаа тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуулийн дагуу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нотлох баримтуудыг хуульд нийцсэн байдлаар нь харж үзэхийг хүсэж байна. Шийтгэх тогтоол хуульд нийцсэн байна гэдгийг харж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгөөч гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: М.Гансүх өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.
Шүүгдэгч Л.Болортуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эрх зүйн байдлыг доройтуулж шийдсэнд маш их гомдолтой байна. Үнэн зөвийг тогтоож шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Болортуяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, ..... дугаар баг, .............тоотод орших Т.Идэржаргалын гэрт түүний толгой хэсэгт төмөр саваар цохиж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэцэгжаргалын “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 04 цаг өнгөрч байхад манай дүү Ганжаргал залгаад намайг дуудаад Идэржаргалыг нас барсан байна гэж хэлсний дагуу гэрт нь очиход манай дүү гэртээ нас барсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 35-37, 40 дэх тал/,
Гэрч Ц.Мөнхцэцэгийн “...Болортуяа манай нөхөрт хандаад чи муу энэ я... өмеөрлөө гэж хэлээд гэрийн баруун талд сууж байгаад босоод урагшаа хандсан. Тэгээд зуухны хойд талд байсан өлзий зуухны үнс тосдог эрүүг аваад гэрийн хойморт сууж байсан манай нөхрийн толгойн хэсэгт савсан чинь нөгөө төмөр нь манай нөхрийн толгойг оноод цаашаа яваад Мөнхдоржийн өвдөг дээр очоод тогтсон.
Манай нөхөр төмрөөр цохиулаад хажуу тийшээ унангаа алдаад босож ирээд чи миний тархийг хөдөлгөчихлөө шүү дээ яаж байгаа юм бэ гэж хэлээд чи нөгөө талаас нь цохиод тэгшлээдэх гэж хэлсэн чинь Болортуяа муу хүн үхдэггүй юм чи хэзээ ч үхэхгүй гэж хэлсэн.
Тэр үед би нөхрөө харсан чинь төмрөөр цохиулсан тал нь цонхийсон цагаан болсон байсан. ...Тэгээд унтаж байхад гэнэт сонин дуу амьсгаа авсан. Тэгэхээр нь босоод яасан бэ ханиа гэсэн чинь юу ч дуугарахгүй ...цээж нь хэржигнээд байсан. Тэгээд жаахан байж байгаад хамраас нь цус гарсан. Тэгээд цусыг нь арчаад байж байхад дахиж сонин амьсгаа авахаар нь түргэн, мөн дүү Ганааг нь дуудсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-60, 62-64 дэх тал /,
Гэрч С.Мөнхдоржийн “...Болортуяа гэрийн баруун хойноос босож очоод талийгаач Идэржаргалыг сууж байхад нь түлхэхэд талийгаач хойшоо газарт хэвтээд өгсөн. Тэгээд Болортуяа талийгаачийн дээр гарч суугаад хоёр гурван удаа нуруу мөр хэсэгт нь алгадсан.
Тэгчихээд босоод гэрийн баруун талд очоод суухад гаднаас талийгаачийн эхнэр гэрт орж ирсэн. Гэрийн зүүн талд сууж байхад Болортуяа гэрийн голд байх зуухны зүүн талд байсан цагаан өнгийн төмөр дөрвөлжин төмрийг аваад талийгаачийн толгойн баруун талын хэсэгт нь хүчтэй цохисон. Яг цохих үед нь талийгаач хэвтэж байсан газраасаа өндийгөөд босож байсан.
Тэгээд Болортуяа талийгаач Идэржаргалыг цохих үед Идэржаргал хойшоо буюу эргээд газарт ойчсон. Талийгаач ойчоод ёо ёо тарих хөдөлчихлөө гээд орилоод байсан. Болортуяаг татаж талийгаачийн хэвтэж байсан газраас нь холдуулсан... Идэржаргал тархи хөдөлчихлөө толгой өвдөөд байна гээд байсан.
Болортуяа тэр хоёрыг ална гэж орилоод байсан. Би гэрийн баруун талд сууж байсан. Мөнхцэцэг цагдаа дуудсан. Талийгаачийн толгойг Мөнхцэцэг хэсэг жоохон илж байх үед нь талийгаач хурхираад унтаад өгсөн. Талийгаачийн хурхирч унтсан газарт нь хөнжил нөмрүүлээд чигээр нь унтуулсан. Бид нар хурхираад унтаад байхаар нь унтаж байна гэж бодсон.
Унтаж байтал Мөнхцэцэг намайг дуудаад Идэржаргалын хамраас цус гараад байна гэж хэлсэн. Тэгээд би сэрхэд талийгаач Идэржаргал амьсгалж байгаад гэнэт амьсгалахаа болиод байсан.
Болортуяа талийгаачийн баруун шанаа дух орчимд төмөр саваар нэг удаа цохисон. Цохих үедээ хүчтэй цохисон түс гээд дуугарсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-72, 74-75 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 164-166 дахь тал /,
Гэрч Б.Ганжаргалын “2022 оны 09 дүгээр сарын 20-ны орой 19 цаг 47 минутад талийгаач Идэржаргалын хамтран амьдрагч Мөнхцэцэг нь над руу залгаад Болортуяа өдөр манай гэрт ирээд архи уугаад Идэржаргалын толгой руу зуухны аманд тавьдаг төмрөөр цохисон гэж хэлсэн.
Тэгээд цагдаа дуудсан чинь авч явсангүй. Л.Болортуяа явахгүй байгаад байна. Унтаж байгаа дүр исгээд хэвтэж байна. Идэржаргал толгой өвдөөд байна гэж байгаад унтаад өглөө гэж хэлсэн.
Шөнө 03 цаг 16 минутад Мөнхцэцэг над руу залгаад ........... сонин болоод таталт өгчихлөө. Би түргэн дуудчихлаа хүрээд ирэх үү гэж хэлсэн. Би 30 орчим минутын дараа талийгаачийн гэрт очиход талийгаач орой намайг гэрээс нь гарахад байсан байрандаа дээшээ харчихсан байдалтай байж байсан.
Тэгээд араас эмнэлгийн хүмүүс ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Мөнхцэцэгээс асуухад Болортуяа зуухны урд тавьдаг цагаан өнгийн төмөр саваар толгойн дух хэсэгт нь цохисон гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-49, 51-52 дахь тал/,
Гэрч Т.Хүрэлбаатарын “...Мөнхдорж, Мөнхцэцэг, Болортуяа талийгаач ах нар байсан бөгөөд талийгаач ах гэрийнхээ хоймор хэсэгт хажуу тийшээ хараад унтаж байсан.
Болортуяа гэрийн баруун хойно түрүүлгээ хараад хэвтэж байсан. Гэртээ очоод ойр зуур юм хийж байгаад унтах гэж байсан чинь Мөнхцэцэг эгч залгаад байна, ах сонин болоод байна гэж эхнэр хэлээд явъя гэж хэлсэн. ...эмч орж үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
Гэрч Э.Хувьтөгөлдөрийн “...Эхний удаад дуудлагаар очиход гэрт байсан дуудлага өгсөн эмэгтэй нь унтаж байсан. Том биетэй эмэгтэйг аваад яв гээд байсан. Би тухайн унтаж байгаа хүнийг сэрээх гэж удаа дараа оролдсон боловч тасарчихсан юм шиг байхаар нь орхиод явсан.
Дараагийн удаад очиход нөгөө эмэгтэй нөгөө байран дээрээ унтаж байсныг нь босгож аваад явсан. Би эмэгтэйг аваад явах гэж байхад гэрт байсан дуудлага өгсөн жижиг биетэй эмэгтэй наад хүн чинь энэ унтаж байгаа хүнийг энэ төмрөөр цохисон гээд цагаан өнгийн паалан түмпэн шиг зүйлийг зааж байсан өөр зүйл яриагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ..........дугаартай “...Идэржаргалын цогцост үзлэг шинжилгээгээр тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
Идэржаргалын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй.
Идэржаргал нь тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Химийн шинжилгээгээр цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн .......дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “Талийгаач Т.Идэржаргалын цогцост тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, хуйханд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн бугалганы зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд учирчээ.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачид архаг хууч өвчин болон хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач Т.Идэржаргал нь тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.
Талийгаачийн амнаас гарсан цусархаг агууламж нь дээрхи гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй бөгөөд нас барсны дараа амьсгалын дээд замын хялгасан судаснаас цус нэвчин гарч амны хөндийн шүүрэл буюу шүлстэй холилдон амнаас гарсан байна.
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №........ тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 219-222 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч болон өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Болортуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Л.Болортуяад оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх “шүүгдэгч Л.Болортуяад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй, хууль зөрчсөн нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа “шүүх бүрэлдэхүүн нэг талдаа гэм буруугийн талаар урьдчилан дүгнэлт хийсэн, нөгөөтэйгүүр гэрч оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход нөлөөлсөн, гэм буруугийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг хянахад шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
“Гэмт хэрэг гарах үед талийгаач Т.Идэржаргал, шүүгдэгч Л.Болортуяа, гэрч Ц.Мөнхцэцэг, С.Мөнхдорж нар хамт байсан ба хэргийн үйл баримтыг гэрч Ц.Мөнхцэцэг, С.Мөнхдорж нар шууд харсан, мөн тэднээс дамжмал байдлаар сонсож, мэдүүлгийн эх сурвалжаа заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэцэгжаргал, гэрч Б.Ганжаргал, Э.Хувьтөгөлдөр нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж хэд хэдэн удаа мэдүүлэг авахад тогтвортой, эргэлзээгүй мэдүүлжээ.”, “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зерүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.” , “Шүүгдэгч Л.Болортуяа нь хохирогч Т.Идэржаргалын толгой хэсэгт цагаан төмөр саваар цохисноос хохирогч тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.”, “шүүгдэгч Л.Болортуяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын .........дугаар баг ........ тоотод орших Т.Идэржаргалын гэрт түүний толгой хэсэгт цагаан төмөр саваар цохихдоо энэхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь гэрч Ц.Мөнхцэцэгийн “...зуухны хойд талд байсан өлзий зуухны үнс тосдог эрүүг аваад гэрийн хойморт сууж байсан манай нөхрийн толгойн хэсэгт савсан чинь нөгөө төмөр нь манай нөхрийн толгойг оноод цаашаа яваад Мөнхдоржийн өвдөг дээр очоод тогтсон.”, гэрч С.Мөнхдоржийн “...Гэрийн зүүн талд сууж байхад Болортуяа гэрийн голд байх зуухны зүүн талд байсан цагаан өнгийн төмөр дөрвөлжин төмрийг аваад талийгаачийн толгойн баруун талын хэсэгт нь хүчтэй цохисон.” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байх тул түүнийг хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.” гэсэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Болортуяад холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” гомдлуудыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Ц.Баярмаа нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болортуяагийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин таван/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
М.МӨНХДАВАА