Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 119/ШШ2024/0055

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага:“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин”-ыг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин”-ыг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч  “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан ““Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтын дагуу шаардлага хангаагүй” гэж зааснаар татгалзсан мэдэгдлийг “**” ХХК-д хүргүүлсэн.  

“**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03/6643 дугаартай албан бичгээр “**” ХХК-ийн гомдолд гүйцэтгэх захирал ** гарын үсэг эх хувиар хэрэглээгүй” гэх үндэслэлээр гомдлыг буцааж шийдвэрлэсэн тул  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч “**” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон боловч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн СЭ-112-12/4217 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмблэгдсэн болно. Тус тендер шалгаруулалтад 1 дүгээрт шалгарсан “**” ХХК-д дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон.” гэж анх мэдэгдсэн.

Тус мэдэгдэлтэй холбоотойгоор манай компани захиалагчийн шийдвэрийг “эс зөвшөөрч” 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн АБ-24/0657 тоот албан бичгээр Сангийн Яаманд гомдол гаргаж, Сангийн яам нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 03/6060 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн СЭ-112-12/4218 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид даалгасан.

Гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий дээд шатны байгууллагын шийдвэрийн дагуу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тендерийн үнэлгээг дахин хийж, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр манай компанид “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Уг тендер шалгаруулалтад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтын дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдье” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэрийг /дээд шатны байгууллагын гомдлыг хянасан захиргааны актыг биелүүлээгуй Захиргааны ерөнхий хуулийн 98.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн/ захиалагч гаргасан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

“**” ХХК-ийн хүргүүлсэн тендер нь хуульд заасан бүх нөхцөлийг хангасан захиалагчийн шаардлагад нийцсэн тендер болох тухайд: “**” ХХК нь тендерийн тодорхойлолтод бүрэн нийцсэн, бүх шаардлагыг хангасан хүчин чадал сайтай, өндөр бүтээмжтэй, олон улсын стандартад нийцэн баталгаажсан тоног төхөөрөмжийг тендерийн төсөвт багтаан санал болгосон. Уг тендерийн шаардлагын дагуу бүх материалыг нэг бүрчлэн бүрдүүлж, тендерийн цахим системээр дамжуулан илгээсэн болно. Гэтэл Тендер шалгаруулалтын Техникийн тодорхойлолтын болон Тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.2-т заасан шаардлагыг хангаагүй мэт илтэд худал дүгнэлт хийж, тендерт оролцогч манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр зөрчиж буй тул ТБОНӨХБАҮХАтХуульд заасан болон Тендер шалгаруулалтын зааварчилгаа, Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагуудыг хангасан болохыг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан тухай тайлбар: Тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолт хэсэгт “Санал болгож буй бүтээгдэхүүний брэнд, моделийн нарийвчлан заасан техникийн тодорхойлолт бүхий цахим хаягийг тендерийн материалд ирүүлнэ. Ирүүлсэн техникийн тодорхойлолт болон цахим хаяг дахь мэдээлэл зөрсөн тохиолдолд цахим хаяг дахь техникийн тодорхойлоптыг үнэлнэ. Ирүүлээгүй тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзэн тендерээс татгалзах үндэслэл болно." гэж заасан. Гэтэл захиалагч нь гаргасан мэдэгдэлдээ манай компанийг тендерийн материалдаа техникийн тодорхойлолт бүхийн цахим хаягийг ирүүлээгүй мэт бодит нөхцөлд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, илт худал үндэслэлээр тайлбарласан байна.

Тендерт оролцогч “**” ХХК нь техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан, захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох зорилгоор ТШЗ 17.5-т шаардсаны дагуу харьцуулсан хүснэгтийг Тендерийн баримт бичгийн 72-75 дугаар хуудсанд оруулж санал болгосон. Мөн “**” ХХК-ийн санал болгосон тендерийн баримт бичгийн 75 дугаар хуудсанд барааны үйлдвэрлэгч болох **-нт техникийн тодорхойлолт бүхий цахим хаягийг дурдан оруулсан. Тус холбоос (http://en.chinanhl.norincogroup.com.cn/art/2022/7/12/art8018_363594.html) нь байнгын хэвийн үйл ажиллагаатайгаар ажиллаж байгаа бөгөөд холбоосоор орж шалгахад бидний санал болгосон барааны танилцуулга дээрх үзүүлэлт цахим хаяг дахь мэдээллээс зөрөөгүй болно. 

Дээрх тайлбараас үзэхэд “**” ХХК-ийн санал болгосон тендерийн баримт бичиг нь ТШЗ 17.5-т заасан шаардлага болон ТБОНӨХБАҮХАтХуулийн ‘26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;” гэх заалтыг бүрэн хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл ирүүлэхдээ манай компанийн материалыг ТБОНӨХБАҮХАтХуульд нийцсэнийг баталж харьцуулан үнэлж 2 дугаарт эрэмбэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ТБОНӨХБАҮХАтХуулийн 26 дугаар зүйлийн 26.9.-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж заасанд нийцсэн учраас хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар тендерийн үнийг эрэмбэлсэн гэсэн үг. Гэтэл үнэлгээний хорооны гишүүд, тендерийн материал огт өөрчлөгдөөгүй байхад 2 өөр шийдвэр гаргаж буй нь өрсөлдөгчид давуу байдал бий болгох гэсэн санаа зорилготой, манай компанийг шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан хууль бус шийдвэр /захиргааны акт/ юм.

ТШЗ-ны 29.2-г хангасан тухай тайлбар: Тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ)-ны 29.2-т “Тендер үнэлэх үндсэн шалгуурыг харьцуулах үнээс өөрөөр тогтоох эсэх :"Тийм" Ашиглалтын хугацааны өртгийн аргаар үнэлэх бөгөөд ашиглалтын хугацааны өртгийг хэрхэн тооцох талаар техникийн тодорхойлолт хэсгээс харна уу. Тооцоололтой хопбоотой үнэн зөв мэдээлэл ирүүлэх бөгөөд нотлох баримтыг хавсарган, орчуулгын хамт ирүүлнэ. Нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд татгалзах үндэслэл болохыг анхаарна уу.” гэж заасан. Захиалагч нь манай компаниас хүргүүлсэн ашиглалтын хугацааны өртгийн тооцоололтой холбоотой баримт бичгийг алдаатай ирүүлсэн гэж худал дүгнэсэн байна. Тендерт оролцогч “**” ХХК нь санал болгосон тендерийн баримт бичгийнхээ 84-89 дүгээр хуудсанд Ашиглалтын хугацааны өртгийн тооцооллын баримт бичгийг захиалагчаас шаардсан хүснэгт, нотлох баримт болон тооцооллын задаргааны хамтаар тооцож хүргүүлсэн болно.

Захиалагч тендерийн баримт бичигтэй танилцахдаа 8000 мото цаг хүртэл хийх тосны шүүрийг 32 удаа солих ёстой байхад 5 удаа солихоор баримт ирүүлсэн гэх тайлбар ирүүлсэн байна. Техникийн үйлчилгээг 8000 мото цаг хүртэл 250 мото цаг тутамд хийх бөгөөд нэг удаа үйлчилгээ хийхэд 4 тосны шүүр нийт 8000 мото цаг хүртэл 32 удаа давтагдах буюу нийт 128 шүүр солихоор байна. Нийт 32 удаа солигдож буй задаргааг тендерийн баримт бичгийн 88-89 дүгээр хуудсанд оруулсан байгаа болно. Мөн агаарын шүүр 4 ширхгийг солих ёстой гэж ирүүлсэн байхад ашиглалтын хугацаанд гарах өртгийг тооцохдоо тус бүр 2 ширхэг байхаар тооцсон байна гэх тайлбар ирүүлсэн. Оролцогч “**” ХХК ашиглалтын хугацааны өртгийн шаардлагын дагуу үйлдвэрийн нотлох баримтыг орчуулгын хамт, мөн ашиглалтын материалын нэгж бүрийн үнэлгээг техник үйлчилгээнд ашиглагдах тоо ширхгийн хамтаар нээлттэйгээр хүргүүлсэн ба хэрхэн тооцсоныг нотлох зорилгоор задаргаа хүснэгтийг мөн илгээсэн болно. Захиалагч тендерт оролцогчийн илгээсэн үнийн мэдээлэлтэй танилцан тооцооллын арифметик алдааг шалган ТБОНӨХБАҮХАтХуулийн “27.3.Үнэлж байгаа тендерийн үнэд арифметик алдаа байвал захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар залруулж, энэ тухай оролцогчид мэдэгдэж, хүлээн зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу ирүүлэхийг шаардана." гэх шаардлагыг хэрэгжүүлэх үүргийг хангаагүй нь бидэнд хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хааж байна.

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн а/256 дугаар тушаалын хавсралт “Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцох аргачлал, заавар"-ын “Гурав.Ашиглалтын хугацааны өртөг тооцох 3.2. Тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцоход шаардлагатай мэдээлэл, баримт бичгийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах бол хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шийдвэрпэнэ" гэж заасны дагуу мөн ТБОНӨХБАҮХАТХуулийн “25.1. Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.” гэж заасан байна. Захиалагч тендерийн баримт бичигт зөрчилдөөнтэй мэдээлэл байгаа эсэхийг мэдсэн боловч тус хуульд заагдсан зүйлийн дагуу “**” ХХК-аас тодруулга аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл болох нь давхар батлагдана.

Манай байгууллагын санал болгосон тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж заасны дагуу Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан мөн ТБОНӨХБАҮХАтХуулийн 27.5-т дурдсаны дагуух хамгийн сайн тендер мөн юм.

Мөн “**” ХХК-ийн санал болгосон АС Drive System буюу цахилгаан хүч дамжуулах анги бүхий өөрөө буулгагч тоног төхөөрөмж нь олон улсад, дэлхийн томоохон уул уурхайн байгууллагууд үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн сүүлийн үеийн дэвшилтэд машин механизм юм. Цахилгаан хүч дамжуулах анги нь тээврийн хэрэгслийн нийт жин, тээвэрлэх замын урт, гулсалтын эсэргүүцлээс хамаарч хөдөлгүүрийн ачаалал болон түлш зарцуулалтыг хамгийн бага байлгахаар тохируулж, элэгдэл болон ашиглалтын зардлыг багасгадаг, эдийн засаг болон байгаль орчинд ээлтэй зэрэг олон олон давуу талтай. Захиалагч нь уг дэвшилтэд АС Drive System буюу цахилгаан хүч дамжуулах анги бүхий өөрөө буулгагч тоног төхөөрөмжийг уурхайд нэвтрүүлэх боломж байхад тендер шалгаруулалтын үнэлгээг илтэд буруу хийж уламжлалт механик араат хүч дамжуулах анги бүхий өөрөө буулгагч автомашиныг шалгаруулан худалдан авах оролдлого хийж байгаа нь эдийн засгийн ач холбогдолтой байх шаардлагыг зөрчсөн үйлдэл болж байна. гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий тендер буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер байгаа. Уг тендер процессын хувьд хамгийн анх 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тендер сонгон шалгаруулалтын зар tender.gov.mn цахим хуудсаар нийтэд хүрсэн. Ингээд тендерт нийтдээ нэр бүхий таван компани тендерийн бичиг баримт ирүүлсэн. Санал ирүүлсэн тендерийг 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 09:10 минутад нээсэн байгаа. Ингээд 06 сарын 17-ны өдөр Үнэлгээний хороо хуралдсан. Хуралдаанд 5 дугаартай тэмдэглэл авсан. Энэ 5 дугаартай тэмдэглэл дээр ямар асуудал байсан бэ гэхээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9-д зааснаар тендерийн шалгаруулалтын баримт бичиг бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан гэж үзээд шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэж шийдвэрлэсэн байдаг. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу үнэлгээ хийгээд үнэлсний үндсэн дээр үнээрээ “**” ХХК-ийн тендер хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Харин нэгдүгээрт эрэмбэлэгдсэн “**” компанийг шалгаруулсантай холбогдуулаад “**” ХХК-ийн хувьд хуульд заасан журмын дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яамнаас “**” компанийг шалгаруулсан захиалагчийн Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэрт мэдэгдэлтэй холбоотойгоор хянаж үзээд тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.5, 29.2 дахь хэсгийг дахин нягтлах шаардлагатай гэдэг үндэслэлээр эрх олгосон мэдэгдэл, шийдвэрийг хүчингүй болгоод дахин хянахаар шийдвэрлэсэн. Үүний дараа дахин хянах процесс явагдсан. Ингээд дахин хянах процессын хувьд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн шийдвэр гаргасан. Шийдвэр гараад 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “**” ХХК-д маргаан бүхий мэдэгдэл ирсэн. 5189 дугаартай мэдэгдэл ирсэн. Мэдэгдэлд ямар агуулга байна вэ гэхээр техникийн тодорхойлолт тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.2-ийг хангаагүй гэдэг. Ийм агуулгаар татгалзсан. Өөрөөр хэлбэл 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлээр 5 дугаартай хурлын тэмдэглэлээр “**” ХХК-ийн материал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тендер гэж үнэлэгдэж үнэлэх шат руу ороод үнэлэгдээд явсан.  2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн захиалагчийн мэдэгдлээр энэ тендерийн баримт бичигт тавигдсан зарим шаардлагыг хангахгүй байна гэдэг дүгнэлт шийдвэр ирсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл тендерийн бичиг баримтуудад ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй, тендер техникийн тодорхойлолт бусад тавигдаж байгаа шаардлага бүх зүйл хэвээрээ, нэхэмжлэгч компанийн явуулсан тендерт тендерийн бичиг баримтад өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй байхад сарын өмнө гаргаж байсан шийдвэрээсээ одоо эсрэг агуулгатай шийдвэр гаргасан. Энэ бол тендерийн баримт бичиг зарим шаардлагыг хангахгүй гэсэн ийм агуулгаар татгалзсан. Ингэж татгалзахдаа 7 дугаартай хурлын тэмдэглэлээр бүх тендерээс татгалзах агуулгатай шийдвэрийг гаргасан байна. Тэгэхээр энэ шийдвэртэй холбогдуулаад Сангийн яаманд гомдол гаргасан. Ингээд шүүхэд хандаж байгаа. Гол үндэслэлийн хувьд ямар асуудал явж байна вэ гэхээр техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэл байгаа. Тэгэхээр яг ямар шаардлагыг хангаагүй вэ гээд аваад үзэхээр энэ мэдэгдэл дээр тодорхой дурдагдсан. Энэ шаардлагуудыг тодруулаад ярья. Тэгэхээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт хэсэгт санал болгож буй бүтээгдэхүүний брэнд моделийн нарийвчлан заасан техникийн тодорхойлолт бүхий цахим хаягийг тендерийн материалд ирүүлсэн техникийн тодорхойлолт болон цахим хаягт мэдээлэл зөрсөн тохиолдолд цахим хаяг дахь техникийн тодорхойлолтыг үнэлнэ, ирүүлээгүй тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзэн тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан байгаа. Гэтэл захиалагчийн гаргасан мэдэгдэлд “**” ХХК-ийн тендерийн материалд техникийн тодорхойлолт бүхий цахим хаягийг ирүүлээгүй гэдэг агуулгаар бодит байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй худлаа дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл тендерийн материал дээр байж байгаа цахим хаягийг ирүүлсэн гэдэг. Энэ баримт хэрэгт хангалттай байгаа. Тэгэхээр цахим хаягийг ирүүлээгүй гэдэг агуулгаар дүгнэлт хийж татгалзах үндэслэл болгож байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж харж байгаа. “**” ХХК-ийн хувьд тендерийн тодорхойлолтын шаардлагыг хангасан захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж байгаагаа нотлох зорилгоор тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.5-д заасны дагуу шаардсаны дагуу харьцуулсан хүснэгтийг тендерийн баримт бичгийн 72-75 дугаар хуудсанд оруулж санал болгосон. Өөрөөр хэлбэл захиалагчаас шаардсан техникийн тодорхойлолтыг хэрхэн яаж хангаж байгаа талаар тодорхой тайлбар, харьцуулсан хүснэгт мэдээллүүдийг оруулсан. “**” ХХК-ийн санал болгосон тендерийн баримт бичгийн 75 дугаар хуудсанд бараа үйлдвэрлэгч компанийн техникийн тодорхойлолт бүхий цахим хаягийг дурдаж оруулсан. Тэр холбоос нь байнгын хэвийн ажиллагаатай. Ороод харахад нэхэмжлэгч компанийн санал болгосон барааны танилцуулга цахим хаяг дээр байж байгаа. Тэр цахим хуудсан дээр байгаа мэдээлэл хоёр хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй. Энэ бол буруу тайлбарлаж байгаа асуудал гэдгийг хэлье. Тэгэхээр хоёрдугаарт тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.2-т заасан байгаа тендер үнэлэх үндсэн шалгуурыг харьцуулах үүднээс өөрөөр тогтоох эсэх, ашиглалтын хугацааны өртгийг үнэлэх бөгөөд ашиглалтын хугацааны өртгийг хэрхэн тооцох талаар техникийн тодорхойлолт хэсгээс харна уу гэсэн байгаа. Тэгээд тооцоололтой холбоотой үнэн зөв мэдээлэл ирүүлэх бөгөөд нотлох баримтыг хавсарган орчуулгын хамт ирүүлнэ, нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд татгалзах үндэслэл болохыг анхаарна уу гэдэг зүйл байгаа. Тэгээд захиалагч манай компаниас хүргүүлсэн ашиглалтын хугацааны өртгийн тооцоололтой холбоотой баримт бичгийг алдаатай ирүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. “**” ХХК-ийн хувьд санал болгосон тендерийн баримт бичгийнхээ 84-89 дүгээр тал, хавтаст хэргийн 120-123 дугаар талд ашиглалтын хугацааны өртгийн тооцооллын хүснэгт, задаргаа зэрэг баримтуудыг оруулж өгсөн байгаа. Тэгэхээр энэ баримт байсаар байтал хавсаргах баримт хавсаргаж ирүүлээгүй үндэслэлээр ирүүлчихсэн баримтыг ирүүлээгүй мэтээр буруу дүгнэсэн байна. Ингэж одоо хууль зүйн хувьд энэ асуудалтай холбогдуулаад нэхэмжлэгч компанийг тендерээс татгалзсан. Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр өөрөө хууль зүйн үндэслэлгүй буруу шийдвэр боллоо. Нэхэмжлэгч байгууллагын тендерт оролцох, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан тендерийг үнэлүүлэх эрхийг зөрчиж татгалзсан байна гэж үзээд өөрөөр хэлбэл бүхэлд нь татгалзсан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй. “**” ХХК захиалагчийн хэлээд байгаа энэ хоёр шалгуур шаардлагыг болбол хангачихсан байсан. “**” компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу үнэлэх ёстой байсан. Гэрээ байгуулах эрх олгох ёстой байхад үндэслэлгүйгээр үнэлэх шат руу оруулахаас татгалзаж тендерээс татгалзсан. Энэ шийдвэр өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Тэр агуулгаараа нэгэнтээ татгалзсан энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй учраас түүнийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг тендерийн Үнэлгээний хороонд даалгах, гэрээ байгуулахыг захиалагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай тендер зарлаж 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус тендерийг нээсэн. Тендер нээхэд 5 оролцогч байсан бөгөөд тендер үнэлэх, хянах хурлыг тендер нээсэн өдөр хийж, 06 дугаар сарын 17-ны өдөр хянан үзэж үнэлэх хурлыг үргэлжлүүлсэн. Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар хурлаар “**” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан шийдвэр, “**” ХХК-д хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан шийдвэр, бусад оролцогчид 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан шийдвэрийг гаргаж, захиалагчийн шийдвэрийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн.

Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03/5812 дугаар албан бичгээр “**” ХХК-аас гомдол гарсан талаар мэдэгдэж, тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “**” ХХК-ийн гаргасан гомдлын хянасан тухай 03/6060 дугаар албан бичгийг захиалагчид ирүүлсэн. Уг гомдол хянасан тухай албан бичигт “**” ХХК-аас ирүүлсэн ашиглалтын хугацааны өртөг тооцсон 1 дүгээр хүснэгтийн 1-д заасан техникийн үйлчилгээг хийхэд зарцуулагдах ашиглалтын материалын мэдээлэл дээр дурдсан өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5, ТШЗ 29.2-т заасан шаардлагад нийцэх эсэхийг захиалагч нягтлан үзэх нь зүйтэй байна” гэж дурьдан хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03/5812 дугаар албан бичгээр “**” ХХК-аас гомдол гарсан талаар мэдэгдэж, тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “**” ХХК-ийн гаргасан гомдлын хянасан тухай 03/6060 дугаар албан бичгийг захиалагчид ирүүлсэн. Уг гомдол хянасан тухай албан бичигт “**” ХХК-аас ирүүлсэн ашиглалтын хугацааны өртөг тооцсон 1 дүгээр хүснэгтийн 1-д заасан техникийн үйлчилгээг хийхэд зарцуулагдах ашиглалтын материалын мэдээлэл дээр дурдсан өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5, ТШЗ 29.2-т заасан шаардлагад нийцэх эсэхийг захиалагч нягтлан үзэх нь зүйтэй байна” гэж дурьдан хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 03/6060 дугаар албан бичгийн дагуу үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хурлаараа Сангийн яамнаас тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг мэдэгдсэн тул бүх оролцогчдын техникийн тодорхойлолтыг нягталж үзсэний дараа дахин хуралдахаар шийдвэр гаргасан. Уг хурлын шийдвэрийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин хуралдаж тендер хянан үзэж, үнэлэх ажиллагааг дахин хийж, бүх тендерээс татгалзах тухай дүгнэлт, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: 1. Техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан тухай тайлбартаа “....Захиалагч нь гаргасан мэдэгдэлдээ манай компанийг тендерийн материалдаа техникийн тодорхойлолт бүхий цахим хаягийг ирүүгүй мэт бодит нөхцөлд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, илт худал үндэслэлээр тайлбарласан байна” гэж дурджээ.

Захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт хэсэгт “Санал болгож буй бүтээгдэхүүний брэнд, моделийг нарийвчлан заасан техникийн тодорхойлолт бүхий цахим хаягийг тендерийн материалд ирүүлнэ. Ирүүлсэн техникийн тодорхойлолт болон цахим хаяг дахь мэдээлэл зөрсөн тохиолдолд цахим хаяг дахь техникийн тодорхойлолтыг үнэлнэ. Ирүүлээгүй тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзэн тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасан.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасан уг шалгуурын дагуу “**” ХХК нь өөрийн ирүүлсэн тендерийн 75 дугаар хуудсанд “үйлдвэрлэгчийн шалгах            холбоос: http://en.chinanhl.norincogroup.com.cn/art/2022/7/12/art_8018_363594.html цахим хаягийг ирүүлсэн. Үнэлгээний хороо хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь заалтын дагуу санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн эсэхийг техникийн тодорхойлолтод заасан шалгуурын дагуу хянан үзэхэд захиалагчийн техникийн тодорхойлолтын “цаг агаарын -40°С~40°С хэмийн нөхцөлд ил уурхайн тоос шороотой орчинд ажиллах техникийн нөхцөл” болон “хөдөлгүүрийн эргэлт”-ийн үзүүлэлт үйлдвэрлэгчийн цахим хаяг дахь мэдээлэлд байгаагүй.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод оролцогчийн ирүүлсэн техникийн тодорхойлолт үнэн зөв, бодитой эсэхийг нягтлах үүднээс үйлдвэрлэгчийн цахим хаяг дахь мэдээллийг шалгах холбоос ирүүлэх, цахим хаяг дахь техникийн тодорхойлолтын талаарх мэдээлэл нь оролцогчийн ирүүлсэн техникийн тодорхойлолтоос зөрүүтэй бол үйлдвэрлэгчийн цахим хаяг дахь мэдээллээр техникийн тодорхойлолтын шаардлага хангаж буй эсэхийг үнэлэхээр тодорхой заасан. “**” ХХК нь үйлдвэрлэгчийн цахим хаягийг өөрийн тендертээ ирүүлсэн боловч цахим хаяг дахь мэдээлэл нь захиалагчийн техникийн тодорхойлолттой нийцээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь заалтад нийцээгүй тул шаардлагад нийцээгүй гэж үнэлгээний хороо үзсэн.

2. Түүнчлэн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 29.2-г хангасан тухай тайлбартаа “Захиалагч нь манай компаниас хүргүүлсэн ашиглалтын хугацааны өртгийн тооцоололтой холбоотой баримт бичгийг алдаатай ирүүлсэн гэж худал дүгнэсэн байна. Тендерт оролцогч “**” ХХК нь санал болгосон тендерийн баримт бичгийнхээ 84-89 дүгээр хуудсанд Ашиглалтын хугацааны өртгийн тооцоолол баримт бичгийг захиалагчаас шаардсан хүснэгт, нотлох баримт болон тооцооллын задаргааны хамтаар тооцож хүргүүлсэн болно” гэж дурджээ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу арифметик алдааг залруулаагүй нь хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хааж байна. Түүнчлэн, хуулийн 25 дугаар зүйлд зааснаар “**” ХХК-аас тодруулга авах аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл болох нь давхар батлагдана” гэж тус тус дурджээ.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 29.2-т “Ашиглалтын хугацааны өртгийн аргаар үнэлэх бөгөөд ашиглалтын хугацааны өртгийг хэрхэн тооцох талаар техникийн тодорхойлолт хэсгээс харна уу. Тооцоололтой холбоотой үнэн зөв мэдээлэл ирүүлэх бөгөөд нотлох баримтыг хавсарган, орчуулгын хамт ирүүлнэ. Нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд татгалзах үндэслэл болохыг анхаарна уу.” гэсэн шалгуур тавьсан. “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн 85 дугаар хуудсанд NTE 150 автосамосвалын үйлдвэрээс баталгаажсан үйлчилгээний интервал /үечлэл/ ирүүлсэн. NTE 150 автосамосвалын үйлдвэрээс ирүүлсэн үйлчилгээний интервал нь 250 мото цаг, 500 мото цаг, 1000 мото цаг, 2000 мото цаг, 8000 мото цаг дутамд нийт 5 удаагийн үйлчилгээ хийхээр тусгагдсан байна. Тухайлбал, тосны шүүрний хувьд 250 мото цаг, 500 мото цаг, 1000 мото цаг, 2000 мото цаг, 8000 мото цаг дутамд 4 ширхэг, нийт 20 ширхэг тосны шүүр солихоор NTE 150 автосамосвалын үйлдвэрээс баталгаажсан үйлчилгээний интервал ирүүлсэн. Оролцогчийн санал болгосон NTE 150 загварын хүнд даацын автомашин нь Сummins КТА50С хөдөлгүүртэй байхаар техникийн харьцуулсан тодорхойлолтод тусгасан. Уг Сummins КТА50С загварын хөдөлгүүр нь үйлдвэрлэгчийн ашиглалтын гарын авлагад зааснаар 250 мото цаг тутамд техникийн үйлчилгээ хийх нормтой байдаг. Тухайлбал, Сummins КТА50С хөдөлгүүрийн тосны шүүрийг 250 мото цаг тутамд солих ёстой ба уг хөдөлгүүр 8000 мото цаг ажиллахад нийт 32 удаа буюу 128 ширхэг шүүр солих ёстой байдаг. Иймд NTE 150 автосамосвалын үйлдвэрээс баталгаажсан үйлчилгээний интервал нь Сummins КТА50С хөдөлгүүрийн үйлчилгээ хийх үечлэлтэй тохирохгүй байгаа тул өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 29.2 дахь шалгуурыг хангахгүй гэж үзэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн.  

Түүнчлэн, “**” ХХК нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу арифметик алдаа залруулаагүй талаар гомдолдоо дурдсан байна. “**” ХХК-ийн ирүүлсэн тендерт арифметик алдаа байгаагүй ба энэ нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж заасан байдаг. “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан шаардлагад нийцсэн тендерт оролцогч биш бөгөөд 26.9-д зааснаар Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй тендер ирүүлсэн. Иймд шаардлагад нийцээгүй тендерийн арифметик алдааг залруулахгүй хуулийн зохицуулалттай байна.

Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын 7 дугаар зүйлийн 7.4-д “Тендерийн үнийн арифметик алдааг доор дурдсанаар залруулна” гэж заасан байна. Үүнд:

-7.4.1.нэр төрлийн мөр дэх нийт үнэ нь түүний нэгж үнийг тоо ширхгээр үржүүлэхэд гарсан үнээс зөрвөл нэгж үнийг үндэслэн түүний мөр дэх нийт үнийг залруулна. Харин нэгж үнийн аравтын орны таслалыг илэрхий алдсан гэж үзвэл тухайн мөр дэх нийт дүнг зөв гэж үзэн холбогдох нэгж үнийг залруулах;

-7.4.2.мөр дэх үнийн нийлбэр эсхүл ялгаварт алдаа байвал мөр дэх үнийг үндэслэн нийт үнийг залруулах;

-7.4.3.тоо болон үгээр илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрсөн бол үгээр илэрхийлэгдсэнийг зөв гэж үзэж тоон дүнг залруулна. Харин үгээр илэрхийлсэн дүн нь арифметик алдаанаас шалтгаалсан бол 7.4.1, 7.4.2-т нийцүүлэн тоогоор илэрхийлсэн дүнг баримтална.

Эндээс харахад “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн үнэнд “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын 7 дугаар зүйлийн 7.4-д заасан нөхцөл байдал үүсээгүй болно.

Иймд нэгдүгээрт, “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлагад нийцээгүй тендер тул арифметик алдааг залруулахгүй, хоёрдугаарт, арифметик алдаа байлаа гэж үзэхэд NTE 150 автосамосвалын үйлдвэрээс баталгаажсан үйлчилгээний интервал буруу байх нь “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын 7 дугаар зүйлийн 7.4-д зааснаар барааны үнийн задаргаа биш тул арифметик алдаа биш юм.

Мөн "**” ХХК нь нэхэмжлэлдээ “захиалагч тендерийн баримт бичигт зөрчилдөөнтэй мэдээлэл байгаа эсэхийг мэдсэн боловч тус хуульд заагдсан зүйлийн дагуу тодруулга аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл болох нь давхар батлагдана” гэж дурьдсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасан байна. “**” ХХК-ийн ирүүлсэн тендерт тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудал байгаагүй. ИТЕ 150 автосамосвалын үйлдвэрээс баталгаажсан үйлчилгээний интервал нь Сummins КТА50С хөдөлгүүрийн үйлчилгээний хийх үечлэлтэй тохирохгүй байгаа нь тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудал биш юм. Тендер хянан үзэх шатанд NTE 150 автосамосвалын үйлдвэрээс баталгаажсан үйлчилгээний интервал нь Сummins КТА50С хөдөлгүүрийн үйлчилгээний хийх үечлэлтэй тохирохгүй байхад “**” ХХК-аас энэ талаар тодруулга авах нь хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар бусад оролцогчдын өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг алдагдуулахад хүргэх тул тодруулга авахгүй байх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, “**” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин”-ыг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2.1. Нэхэмжлэгч  “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан ““Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2024 оны  06 дугаар сарын 25-ны өдрийн СЭ-112-12/4217 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг мэдэгджээ. /I хавтаст хэргийн 13 дахь тал/

            2.2. “**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянаад 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 03/6060 дугаартай албан бичгээр “...захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн СЭ-112-12/4218 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх” гэж шийдвэрлэжээ. /I хавтаст хэргийн 14-26 дахь тал/

            2.3. Тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, 07 дугаартай тэмдэглэлээр бүх тендерээс татгалзаж, дахин нээлттэй тендер зарлах Үнэлгээний хорооны саналыг захиалагчид хүргүүлж, захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтын дагуу шаардлага хангаагүй” гэж зааснаар татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 27-28 дахь тал/

2.4. “**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03/6643 дугаартай албан бичгээр “**” ХХК-ийн гомдолд гүйцэтгэх захирал ** гарын үсэг эх хувиар хэрэглээгүй” гэх үндэслэлээр гомдлыг буцааж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон. /I хавтаст хэргийн 29-34 дэх тал/

2.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана, 28 дугаар зүйлийн 28.2-д “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар тендерийн Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэж, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэл буюу Үнэлгээний хорооны шийдвэрийг гаргаж, уг шийдвэрийг үндэслэн захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай мэдэгдлийг “**” ХХК-д хүргүүлжээ.

2.6. Тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэл болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэлдээ:

-“Технкийн тодорхойлолтод заасан “цаг агаарын -40~+40 хэмийн нөхцөлд ил уурхайн тоос шороотой орчинд ажиллах техникийн нөхцөл” болон “хөдөлгүүрийн эргэлт”-ийн үзүүлэлтийг харьцуулсан техникийн тодорхойлолт болон барааны танилцуулгад ирүүлсэн боловч...үйлдвэрлэгчийн шалгах холбоосоор шалгаж үзэхэд мэдээлэл байхгүй”. Энэ нь техникийн тодорхойлолтод заасан “Санал болгож буй бүтээгдэхүүний бренд, моделийг нарийвчлан заасан техникийн тодорхойлолт бүхий цахим хаягийг материалд ирүүлнэ. Ирүүлсэн техникийн тодорхойлолт болон цахим хаяг дахь мэдээлэл зөрсөн тохиолдолд хаяг дахь техникийн тодорхойлолтыг үнэлнэ. Ирүүлээгүй тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзэн тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн шалгуурыг хангахгүй тул шаардлагад нийцээгүй” гэж;

“...NME150 автосамосвалын үйлдвэрээс баталгаажуулсан үйлчилгээний интервалд 8000 мото.цагт хийх техникийн үйлчилгээг алдаатай ирүүлсэн. Тухайлбал, 8000 мото.цагт тосны шүүрийг 32 удаа солих ёстой байхад 5 удаа солихоор баримт ирүүлсэн. Мөн ашиглалтын хугацаанд үйлдвэрлэгчээс 500, 1000, 2000, 8000 мото.цаг тутамд агаарын шүүрийг тус бүр 4 ширхгийг солих ёстой гэж ирүүлсэн байхад ашиглалтын хугацаанд гарах өртгийг тооцохдоо тус бүр 2 ширхэг байхаар тооцсон байна”. Энэ нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 29.2-т заасан шалгуурыг хангаагүй” гэжээ.  

2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.

            2.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.18-д ““Техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” ойлгохоор заасан. 

2.9. Тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичиг”-ийг баталж, хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзсэн байна. /I хавтаст хэргийн 132-250, II хавтаст хэргийн 1-69 дэх тал/

            2.10.  “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод “Санал болгож буй бүтээгдэхүүний бренд, моделийг нарийвчлан заасан техникийн тодорхойлолт бүхий цахим хаягийг материалд ирүүлнэ. Ирүүлсэн техникийн тодорхойлолт болон цахим хаяг дахь мэдээлэл зөрсөн тохиолдолд хаяг дахь техникийн тодорхойлолтыг үнэлнэ. Ирүүлээгүй тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзэн тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн шалгуурын талаар тендерт оролцогч нар ямар нэгэн гомдол захиалагч болон эрх бүхий байгууллагад гаргаагүй байх бөгөөд энэхүү шаардлагын дагуу үйлдвэрлэгчийн шалгах холбоосыг тендерт оролцогч нар нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийн хамт ирүүлжээ. /I хавтаст хэргийн 106-109 дэх тал/

2.11. Нэхэмжлэгч талаас “Үйлдвэрлэгчийн шалгах холбоосыг ирүүлээгүй нь тендерээс татгалзсан үндэслэл болно гэж заасан бөгөөд манай компани шалгах холбоос ирүүлсэн байхад татгалзсан нь үндэслэлгүй. Мөн ирүүлсэн техникийн тодорхойлолт болон цахим хаяг дахь мэдээлэл зөрсөн тохиолдолд хаяг дахь техникийн тодорхойлолтыг үнэлэхээр заасан бөгөөд манай ирүүлсэн техникийн үзүүлэлт зөрсөн зүйл байхгүй. Манай тендер -40~+40 хэмийн нөхцөлд ил уурхайн тоос шороотой орчинд ажиллах техникийн нөхцөлийг бүрэн хангаж байгаа бөгөөд уг мэдээллийг үйлдвэрлэгч цахим хаягтаа оруулах эсэх нь биднээс шалтгаалахгүй. Мөн хөдөлгүүрийн хүчин чадал “1193 kw 1600 hp” гэсэн мэдээлэл манайх хүргүүлсэн нь шаардлага хангаж байгаа” гэж;

хариуцагч талаас “Үйлдвэрлэгчийн холбоосоор шалгаж байгаа нь тендерт оролцогч нар үйлдвэрлэгчийн техникийн үзүүлэлтийг өөрчилж мэдээлэл ирүүлдэг, нийлүүлсэн техник нь тоос шороотой, халуун хүйтэн нөхцөлд ажиллах үйлдвэрийн нөхцөлд тавигдах шаардлага хангахгүй асуудал үүсдэг учраас ирүүлсэн мэдээллийг шалгах холбоосоор шалгах шаардлага техникийн тодорхойлолтод оруулсан. “**” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтоор цаг агаарын -40~+40 хэмийн нөхцөлд ил уурхайн тоос шороотой орчинд ажиллах техникийн нөхцөлийг хангана гэсэн боловч энэ мэдээлэл шалгах холбоосоор шалгахад байхгүй байсан. Мөн техникийн тодорхойлолтод “хөдөлгүүрийн эргэлт” 1500-1900 об/мин /rpm/ гэсэн шаардлага тавьсан боловч энэ талаар мэдээлэл огт ирүүлээгүй, шалгах холбоосоор шалгахад энэ мэдээлэл байхгүй байсан” гэж тус тус маргав.

2.12. Хэргийн оролцогч нарын маргаж буй дээрх үндэслэл болон тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт, “**” ХХК-ийн ирүүлсэн тендер, техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт, тендерийн Үнэлгээний хорооны үнэлгээний дүгнэлт зэргээс дүгнэхэд тендерт оролцогч “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.” гэж заасныг зөрчөөгүй байна.

2.13. Тодруулбал, Тендерийн Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.3.захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх; 26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх.” гэж зааснаар тендерийг хянан үзжээ.

2.14. Ийнхүү хянан үзэхэд “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь техникийн тодорхойлолтын “Ерөнхий нөхцөл” буюу “цаг агаарын -40~+40 хэмийн нөхцөлд ил уурхайн тоос шороотой орчинд ажиллах техникийн нөхцөлийг хангасан байна” гэсэн шалгуур үзүүлэлтийг хангах эсэх нь үйлдвэрлэгчийн цахим хаяг дахь мэдээллээр тогтоогдоогүй, энэ талаар мэдээлэл байхгүй байсан болох нь тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, үйлдвэрлэгчийн цахим хаягийн мэдээллийн орчуулга бүхий баримтаар тогтоогдож байна.

2.15. Мөн “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь техникийн тодорхойлолтын “Хөдөлгүүрийн хүчин чадал” буюу “Эргэлт 1500-1900 об/мин /rpm/, чадал 1082-1194 кВт /kw/, морины хүч 1400-1622 /HP/-тэй хөдөлгүүртэй байна. /Эсхүл түүнтэй дүйцэх/” гэсэн шаардлагын хөдөлгүүрийн эргэлтийн мэдээлэл ирүүлээгүй гэж хянан үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй. Тодруулбал, “**” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд “хөдөлгүүрийн хүчин чадал” гэдэгт “1193 kw 1600 hp” гэсэн мэдээлэл ирүүлсэн байгаа бөгөөд хөдөлгүүрийн эргэлтийн талаар мэдээлэл байхгүй, мөн үйлдвэрлэгчийн цахим хаягт хөдөлгүүрийн эргэлтийн мэдээлэл тавигдаагүй байгаа нь “**” ХХК-ийн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт, цахим хаягийн орчуулгын мэдээллээр нотлогдсон.  

2.16. Иймд “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй тендер гэж үзэх үндэслэлтэй байх тул уг тендерээс татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, түүний үндэслэн хүргүүлсэн захиалагчийн мэдэгдэл үндэслэлтэй, уг захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй байна.

2.17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”,  30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

2.18. Иймд тендерийг хянан үзэх шатанд “**” ХХК-ийн тендерээс тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлага хангаагүй гэж татгалзсан шийдвэр үндэслэлтэй байгаа энэ тохиолдолд тендерт үнэлгээ хийх үндэслэлгүй. Тодруулбал, тендерийг хянан үзэх шатанд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерт үнэлгээ хийх нөхцөл бүрдэх юм.

2.19. “**” ХХК-ийн тендерээс татгалзах үндэслэлэд “...NME150 автосамосвалын үйлдвэрээс баталгаажуулсан үйлчилгээний интервалд 8000 мото.цагт хийх техникийн үйлчилгээг алдаатай ирүүлсэн. Тухайлбал, 8000 мото.цагт тосны шүүрийг 32 удаа солих ёстой байхад 5 удаа солихоор баримт ирүүлсэн. Мөн ашиглалтын хугацаанд үйлдвэрлэгчээс 500, 1000, 2000, 8000 мото.цаг тутамд агаарын шүүрийг тус бүр 4 ширхгийг солих ёстой гэж ирүүлсэн байхад ашиглалтын хугацаанд гарах өртгийг тооцохдоо тус бүр 2 ширхэг байхаар тооцсон байна” гэжээ.

2.20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.16-д зааснаар Сангийн сайдын баталсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/256 дугаар “Аргачлал, заавар батлах тухай” журмын хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендерийн ашиглалатын хугацааны өртөг тооцох аргачлал, заавар”-т зааснаар тендерийг хянан үзэх шатанд ашиглалтын хугацааны өртөг тооцоход шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг ирүүлсэн эсэхийг хянан үзэхээр заасан байх ба шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийхэд ашиглалтын хугацааны өртөг тооцож үнэлгээг хийх хууль, хэм хэмжээний актын зохицуулалттай байна.

2.21. Иймд “**” ХХК нь үйлдвэрээс баталгаажуулсан үйлчилгээний интервал болон ашиглалтын хугацааны өртөг тооцох мэдээлэл, баримт бичгийг тендерийн баримт бичигт ирүүлсэн байх бөгөөд “**” ХХК-ийн тендер нь тендерийг хянан үзэх шатанд тендер шалгаруулалтын баримт бичиг болох техникийн тодорхойлолтод заасан нөхцөл шаардлагыг хангаагүй энэ тохиолдолд ашиглалтын хугацааны өртөг тооцох үнэлгээ хийгдэхгүй, тийм учраас үүнтэй холбоотой маргаанд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв. /I хавтаст хэргийн 119-123 дахь тал/

2.22. Захиалагч нь ашиглалтын өртөг тооцох аргачлалд Техникийн засвар үйлчилгээний гарын авлагад заасан мэдээллийг ашиглах талаар тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй тул нотлох баримтаар гаргаж өгсөн Техникийн засвар үйлчилгээний гарын авлага, түүний орчуулгын баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. /II хавтаст хэргийн 145-148 дахь тал/

2.23. Нэхэмжлэгч “**" ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй, тендерийг хянан үзэх шатанд түүний ирүүлсэн тендерээс татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн, маргаан бүхий захиргааны акттай холбоотой үндсэн нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин”-ыг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байна.

2.24. Тодруулбал, Хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус “эс үйлдэхүй” эсхүл “татгалзсан шийдвэр”-ийн эсрэг “даалгах нэхэмжлэл”-ийн шаардлага гаргадаг бөгөөд эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй. Харин “**” ХХК-ийн тендерээс татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, түүний үндэслэн хүргүүлсэн захиалагчийн мэдэгдэл хууль бус болох нь тогтоогдохгүй байгаа энэ нөхцөлд даалгах нэхэмжлэл хангагдахгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023-06-16/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.10, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.2 дахь заалтуудыг баримтлан “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн СЭ-112-12/5189 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102680 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин”-ыг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга, дөрвөн зуун/ төгрөгөөс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгч “**” ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ