Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч Т.Т

Хохирогч А.П

Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Д.Л-д холбогдох эрүүгийн 1722000690061 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 8 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Д.Л /регистрийн дугаар ЗЖ95051117/

 

    Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 8 дугаар гудамжны 12 тоотод байх гэртээ өөрийн эх А.П-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр найзуудтайгаа хамт пиво уусан. Орой гэртээ ирээд “хоол байна уу” гэхэд ээж “цаана чинь хоол байгаа” гэж хэлсэн. Хоол хүйтэн байхаар нь халуун хоол байхгүй юм уу гэж хэлээд айлгах гээд ээж А.П-рүү тогооны таг шидсэн. Намайг гэртээ унтаж байхад цагдаа ирсэн гэв.

 

Хохирогч А.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр миний хүү Д.Л нэлээн согтуу орж ирээд “хоол байна уу” гэхээр нь “хоол байгаа” гэж хэлсэн. “Хоол хүйтэн байна” гээд аргалын дөрвөлж дээр байсан тогооны тагийг авч шидэхэд би орон дээрээс бууж таараад тогооны таг миний духанд оносон. Би урьд өмнө хүүдээ зодуулж үзээгүй болохоор бухимдаад цагдаад дуудлага өгсөн юм гэв.

 

Гэрч Ю.Д-н хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн  “...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын 8 дугаар гудамжны 12 тоотод гэртээ унтаж байхад хүү Д.Л ирээд ээжтэйгээ маргаж байх шиг байсан. Манай хүү Д.Л тогооны таг аваад ээжрүүгээ шидсэн чинь толгойд нь оносон. Д.Л тухайн өдрөөс өмнө намайг болон ээж А.П-г зодож цохиж байсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

Гэрч Б.З-н хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дуудлагын дагуу Аривжихын 8 дугаар гудамжны 12 тоотод очоод гэрт ороход гэр доторх эд зүйлийг эвдэж сүйтгэсэн зүйлгүй, гэрийн доторх эд зүйл эмх цэгцтэй байсан. Тухайн өдөр Д.Л-н ээж нь хүүхэд намайг зодоод байна гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/ 

 

- Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2017.09.19-ний өдрийн 170200280 дугаартай дүгнэлтэд

“1. А.П-н биед цус хурсан зөөлөн эдийн гэмтэл, духанд зулгарсан, хамрын нуруунд цус хурсан гэмтэл тогтоогдлоо.

 2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

 3. Гуянд үүссэн цус хурсан зөөлөн эдийн гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-ийн 17/

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/

 

- Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 158 дугаартай албан тоот /хх-ийн 52/

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч Д.Л 2017 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 8 дугаар гудамжны 12 тоотод байх гэртээ өөрийн эх А.П-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч А.Л тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1 дэх хэсэгт заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Л анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан  шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Л энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч А.П “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг тус тус дурдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Х овогт Д.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Л-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Л-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Шүүгдэгч Д.Л энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

               

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ