2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01509 

 

2025          02          18                                    191/ШШ2025/01509 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: ***************, ***************** тоот хаягт оршин суух, ****** овогт С.Б********* /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: ***************, ***************** тоот хаягт оршин суух, *********овогт Б.Л********* /РД:*********/-д холбогдох, 

Ажлын хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  

Намайг 2024 оны 5 дугаар сард зурагт үзээд сууж байхад ар гэр нь боломжгүй айлын гурван хүүхэд хүүхдийн тоглоом хийдэг гээд гарч байсан. Ингээд тэр хүүхдүүдийн хийж байгаа үйл ажиллагааг дэмжмээр санагдаад ********** гэсэн фэйсбүүк хаягаар нь холбогдож байгаад хариуцагч Б.Л*********той уулзсан. Ингээд зуслан дээрээ 3 сая төгрөгийн үнэ бүхий, 2,1 метрийн өндөртэй модон гулсуур, савлууран тоглоом хийлгэх захиалга өгч, урьдчилгаа төлбөрт 50 хувийг нь өг гэсний дагуу ажлын хөлс 1,500,000 төгрөгийг Б.Л*********ийн дансанд шилжүүлсэн. Эдний өөрсдийн гулсуур нь нимгэн төмөртэй байсан тул би өөрөө урдаас гулсуур захиалахаар болсон. Захиалга өгснөөс хойш нилээн удаж байж ирээд талбай дээр 4 ширхэг багана зооход тэгш биш, өндөр нам зоогдсон. Хүүхэд явдаг тавцанд нь зай гараад болохгүй байсан тул “тавцангаа 10 см хэмжээтэй тайрч болохгүй юу, хүүхэд хөл гараа хийгээд гэмтээхээр зай гараад байна” гэхэд “би тэгэж хийж чадахгүй” гэснээс бидний хооронд маргаан үүссэн. 

Сүүлдээ “бүх мөнгөө өгөхөөр чинь угсарна” гээд тоглоом угсрахгүй гэж маргаж  үл ойлголцол үүсээд хэрүүл болоод суурилуулж байсан тоглоомоо буулгаж аваад явсан. Тэгэхээр нь би мөнгөө авъя гэхэд мөнгийг минь буцааж өгөөгүй. Ингээд цагдаа  дээр очиж асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн боловч ойлголцоогүй улмаар хариуцагчаас тоглоомоо угсрахгүй бүх мөнгөө өг гэж хэрүүл үүсгэж, угсарч байсан тоглоомоо буулгаад ачаад аваад явсан. Өөртэй нь зохицох гэж их удаан хөөцөлдсөн боловч мөнгөө өгөх ямар ч сонирхолгүй өгөхгүй гээд алга болсон. 

Иймд ажлын хөлсөнд  өгсөн 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. 

2.Нэхэмжлэгчээс, иргэний үнэмлэхний хуулбар, гэрэл зураг, “Х.**********” ХК-ийн шилжүүлгийн мэдээллийн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хэрэгт авагдсан байна.  

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч С.Б********* нь хариуцагч Б.Л*********ид холбогдуулан, ажлын хөлс 1,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байх бөгөөд хариуцагчаас хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагчтай  байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон. 

  Нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Л*********оор хүүхдийн модон гулгуур, савлууртай тоглоом хийлгэх захиалга өгсөн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас хариу тайлбараа ирүүлээгүй байна. 

3.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. 

Нэхэмжлэгчийн тайлбар түүний хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд  талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.  

 4.Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх явцад хариуцагчийн ур чадвартай холбоотой нөхцөл байдал буюу тоглоомон гулсуур савлуурын 4 ширхэг шонг тэгш хэмийн алдагдалтай суурилуулсан, аюулгүй байдал муутай, зай завсартай суурийг хийсэн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, ажил гүйцэтгэгч нь суурилуулах модон тоглоомыг авч явсан гэх тайлбарт хариуцагч тал маргаагүй, холбогдох тайлбараа ирүүлээгүй байна.  

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гардуулсан бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг болон хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй. 

Мөн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан ба хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ  биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж хариу тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд  хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарласан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан үйл баримтад маргаагүй гэж үзнэ. 

5.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан 

Хэрэгт авагдсан “Х.**********” ХК-ийн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгч С.Б********* нь хариуцагч Б.Л*********ид 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. 

6.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Б.Л*********оос ажлын хөлсөнд төлсөн 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б*********д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

7.Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ: 

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Л*********оос 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б*********т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн, хариуцагч Б.Л*********оос 38,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Б*********т олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА