| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06429/И |
| Дугаар | 191/ШШ2025/01224 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01224
2025 02 11 191/ШШ2025/01224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *************, ************ тоот хаягт байрлах, “Г*************” ХХК /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************, ************ тоот хаягт оршин суух, *************овогт О.М************* /РД:*************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 35,060,109 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*************, хариуцагчийн өмгөөлөгч А.О*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага иргэн О.М*************тай 2020 оны 3 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 сая төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээл авсан өдрөөс хойш борлуулалтын орлого буурсан гэх үндэслэлээр зээл төлөх хугацааг удаа дараа хойшлуулж, 2021 оны 02 сарын 08-ны өдөр 6,276,431 төгрөгөөр зээлийн хувиарт өөрчлөлт оруулах хүсэлт өгсөн.
Төлбөрийн хуваарийг 2021 оны 3 сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан.
Зээлийн үндсэн төлбөр 15,526,564 төгрөг, хүү 17,944,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,714,825 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 313,556 төгрөгийн хамт нийт 35,060,109 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.
Зээлийн гэрээний 7.3-т заасан байгаа. Талууд харилцан тохиролцсны дагуу бичгийн хэлбэрээр нэмэлт оруулж болно гэж заасан. Хэргийн 8 дугаар талд хариуцагч О.М*************ын өөрийн хүсэлт байгаа бөгөөд хүсэлтийх нь дагуу гэрээний хувиарыг сунгасан байгаа тул 6,276,431 төгрөгийн зээл олгогдсон гэж үзнэ. Бидний хувьд хүү, нэмэгдүүлсэн хүүг энэ үнийн дүнгээс нэхэмжлэх эрхтэй. Зээл төлөх дараалал гэж байгаа. Үүний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй.
Хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаарх зээлийн үндсэн төлбөр 13,526,964 төгрөг, хүүгийн төлбөрт 17,944,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,588,857 төгрөг, нийт 35,060,109.2 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.М************* нь 2020 оны 3 сарын 26-ны өдөр 5 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан. Зээлийн төлбөрийг 2020 оны 4 сараас 9 сар хүртэл тус тус буцаан төлж байсан ба нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэхдээ төлөгдсөн үндсэн зээлийг хасаагүй нэхэмжлиж байгаан байна. Тодруулбал, үндсэн зээл 5 сая төгрөг байхад үндсэн зээлийн төлбөрт 15 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээ сунгагдсан гэж ярьж байгаа хэдий ч бичгээр байгуулаагүй. Тухайн бичгээр байгуулагдаагүй гэрээний хүү, алдангийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн хувьд 5 сая төгрөгөөс 275,812, 352,446 366,351, 380,804 төгрөгийг тус тус үндсэн зээлийн төлбөрт төлсөн. Хэрэв зээлийн гэрээ сунгагдсан бол бичгээр байгуулагдах ёстой. Иймд үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Зээлийн гэрээ сунгагдаагүй тул үндсэн зээлээс төлөгдсөн үнийн дүнг хасаад 6 сарын хүү төлөхийг зөвшөөрч байна.
Харин хэргийн 9 дүгээр талд авагдсан 6,569,000 төгрөг гэж байгаа нь үндэслэлгүй. Энэ мөнгийг бодитоор олгоогүй. Өнөөдрийг хүртэл хүүг 2021 оны 7 сараас хойшхи хуулиараа өндөөрийн хуулиар өмнөх банк бүхий хуулиар нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэв.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчээс Эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн өргөдөл, анкет, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, зээл олгосон баримт, өр төлбөргүй талаарх тодорхойлолт, 2024 оны 5 сарын 31-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэхб тухай албан бичиг, 2024 оны 6 сарын 24-ний өдрийн өргөдөл, Г************* ХХК-ийн 2024 оны 6 сарын 25-ны өдрийн хүсэлтийн хариу өгөх тухай албан тоот зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Г*************” ХХК нь хариуцагч О.М*************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,060,109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж айна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ЭХЗ2003036 дугаартай эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний үүрэгт дагуу хариуцагчаас 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 13,526,964 төгрөг, хүүгийн төлбөрт 17,944,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,588,857 төгрөг, нийт 35,060,109 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,624,584 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаа буюу 6 сарын хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, харин 6,276,431 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгийг шилжүүлж аваагүй тул энэ үнийн дүнгээс нэхэмжилж байгаа үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
3.”Г*************” ХХК болон О.М************* нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ЭХЗ2003036 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлдүүлэгчээс 5,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
4. Нэхэмжлэгчээс “зээл эргэн төлөлтийн хуваарь” гэх баримтыг үндэслэж 6,276,431 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ сунгагдсан гэж тайлбарлаж байх бөгөөд талуудын хэн алиных нь тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 6,276,431 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 451 дүгээр зүйлийн 451.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” тус тус зохицуулжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгчээс 6,276,431 төгрөгийг шилжүүлээгүй байх бөгөөд бичгээр зээлийн гэрээг байгуулсан, зээлийн гэрээг сунгасан зэрэг үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд талуудын хооронд 6,276,431 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу хэлцлийг хийгдээгүй байх тул нэхэмжлэгч нь 6,276,431 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй, харин 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагчаас дээр зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,375,416 төлсөн гэх тайлбарт нэхэмжлэгчээс маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3,624,584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
5.Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Тодруулбал зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөхгүй.
Иймд хариуцагчаас 2020 оны 7 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл хугацааны хүү буюу 49 сар /289,967 х 49 /-ын хугацааны хүүгийн төлбөрт 14,208,369 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,588,857 төгрөг нэхэмжилсэн.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байхад зээлдүүлэгч нь энэ өдрөөс хойш 4 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь нэмэгдүүлсэн хүү төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан.
Тодруулбал, хариуцагч нь зээлийн гэрээнд зааснаар 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зөрчиж төлөөгүй байтал нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцлагын үүрэг буюу нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна.
Иймд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,714,825 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
7.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 17,832,953 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 17,227,156 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.М*************аас 17,832,953 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г*************” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,227,146 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч О.М*************аас 247,115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г*************” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА