| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06947/И |
| Дугаар | 191/ШШ2025/01516 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01516
2025 02 18 191/ШШ2025/01516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***************, ************* тоот хаягт оршин суух, **********овогт Б.Т********** /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************, ************* тоот хаягт оршин суух, **********овогт Т.Э********** /РД:**********/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т**********, хариуцагч Т.Э**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т********** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Т********** нь интернэтээс зар хараад Т.Э********** гэх хүн машин худалдана гэсэн байсан тул түүнтэй холбогдсож, Субару лигас маркийн, ** - ** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Төлбөрийг урьдчилгаанд тухайн үед 1 сая төгрөг өгөөд, үлдсэн 4 сая төгрөгийг нэг сарын дотор төлөхөөр болсон. Ингээд хоорондоо гэрээ хийгээд, машинаа аваад, урьдчилгаанд 1 сая төгрөгийг төлөөд явсан. Анх авахад үрүүл нь хатуу байсныг янзалд өгнө гэж байсан боловч өгөөгүй.
Машины урд талын мотороос бензин үнэртээд 70,000 төгрөгт бензин хийхэд 100 км явахгүй дуусчихаад байсан. Тэгээд энэ ахад залгаж хэлээд удаагүй 2-3 хоногийн дараа наймаа буцъя гэж хэлсэн. Тэгтэл хариуцагч мөнгийг чинь аваад ББСБ-д өгчихсөн. Хоёулаа хамт зар тавиад зараад мөнгийг чинь өгье гэсэн. Ингээд машиныг нь унахгүй зар тавиад энэ хүнийг ирж авахыг хүлээгээд л байгаад байсан, хүн авахгүй ингэж байсаар бараг 20-иод хоног болсон. Нэг өдөр машинаа авъя гэж хэлсэн зараад мөнгийг чинь өгнө гэсэн боловч өгөөгүй. Мөнгө байхгүй гэж байснаа, 2024 оны 8 сарын дундуур машинаа авъя гэхээр нь би машиныг аваачиж өгсөн.
Иймд өөрийнхөө өгсөн мөнгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. Манай зүгээс 1 сая төгрөгийн урьдчилгаа өгч дараа нь ойрхон хугацаанд 2-3 хоногийн дотор гурван удаа 500,000 төгрөг өгсөн. Нийт 2,700,000 төгрөг өгсөн. Анх худалдахдаа янзалж өгнө гээд өгөхгүй алга болчихсон.
Хариуцагч нь машин тэргээ хүлээж авчихаад бүх зүйлээ үзээд, шалгаад аваад явсан байж одоо тос масло нь гоожсон гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би бүх төрлийн машин унана. Энэ хүн үрүүлээ янзалж өгнө гэсэн боловч янзалж өгөөгүй. Би өөрөө янзлах гэсэн боловч сэлбэг нь олдохгүй байсан. Машинаа аваад 3-4 хоногийн дараа болилоо гэж хэлсэн. Янзлаад өгнө гэхээр нь үлдэгдэл төлбөрөө өгөөд яваад байсан. Машиныг нь аваад ир гэхээр нь Жи моллын хашаанд аваачиж өгсөн. Хариуцагч найзтайгаа ирээд машинаа аваад явсан. Зараад мөнгийг чинь өгнө дө гэж хэлж байсан. Гэрлийг нь би жижигхэн хагалчихсан. 50,000 төгрөгөөр янзлагдах боломжтой тул энэ мөнгийг хасч тооцоход татгалзах зүйл байхгүй. Өөр эвдсэн зүйл байхгүй харин ч нэмж засвар үйлчилгээ хийж өгсөн. Би дөрөв хоног л унасан байх. Машиныг нь буцаагаад өгчихсөн. Тээврийн хэрэгслийн өмчлөлийн гэрчилгээг аваагүй. Мөнгө бүрэн төлж байж өгөх тохиролцоотой байсан.
Иймд гэрээ цуцлагдсан тул гэрээний үүрэгт төлсөн 2,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Т.Э********** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машинаа зарах зар тавьсан. Анх Б.Т********** машин худалдаж авах гээд ирэхэд нь нотариатын хажууд 2002 онд орж ирсэн “твин труба”-тай бензин их иднэ шүүдээ гэдгийг нь би хэлж байсан. Үүүнийг нь нотариатын хажууд хэлж байсан, үрүүлийн аппаратны уянгийн эвдрэлийн л асуудал байгаа. Тос масло солих нь энэ хүний асуудал. 2,700,000 төгрөг надад цувуулж өгсөнтэй маргахгүй.
Огт эвдэрхий машин өгөөгүй. 2023-2024 оны хооронд би унаад явж байсан.
Бензин идэх нь бол их иддэг машин байсан. Үрүүлийн уянгийн асуудал байсан. Миний машиныг нэхэмжлэгч нь өөр дээрээ 25 хоног байлгасан. Хос трубатай гэхээр арай үнэтэй болчихдог. Энэ хүн 25 хоног хашаанд нь байхад юу авсныг би мэдэхгүй. Нэг жижиг труба шатчихсан байсан. Яндангийн хойноос тос гоожоод байгаа. Хүний машиныг өөрөө дээрээ байлгачихаад буцааж өгч байгаа бол би 1,200,000-1,300,000 төгрөгийг нь буцаан өгөх боломжтой. Бусад мөнгийг нь түрээсэлсэн гэж үзэж суутгаж авна. Одоо машин над дээр байгаа. Эгчийнхээ хашаанд аваачаад тавьчихсан хөдлөөгүй байж л байна гэв.
3.Нэхэмжлэгээс нотлох баримтаар, Т.Э**********, Б.Т********** нарын хооронд 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан, бүртгэлийн **** дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, иргэний үнэмлэхний лавлагаа, ** - ** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаагүй болно.
Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т********** нь хариуцагч Т.Э**********д холбогдуулан, Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын 1,200,000-1,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчид 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, бүртгэлийн **** дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна.
Гэрээгээр талууд ** - ** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байх бөгөөд урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2024 оны 8 сарын 24-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний зорилго, агуулгад нийцэж байх тул тэдгээрийн хооронд “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзнэ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэгт төлсөн мөнгөө буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг хариуцагч Т.Э**********ы эзэмшилд буцаан шилжүүлсэн, мөн гэрээний үүрэгт нийт 2,700,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбарт нь хариуцагч тал маргаагүй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Иймд хариуцагч нь гэрээний үүрэгт авсан 2,700,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
4.Хариуцагчаас тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн эзэмшилд 20 орчим хоног байсныг эд хөрөнгөө үнэ төлбөртэй ашиглуулж байсан гэж үзэж 1,200,000 орчим төгрөгийг төлбөрт тооцож суутган авч үзэх үндэслэлтэй гэж маргасан.
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 1,200,000 орчим төгрөгийн ашиг олох байсан, эсхүл тээврийн хэрэгсэлд учирсан хохирол гэж үзэх үйл баримтууд тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
5.Нэхэмжлэгчээс машины гэрлийг гэмтээсэн тул түүний засвар үйлчилгээнд 50,000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй гэх тайлбарласан.
Хариуцагч талаас уг гэрлийг 200,000 төгрөгөөр засварласан гэж тайлбарлаж байх боловч тайлбараа мөн баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгчийн тайлбарын хүрээнд түүний нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э**********аас гэрээний үүрэгт төлсөн 2,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т**********од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар 243.1., 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Э**********аас 2,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т**********од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э**********аас 54,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т**********олд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА