Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2020/02484/И |
Дугаар | 210/МА2021/00113 |
Огноо | 2021-01-11 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2021/00113
Ж.Охын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаар шийдвэртэй,
Ж.Охын нэхэмжлэлтэй, “У” ТӨХК-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ох, түүний өмгөөлөгч н.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “У” ТӨХК-д автомашин механизмын жолоочоор ажилд орсон бөгөөд, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, үүрэг даалгаврыг биелүүлж, элдэв зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2020 оны 02 дугаар сард цагаан сарын амралтын өдрүүдийг тохиолдуулан нутагтаа очиж аав ээжтэйгээ золгохоор чөлөө авч явсан боловч Улсын онцгой комиссын шийдвэр гарч, Дорнод аймагт хөл хорио тогтоосноос болж 7 хоног ажилдаа ирж чадаагүй.
Гэтэл энэхүү хүндэтгэх шалтгааныг харгалзалгүй ажил тасалсан гэж буруутган шалтаглаж 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр жолоочийн ажлын байрнаас чөлөөлж, сантехникийн слесарь болгосон ба гомдол гаргаагүй юм. Улмаар ээлжийн амралттай байх хугацаанд сургалтад суулгаж, шалгалт авах нэрээр уг ажлын байранд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б/139 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, урьдчилан мэдэгдэлгүй ажлаас халсан. Иймд намайг слесарийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ох нь “У” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/158 тоот тушаалаар тус компанийн Хангамж үйлчилгээний албаны Автомашин механизмын жолоочийн ажлын байранд туршилтын хугацаагаар томилогдож, улмаар мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/277 тоот тушаалаар жинхлэн ажилласан.
Ж.Ох нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл автомашин механизмын жолоочоор ажиллах хугацаандаа албан ёсны чөлөө зөвшөөрөлгүй ажил таслах, зан харилцааны доголдол гаргах, дээд шатны удирдах ажилтны үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хариуцсан машиндаа засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийдэггүй зэрэг алдаа дутагдал удаа дараа гаргаж, албаны хамт олны болон захирлын зөвлөлийн хурлаар удаа дараа яригдаж байсан.
2020 оны 03 дугаар сарын 23-ны Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр жолооч Ж.Охын ажлын байрыг өөрчилж, дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны дулааны шугам хоолойн слесариар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тэрээр слесариар ажиллах хугацаанд мэргэжлийн шалгалтад удаа дараа хангалтгүй үнэлгээ авч, тухайн ажлын байранд ажиллагсдын мэдлэг ур чадварын шалгуурт тэнцээгүй. Слесарийн шалгалт өгч тэнцсэний дараа жинхэлнэ, шалгалтад тэнцэхгүй бол хөдөлмөрийн гэрээ цуцална гэдгийг Ж.Охад танилцуулж, гарын үсэг зуруулсан. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр слесарь Ж.Охтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 5.4.2.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 6.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/139 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Цаашид Ж.Охтай хамтарч ажиллах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Охыг “У” ТӨХК-ийн Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны Дулааны шугам хоолойн слесарийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “У” ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 667 084 /дөрвөн сая зургаан зуун жаран долоон мянга наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Охад олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Охын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “У” ТӨХК-д үүрэг болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “У” ТӨХК-иас 89 623 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ж.Ох нь тус компанид 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр жолоочоор ажилд орсон бөгөөд сахилгын зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/85 дугаар тушаалаар цуцалсан болно.
Гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар Ж.Охыг дамжуулах сүлжээний шугам хоолойн слесариар туршилтын хоёр сарын хугацаатай томилж, дагалдан суралцах хөтөлбөрийг судлуулан шалгалтад хамруулахыг албаны даргад даалгасан байдаг. Улмаар шалгалтын комисс Ж. Очбадрахаас 2020 оны 04 дүгээр сарын 13, 04 дүгээр сарын 17, 04 дүгээр сарын 27 болон 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд дараалан шалгалтууд авч, түүнийг дагалдан суралцах хөтөлбөрийг судлаагүй, наад захын мэдлэггүй хангалтгүй дүн үзүүлсэн гэж шалгалтын комиссын дүгнэсэн байдаг.
Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь үндэслэх хэсэгтээ “..салбарын буюу байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт шийдвэрийг үндэслэх ёстой..." гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү баримт нь хавтаст хэрэгт авагдсан байдаг.
Ж.Охыг хариуцагч байгууллагад жолоочоор ажиллаж байхад нь сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор албан тушаалыг нь өөрчилсөн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах бөгөөд “УБДС” ТӨХК-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр тэмдэглэл, гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/85 дугаар тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.Охыг шугам хоолойн слесарийн ажлаас чөлөөлсөн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж гаргасан гэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргажээ.
Гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/85 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Охыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231-т заасны дагуу 2 сарын туршилтын хугацаатай томилсон байдаг.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан ажилтанд “ажилгүй байсан хугацааны цалинд 4 667 084 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Охад олгосугай” гэж шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Ох хариуцагч “У” ТӨХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Ж.Ох нь “У” ТӨХК-д аж ахуй, үйлчилгээний албаны жолоочоор 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан, хариуцагч байгууллагын даргын мөн оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/85 дугаар тушаалаар түүнийг жолоочийн ажлаас чөлөөлж, дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албанд дулааны шугам хоолойн слесариар томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. /хх-6, 29/
“У” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/139 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, “У” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.4.2.3, Захирлын зөвлөлийн хурлын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 тоот шийдвэрийг тус тус баримтлан Ж.Охыг мэргэжил, мэдлэг, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн үндэслэлийг зааж түүнийг слесарийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-8/
Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар өөрийн санаачилгаар цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлсэн эсэх талаар баримтгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Иймд анхан шатны шүүх Ж.Охыг ажлаас чөлөөлсөн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/85 дугаар тушаалыг хууль бус гэж дүгнэн түүнийг Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны дулааны шугам хоолойн слесарийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.
Түүнчлэн “У” ТӨХК-ийн удирдах зөвлөлийн хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот тэмдэглэлд жолоочоор ажиллаж байсан Ж.Охын хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс цуцалж, дамжуулах сүлжээний ашиглалт, завсар, үйлчилгээний албаны Дулааны шугам хоолойн слесариар 2 сарын хугацаатай ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч Б/85 тоот тушаалд хугацааг 2 сараар гэж тодорхойлохдоо туршилтын гэх нөхцөлийг заагаагүй, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан хөдөлмөрийн гэрээ хугацаагүйгээр байгуулагдсан гэж дүгнэнэ.
Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны дахин шалгалт авсан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шалгалтын 01 тоот тэмдэглэлд Ж.Охаас дагалдан слесариар ажиллаж байх явцад 2020 оны 04 дүгээр сарын 13, 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус мэргэжлийн шалгалт, 04 дүгээр сарын 27-ны өдөр ААД, ТАД-ийн ээлжит шалгалтыг авсан бөгөөд хангалтгүй гэсэн дүн үзүүлсэн, 05 дугаар сарын 01-ний өдөр дахин ээлжит шалгалтыг авах тухай утсаар холбогдсон боловч ирээгүй, 05 дугаар сарын 06-ны өдөр дахин шалгалт авахад дагалдах хөтөлбөрийг судлаагүй, наад захын ААД, ТАД-ийг мэдлэггүй, мэргэжлийн шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн Ж.Ох засварын ажлыг хийх боломжгүй талаар байгууллагын удирдлага, Захиргааны удирдлагын хэлтэст танилцуулж, шийдвэрлүүлэхээр шийдвэрлэв гэжээ.
“У” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр баталсан Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны дулааны шугам хоолойн слесарийн ажлын байрны тодорхойлолтын боловсрол хэсэгт: бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой; мэргэжил хэсэгт: шугам хоолой, хаалт арматурчны засварчин; туршлага хэсэгт: дагалдан ажилласан байх; ур чадвар хэсэгт: мэргэжлийн ур чадвар өндөртэй байх гэсэн нөхцөлийг зааж тодорхойлсон байна. Иймд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй ажилтныг ажил олгогч дулааны шугам хоолойн слесарийн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр өөрөө томилсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнээс гадна “У” ТӨХК-ийн удирдах зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 тоот тогтоолын хавсралтаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 6.2.16-д заасан өөр ажлын байранд шилжиж буй ажилтныг сургалтад хамруулан шалгалт авч, зааварчилгаа өгөх бөгөөд энэ тухай баримт /шалгалтын хуудас, шалгалтын комиссын тогтоол, зааварчилгын хуудас/-ыг тухайн ажилтанд танилцуулж, гарын үсэг зуруулна гэж зааснаар дүгнэвэл ажил олгогч нь ажилтаныг дулааны шугам хоолойн слесарийн сургалтад хамруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч байгууллага нь ажилтныг сургахаар сургалтад хамруулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Мөн ажил олгогч ажилтаныг дулааны шугам хоолойн слесарийн ажил үүрэгт томилсноос хойш 1 сарын дараа мэргэжил ур чадварын шалтгалт авсан нь буруу бөгөөд ажилтан 1 сарын дотор тухайн мэргэжлийг эзэмшсэн байх ёстой гэж дүгнэхгүй юм.
Дээрхээс дүгнэвэл “У” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.4.2.3-т зааснаар Ж.Ох нь хөдөлмөрийн гэрээний хугацаанд удаа дараа ажилдаа хариуцлагагүй хандсан, мэргэжил, мэдлэг, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч байгууллагын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/85 тоот тушаал үндэслэлгүй болно.
Ажилгүй байсан хугацааг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 76 хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг 4 667 084 /1 320 304 : 21,5 * 76 хоног / төгрөгийг “У” ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тушаалыг гарсан өдрөөс хойш 1 сарын дотор гомдлын шаардлагыг шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Хариуцагчаас шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан ”... 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр жолооч Ж.Охын ажлын байрыг өөрчилж, Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний албаны Дулааны шугам хоолойн слесариар ажиллуулахаар шийдвэрлэсэн” гэсэн тайлбарын агуулгыг шийдвэрийн үндэслэх хэсэгт “..Ж.Охыг хариуцагч байгууллагад жолоочоор ажиллаж байхад нь сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор албан тушаалыг нь өөрчилсөн талаар хариуцагчийн төлөөлөгчөөс тайлбарласан...” гэж тусгасан нь алдаатай болсон боловч ажил олгогч нь ажилтантай хэлэлцэн тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулах байтал ажил олгогч “У” ТӨХК-ийн захиргааны зөвлөлийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр тэмдэглэлээр дангаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт ажилтан гомдол гаргаагүй, улмаар хүлээн зөвшөөрч слесарийн ажил үүргийг гүйцэтгэж байжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 623 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Э.ЗОЛЗАЯА