| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2310000000440 |
| Дугаар | 2023/ДШМ/852 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 10.1.2.6., 10.1-1, |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ДШМ/852
Л.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Бат-Амгалан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б,
шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Б.Баттулга,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Бт холбогдох эрүүгийн 2310000000440 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т Цовгийн Л ийн Б, 1978 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - оршин суух, /РД:-/;
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 551.1 дүгээр зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 304 дугаартай захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жил 15 хоногийн хорих ялыг хасаж, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарны 28-ны өдрийн 14 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт - УБМ улсын дугаартай “П” маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явахдаа тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Бийн хоолойг хутгаар зүсэж алсан, улмаар дээрх хугацаанд амь хохирогчтой хамт тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох Б.Гыг хутга барин хөөж алахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т Ц овогт Л гийн Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Т Ц овогт Л гийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хоёр хүнийг буюу нэг хүнийг алсан, нэг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т Ц овогт Л гийн Б ыг 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Б.Гад энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баас 14.983.703 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бт 14.843.703 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Хд 140.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг, хууль ёсны төлөөлөгч А.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн бусад зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр миний амьдралын минь хамгийн том түшиг тулгуур болсон том хүү Б.Бийг минь ажил хөдөлмөрлөж байсан цэл залуу 25-хан настайд нь аймшигт алуурчин хүүгийн минь амь насыг мал, амьтан хөнөөж буй мэт нийгмийг цочроосон аймшигт хэргийн золиос болгосон. Ийм муухай адгийн муу алуурчин, хүний сүг хайрт хүүгийн минь амийг бүрэлгэж гэр бүлийг маань үүрдийн зовлон шаналалд унагаасанд насан туршдаа гомдолтой байна. Миний хүү энэ хүнд ямар буруу зүйл хийсэн гэж амь насыг нь бүрэлгэж байгаа юм бэ. Миний хүү 2021 онд Их засаг олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, цаашид мэргэжлийнхээ дагуу хууль хүчний байгууллагад ажиллах хүсэлтэй, өөрийн гэсэн зорилго тавин амьдарч бусад залуусын адил ар гэрийнхээ амьдралд тус нэмэр болж, ах, дүү, хамаатан садан болон алдаж эндэж яваа нэгэнд тусалж явсан. Миний эрүүл мэндэд асуудал тулгарч элэгний В, D вирус хавсран идэвхжин элэгний хатууралтай гэж оношлогдон хавдар судлалын эмнэлэгт 3 cap тутамд хяналтад орж, cap болгон элэгний эм хэрэглэж эмчлүүлж байгаа. Талийгаачийн төрсөн аав Бнь 2012 онд нас баран хүүхдүүд маань өнчирч үлдсэн. Аавын оронд аав болон дүү нараа ээжийн хамт өсгөж хүмүүжүүлж байсан. Хүүгээ энэ хорвоод байхгүй болсноос хойш сэтгэл санаа, амьдрах итгэл зорилго маань бүрэн мохож байна. Өнчирч хоцорсон бага насны дүү нарыг нь харж элгээ дэвтээж, сэтгэл санааны хувьд асар их дарамттай өдөр хоногийг өнгөрөөж байна. Миний хүүгийн амьд ахуйдаа миний нэр дээр “А” банк бус санхүүгийн байгууллагааc авсан автомашины зээл 18.800.000 мянган төгрөг, талийгаач өөрийн нэр дээр авсан гар утасны 3.509.910 төгрөгийн зээл нь надад өр болон үлдэж байна. Иймд сэтгэл санаа, юугаар ч хэмжишгүй эрдэнэт хүний амь нас, үрийг минь хөнөөсөн алуурчны 20 жилийн ялыг хөнгөлөлгүй бүрэн эдлүүлж, сэтгэл санааны хохиролд 500.000.000 төгрөг гаргасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Б.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч талд сэтгэл санааны хохирол учирсан байхыг өмгөөлөгчийн зүгээс үгүйсгэхгүй. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан 25 дугаар тогтоолоор сэтгэцэд учирсан хор уршиг, сэтгэцийн эмгэгийн талаар тайлбарлаж, 5 зэрэглэлд хуваасан байдаг. Уг хэрэгт сэтгэцэд учирсан хор уршиг, сэтгэцийн эмгэгтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгдсэн талаар нотлох баримт авагдаагүй учраас сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн улсын яллагчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд үндэслэж анхан шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийг минь бүх насаар нь хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид 20 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан боловч хохирогч талын байр суурийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь шүүгдэгч Л.Баас амь хохирогчийн “Алтан зоос” банк бус санхүүгийн байгууллагаас авсан автомашины зээлийн үлдэгдэл төлбөр 18.800.000 төгрөг, гар утасны зээлийн үлдэгдэл 1.512.000 төгрөг буюу нийт 22.309.910 төгрөг гаргуулахаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хууль ёсны төлөөлөгч А.Бийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь сэтгэл санааны хохиролд 500.000.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Учир нь, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Л.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарны 28-ны өдрийн 14 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт - УБМ улсын дугаартай “П” маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явахдаа тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Бийн хоолойг хутгаар зүсэж алсан, улмаар дээрх хугацаанд амь хохирогчтой хамт тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох Б.Гыг хутга барин хөөж алахаар завдсан тус тус гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Быг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалтай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Л.Быг хутга барин хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулахаар тээврийн хэрэгсэлд хохирогч нар руу ноцтойгоор халдаж дайрсан нь анхнаасаа хүнийг алах сэдэлт, зорилготой гэмт үйлдэл болох ба тус үйлдлийн улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Бийн амь нас хохирч, амь хохирогчийн үеэл ах болох Б.Г зугтааснаар эрүүл мэнд, амь насаа хамгаалсан үйл баримт байна.
Хүн тус бүрийн амь нас, эрүүл мэнд тус бүртээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тул нэг хүний амь нас, эрүүл мэндийг бусад хүний амь нас, эрүүл мэндийн хүнд хор уршигт нь багтаан зүйлчлэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” алах гэмт хэрэгт нэгтгэн ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчилсэн нь агуулгын хувьд зөрчилтэй буюу амь хохирогч Б.Бийн амь насыг хохироосон, хохирогч Б.Гыг алахыг завдсан үйлдлийг нэгтгэн зүйлчилсэн нь буруу гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн үйл явдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ангилан тодорхойлохдоо хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжүүдийг анхаарч, ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зөв тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.
Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ нь тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөлийг тодорхойлон заадаг тул түүнийг буруу хэрэглэх нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг буруу сонгоход хүргэж, ингэснээрээ ял завшуулах эсхүл үндэслэлгүйгээр хүнд ял оногдуулах боломжийг бүрдүүлдэг тул уг тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан хуулийг буруу хэрэглэсэнд хамааруулан үздэг ба энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх зарчмыг хангасан байхын зэрэгцээ сонгон оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасан бөгөөд зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд халдахаар завдсан үйлдлийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ялын хэмжээг тогтоохоор хуульчилжээ.
Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгч Л.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бийн “сэтгэл санааны хохирол нэхэмжлэх” талаарх давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/394 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Л.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ