Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж

          Нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч Т.Т

Хохирогч С.Ц

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Г.Д-д холбогдох эрүүгийн 1722000760044 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар баг, “Уул” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 6а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх З овгийн Г.Д /регистрийн дугаар ЗЮ84042218/

 

    Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.Ц-н бие, эрх чөлөөнд байнга халдаж зодсоны улмаас удаа дараа хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 5, 9 дүгээр сарын 25-ны өдар согтуугаар хэрүүл маргаан хийж ийм хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.Д бид хоёр хамт амьдраад 4 жил болсон. Г.Д 2017 оны 8 дугаар сарын  5, 9 дүгээр сарын 25-ны өдөр хөдөөнөөс ирээд найз нартайгаа  архи ууж гэртээ агсам тавьсан. Надад хардалтын улмаас гар хүрдэг. Архи уухаараа надтай маргалдаад байдаг юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Гэрч Б.С-н хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн  “...2017 оны 8 дугаар сарын 7-ний өдөр гэртээ очтол манай охин С.Ц-н нүүр нь хөх няц болчихсон, хажууд нь хүргэн Г.Д архи уугаад сууж байсан. Би “юу болоод байна, чиний архи уудаг газар мөн үү, яагаад хүүхдийн нүүр, нүд ийм болгочихов” гэхэд “би ийм болгоогүй, мэдэхгүй” гэж үл тоомсорлосон байдалтай хариулахаар нь загнахад зугтаах гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн... Энэ 2 хамт амьдраад 4-5 жил болж байна. Одоо 4, 5 настай хоёр хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 170200237 дугаартай дүгнэлтэд

“1. С.Ц-н биед хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 21/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 170200287 дугаартай дүгнэлтэд

“1, 2. С.Ц-н биед тархи доргилт, чамархай, бугалга хэсэгт хавдсан, бугалгат цус хурсан зөөлөн эдийн  гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. С.Ц-н биед үүссэн гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ. /хх-ийн 87/

 

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8-11, 74-77/

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 93-/

- Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 5/

- Цагдаагийн газрын мэдээллийн сангаас гаргасан лавлагаа /хх-ийн 94-104/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

- Шийтгэх тогтоол, магадлал, тогтоолын хуулбар /хх-ийн 27-30, 48-59/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр, мөн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.Ц-г байнга зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, тус аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Ц тус аймаг дахь Цагдаагийн газарт /хх-ийн 109/ болон шүүх хуралдаанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, мөн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял ногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Шүүгдэгч Г.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч З овгийн Г.Д-г гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан шүүгдэгч Г.Д-д мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Д-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ