| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00004/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Д.Баянмөнх
Хохирогч Ё.Батбаяр
Хохирогчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1722000560024 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Авж овогт Б. Г /РД:ФБ79012517/ гэв.
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын төвөөс зүүн хойш 10 км газарт 60-59 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Ё.Батбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна гэв.
2. Яллагдагч Б.Г-ын: “... 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн “Цагаан хад”-наас Алтангэрэл, Батбаяр бид 3 Улаанбаатар явах унаа хайж байхад хот явна гэсэн “Harrier” маркийн машин байсан.Тэгээд тэр машинтайгаа Алтангэрэл, Батбаяр, Мөнхзаяа нэг танихгүй эрэгтэй хүн, Батаа, Батаагийн хүүхэд бид нар Улаанбаатар хот руу явсан. Шөнө замдаа төөрсөн ба би унтаж байгаад нэг сэрсэн чинь засмал замд ороод явж байсан. Тэгээд замдаа бензин аваад клонк дээр зогссон. Тэгээд тэндээс хөдлөөд Хулд сумаас урагш жолоо барьж байсан Батаа миний нойр хүрээд байна. Миний дүү машин бариад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Батаагийн “Harrier” маркийн машиныг бариад явж байгаад Хулд сумаас хойш явж байгаад машин зүүн талдаа салгалаад замын баруун тал руу гэнэт ойчсон. Би ойролцоогоор 60-70 орчим километр цагийн хурдтай явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед би машин жолоодоод Мөнхзаяа урд талын суудал дээр хүүхэдтэйгээ, арын суудалд Алтангэрэл, Батаа, Батбаяр, тэгээд танихгүй залуу сууж явсан. Осол болох үед үүр цайж гэгээтэй байсан. Цаг агаар хэвийн байсан. Цаг агаар болон замын эвдрэл гэмтлээс болж осол гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80/
3. Хохирогч Ё.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017.09.01-ний өдөр Б.Г-тай бид цуг явсан. Б.Батаа гэдэг хүн Улаанбаатар хот руу Цагаан хаднаас 3 хүн аваад явна гэхээр нь би суусан. Гэтэл тэндээс 60 гаруй километр яваад нэмээд нэг хүн авч дөрвүүлээ явсан. Алтангэрэл бид нар дөрвүүлээ сууж багтахгүй шүү дээ, би махлаг биетэй учраас багтахгүй гэж байсан. Замаас хүн аваад Алтангэрэл машин бариад жолооч Б.Батаа өөрөө машины хойно суусан. Цогтцэций сумаас 12 цагийн үед шатахуун аваад явсан. Замдаа жаахан төөрч явахад Б.Батаагийн эхнэр Б.Батаа чи өөрөө жолоогоо барь гээд жолоо бариулсан. Тэр үед засмал зам дээр явж байсан. Б.Батаа нойр хүрээд байна чи машин барь гээд Б.Гаар машин бариулсан. Тэр хооронд би түр зуур унтаж байгаад сэртэл Дундговь аймгийн Луус сум дөхсөн байна гэж хараад эргээд унтсан. Нэг мэдсэн чинь ийм осол болсон. Би түр зуур дуг хийгээд сэрсэн. Би биедээ гэмтэл авч 2-3 сар хэвтсэн. Улаанбаатар хотод хагалгаанд орж, эмнэлэгт 10 гаруй хоносон. Би 2017 оны 9 сараас хойш өдий хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа учраас цалингаа гаргуулмаар байна. Бид нараас зардал авчихаад зорчигчоороо машин бариулж явсан. Уг нь Г бид хоёр хоёулаа хохирогч болсон. Осол болсноос хойш Б.Батаа гэдэг хүнтэй холбоо бариагүй. Батааг шүүх хуралдаанд оролцуулж болдоггүй юм уу. Ачаалал өгөх үед толгой хатгаж өвддөг, чих дүнгэнэдэг. Сая өмгөөлөгчийн уншиж сонсгосон хүсэлтэнд дурдсан 3239753 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 1620.000 төгрөг хүлээн авсан. Үүнийг хасахад татгалзах зүйлгүй гэв.
4. Гэрч С.Шагдардуламын “...Хулд сумын төв дөнгөж өнгөрөөд зогсоод бууж бие засаад тамхи татаж байгаад хөдөлсөн юм. Тэгэхэд мөн Г машин жолоодоод хөдөлсөн. Хулд сумын төвийн зүүн захаас хөдлөөд 10 километр зам туулсан байх, би яг унтах гээд зүүрмэглэж явтал замын голд замын хагархай таараад жолооч уг хагархайг эсрэг урсгал руу орж байж тойрч гарахдаа л тэнцвэр алдсан байх. Машин замын баруун гар тал руу зүүн талаараа шарваад 2-3 өнхөрсөн байх гэж бодож байна. Нэг мэдсэн машин баруун гар талруугаа зүүн урагшаа хараад хажуу хэсгээрээ тогтсон байсан. Машинаас хойд зүгт 3 метр орчимд машин жолоодож явсан Г хэвтэж байсан. Гын баруун зүгт Батбаяр гэх залуу хэвтэж байсан. Тэр 2 залуугийн биеийн байдал сайнгүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/
5. Гэрч Э.Алтангэрэлийн: “...Би унтаж яваад Хулд сум дөнгөж өнгөрөөд зогсоод сэрээд бууж тамхи татчихаад хөдөлсөн юм. Тэгсэн Г машин бариад хөдөлсөн. Би машины ард суудал дээр баруун захад сууж явсан. Хөдлөөд 10 километр шахуу яваад машин гэнэт муригнаад л явсан. Машин замын баруун хажуу руу онхолдсон...” гэх мэдүүлэг хх-ийн 43/
6. Гэрч Ц.Мөнхзаяагийн: “...Г шууд жолооны үрүүл дээр суусан юм. Хулд сумаас зүүн хойд зүгт 10 километр зайд явж байтал машин замын хагархай дайрахгүйн тулд хагархай тойрох гээд эсрэг урсгал руу ортол эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн машин явж байсан юм. Тэгсэн жолооч уг машинтай мөргөлдөхгүйн тулд баруун гар тал руугаа дарсан байх. Тэгсэн машин зүүн гар талруугаа шарваад замын хажууруу онхолдсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/
7. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 11411 дугаартай дүгнэлтэд: “...Ё.Батбаярын биед гавлын ясны зүүн их далавчнаас дээш чамархайн ясруу үргэлжилсэн зөрөөтэй хэлтэрхий бүхий далд хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины баруун зүүн бөмбөлөгийн зулайн оройн хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн талын хацар ясны далд хугарал, зүүн чамархай зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу ясны зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ....Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 60/
8. Замын Цагдаагийн газрын Зам тээврийн ослын: “...60-59 ТӨА улсын дугаартай “Harrier” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Г нь Замын хөдөлгөөн ий дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан ...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн...” гэсэн акт /хх-ийн 13-18/
9. Замын Цагдаагийн газрын шинжээчийн №71 дугаартай: “...Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад замын голд үүссэн эвдрэл нөлөөлөөгүй. Жолооч саадыг харсан боловч тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авахын оронд тойрч гарах үйлдэл хийсэн нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68/
10. Дундговь аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн: “...60-59 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2016 оны 5 сарын 6-нд Төв аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамрагдсан байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд ослоос үүдэж явах эд анги эвдэрсэн эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн тээврийн хэрэгслийн зүүн гар талын дугуйнууд хагараагүй, бүрэн бүтэн бөгөөд явах эд ангиас болж осол гарсан байх үндэслэлгүй. Тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлүүд нь ослоос болж үүссэн...” гэх дүгнэлт /хх-ийн 72/
11. Зорчигч Б.Энххүслэн, Ц.Мөнхзаяа, Э.Алтангэрэл нарын биед хөнгөн гэмтэл учирсан, Б.Батаа, С.Шагдардулам нарын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 50, 52, 54, 56, 66-рт/
12.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын төвөөс зүүн хойш 10 км газарт 60-59 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ё.Батбаярын биед хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Иймд Б.Г-ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж иргэн Ё.Батбаярын биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, уг ослын улмаас өөрөө хүнд гэмтэл авсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ...” гэж заасан ба үндсэн ял болох хорих ял оногдуулаагүй нөхцөлд нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй юм.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Ё.Батбаярт 1.620.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Хохирогч Ё.Батбаяр нь эмчилгээ сувилгаатай холбоотой зардал 2.039.753 төгрөг, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйн нөхөн төлбөрт 1.200.000 төгрөг буюу нийт 3.239.753 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан хохирлын талаархи баримтуудыг судалж үзээд 1.616.249 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангасан тус шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ё.Батбаярын эмчилгээ сувилгааны зардалд нийт 1.620.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын мөнгө төлсөн баримт зэргээр тогтоогдож байх ба үүнийг хасч тооцоход 1.619.753 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үлдэж байна.
Төлөгдөөгүй үлдсэн 1.619.753 төгрөгийн хохиролтой холбоотой хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд 386.459 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 1.233.294 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.
Шүүхээс хэрэгсэхгүй болгосон 386.459 төгрөгийн хохирлын талаархи баримтууд нь 46.863 төгрөгийн /хх-ийн 94/, 70.006 төгрөгийн /хх-ийн 102/, 5500 төгрөгийн /хх-ийн 104/, 23840 төгрөгийн /хх-ийн 112/, 240.250 төгрөгийн /хх-ийн 116/ баримтууд бөгөөд эдгээр зардлууд нь эмчилгээ сувилгаатай холбогдон гараагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, давхардсан баримтууд байна.
Хэргийн 98-рт авагдсан тийзний үнэ 10.000 төгрөгийн баримт, хэргийн 99-рт авагдсан 26.000 төгрөгийн үнийн дүнтэй баримтууд нь юунд зарцуулсан нь тодорхойгүй /бичвэр нь арилсан/ байх тул хэлэлцэхгүй орхилоо.
Мөн хохирогч Ё.Батбаяр нь ажил хөдөлмөр эрхэлдэг байсан боловч энэ талаархи баримтаа бүрдүүлж амжаагүй учраас 2017 оны 9 сараас 2018 оны 1 сарыг дуустал ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж, мөн хуулийн 505.2 дахь хэсэгт “...гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй...” гэж заажээ.
Гэвч хохирогч Ё.Батбаяр нь ажил төрөл эрхэлдэг, цалингийн талаархи баримтаа шүүх хурлаас өмнө бүрдүүлж чадаагүй гэсэн тайлбарыг гаргаж байх тул цалингийн нөхөн төлбөрт 1.200.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овгийн Б.Гыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж иргэн Ё.Батбаярын биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Гыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Б.Г-т хүлээлгэсүгэй.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Г-т тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь хохирогч Ё.Батбаярт 1620000 төгрөг төлсөн болохыг болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499, 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хохирогч Ё.Батбаярын нэхэмжлэлээс 386459 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 1233294 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ё.Батбаяр нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ