Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/854

 

 

Д.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

хохирогч П.О, түүний өмгөөлөгч Н.О,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/839 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Оын гаргасан давж заалдах гомдлоор Д.Бд холбогдох эрүүгийн 2208035680805 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Дгийн Б, 1991 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт -, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” нэртэй зочид буудалд байхдаа П.Оыг “үнсүүлсэнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн хөмсөгний шарх, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхины цус хуралт, зүүн дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д гийн Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Д.Б ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.О цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б ийн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх торгох ялаас 15.000 төгрөгийг хасаж, түүний торгох ялын хэмжээг 986.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч П.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед танил Б над руу залгаад “уулзъя” гээд бид 2 тухайн өдрийн 16 цагийн үед уулзаад “W” нэртэй зочид буудалд орж согтууруулах ундаа уугаад “энэ архиа ууж дуусгаад шууд гарна шүү, янз бүрийн асуудал гаргахгүй” гэж би Бид хэлсэн. Тэгээд байж байтал Б намайг үнсэх гэхээр нь би дургүйцсэн чинь тэрээр миний нүүр рүү гараараа маш хүчтэй 2-3 удаа цохиод гараад явчихсан. Тухайн үед миний нүүр цохиулснаас болж хавдаж хөхрөөд, зүүн хөмсөг язарсан, их хэмжээний цус гарч маш их өвдсөн. Би цагдаад дуудлага өгөхөөсөө өмнө Б той ярих гэсэн боловч утсаа авахгүй байсан. Мөн дараа нь Бтой арай гэж утсаар холбогдоход намайг “чи цагдаад өгөөд юу ч олж долоохгүй, хохь чинь, хохирлын мөнгө чамд өгөхгүй” гэж хэл амаар дайрч, доромжилж сүүлдээ бүр утсаа авахгүй зугтааж, цагдаагийн байгууллага, шүүхийн дуудсан цагт ирэхгүй үл тоомсорлож байсан нь хийсэн үйлдэлдээ тэрээр огт гэмшиж, ухамсарлахгүй, хэн ч намайг яаж ч чадахгүй гэсэн доромжилсон байдалтай харьцаж байгаад нь гомдолтой байна.

Миний биед хамар ясны зөрүүтэй хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтлүүд учирсан. Би цохиулснаас болж толгой өвддөг болсон тул толгойны өвчин намдаах эм байнга уудаг болсон. Мөн миний хамар яс зөрүүтэй хугарсан тул хамар битүүрч, амьсгал авч чадахгүй байнга дусаалга тусааж байгаа, шөнө орой хамар битүүрээд унтаж чадахгүй байгаа тул цаашид энэ байдал удаан үргэлжилбэл гайморит болж хүндэрдэг гэсэн. Хамар яс зөрүүтэй хугарч, хамар мурийж далийсан хамраа тэгшлүүлэх, хамрын амьсгал чөлөөлөх мэс засалд орох шаардлагатай тул уг мэс заслын төлбөр 4.500.000 төгрөгийг Б оос авах тул гаргуулж өгнө үү. Би Бид цохиулснаас болж миний нүд, хамар, ам битүү хавдаж, өвчин хөндүүр ихтэй, хөх няц болсон тул хаван буулгах, хөх туяаг арилгах гэж ажилдаа 1 cap явж чадаагүй тул 1 сарын цалин 1.984.000 төгрөгийг Б оос гаргуулж өгнө үү. Би өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг Боос гаргуулж өгнө үү. Иймд нийт 6.984.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Эдгээр хохирлыг бүрэн төлж барагдуулаагүйг харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлж шийдвэрлэнэ үү.

Д.Б нь надад учруулсан эрүүл мэндийн хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулаагүй, надтай огт холбогдож уучлалт гуйж байгаагүй, надаас бүр зугтаагаад хохирол төлбөрөө ч төлөхгүй намайг үл тоож, шүүх хуралдаандаа ч ирэхгүй байсан тул шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж цагдан хорьсны дараа ар гэрийнхэн нь түүний өмнөөс хохирлын 1.025.776 төгрөг төлсөн болохоос биш Б өөрөө хохирлоо төлье гэж бодох ч үгүй явсан. Ийм байдалтай хүн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө намайг бас гүтгэж худал мэдүүлэг өгсөнд нь маш их гомдолтой байна. Тэрээр өөрийнхөө хийсэн үйлдлээ үнэн зөвөөр шударгаар хүлээн зөвшөөрөөгүй, мөн тэрээр надад учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлөөгүй байна. Бийн ар гэрийнхэн анхан шатны шүүх хуралдаанаас өмнө над руу ярьж “бүх хохирлыг чинь төлье, манай дүүг битгий хориулаач” гэж гуйгаад байсан хүмүүс дүүгээ анхан шатны шүүхээс гаргаж авсны дараа нь би Б ийг “хохирлоо бүрэн төлж барагдуулаач ээ” гэж эгч рүү нь ярихад “надад ямар ч хамаагүй, өөрт нь хэл” гээд үг хэлэхийн завдалгүй утсаа тасалчихсан хүмүүс ямаршуу хүн чанар гаргаж байгаа нь ойлгомжтой байна. Мөн Б нь ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог гэсэн нотлох баримт юу ч байхгүй ийм хүнд шүүх яагаад хууль бусаар хөнгөн ял болох торгуулийн ял оногдуулж түүнийг өөгшүүлж байна вэ?. Энэ хүн ямар ч гэмшсэн зүйлгүй намайг цагдаа, шүүхэд хандаад чи юу ч олж долоохгүй гэж басамжилж, доромжлон бүгдийг үл тоосон байдалтай хандаж, тэр ч байтугай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ за яах вэ гэмшиж байна, залуу хүмүүс нийгмийн даатгал төлөхгүй шүү дээ, би хувиараа ажилдаг гэж зүгээр нэг амаараа дур зоргоороо худал мэдүүлэг өгөхөд шүүх түүнийг нь хүлээн авч хөнгөн ял болох 1000 нэгжийн торгуулийн ял оногдуулж болохгүй гэж би үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэсэн заалтаар Д.Б нь ажил хөдөлмөрч эрхэлдэггүй, хувиараа ямар ажил хийдэг нь мэдэгдэхгүй, цалин хөлс бусад орлого олдог нь тодорхойгүй, хөрөнгөгүй, үйлдсэн үйлдэлдээ огт гэмшдэггүй, надаас огт уучлалт гуйж байгаагүй, хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулаагүй, намайг хэл амаар гутаан доромжилж, байнга зугтааж, хуулийн байгууллагыг ч үл тоож байсан тул Д.Бид торгуулийн ялаас өөр хуульд заасан бусад хүнд төрлийн ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч П.Оын өмгөөлөгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Тухайн өдөр шүүгдэгч Д.Б нь П.Оын нүүрэн тус газарт нь гараараа цохиод зугтаасан байдаг. Миний үйлчлүүлэгч П.О нь шүүгдэгч Д.Б оос хохирол, төлбөрөө гаргуулахаар түүнтэй холбогдох гэж хичээсэн боловч утсаа авахгүй зугтаасан. Мөн шүүх хуралдаанд ирдэггүй. Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б ийг эрэн сурвалжилж, цагдан хорьсон байдаг. Гэтэл шүүгдэгч Д.Бийн эцэг, эх нь хүүгээ хоригдсонд санаа нь зовж түүний өмнөөс нь хохирол, төлбөр төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б нь “гэр бүл минь миний өмнөөс хохирол, төлбөрийг төлсөн, заавал нийгмийн даатгал төлөх шаардлагагүй” гэх мэт үл тоомсорлосон байдалтай тайлбар, мэдүүлэг өгдөг бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшдэггүй. Миний үйлчлүүлэгч П.О нь хамрын гэмтлээс болж хэвийн амьсгалж чадахгүй байгаа. Хамрын хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай. Учир нь, хамрын гэмтэл нь хүндрээд хамрын хөндийн үрэвсэл /гамрит/ болж болзошгүй. Хэрэгт авагдсан миний үйлчлүүлэгч П.Оын ажлын байрны тодорхойлолтоор түүнийг сард хэдэн төгрөгийн цалин авдаг болох нь тодорхой харагдана. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг хэрэгт хавсаргаагүй. ...” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд 1.000.0000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Мөн хохирогч П.Од гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” нэртэй зочид буудалд байхдаа П.Оыг “үнсүүлсэнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн хөмсөгний шарх, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхины цус хуралт, зүүн дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.О ын “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ... 16 цагийн үед “W” нэртэй зочид ... буудалд Б бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байхад би найз Б-д “энэ архиа ууж дуусгаад шууд гарна шүү, янз бүрийн асуудал гаргахгүй” гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай найз Б намайг үнсэх гэхээр нь би дургүйцсэн чинь Б гараараа миний нүүр рүү 2-3 удаа цохиод ... гараад явчихсан. Тэр үед миний нүүр хавдаж хөхөрсөн, зүүн хөмсөг язарсан. Б бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. ...” /хх 13-14/,

Д.Б ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед ... найз О над руу залгаад “уулзах уу?, би хороололд байна” гэхээр нь ... 21 дүгээр хороолол хавьцаа уулзахад ... О надад хандаж “хоёулаа шараа тайлах уу” гэхээр нь би Од хандаж “би унаа, тэрэггүй явж байна, гудамжинд уух нь хаашаа юм, ойрхон буудал орох уу” гэж хэлэхэд О “тэгье” гээд бид хоёр 21 дүгээр хороололд байрлах “W” нэртэй зочид буудалд ... орсон. Тэгээд би Од хандаж “пиво уух уу?” гэж асуухад О “пиво хэрэггүй ээ, цагаан юм зүгээр байх” гэж хэлэхээр нь би гадагшаа дэлгүүр орж 0.5 литрийн архи 1 шил, 2 шил пиво аваад Отай тухайн “W” нэртэй зочид буудалд хувааж уусан. Тэгээд О бид хоёр пиво хувааж ууж байх үедээ О бид хоёр хоорондоо үнсэлцсэн чинь О миний хэлийг хазчихаар нь би уурлаад О ын нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би тухайн буудлаас гараад явсан. Тэр үед О ын биед учирсан гэмтлийг би учруулсан. ...” /хх 102-103/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...П.О ын биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэсэн шинжээчийн 14512 дугаартай /хх 18-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Урьд гаргасан 14512 дугаартай дүгнэлтийн 4 дэх хэсэгт дурдсан шалгуур шинж, заалт нь үндэслэлгүй, дүгнэлтийн бусад хэсэг нь үндэслэлтэй байна. П.О ын биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал, зүүн хөмсөгний шарх, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхины цус хуралт, зүүн дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 454 дугаартай /хх 126-129/ дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Д.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй тул хохирогч П.О ын “ял хүндрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогч П.О нь өмгөөлөгч Н.О тай харилцан тохиролцож эрх зүйн туслалцаа авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэлд хамаарахгүй тул хохирогч П.Оын “өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг Б-оос гаргуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн зардалд хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, өмгөөлөгчтэй тохиролцож гэрээ байгуулах болон байгуулахгүйгээр хөлс төлсөн асуудал нь талуудын тэгш байдал, харилцан хүсэл зоригоо илэрхийлсний дунд хийгдсэн хэлцэл бөгөөд зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогч, шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хохирогч П.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Оын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/839 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ