| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2024/0048/з |
| Дугаар | 119/ШШ2025/0001 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 119/ШШ2025/0001
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг би **ийн Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч **д холбогдуулан гаргасан “Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч ** ийн “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 0530801 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
** шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч ** ийн “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 0530801 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
Дүгнэлтдээ: “.... 1. Эрх бүхий албан тушаалтан ** нь бүртгэлийн 0-33 дугаартай “**" ХХК-ийн түрээсийн краны оператор ** нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эргэлтийн 3-р усан сангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад краны технологийн горим зөрчиж кран унагаж осол гаргасан” гэх гомдолд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “**” ХХК-нд 0530801 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд цугларсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогч **ын мэдүүлэг, холбогдогч **ын мэдүүлэг, “**” ХХК-ийн 2024 оны 08 сарын 27-ны өдрийн 24/404 дугаартай “Итгэмжпэл олгох тухай” албан бичиг, “**” ХХК-ийн 2024 оны 08 сарын 25-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”, Ажлын байрны тодорхойлолт, Ажил гүйцэтгэх гэрээ бусад нотлох баримтаар 2024 оны 08 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эргэлтийн ус хуримтлуулан Баяжуулах үйлдвэрт дамжуулах 10000 мЗ эзэлхүүнтэй усан санг төмөр бетон хийцтэй усан сангаар шинэчлэн барих ажлыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэж байсан “**” ХХК-ийн түрээсийн краны оператор **нь домкрат /тулаас/ тулахаа мартаж сумаа сунган эргэх хөдөлгөөн хийснээр кран хажуу талаараа унаж осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлд заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих” зөрчлийн шинжтэй байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7 дугаар зүйлд заасан гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн харьяалан шалгах зөрчлийн харьяалал зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчилд нь тохироогүй шийтгэл оногдуулсан, Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж тус тус хуульчилсан.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т “гамшиг гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг” ойлгоно гэж хуульчилсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлүүдэд шийтгэл оногдуулахаар хуульчилсан болно.
Прокурор нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.
Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч **ийн “**” ХХК-нд 2024 оны 08 сарын 28-ны өдөр 0530801 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч ** шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч ** би 0-33 дугаартай “**” ХХК-ийн түрээсийн краны оператор **нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн эргэлтийн 3-р усан сангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад краны технологийн горим зөрчиж кран унагасан осол гаргасан байдалд 2024.08.28-ны өдөр 0530801 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно.
Тус ослыг “Гамшгаас хамгаалах тухай хууль” “осол” гэдэг тодорхойлолтыг үндэслэж хэтэрхий ерөнхий заалтаар торгосон алдаагаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
**аас Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч **д холбогдуулан “Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч **ийн “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 0530801 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан **ийн Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч **д холбогдуулан гаргасан “Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч **ийн “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 0530801 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 341 дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ