Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02260

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03321 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Э.Н-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 435 228 төгрөг, хүү 10 802 926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 582 624 төгрөг, нийт 22 820 778 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Э.Номгонжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор иргэн Э.Номгонжаргал нараас 22 820 778 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, нарны зам гудамж, 103/2-р байр зоорийн давхрын 54 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөхөөр үүргийн гүйцэтгэл хангуулах. Э.Номгонжаргал нь 2016 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн БГХ-16/1/133, БГҮ-16/1/133 тоот барьцааны гэрээ, 2017 оны 12 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ-17/1/133 тоот зээлийн гэрээний дагуу 11 300 000 төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Э.Номгонжаргал нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 5 дугаар сараас хойш биелүүлээгүй, төлбөр тооцоо гүйцэтгэлгүй гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрч манай компанид хүндрэл учруулж байна. Иймээс Грийн инвестмент ББСБ ХХК нь зээлдэгч Э.Номгонжаргалаас үндсэн зээл 10 435 228 төгрөг, зээлийн хүү 10 802 926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 582 624 төгрөг нийт 22 820 778 төгрөгийг тус нэхэмжилж байна. Мөн хариуцагч сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг дараах хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөг, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Миний нөхөр байсан Б.Мөнхболд нь тухайн үед хувийн бизнестээ ашиглах зорилгоор авч байсан ба би хамтран зээлдэгчээр орсон. Биднээс нэхэмжилсэн нийт дүн 32 883 249 төгрөг энэ дүн хаанаас яаж бодогдсон нь ойлгомжгүй. Мөн ямар данснаас ямар данс уруу шилжүүлж олгосон баримт байхгүй байна. Миний зүгээс 2016 оны 10 дүгээр сарын-р сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөгийн гэрээн дээр гарын үсэг зурсан. 2017 оны 5 дугаар сарын 23-ны нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний гарын үсэг миний гарын үсэг биш тул гарын үсэг дурайлгасан байна. Грийн инвестмент ББСБ-н 5129024419 тоот Хаан банкны дансанд нийт 5 705 720 төгрөг шилжүүлсэн. Б.Мөнхболдын 5039325543 тоот данснаас нийт 2 220 400 төгрөг шилжүүлсэн. Э.Номгонжаргалын 5041001125 тоот данснаас нийт 13 470 500 төгрөг тус тус шилжүүлсэн. Б.Мөнхболдын дансны хуулгыг өөрөө байхгүй болохоор авах боломжгүй байгаа тул Грийн Инвестмент ББСБ-н 5129024419 тоот данснаас шилжүүлсэн мөнгийг гаргуулах, мөн бэлэн төлж байсан баримтаа олохгүй байгаа. 2016 оны зээлийг энэ их хэмжээний хүүгийн хуримтлал үүсгэж их хэмжээний өрийн дарамт үүсгэж байгаад нэхэмжилж байгаа нь маш гомдолтой байна. Би энэ их хэмжээний мөнгө төлөх боломжгүй өөрөө орон сууцны зээлээ арай гэж төлж амьдарч байгаа. Зээл авсан Б.Мөнхболдоос гаргуулж авна уу. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ зээлийг би аваагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Э.Номгонжаргалаас 2017 оны 12 дугаар сарын дугаар сарын 15-ны өдөр ЗГ-17/1/133 дугаар зээлийн гэрээний 2017 оны 12 дугаар сарын дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны үүрэгт 22 820 778 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул үлдэх Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ Нарны зам гудамж 10 дүгээр сарын3 дүгээр сарын/2 байр, зоорийн давхрын 54 тоот хаягт байршилтай 18 м.кв авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342 253.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 272 053.89 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний нөхөр /байсан/ Б.Мөнхболд өөрийн компанийн эрхэлж байсан үйл ажиллагаанд зориулж Грийн инвестмент ББСБ ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл авахдаа хамтран зээлдэгчээр намайг оруулсан бөгөөд уг өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд би гарын үсэг зурсан юм. Б.Мөнхболд нь дээрх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй учир нэхэмжлэгчтэй 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай №ЗГ-16/1/133 а дугаартай гэрээг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ-17/1/133 дугаартай гэрээг тус тус байгуулсаныг миний бие шүүхэд хариуцагчаар дуудагдах үедээ мэдсэн бөгөөд дээрхи гэрээнүүдэд миний гарын үсгийг дурайлган зурсан байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилуулж гарын үсгийн шинжилгээ хийлгэсэн боловч миний гарын үсгийг мөн байна гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан. Иймд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаад байхад "бүрэлдэхүүнтэй шйнжээч томилох шаардлагагүй гэж хууль зүйн үндэслэлгүй, дүгнэлт хийж хүсэлтийг хангалгүй шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүщд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан эрхийн дагуу бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан байхад шүүх үндэслэлгүйгээр хангаагүй орхисон. Б.Мөнхболд нь нийт 4 447 000 төгрөгийг 5 удаагийн төлөлтөөр төлсөн болох нь нотлох баримтаар нотлогдсон байхад хүүд төлсөн мөнгийг хасаж тооцоогүй, нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 10 435 228 төгрөг гэж тодорхойлсон байхад уг үнийн дүнгээс хүүг тооцоогүйгээс 11 300 000 төгрөгөөс хүүг тооцож нийт 4 631 166 төгрөгийг илүү тооцсон. Түүнчлэн, шүүх гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү, хэтэрсэн хугацааны хүү нь хэд болохыг ялгаж тодорхойлоогүй, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч нь Б.Мөнхболд олгосон гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа уг гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгийг хүлээн аваагүй намайг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж зээлийн төлбөрийг гаргуулсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК нь хариуцагч Э.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 435 228 төгрөг, хүү 10 802 926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 582 624 төгрөг нийт 22 820 778 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Грийн инвестмент ББСБ ХХК, зээлдэгч Б.Мөнхболд, хамтран зээлдэгч Э.Номгонжаргал нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-17/1/133 дугаар байгуулагдсан бичгийн зээлийн гэрээ хэрэгт авагдсан байна. /хх5-6/

 

Уг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт бодитойгоор шилжүүлэн өгсөн эсэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тохиолдолд дээрх байдлыг тодруулах шаардлагатай.

 

Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч гэж үзэхийн тулд бичгээр хийгдсэн гэрээнүүд дээр зурагдсан гарын үсэг нь хариуцагч Э.Номгонжаргалынх мөн эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Э.Номгонжаргалын гарын үсгийн загвартай тохирч байна гэсэн боловч хариуцагч нь дахин бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ. Учир нь дахин шинжээч томилогдож Э.Номгонжаргалын гарын үсгийн талаар дүгнэлт гаргах нь уг этгээд зээлийн гэрээний үүргийг хариуцах эсэх нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт болох учиртай юм.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийх талаар зохицуулсан байхад анхан шатны шүүх хариуцагчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03321 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 053 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ