Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/868

 

 

П.Г д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Д.Г,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/674 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлоор П.Гд холбогдох эрүүгийн 2309000000810 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн П ийн Г, 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, эгчийн хамт, одоо -оршин суух, /РД:-/,

            Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

            Шүүгдэгч П.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 6 тоотод хохирогч А.Ютой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар “биед нь халдаж зодсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж амь насанд нь хохирол учруулж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт П Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Г т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан П.Гын цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гаас нийт 17.540.900 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Дт олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.Г ын өмгөөлөгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Г нь Завхан аймгийн уугуул, бага насандаа бүтэн өнчирч, эцэг, эхээ алдсан. 2022 оны 10 дугаар сард гэр бүлийн хүнээ хүнд өвчний улмаас алдаж, улмаар 2023 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод шилжин өөрийн төрсөн эгчтэйгээ хамт нийтийн байр түрээслэн амьдрах болсон байдаг. Тэрээр бага насандаа айлын мал маллаж өссөн бөгөөд сүүлийн 6 жилийн хугацаанд төмрийн худалдааны компанид албан бусаар туслах ажил хийж байсан. Улаанбаатар хотод ирсэн даруйдаа Нийслэлийн хот тохижилтын газар талбайн цэвэрлэгээний ажлыг 2 сарын хугацаатай эрхэлсэн. Нутгийн найз буюу П.Гд холбогдох эрүүгийн хэргийн гэрч Д.Гын санал болгосноор барилгын туслах ажил хийх болсон байдаг. Шүүгдэгч П.Г нь өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо барагдуулахыг эрмэлздэг боловч угаас төлбөрийн чадваргүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой байдал нь түүний хувьд хясал болоод байна. Тэрээр урьд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлж, бүрэн төлж барагдуулж байсан /1хх 131-134/. Өөрөөр хэлбэл, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсны улмаас шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлж, хохирлоо бүрэн барагдуулж байсан. Тухайн гэмт хэрэг гарах болсон нөхцөл, шалтгаан нь шүүгдэгч П.Гын нэг талын буруутай үйлдлийн улмаас мэтээр шүүхээс дүгнэж, шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулж дүгнэсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай харилцан хамааралтай тул гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг бодитоор дүгнэснээр эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах, улмаар шударга ёсны зарчмыг хангах юм. Шүүгдэгч П.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө амь хохирогч А.Юийн амь насыг хохироох санаатай хүсэл зоригийг агуулаагүй боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдал бий болсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад гэмт хэрэг гарах болсон нөхцөл, шалтгаан нь амь хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэлтэй, гэмт үйлдлийн улмаас шүүгдэгч П.Гын зүгээс эмнэлгийн яаралтай түргэн тусламж авсан. Хэргийн газар хамт байсан гэрчүүдийн зүгээс амь хохирогчийг эмнэлгийн байгууллагад шилжүүлээгүй зэрэг үйл баримтуудыг үнэлэлгүйгээр шүүгдэгч П.Гыг 10 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Иймд шүүгдэгч П.Гд оногдуулсан 10 жилийн хорих ялыг гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан, гэмт хэргийн хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж бууруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлээс минь хөнгөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч П.Гын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Д.Гаас гаргасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогчид 17.000.000 төгрөгийн хохирол учирсан. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Г нь хохирол, төлбөрийг ямар нэгэн байдлаар төлөх боломжгүй талаараа илэрхийлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирол, төлбөртэй холбоотой баримт гаргаж ирээгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломж нөхцөл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч П.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 6 тоотод хохирогч А.Ю той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар “биед нь халдаж зодсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж амь насанд нь хохирол учруулж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Д ийн “...Би аавтайгаа сүүлд 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ... аав ... над руу залгаж яриад “хоолны мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд би ... данс руу 10.000 төгрөг хийсэн. Тэрнээс хойш яриагүй байж байгаад 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр аав ... руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд өнөөдөр эгчээс аавыг нас барсныг мэдсэн. Хамт архи уудаг байсан хүмүүсийг нь мэдэхгүй. Манай аав архи хэрэглэдэг байсан. ...” гэсэн /хх 31/,

гэрч Д.Г ын “...Г ыг “муухай хоол хийлээ” гэх шалтгаанаар Ю нь нүүр рүү нь 1 удаа алгадаад, нэг удаа өшиглөсөн чинь Г нь уурлаад, босож ирээд Юахын толгой хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон чинь Юах даралт ихсээд байна гэж хэлэхээр нь би эмнэлэгт дуудлага өгсөн. Нэг мэдсэн чинь би тасарчихсан байсан. Тэгээд эргээд сэргээд босоод ирсэн чинь Г нь надад хэлэхдээ “Ю ах цусаар бөөлжөөд байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмч ирээд Юахыг үзээд нэг эм өгөөд дараа нь “авч явна, цуг яв” гэж хэлсэн гэсэн чинь Юах “яах юм бэ хэрэггүй, цагдаа шүүх болоод асуудал үүснэ” гэж хэлэхэд нь би хажуугаас нь манай ах “гэрийн паар мөргөчихсөн юм, одоо гайгүй байх” гэж хэлээд гарын үсэг зураад эмчийг явуулсан. Тэгээд өглөө нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө үүрээр 5 цаг 00 минутын орчим босоод уус уух гэсэн чинь Юнь ямар ч хөдөлгөөнгүй байгаад байхаар нь очоод хартал нас барчихсан байсан. Тэгэхээр нь би цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. ...” гэсэн /хх 73-74/,

гэрч Л.Оын “...манай нийтийн байрны 1 давхарт байх 6 номерын өрөөнд байдаг хүмүүсийг зүс танина, нэрийг нь мэдэхгүй байна. Би тэдний 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчим 6 номерт байх өрөөнөөс батарей цэнэглэгч гуйхаар ороход ... 3 эрэгтэй хүн байсан. Тэр гурав намайг орж байхад мах чанаж байсан. ...” гэсэн /хх 37/,

гэрч Б.Хын “...өнөөдөр орой буюу 2023 оны 4 дүгээр сарын 09-ний орой 00 цаг өнгөрч байхад нийтийн байрны өрөөнүүдийг шалгахад 3 хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тэгэхээр нь би “та нар архи уугаад байгаа юм уу? Болиорой” гээд хэлсэн чинь сэрүүн унтаагүй байсан залуу нь бид нар уугаагүй гэж байсан. ...” гэсэн /хх 39/,

гэрч Г.Оийн “...2023 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар 32 төвийн арын гудамжинд тоотыг нь санахгүй байна “Цусаар бөөлжөөд байна” гэх дуудлага 103-т ирээд зохицуулагчаасаа дуудлагаа аваад хаягийг нь аваад очоод ... өрөөнд ороход 4 хүн байсан. Үзүүлэх гэж байгаа хүн газар хэвтсэн байдалтай байсан. Тухайн хүн нь нэрээ хэлээгүй тэнд байсан хүмүүс нь “регистрийг нь мэдэхгүй” гээд хэлээгүй. Тэгээд тэр хүмүүсээс ямар холбоотойг нь асуухад ... нэг нь манай ах байгаа юм гэж хэлсэн. ...Үзүүлэх хүний даралт, пүс, ил харагдах шарх, сорвыг нь үзсэн. “Цусаар бөөлжсөн” гэхээр нь хаана бөөлжсөнийг асуухад “төмпөнд байгаа” гэсэн би төмпөнд нь үзэхэд цус гэмээр юм бол байгаагүй ба бөөлжсөн газрыг нь арчсан байсан. Тэгээд би юу идэж уусан талаар асуухад “кола уусан, өөр өнгөтэй идэж, уух юм хэрэглээгүй” гэж хэлсэн. Тэгээд үзүүлэгчээ үзэхэд даралт нь 130, 80-тай пүлс нь 93-тай, хүчилтөрөгчийн хэмжээ 95-тай байсан. Амин үзүүлэлт нь хэвийн байсан. Үзүүлэгчийг дуудаад нэрийг нь асуухад нэрээ хэлэхгүй байсан. Би хамт байсан хүмүүсээс асуухад “архи уугаад буцаад хэвтэхдээ толгойгоороо паар мөргөөд “яая, толгойг хагарлаа” гээд хэвтсэн” гэж хэлсэн. “Хэвтэхээсээ өмнө архи уусан уу” гэж асуухад “уусан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би амин үзүүлэлт нь хэвийн байсан, асуулт асуугаад хэлэхгүй байхаар нь би согтолтой байна гэж ойлгоод хордлого тайлах эмчилгээ хийлгэхээр харьяаллыг нь асуухад “хөдөөгийн харьяалалтай” гэж хэлсэн. ...Тэр хүмүүс үзүүлэгчийг “үдээсэндээ тээглээд паар мөргөөд унасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Гэмтэл рүү хүргэж өгнө, тархи толгойндоо гэмтэл авсан байж магадгүй” гэхэд тэр хүмүүс ... “бид нар явахгүй, бид нар унтаад үлдье, ... болохгүй бол бид нар дахиад дуудлага өгнө” гэхээр нь би нарийн бичиг дээр үзүүлэгчтэй хамт байсан хүмүүсийн нэрийг бичүүлж авсан. Би “авч явахгүй” гэж хэлээгүй, ... үзүүлэгчтэй хамт байсан 3 хүн явахгүй” гэж хэлээд үзүүлэгчийг авч үлдсэн. Тэгээд маргааш өглөө үүрийн 6 цагийн орчим “нас барсан юм шиг байна” гэх дуудлага ирээд өмнөх шөнө 20 цагийн үед ирсэн дуудлагын хүмүүс нь ахиж дуудлага өгсөн байсан. ...” гэсэн /хх 46/,

гэрч Д.Хын “...Г бид хоёр замаараа дэлгүүрээс бууз архи аваад Гын гэрт нь ороход Г талийгаач хоёр байсан. Тэгээд бид 4 архи хувааж уугаад буузаа идсэн. Тэгээд би тасраад өгсөн байсан. Тэгээд нэг сэрээд харахад талийгаач улаан өнгийн юмаар бөөлжөөд байсан хажууд Г, Гхоёр сэрүүн байсан. ...Г нь гэрийн хаяг мэдэж байсан учраас дуудлага өгсөн байх. 103 эмч ирээд “наад хүнийг чинь эмнэлэг рүү авч явна, та нар хамт яваад харж хоно” гэж хэлсэн. Тэгэхээр нь Г, Г бид гуравт тэнхэл байгаагүй тэгээд явж чадаагүй. Өглөө босоод ирсэн чинь Юра ах унтаад байх шиг байхаар нь би Гыг босоод Юра ахыг сэрээгээдэх гэхэд Г нь Юра ахыг “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаа, түргэнийг Г дуудсан. ...” гэсэн /хх 89-91/,

П.Гын яллагдагчаар өгсөн “...Талийгаач босож ирээд намайг нэг алгадаад нэг өшиглөөд “олигтой юм хийж чадахгүй байж” гэж хэлсэн тэгэхээр нь би хоёр удаа цохисон. Намайг цохисны дараа талийгаач газарт зассан орон дээр “унтлаа” гээд хэвтээд өгсөн. ...Шөнө дунд талийгаач их сонин дугараад байсан. ...” гэсэн /хх 9-10/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн “...Талийгаач нь гавлын, олон ясны хугарал №1 дух, баруун ухархайн дээд хана, бага далавчны шугаман хугарал, №2 баруун чамархай хайрст хэсгийн шугаман хугарал, №3 дагзны баруун доод хонхор, пирамид ясны шугаман хугарал, баруун зулайн хатуу хальсан дээрх цусан хураа. Баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, духны баруун дэлбэн, хоёр чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн хүнд зэргийн няцрал, духны баруун хэсэг, баруун зулай, чамархайн хуйханд цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж, багана тархинд хоёрдогчоор цус харваж нас баржээ. ...А.Ю-ид гавлын олон ясны хугарал №1 дух, баруун ухархайн дээд хана, бага далавчны шугаман хугарал, №2 баруун чамархай хайрст хэсгийн шугаман хугарал, №3 дагзны баруун доод хонхор, пирамид ясны шугаман хугарал, баруун зулайн хатуу хальсан дээрх цусан хураа. Баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, духны баруун дэлбэн, хоёр чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн хүнд зэргийн няцрал, духны баруун хэсэг, баруун зулай, чамархайн хуйх, баруун дээд, доод зовхи, дух, зүүн мөрөнд цус хуралт, дух, баруун мөр, цээж, зүүн бугуй, хоёр сарвуу, хоёр дал, бүсэлхийн зүүн дээд хэсэгт хуучин зулгаралтууд тогтоогдлоо. ...Дух, баруун ухархайн дээд хана, бага далавчны шугаман хугарал, баруун чамархай хайрст хэсгийн шугаман хугарал, баруун зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, духны баруун дэлбэн, хоёр чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн хүнд зэргийн няцрал нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр, дагзны баруун доод хонхор, пирамид ясны шугаман хугарал нь унах үед үүссэн байна. Духны баруун хэсэг, баруун ухархайн дээд хана, баруун чамархай, бага далавч, дагзны баруун доод хонхор, пирамид ясны шугаман хугарал, баруун зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, духны баруун дэлбэн, баруун, зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн хүнд зэргийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтооно. Духны баруун хэсэг, баруун зулай, чамархайн хуйх, баруун дээд, доод зовхи, дух, зүүн мөрөнд цус хуралт, дух, баруун мөр, цээж, зүүн бугуй, хоёр сарвуу, хоёр дал, бүсэлхийн зүүн дээд хэсэгт хуучин зулгаралтууд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. ...Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. ...Цус нь гуравдугаар бүлэг байна. ..Гавал гурван хугарал, тархины хатуу хальсны дээр, доор цусан хураа, хоёр чамархайн аалзан хальс доорх цус харвалт, няцрал үүссэн амь насыг аврах боломжгүй байжээ. ...” гэсэн шинжээчийн 1068 дугаар /хх 52-57/ дүгнэлт,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, П.Гын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийцжээ.

Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход чиглэсэн, шууд болон шууд бус санаатай үйлдэл хийсний үр дагаварт хүн нас барсныг ойлгоно.

Шүүгдэгч П.Гын хохирогч А.Ютой маргалдаж, түүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Д.Гаас “хорих ялыг багасган хөнгөрүүлэх” талаар давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх П.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр хүнийг алсан гэмт хэрэгт 10 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй ба онгодуулсан ял нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Гын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/674 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Г.Г

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ