| Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С******* /цахимаар/ нарыг оролцуулан Н.Ж*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс орц, гарц гаргах эрх хэмжээ хариуцагчид байгаа учраас шууд даалгаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Дараа нь газрын аль хэсгээр нь орц, гарц гаргах боломжтой гэдгийг нэхэмжлэгчтэй зөвшилцвөл шүүгчийн шийдвэрт заавал газрын тэр хэсгээр гэж заахгүй учраас уулзаад тохирох боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хялбаршуулсан журмаар шийдүүлж болно. Орц, гарц гаргахдаа нэхэмжлэгч талтай зөвшилцөнө гэдгийг заавал тусгах шаардлагатай гэж үзэж байна. Захирамж дээр хугацаа дурдахгүй бол магадгүй гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтээ хэзээ бичих нь тодорхойгүй болоод байна. Шүүх 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр хялбаршуулсан байдлаар шийдвэрлэлээ гэхэд 2025 оны 06 дугаар сар хүртэл хариуцагч нөхцөл байдлаа судлах хангалттай хугацаа байна. Судалсны дагуу ажлаа эхлүүлэх хугацааг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байж болно гэж үзэж байна. Хариуцагч нь орц, гарц гаргах шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгчтэй хаагуур гаргах талаар урьдчилан мэдэгдэж, зөвшилцөх, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө орц, гарц гаргах гэдэг байдлаар захирамжид тусгуулах хүсэлттэй байна. гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Нэхэмжлэгч тал манай байгууллага дээр ирж зураг дээр орц, гарц гаргах хэсгийг уулзаж ярилцах шаардлагатай байна. Нэг орц, гарц гаргах газар олсон. Тухайн айлтай зөвшилцөж, талбайн хэлбэр, хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нөгөө тал зөвшөөрөх үү гэдэг бас асуудалтай байна. Өвлийн улиралд шийдэх асуудал биш учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх буюу эвлэрэх саналтай байна. Хүмүүсийг зусландаа гарах үед очиж ярилцаж талбайн хэмжээнээс өөрчлөлт оруулах асуудал яригдана. Эхний ээлжид албан бичиг явуулж болно. Талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг нэхэмжлэгчийн баруун талын айлд санал тавих гэж байна. Одоогоор яг тэр газраар орц, гарц гаргана гэж хэлж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэх хугацааг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд гэж тавья. гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүх хуралдаанд эвлэрэх талаар хүсэлт гаргажээ. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно. гэж тус тус заасан. 3. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/2720 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С*******д олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрх олгосон байна. 4. Тус эвлэрэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******гаас ... нэхэмжлэгч иргэн Н.Ж*******ийн /РД:*******/ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянбулагийн зусланд байрлах 1462900927 нэгж талбарын дугаар бүхий 254 м.кв газрын орц, гарцын асуудлыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Н.Ж*******тэй харилцан тохиролцож, урьдчилан зөвшилцөж, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө орц, гарцын асуудлыг бүрэн шийдвэрлэхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С******* хүлээн зөвшөөрч, талууд дээрх агуулгын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 5. Шүүх талуудын дээрх эвлэрлийн агуулгыг хянавал, эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдохгүй байна. 6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, Н.Ж*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР |