Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч :Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс,

Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000790192 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Л

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Д-гийн гээгдүүлсэн гар утсыг олж өөртөө ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна.2017 оны 05 дугаар сарын сүүлээр санагдаж байна яг өдрийг нь санахгүй байна би “Дэлгэрэх” зах орж сүү авчихаад гараад иртэл надтай хамт явсан манай нөхөр Бууралчулуун машинтайгаа хөдлөөд явчихсан. Би араас нь эргээд хүрээд ирэх байх гэж бодоод урагш зам руу алхсан. Тэгж байтал “Дэлгэрэх” захын ертөнцийн зүгээр урд талд үсчин, жолооны курсын сургуультай 2 давхар байшингийн зүүн талд гадна хашааны хажуугаас “Жи 7” маркийн гар утас олсон. Анх харахад газарт бөгж байна гэж бодоод автал утас байсан уг утасны гадна талын гэрний хойд талд нь хуруундаа хийдэг бөгжтэй юм байна лээ. Утсыг авч үзэхэд дэлгэж нь хагарсан асаалттай байсан. Би халаасандаа хийсэн. Удаагүй манай нөхөр ирсэн ба бид хоёр явж байхад манай нөхөр таксинд явсан ба хүмүүс суугаад надад нөхөртөө энэ талаар хэлэх боломж олдоогүй. Тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. Гэрт хүн байгаагүй ба орой нь манай хүү Наранчулуун ажпаасаа тараад ирсэн ба би хүүдээ ийм утас оллоо гэж хэлсэн. Гэтэл миний хүү “энэ чинь үнэтэй утас шүү дээ, хаанаас олсон юм би хэд хоног гангараад барьж байе” гэж хэлээд авсан. Би орой аймгийн телевизүүдээр утас гээсэн талаар зар явах нуу гэж бодоод харахад огт зар яваагүй. Хэрэв зар явсан бол утсыг эргүүлж өгөөд хэдэн төгрөг авна гэж бодсон юм. Намайг олох үед асаалттай байсан байх гэж бодож байна. Тэгээд гэрт байж байхад манай хүү ирээд утсыг үзээд шууд батерейг нь салгаж үзсэн ба сем карт байгаа эсэхийг нь үзсэн. Манай хүү ирэх хүртэл намайг утас олсноос хойш утас руу хэн нэгэн хүн огт залгаагүй. Түгжээ байсан эсэхийг би огт мэдэхгүй. Би өөрийн хүү Наранчулуунд л хэлсэн. Шалгаж байсан цагдаад өгсөн байгаа. Зураг мессеж байсан байхаа. Би хэрэв утас олоод хаана хэлэх талаар мэдэхгүй, зурагт үзээд зар явах эсэхийг харж байсан. Тэрнээс цагдаад хэлэх талаар би огт мэдэхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 54-55/,

2. Шүүгдэгч Д.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч Ж.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би яг одоо хэзээ хэдэн байсныг сайн санахгүй ямар ч байсан зун 6 сард байсан, би “Баруун бүс” дээр явж байгаад “Тайхар” дэлгүүрээс юм авах гээд дэлгүүр орсон, тэгэхэд утсаа алга болсныг мэдсэн тэгээд цагдаад мэдэгдсэн. Би тухайн үед эрүүл байсан “Баруун бүс” орчоод тэндээсээ “Тайхар” дэлгүүр орсон, Би тэр хаагуур явснаа сайн санахгүй байна гадуур ажил эмчлүүлээд явсан. Би “Тайхар” дэлгүүр ороод утас байхгүй болсоныг мэдсэн, яг хаанаас яаж алга болсоныг мэдэхгүй байна. Дэлгэцний дотор тал цуурсан шаргал өнгийн утас байсан. /хх-ийн 28-29/,

...Би 2017 оны 06 сарын 23 ны өдөр “Тайхар” дэлгүүрийн гаднаас машин дотроосоо Самсунг Жи-7 маркын шар өнгийн гар утасаа хулгайд алдсан гэж Цагдаагийн байгууллагад хандсан. Энэ үеээс хойш би байнга Баян-Овоо сумын “Цагаан цахирт” ажиллаж байгаад тэндээсээ өнөөдөр л ирсэн. Миний гар утас нууц 0710 дугаарын кодтой ба баруун доод талдаа хагарсан содон шинж тэмдэгтэй. Мобикомоос 2016-11-01 ний өдөр 591000 төгрөгөөр худалдаж авсан. Би 2017 оны 03 дугаар сард “Жи-7” маркийн гар утас Мобикомоос лизингээр 700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гар утсыг бариад удаагүй 3 сар гаран барьж байсан ба 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 56-68 БНА улсын дугаартай Тоуоta prema” маркийн автомашинтай 17 цагийн орчимд “Баруун бүс”-ийн худалдааны төв орчихоод тэндээсээ ганцаараа машинтайгаа төв зам өгсөж явсаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Тайхар” дэлгүүрийн үүдэнд зогссон. Дэлгүүр рүү орохдоо машинаа асаалттай, жолооч талын цонхыг нь онгорхой үлдээгээд дэлгүүр ороод 5-10 минут болоод эргээд гарч ирсэн. Тэндээсээ хөдлөөд “Шар бүрд” дэлгүүрийн урд талын уулзвараар баруун эргээд “Дэлгэрэх” захын урдуур явсан замаар яваад гуравдугаар сургуулийн урдуур гарч “Ган зүү” эмнэлэгийн урд талын 58 дугаар байрны гадаа очсон. Тэгээд би машинаас буугаад машинаас дэлгүүрээс авсан зүйлээ аваад утсаа авах гэхэд байгаагүй. Би “Тайхар” дэлгүүр рүү орохдоо машины асаагууранд утсаа цэнэглэж байсан ба утас байхгүй цэнэглэгч нь байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би утсаар яриагүй ба дэлгүүрээс гараад шууд гэр рүү явсан ба замдаа зогсож машинаас бууж суугаагүй. Замдаа явж байхдаа утсыг гээсэн байж магадгүй. Гэхдээ бол би тэр талаар мэдэхгүй байна. Ямарч байсан утсаа алга болсоныг мэдээд дэлгүүрийн гадаа машины цонхоо онгорхой орхиод гарч явах үед хулгайд алдсан байж магадгүй гэж бодоод л дуудлага өгсөн. Гадна талаараа хамгаалалт байхгүй шар өнгөтэй, шилэн нааллтай цаад талын шил хэсэг нь доод хэсэгтэй хөндлөн цуурсан байдалтай байсан. Гар утасны цэнэг муу байсан ба би цэнэглэж явсан ба 20 орчим хувьтай байсан. Утасны батаррей муу байсан учир 15 хувь хүрээд шууд унтарчихдаг юм. Миний утас кодон түгжээтэй байсан код нь 1007 байсан санагдаж байна. Миний утсан дээр ойр дотны хүнээс ирсэн мессеж, зураг дуудлага олон байгаа. Мөн fасеЬоок, мессенжерт мөн орсон байсан. Би утас байхгүйг мэдээд гэрт ороод 80708095 гэсэн дугаараас залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш миний утас огт холбогдоогүй. Үгүй над руу хэн нэгэн огт яриагүй. Би зар явуулаагүй цагдаад хэлж гомдол гаргасан байгаа. Би өөрийн утсаа эргүүлэн олж авсан ба одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 30-34/5.

4. Гэрч Б.Наранчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 06 сарын 15 ны орчим намайг ажлаа тараад 19 цагын үед гэртээ ирсэн чин манай Ээж Лхавгаа нь баруун бүсээс авсан гээд Жи-7 маркын гар утас авчирсан байсан, тэгэхээр нь би энэ чин гоё үнэтэй утас байна би барчий гэсэн, гэтэл түр бариарай гэж ээж өгсөн, тэгээд би барьж байгаад манай найз охины төрсөн өдөр болох гээд байна би найз охиндоо бэлгэнд өгчий гэж ээжид хэлээд найз охиндоо өгсөн. Тэгээд байж байтал 5 сар гарны дараа цагдаагаас манай найз охинлуу залгаж наад утас чин алдагдсан утас байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ээжрүү залгаад надруу Баянхонгор аймгаас цагдаа яриад байна аа энэ утасыг хулгайн утас гээд байна гэтэл манай ээж юу яриад байгаа юм би олсон юм наад утасаа наашаа явуул би аваад очий гэж хэлсэн тэгэхээр нь би утсыг явуулсан. Жи -7 маркын шар өнгөтэй хуучин дэлгэц нь хагарсан утас байсан. Манай ээж тухайн үед яагаад надад олсон гэж хэлээгүйг би мэдээгүй. Баруун бүсээс авсан гэж ярьж байсан. Аав Эгч манай нар мэдэж байгаа тухайн утас манай гэрт байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

5. Гэрч Д.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны хавар 05 сарын үед дунд зах дээр нөхөр Бууралчулуунтай машинтайгаа хамт явж байгаад би захруу сүү авах гээд ороход манай нөхөр намайг хүлээгээд үлдсэн тэгээд би захруу ороод сүү авчаад гараад иртэл манай нөхөр хүн аваад яваад өгсөн тэгээд би эргээд ирэх байх гээд захаас урагшаа гараад хайлс дагаад явж байтал нэг бөгж шиг юм байхаар нь аваад хартал гадуураа гэртэй утас асаалтай байсан, тэгэхээр нь би авч кармалаад гэртээ очиж байгаад зайг нь авч салгасан. Тэгээд орой манай банди Наранчулуун ирхээр нь ээж нь ийм утас авлаа энэ ямар утас вэ гээд асуутал манай хүүхэд энэ үнэтэй утас байна та хаанаас авсан юм гэхээр нь би баруун бүсээс авсан гэж хэлсэн юм. Тэгээд манай банди би хэд хоног бариад гангарий гээд байхаар нь өөрийн банди Наранчулуундаа өгсөн юм. Тэгээд би сүүлд нь хүүхэддээ ээж нь олсон юм гээд хэлсэн, тэгээд утас алдсан гээд зар явбал ээж нь шагналыг нь аваад утсыг нь өгнө шүү гэж хүүхэддээ хэлсэн. Би 05 сард олсон яг хэдэнд гэдгээ мэдэхгүй байна ямарч байсан үдээш хойш өдөр олсон. Би ганцаараа явсан өөр хүн яваагүй намайг утас олсоныг манай бади бид хоёр л мэднэ. гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/,

6. Гэрч Т.Бууралчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Д.Л бол миний эхнэр байгаа юм. Бид хоёр 1987 онд гэр бүл болж байсан. Одоо 2 хүүхдийн эцэг эх болон амьдарч байна.Татгалзах зүйл надад байхгүй. Би ойлгосон. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би энэ талаар огт мэдэхгүй байна. Хэзээ хойно нэг утас олсон чинь цагдаа дуудаад байна гэж байсан. Би өөрөөр мэдэхгүй байна. Тэр утас нь ямар маркийн утас байсан талаар ч би мэдэхгүй. Тэр утсыг манай хүү Наранчулуун барьж байсан гэсэн. Тэр утсыг дараа нь хүнд буцаагаад өгсөн л гэсэн. Хаанаас ямар маркийн утсыг хэзээ олсон талаар би огт мэдэхгүй байна. Д.Л нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн ба эцэг эхээсээ дөрвүүлээ ба айлын ууган хүүхэд байгаа юм. Бага насаа аймагт эцэг эхийн гар дээрээ өнгөрүүлж байсан. Нэр хүнд сайн шүү. Гэр бүл, үр хүүхдээ сайн авч явдаг гэж хэлж болно доо. Зурагт байгаа гэх мэдүүлэг / хх-ийн 41-42/,

7. Гэрч Д.Дашын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Д.Л нь Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, эцэг эхээсээ дөрвүүлээ ба айлын ууган хүүхэд байгаа юм. Д.Л нь Жаргалант суманд байж байгаад 7,8 настайдаа гэрээрэй Богд сум руу шилжиж тэнд суурь боловсрол эзэмшсэн. Тэгээд тэднийх Сэлэнгэ аймаг руу шилжиж яваад 4 жил болоод буцаж Баянхонгор аймагтаа ирсэн. Манайх Д.Л-ынхтай айл аймаг явдаг байсан. Д.Л нь төрөлхийн түнхний мултралттай групед байдаг. Бага байхдаа их сурлага сайтай хүүхэд байсан. Зан аашын хувьд даруухан, хөөрхөн ааштай. Хүнийг хүүхэд хөгшин, баян ядуу гэж ялгаж харьцдаггүй хүн байгаа юм. Ажилд их сайн, нөхөр нь мөн ажилд сайн. Д.Л нь нэр хүнд сайн шүү, сургуульд байхдаа ч сайн байсан. Хамт олондоо ад үзэгдэх хүн биш байгаа юм. Хулгай хийхгүй, худал хэлэхгүй хүн гэж миний хувьд үнэлдэг гэх мэдүүлэг / хх-ийн 43-44/,

8. Баянхонгор аймгийн эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн шинжээчийн:

“Samsung J-7” маркийн гар утас 450.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохиролыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Д.Л-д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь бусдын мотоциклийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Л-д ял оногдуулахдаа хувийн байдал болон ар гэр ахуй амьдралын байдал, мөнгөн төлбөр төлж чадах чадвар зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Л нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгчийн Sharp” маркийн телевизорийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх телевизорийг эзэмшигч Д.Л-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Баяжих овогт Д.Л-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Баяжих овогт Д.Л-ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 163 дугаар зүйлийн 163.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс /04 / дээшгүй цагаар ажил хийлгэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар шүүгдэгч Д.Л нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг / 01 / хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Уг хэргийн учир шүүгдэгч Д.Л нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.-Лын эзэмшлийн “SHARP” маркийн телевизорыг битүүмжилсэн 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх телевизорийг эзэмшигч Д.Лд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.                   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ