| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0007/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/006 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1714002810172 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 15-17- өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт байрлах Улсын нөөцийн хашаанаас 60 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 570000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч *******2гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... манай гэр Өвсний фондны ар талын хашаанд байдаг. Ингээд манай урд талд байх өвсний фондын хашаанд ил өвс буулгасан хураагаагүй байхаар нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шөнө 22 цаг өнгөрч байхад ганцаараа хашаанд нь орж өвснөөс нь нэг нэгээр нь зөөж хашааныхаа урд талд авч ирж байгаад хашаа руугаа оруулж адууныхаа хашаанд оруулаад тавьчихсан. Би нийт 32 боодол өвсийг авсан байсан бөгөөд шөнийн 04 цаг хүртэл зөөсөн. Энэ хугацаанд манаач нь нэг ч удаа гарч ирээгүй. Гэтэл уг газар нь 60 боодол өвс алдагдсан гээд байхаар нь миний бие хулгайлсан байсан 32 боодол өвсийг буцааж өгөөд үлдэгдэл 28 боодол өвсний үнэ болох 266000 төгрөгийг тушаасан ... гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 /
Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...******* нь манай өвсийг хулгайлсан байж байгаад 32 боодол өвсийг буцааж өгсөн. Үлдэгдэл 28 боодол өвсний үнэ болох 266000 төгрөгийг байгууллагын дансанд тушаасан. Одоо манай байгууллагын зүгээс энэ хүнтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан өвсний хувьд хашаан дотор задгай байсан. Нийт 288 ширхэг өвс байх ёстойгоос 60 боодол өвс дутсан юм. *******г өвс хулгайлсан талаар мэдээд гэрт нь очиход хашаан дотроо малынхаа саравчинд өвсийг хураасан байсан бөгөөд бид нар тухайн үед нь тоолж үзэхэд нийт 35 боодол өвс байсан. *******гийнх манай өвс хадгалж байгаа хашааны залгаа ард талд байдаг айл байгаа юм. Ингээд бид нар *******г гэртээ ирэхийг хүлээгээд байсан чинь 2-3 хоног гэртээ ирэхгүй байж байгаад гэнэтхэн манай ажил дээр ирээд өвс өгөх гэсэн юм гэхэд нь буулгаад тоолж үзэхэд 32 боодол өвс авч ирж өгсөн. Үлдэгдэл 28 боодол өвсний хувьд ямар нэгэн зүйл асуугаагүй. Би бодохдоо хэрэглэсэн юм байхдаа гэж бодсон. Учир нь намайг хашаанд очоод тоолж үзэхэд 35 боодол байсан сүүлд авч ирж өгөхдөө 32 боодол өвс өгсөн . Манайд өнөөдрийн байдлаар нэг боодол өвс 9500 төгрөгөөр зарагдаж байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 /
Гэрч *******-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай нярав******* намайг гэрт байхад утсаар залгаад арын хашаан дээгүүр өвс зөөгөөд хулгайлаад авч явсан байна гэж хэлсэн. тэгээд би хэд орчим алга болсон байна гэхэд 300 орчим боодол өвч юм шиг байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд сүүлд нь няравтайгаа задарсан өвс бусад тооцоогоо шахаад үзсэн чинь 60 боодол өвч дутаж байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 /
Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...манайх 2012 оноос хойш ******* эчийнхтэй айл саахалт амьдарч байгаа. ******* эгч өвсний фондны ард мод үржүүлэхийн хэсэг газрын манаач хийдэг. Энэ жилээс хөдөөнөөс хүүгийнх нь мал ирээд маллахад нь тус болж байгаа гэсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21/
Гэрч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Миний бие эхээс хоёулаа. Ах маань том тэрэг барьдаг болохоор Өмнөговьд байдаг. Ээж ******* нь одоо ганцаараа амьдардаг. Насаараа мал малласан бөгөөд тэтгэвэрт гарсан. Хөдөөнөөс аймгийн төвд орж ирээд 5-6 жил болж байна. Ээжийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн талаар мэдэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “ ... шинэ ногоон өвсийг 570000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 26-27/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 19-22/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-7/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******-гийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 43/, тэтгэврийн дэвтэрийн хуулбар / хх-ийн 46/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017.12.05-ны өдрийн 3/1714 тоот тодорхойлолт /хх-ийн 44/, шүүгдэгч *******-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 54/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 15-17- өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт байрлах Улсын нөөцийн хашаанаас 60 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 570000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******гийн ... шөнө 22 цаг өнгөрч байхад ганцаараа хашаанд нь орж өвснөөс нь нэг нэгээр нь зөөж хашааныхаа урд талд авч ирж байгаад хашаа руугаа оруулж адууныхаа хашаанд оруулаад тавьчихсан. Би нийт 32 боодол өвсийг авсан байсан бөгөөд шөнийн 04 цаг хүртэл зөөсөн.... гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 /
хохирогч*******ийн ... Нийт 288 ширхэг өвс байх ёстойгоос 60 боодол өвс дутсан юм. *******г өвс хулгайлсан талаар мэдээд гэрт нь очиход хашаан дотроо малынхаа саравчинд өвсийг хураасан байсан бөгөөд бид нар тухайн үед нь тоолж үзэхэд нийт 35 боодол өвс байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 /
гэрч *******гийн... нярав******* утсаар залгаад арын хашаан дээгүүр өвс зөөгөөд хулгайлаад авч явсан байна гэж хэлсэн, би цагдаад дуудлага өгсөн, задарсан өвс бусад тооцоогоо шахаад үзсэн чинь 60 боодол өвч дутаж байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 /
Шүүгдэгч *******д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулахаар заасан.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-т “…Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй....” гэж заасан тул шүүгдэгч *******д нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу өндөр насны тэтгэвэрт байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 570000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч ******* нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА