Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 382

 

 Ч.Н-, Э.З-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч С.Болдбаатар, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар магадлалтай, Ч.Н-, Э.З-нарт холбогдох 1808000001501 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч С.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, мужаан мэргэжилтэй, *** ял шийтгүүлж байгаагүй, А овогт Ч-н Н-,

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, *** ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Э-н З-.

Э.З-, Ч.Н- нар нь бүлэглэж, Ч.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.О-н 96,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-3” загварын гар утсыг хулгайлж, тухайн цаг үед З.З- нь Н.О-н халааснаас бэлэн 1,200,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Н-, Э.З-нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ыг 300 цаг, Э.З-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Ч.Н-ын хохирогч Н.О-н “Самсунг эс-3” загварын гар утсыг хулгайлж 96,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Н-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч С.Болдбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Ч.Н-ын авсан гар утасны “Дамно” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12 өдрийн №СХЗ-18-646 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38/, мөрдөгч н.Энхчулууны ...Ч.Н- гэж өөрийгөө танилцуулсан эрэгтэй халааснаас Самсунг эс-3 загварын гар утас гарч ирснийг хураан авав, гэсэн хүний биед нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, Э.З-нь хохирогч Н.О-н халааснаас 1,200,000 төгрөг авч буй бичлэг, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд .. Э.З-гийн ... би 1,2000,000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.О- нь би гар утсаа хүлээж авсан гомдолгүй гэсэн мэдүүлгүүд авагдсан байна.

Хавтас хэрэгт авагдсан баримтаас дүгнэж үзэхэд гар утасны зах зээлийн бодит үнэлгээ 96,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд Эрүүгийн хуульд “...Гэмт хэргийн хохирол, хор уршигт “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн хохиролд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж заасан.

Өмгөөлөгч миний бие удаа дараа энэ тухай прокурор Р.Очирсүрэнд хүсэлт тавьж 2018 оын 12 дугаар сарын 24-ний өдрийн 837 тоот хариу мэдэгдэх хуудсанд миний хүсэлтийг хүлээн авсан боловч мөрдөгч н.Энхчулуун прокурорын даалгаврыг огт биелүүлээгүй. Прокурорын байгууллагын тухай хуулийн 33 дугаар зүйлд прокурорын даалгаврыг хүлээн авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан атал мөрдөгч тус даалгаврыг биелүүлээгүй, үл тоож хавтас хэрэгт гэрч Д.Алтанхуяг, А.Эрхэс нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Сиди бичлэгээс үзэхэд энэ 2 гэрч хэрэг гарах үед огт байгаагүй, шүүгдэгч Э.З-гийн хүсэлтийн дагуу гэрчүүдээс мэдүүлэг авсан нь хэрэгт огт хамааралгүй, үнэн бодит байдлыг төөрөгдүүлэх, бүлэглэн, хамтран үйлдсэн мэтээр хэргээс харагдуулдаг юм.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолоор Ч.Н- нь хохирогч Н.О-н гар утсыг хулгайлж, 96,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд өмгөөлөгч миний хувьд баярлаж байна.

Гэтэл Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэж заасан байна. Уг гэмт хэргийн үйлдэл бүр нь тусдаа атал Ч.Н-ын үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ үргэлжилсэн үйлдэл гэж үзвэл Ч.Н-ын халааснаас бэлэн мөнгө гарч ирэх ёстой, гэтэл огт мөнгө гарч ирээгүй байдаг. Энэ нь биед үзлэг хийсэн тэмдэглэл, сиди бичлэг, Э.З-гийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад нотлох баримтаар дахин дахин үгүйсгэгдэнэ.

Хохирогч Н.О-н халааснаас 1,200,000 төгрөг авч, гэмт хэрэг үйлдсэн нь Э.З-юм. Э.З-нь анхан шатны эрүүгийн шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж мэдүүлсэн байдаг.

Гэтэл Ч.Н-ад халдаан хэрэглэж, үргэлжилсэн үйлдэл буюу бүлэглэж үйлдсэн мэтээр ялласан нь бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ч.Н-ийн үйлдээгүй гэмт хэргийн төлөө, гэм буруугүй хүнийг яллаж, аваагүй 1,200,000 төгрөг авсан гэж хилс хэрэгт ял оногдуулсанд өмгөөлөгч миний бие гомдолтой байна. Иймд Ч.Н-ыг бусадтай бүлэглэн 1,200,000 төгрөгийг авсан гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар хохирогчийн гар утас болон бэлэн мөнгө нийт 1,296,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлахдаа үйлдлээрээ нэгдэн хамтарч оролцсон, мөн дээрх гэмт хэргийг нэг цаг хугацаанд үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж халдлагын зүйлийн хохирлын хэмжээ хүрэхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч С.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Н-, Э.З-нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ч.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.О-н 96,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-3” загварын гар утсыг, мөн тухайн цаг үед Э.З-нь Н.О-н халааснаас бэлэн 1,200,000 төгрөгийг хулгайлсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Н-, Э.З-нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдний үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Н-ын хохирогч Н.О-н 96,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung эс-3” загварын гар утсыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 4.3-т заасан бага хэмжээний болох 300,000 төгрөгт хүрэхгүй буюу Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцох хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Н- Э.З-нар нь нэг санаа зорилгын хүрээнд нэгдэн бүлэглэж, нэг цаг хугацаа, орон зайнд хохирогч Н.О-н гар утас болон халааснаас нь 1,200,000 төгрөг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн байхад гар утас болон мөнгө хулгайлсан үйлдлийг тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа мэтээр гэмт хэргийн талаарх ойлголтыг буруу тайлбарлаж, халдлагын зүйл нь “...бага хэмжээний хохирол”-д хүрэхгүй гэсэн үндэслэлээр Ч.Н-ын гар утас хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.    

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болдбаатарын “...Ч.Н- нь үргэлжилсэн үйлдлээр 1,200,000 төгрөгийг хулгайлаагүй, үйлдээгүй гэмт хэргийн төлөө гэм буруугүй хүнийг яллаж байгаа тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч С.Болдбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН