Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 92

 

С.Г-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                   Л.Атарцэцэг            

Шүүгчид:                                   Г.Банзрагч,

                                                  Б.Мөнхтуяа,

                                                  Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                         Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142, Б/143 дугаар тушаалын С.Ганнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С.Г-г урьд эрхэлж байсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0664 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0038 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: С.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.А.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0664 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалын С.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаар тушаалын С.Ганнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Ганнасанг урьд эрхэлж байсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Ганнасанд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 6 сар 23 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.881.380 / зургаан сая найман зуун наян нэгэн мянга, гурван зуун наян мянга/ төгрөгийг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаас гаргуулж, нэхэмжлэгч С.Ганнасанд олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0038 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0664 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

       Хяналтын журмаар гаргасан гомдол: 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Г.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийг шийдвэрлэхдээ шүүгч нь хэргийн нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, нэг талыг барьж, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж дараах үндэслэлүүдийг гаргаж байна. Үүнд: Нэг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142, Б/143 дугаартай тушаалуудыг нэхэмжлэгч тал хуульд нийцээгүй гэж үзсэн. Дээрх тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-д “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-д “3ахиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэснийг баримталсан тул хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142, Б/143 дугаартай тушаалууд нь холбогдох хууль тогтоомжуудад нийцсэн хууль ёсны акт гэж үзэж байна.

3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гаргасан шийдвэртээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаартай тушаалын С.Ганнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь дээрх акт нь хууль ёсны захиргааны акт гэж үзсэн атлаа 143 дугаартай тушаалын С.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

4. Анхан шатны шүүх гаргасан шийдвэртээ Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Энэ зүйлийн 3.3.2, 3.3.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн албан тушаал эрхлэх эрхтэй”, 28 дугаар зүйлийн 28.2.2-т “төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс” зэргийг үндэслэл болгосон нь нийт төрийн албан хаагчдад тавигддаг нийтлэг шаардлагуудыг үндэслэл болгосон байна.

5. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142, Б/143 дугаартай тушаалуудын үндэслэлүүд: 2.1.1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна, 2.1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогч санаачилсан”, 40 дүгээр зүйлийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, 2.1.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаар тогтоол /Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай/-ын 1.13. 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтцэд агаарын чанарт хяналт тавих үүрэг бүхий нэгжийг шинээр байгуулж, шаардагдах зардлыг батлагдсан төсвийн багцдаа зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Ц-д, 1.14-д Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтэд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, явц, дүнг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Ц, Нийслэлийн Засаг дарга С.Б нарт, 2.1.4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/32 дугаар тушаал /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай/, 2.1.5. Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 129 дүгээр тушаал, 2.2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаар тушаалын үндэслэлүүд, 2.2.1. Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагч томилж, чөлөөлнө”, 2.2.2. Төсвийн тухай /шинэчилсэн найруулга/ 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 2.2.3. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”, 28.2.2-т “төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс”, 2.2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно”, 2.2.5. Монгол Улсын Засгийн газрын 2 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаар тогтоол /Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай/-ын 1.13 дэх заалт 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд агаарын чанарт хяналт тавих үүрэг бүхий нэгжийг шинээр байгуулж, шаардагдах зардлыг батлагдсан төсвийн багцдаа зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд, 1.14 дэх заалт Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтэд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, явц, дүнг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт, 2.2.6. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/32 дугаар тушаал /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай/, 2.2.7. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны А/15 дугаар тушаал /Дотоод журам батлах тухай/ 4.11 Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтанг байгууллага дотроо ажил мэргэжлийнх нь дагуу нэг хэлтсээс нөгөө хэлтэс рүү сэлгүүлэх, шилжүүлэн буюу орлон ажиллуулж болно.

6. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар тушаалаар газрын харьяа нэгж, бүтцийг тогтоож, нийслэлийн 8 дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийг бий болгосон бөгөөд эдгээр нь тус байгууллагын үндсэн нэгжүүд болно.

7. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй. 13 дугаар зүйлийн 13.5, 321 дүгээр зүйлийн 321.1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар; Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, ажиллагааг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтыг хийж, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/5593 тоотоор ирүүлсэн албан бичгийн “...4. НМХГ-аас авлигад өртөх эрсдэл өндөртэй нийт 187 албан тушаалтнуудын судалгааг гаргуулан авч хянан үзэхэд 38 албан тушаалтан буюу 20% нь 11 жил, 9 албан тушаалтан буюу 51% нь 5-10 жил тухайн байгууллагад ажиллаж хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг хэрэгжүүлж дагнан ажилласан байна. Хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлж нэг бүс нутагт олон жил ажиллаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болгох эрсдэлтэй байна...” гэж үзсэн дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажилласан болно.

8. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн нь: Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг ...эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэсний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч С.Г, Б.А, О.Э, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Номин нартай биечлэн уулзаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар танилцуулж сонсох ажиллагаа явуулсан талаар тус газрын улсын /ахлах/ байцаагчид Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.А, О.Э, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Н нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сонсох ажиллагаа хийсэн тухай асуудлаар гэрчийн мэдүүлэг өгч, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.7-д заалтуудыг хангасан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, хавтаст хэрэгт байгаа болно.

9. Нэхэмжлэгч С.Г нь Баянгол дүүрэг дэх хэлтэст Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллах ёстой, гэтэл ажлаа таслан одоо хүртэл ирээгүй, уг ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлууд хийгдээгүй болно. Энэ талаар удаа дараа сануулж шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй бөгөөд С.Г-г ажилдаа ирэхгүй байгаа талаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Тамгын газарт албан бичгийг ирүүлж байсан, уг албан бичгийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримт болгон хүргүүлсэн мөн Отгонтэнгэр их сургуульд суралцаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр үйлдвэрлэлийн дадлага хийж байсан баримтыг шүүхэд нотлох баримт болгуулахаар тус тус гаргасан.

10. Дээрх байдлаас үзэхэд С.Г нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3 заалтууд, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.1-д "Төрийн захиргааны албан хаагч нь 3.1-д энэ дүрмийн заасан зарчмын хүрээнд төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэнэ”, 4.1.1-д “Шударга ёсны зарчмын хүрээнд хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах”, 5.4.2 ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-т Албан үүргээ биелүүлээгүй..., 10.1.10-д Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн, 10.1.13-д Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, 10.2-т “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил” гэдэгт ...төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан..., 10.3-д “Албан үүргээ биелүүлээгүй” гэдэгт үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх буюу үл биелүүлэх, ... төрийн захиргааны ёс зүйн хэм хэмжээний дүрмийн заалтууд, түүгээр барахгүй хамт олондоо шүүх миний талд зогсож байгаа, би тэртэй тэргүй ялна гэж найз нөхөддөө ярьж байсан, энэ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

11. Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн “Үндэслэх” нь хэсэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/143 дугаартай тушаалын С.Ганнасанд холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул хууль бус актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ гэсэн боловч дээрх захиргааны актыг хууль бус болох эрх зүйн үндэслэл, шалтгааныг зааж өгөөгүй тул дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

12. Нэхэмжлэгч С.Г-гийн гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс “Мэдээлэл, тайлбар ирүүлэх тухай” 448 тоот албан бичгийг ирүүлсний дагуу шаардсан холбогдох баримт бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн, тус зөвлөлөөс холбогдох хууль журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэгч С.Г-д хариуг бичгээр өгсөн /хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд/ байгаа болно.

13. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0664 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

14.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

15. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай  холбогдуулан Тамгын газар, чиглэлийн хэлтсийн, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн болон Төв лабораторид ажиллаж байгаа нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлсний дотор тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч С.Г-г ажлаас чөлөөлсөн, мөн өдрийн Б/143 дугаар тушаалаар түүнийг  Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон, нэхэмжлэгч С.Ганнасан нь “... хуульд заасан шалгаруулалт явуулалгүй ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж, хариуцагч нь “... дотооддоо сэлгэн ажиллуулсан, 2 удаа уулзаж өөртэй нь тохиролцсон” гэж маргажээ.

16. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны Б/142 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоол, Шадар сайдын 2016 оны 129 дүгээр тушаал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны А/32 дугаар тушаалыг тус тус үндэслэсэн, уг тушаал нь байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн агуулгатай, зорилго, шийдвэрлэсэн асуудлын хувьд гадагш чиглээгүй акт тул уг актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв байна.

17. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “... Б/142 дугаар тушаалыг хууль ёсны захиргааны акт гэж үзсэн атлаа Б/143 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

18. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны Б/143 дугаар тушаалд Төрийн хяналт шалгалтын тухай 10 дугаар зүйлийн 10.7, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолын 1.13 дахь заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны А/32 дугаар тушаалыг тус тус үндэслэн шинэчлэн батлагдсан бүтэц, орон тоонд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын албан хаагчдыг 1 дүгээр хавсралтаар, чиглэлийн хэлтсүүдийн албан хаагчдыг 2 дугаар хавсралтаар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Төв лабораторид ажиллаж байгаа албан хаагчдыг 3 дугаар хавсралтаар нэрийг зааж, тус тус томилсон байна.

19. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/32 дугаар тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн орон тоог 38, үүний 10 орон тоонд хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч ажиллахаар болсон ба энэ тушаалаар хүчингүй болсонд тооцсон мөн даргын 2017 оны А/01 дүгээр тушаалаар тогтоосон байсан  хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 13 орон тоо нь 3-аар цөөрчээ.

20. Түүнчлэн, өмнөх 13 орон тоонд улсын ахлах байцаагч 5 хүн ажиллаж байсныг маргаан бүхий Б/143 дугаар тушаалаар улсын байцаагчийн 10 орон тоонд улсын ахлах байцаагч 3 хүн ажиллахаар болсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

21. Иймд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн буюу адил албан тушаалын орон тоо цөөрсөн энэ тохиолдолд Төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.2.3-т “... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах”-аар тусгайлан заасан байхад хариуцагч нь үүнийг хэрэгжүүлээгүй буруутай, улмаар нэхэмжлэгчийг Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар шууд томилж, хуулиар олгогдсон төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

22. Мөн, албан ажлын зайлшгүй шаардлагаар, хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг олон жил /10 ба түүнээс дээш жил гэх/ хэрэгжүүлж, дагнан ажиллаж байгаа байдлыг харгалзан эрсдэл бий болохоос сэргийлэх зорилгоор өөртэй нь тохиролцож, сэлгэн ажиллуулах журмаар нэхэмжлэгч С.Ганнасанг Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст  ажил, албан тушаалыг нь бууруулахгүйгээр томилсон гэж  хариуцагчаас маргасан нь үндэслэлгүй, хариуцагчийн татгалзлын уг үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан анхан болон давж заалдах шүүхүүд зөв дүгнэж, хэрэглэвэл зохих ёстой Төрийн албаны тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөв хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... Авлигатай тэмцэх газрын 2014 оны 01/5593 дугаартай албан бичгээр ирүүлсэн шаардлагыг хэрэгжүүлж ажилласан, ... хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, шүүх нотлох баримтыг бодитой үнэлээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.

23. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Г.Б нарын хяналтын  журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0664 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0038 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                     Ч.ТУНГАЛАГ