Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 632

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Гуравдагч этгээд: “Б” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэрийн “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Э” ХХК-ийн ***дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Манай компани нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Улаан нэртэй газарт 3185,91 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн ****дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийх, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болно. Дээрх шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл "Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг" 11.1.6-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, 11.1.25-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох”, 9 дүгээр зүйлд "Засгийн газрын бүрэн эрх" 9.1.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж нэмэлт, өөрчлөлт орсон байдаг билээ. Улмаар Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай" 239 дүгээр тогтоол гарсан байдаг. Дээрх тогтоолын 2 дахь хэсэгт "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Г үүрэг болгосугай" гэсэн байна. 2015 оны 01 дүгээр сараас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг Ашигт малтмалын газар хөндлөнгийн ямар нэг нөлөөлөл оруулахгүй үүднээс цахимаар олгож эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоолд зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг төрөөс тусгайлан тогтоож өгсөн, энэ нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацаагүй талбайг Ашигт малтмалын газар солбицлыг нь тодорхойлж, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв /Уул уурхайн яам/ байгууллага саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан.

Гэтэл Төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрээс илт зөрчилдсөн, засаг төрийн төлөөлөгчийн хувьд харъяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харъяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын эрх зүйн үндэслэлгүй хариуг Ашигт малтмалын Кадастрын хэлтэс баримталж байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлийн 1-д "Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна" гэсэн заалт хүчингүй болж, Монгол Улс холбооны улс болоогүй цагт Төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Монгол Улсын Засгийн газрын шийдвэр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт мөрдөгдөх учиртай. Харамсалтай нь сүүлийн үед нэлээн ажиглагдах болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарын Монгол Улсыг холбооны улс мэт "аашилж, авирлаж" байгаагийн нэг жишээ нь энэ гэж бодож байна. Энэхүү байдлыг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчмыг баримтлан таслан зогсоох байтал өөхшүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот “дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмалын газарт гомдол гаргасны эцэст хуулбарлан авах бус харах болж олдсон юм. Гэвч дээрх санал нь хуулийн зүйл, заалтын "цуглуулга" байсан болно. Өөрөөр хэлбэл хуулийг хэрэглэж, асуудлыг зохицуулалт хийсэн шинжтэй байгаагүй.

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д, Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан "... хариу ..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус заасан байхад Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх *** дүгээр санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Холбогдох хууль, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор нарийвчлан зохицуулсан байтал хууль зүйн үндэслэлгүй саналыг үндэслэн манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн шийдвэрт гомдолтой байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ***  дугаар шийдвэрээс “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн ***дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. 

“Э” ХХК 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өргөдлийн бүртгэлийн ***дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт орших Улаан нэртэй 3158.91 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ. 

Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ ...” гэсэн заалтын дагуу санал авахаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/3842 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан **** дугаарт бүртгэгдсэн өргөдөлд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Говь-Алтай аймгийн Засаг даргын 154 дугаар бүхий “Дэмжихгүй”  санал 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газарт ирсэн байна. 

Говь-Алтай аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэрээс “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн ****  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт орших маргаан бүхий талбай дээр “Э” ХХК-иас өмнө “Тис андууд” ХХК 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан байдаг ба Аймгийн Засаг даргаас дэмжсэн санал ирээгүй тул Кадастрын даргын шийдвэрээр өргөдлийг цуцалж, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК энэ талбай дээр өргөдөл гаргасан байдаг. Улмаар 5 дугаар сарын 26-ны өдөр Аймгийн Засаг даргын 154 дүгээр дэмжээгүй гэх саналаар өргөдлийг мөн цуцалж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр маргаан бүхий талбай дээр тусгай зөвшөөрөл олгохгүй болохыг нийтэд мэдэгдсэн. Үүний дараа буюу 7 дугаар сарын 07-ны өдөр “Б” ХХК цахимаар бүртгүүлж, өргөдөл гаргасан. Одоо “Б” ХХК-ийн **** дугаартай өргөдлийн дугаар хүчин төгөлдөр байдаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу тухайн аймгаас дэмжсэн санал ирээгүй тохиолдолд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хуулиа дагахаас өөрөөр яаж ч чадахгүй. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг хариуцагчаар татсан нь зохисгүй. Харин Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандаж, Аймгийн Засаг даргыг хариуцагчаар татаж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байсан. Ингэснээр шаардлагатай нотлох баримтыг аймгаас татаж, асуудлыг хялбараар, цаг хугацааны хувьд хурдан байдлаар шийдвэрлэх боломжтой. Тиймээс нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан эсэх асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын *** дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнөх өргөдлийн дугаарыг сэргээхийг Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар нэхэмжлэлдээ дурдсан болон шүүх хуралдаан дээр гаргадаг тайлбарыг сонсохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын буруутай үйл ажиллагаатай холбогдуулж ярьдаг хэрнээ, Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврыг баримталж үндэслэлээ тайлбарлаж байгаа юм. Гэтэл Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар Ашигт малтмалын тухай хуулиас давсан хүчин чадалтай байна гэж байхгүй. Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн *** дугаар шийдвэр Ашигт малтмалын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын саналыг үндэслэн гарсан. Тиймээс хэрвээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хууль зөрчиж шийдвэр гаргасан бол буруутгах нь зүйтэй. Гэтэл хуулийн дагуу шийдвэр гаргасан байхад ингэж буруутгах нь зохисгүй. Түүнчлэн аймгийн Засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн тогтоол гараагүй байхад саналаа явуулсан, хууль зүйн үндэслэлээ заагаагүй гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь аймгийн Засаг даргын дэмжээгүй саналтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл юм. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2 зөрж байгаа харагдаж байна.  

Мөн гуравдагч этгээд компани хуулийн дагуу бүртгэгдэж орж ирсэн. Одоогийн байдлаар өргөдлийн хяналт шалгалтын шатандаа явж байгаа бөгөөд аймгийн Засаг даргаас санал аваагүй байна. Дээрээс нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн *** дугаар тушаал нь нэхэмжлэгч компанийн өргөдлийн дугаарыг цуцлахтай холбогдож гарсан болохоос тухайн газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудал биш. Уг маргаан бүхий газартай холбоотойгоор 6 удаа аймгийн Засаг даргын саналд үндэслэн өргөдлийг цуцалсан байдаг. Тиймээс хэрвээ өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд аймгийн Засаг даргын санал хууль зүйн үндэслэлгүй гэх байдлаар шийдвэрлэвэл дараа дараагийн аж ахуйн нэгжүүд нэхэмжлэл гаргаж, үүнтэй холбоотойгоор хууль хэрэглээний буруу практик тогтох асуудал үүсэж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Ашигт малтмалын Кадастр хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэрийн “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн ***дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Э” ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын Улаан нэртэй газарт 3185,91 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч  өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс өргөдлийн бүртгэлийн ***дугаарт бүртгэсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 19.1.3-д “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 19.1.4-т “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох”,  19.2.2-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх ...”,  гэж тус тус заасан ба дээрх зохицуулалтуудаас үзэхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцсан эсэхийг шалган үзсэний үндсэн дээр давхцаагүй тохиолдолд зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлэхээр хуульчилсан байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж буй талбайд шүүлт хийж, уг талбай нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбай болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай эсэхийг шалган хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 6/3842 дугаар  албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга нь сум, болон аймгийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авсан байх ба Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр  албан бичгээр “Улаан нэртэй газар нь тус сумын Буудай багийн нутаг дэвсгэрт  байдаг бөгөөд энэ газарт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 3-т заасан эртний булш бунхан байдаг ба одоо Буудай багийн иргэдийн оршуулгын газар болсноос гадна тус сумын  нэрийг бэлгэдэн өгсөн “Бяхар чулуу” хэмээх түүхийн дурсгалт газар байгаа зэрэг зайлшгүй харгалзан үзэх байдлыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй...” гэсэн саналыг ирүүлсэн байна.

Мөн Говь-Алтай аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн х/06 тогтоолоор  хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулах боломжгүй гэж үзсэн байна.

Дээрх сум, аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “...Улаан нэртэй 3185.91 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй байна” гэсэн саналыг  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлжээ.

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар  шийдвэрээр  Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн тул гэсэн үндэслэлээр “Э” ХХК-д Говь-Алтай аймгийн Бигэр суманд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, “Э” ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 03 ны өдрийн 6/5595 дугаар  албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.

Маргаан бүхий Улаан нэртэй 3185.91 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй буюу дэмжихгүй гэсэн Засаг даргын санал нь  хуульд заасан үндэслэлээр гараагүй буюу үндэслэлгүй байна.

Учир нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр санал  нь сумын иргэдийн санал, сумын иргэдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэсэн байх боловч энэхүү 154 дүгээр санал нь цаг хугацааны хувьд зөрчилтэй буюу сум, аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналаас өмнө гарсан байна

Тодруулбал Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр албан бичгээр, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  санал нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тогтоолоор гарсан  байхад Засаг даргын зөвшөөрөхгүй буюу дэмжихгүй гэсэн саналаа нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр саналыг Ашигт малтмалын газар 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар , ирсэн бичгийн бүртгэлийн картаар  нотлогдож байна.

  Үүнээс үзэхэд  Говь-Алтай аймгийн Засаг дарга нь сум, аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авалгүйгээр буюу хурлын саналаас цаг хугацааны хувьд өмнө зөвшөөрөхгүй гэсэн саналаа Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байх тул Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр санал нь үндэслэлгүй буюу хуульд заасан үндэслэлээр гараагүй байна.

Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №6/2432 албан бичгээр тус шүүхэд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх Засаг даргын саналыг ирүүлэхдээ 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181 дугаартай болон 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 дугаартай 2 саналыг ирүүлсэн байх хэдий ч хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, ирсэн бичгийн бүртгэлийн картаар зэргээр 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Засаг дарга санал гаргасан болох нь нотлогдож байна.

Түүнчлэн Засаг даргын зөвшөөрөхгүй буюу дэмжихгүй санал нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байсан ч цаг хугацааны хувьд  Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  санал нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Х/06 дугаар тогтоолоос өмнө байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “... Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр ... татгалзсан хариу өгч болно” гэж заасан ба зөвхөн хуульд заасан үндэслэлээр гэж уг зохицуулалтын зорилгыг хууль тогтоогч тодотгон хуульчилсан ба хуульд заагаагүй үндэслэлээр буюу үндэслэлгүйгээр Засаг дарга татгалзсан хариу өгөхийг хориглосон агуулгаар хууль тогтоогч хуульчилжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 10 дахь хэсэгт “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “…татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолоос үзэхэд дараахь үндэслэл бий болсон нөхцөлд  Засаг дарга татгалзсан хариу өгч болохоор байна.Үүнд:  

• Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан 

• Эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр саналаас үзэхэд дээрх үндэслэлүүдийн аль үндэслэлээр нь татгалзаж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар  шийдвэр үндэслэлгүй байна.  

Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр саналын үндэслэл болсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий 3185.91 гектар талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай болон эрх бүхий байгууллагаас нөөцөд, тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцалтай болох нь нотлогдохгүй байна.

  Мөн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр зүйлийн 4.5-д  “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж, эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө” гэж заасан байна.

Дээрх зааварт зааснаас үзэхэд Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар зохицуулсан байна.

Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл  хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсын  хүснэгтийн 10-т зааснаас үзэхэд эрх зүйн шүүлт хийсэн эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн нь Засаг даргын санал үндэслэлгүй байх тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй гэсэн санал гаргасан байна. 

Иймд Засаг даргын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй буюу дэмжихгүй гэсэн санал нь хуульд заасан үндэслэлээр гараагүй буюу илт үндэслэлгүй болох нь нотлогдож байх тул “Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хууль бус байна. 

Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор дахин нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, “Б” ХХК-ийн өргөдлийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч өргөдлийн бүртгэлийн NE-026053 дугаар олгосон байна.

Маргаан бүхий талбайд дахин нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, өргөдөл хүлээн авсан дээрх нөхцөл байдлаас үзэхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь маргаан бүхий талбайг  тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй гэж үзэж дахин нийтэд сонгон шалгаруулалт зарласан байх тул маргаан бүхий Улаан нэртэй 3185.91 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №6/5595 мэдэгдлийг эс зөвшөөрөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан шийдвэр гаргуулахаар Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан боловч Ашигт малтмалын газрын дарга 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №1/5700 албан бичгээр танай гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж буюу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгсөн байна.

    Хэрэгт цугларсан баримтуудаар “Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан шийдвэр гаргахаас татгалзсан нь үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

Иймд Ашигт малтмалын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэрийн “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн ***дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл” олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д тус тус заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Ашигт малтмалын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэрийн “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ***дугаартай өргөдлийн дагуу “Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ

                                                    ШҮҮГЧ                                  Ц.САЙХАНТУЯА 

                                                   ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ