| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2024/0065/З |
| Дугаар | 110/ШШ2024/0054 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 110/ШШ2024/0054
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Х,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.Е,
Гуравдагч этгээд Б.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/549 дүгээр захирамжийг хүчингүй болгох”-оор маргаж байна.
2. Маргаан бүхий захиргааны актаар Өлгий сумын 13 дугаар багт байршилтай, гуравдагч этгээд Б.Н гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар эзэмшиж байсан 750 м.кв газрын зориулалтыг үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар өөрчилж,15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
3. Уг аймгийн Засаг даргын захирамж нь хууль болон норм, дүрэм, мөн “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс шүүхэд 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэмэлт тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д “Засаг даргын өргөн мэдүүлснээр нутаг дэвсгэртээ орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлах”, 8.2-д “Нутаг дэвсгэртээ орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан.
Хот суурин газарт нийтийн орон сууц барихын тулд эхлээд орон нутгийн Засаг даргын өргөн мэдүүлснээр нутаг дэвсгэрт орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батална, тухай ерөнхий төлөвлөгөөг үндэслэн хэсэгчилсэн төлөвлөгөө батлах ёстой. Үүний дараа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын аль нутаг дэвсгэрт ямар, хэмжээний орон сууц барих асуудал шийдэгдээд, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл өгөгдөх ёстой.Тус аймгийн Засаг даргын захирамжаар орон сууц барих зөвшөөрөл өгсөн газар нь сая дурдсан дэс дарааллын дагуу арга хэмжээ авагдаагүй, тэгэхээр хууль зөрчсөн захирамж гэж ойлгож байна.
Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “Оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах” гэж заасан боловч тухайн орон сууц барихаар зөвшөөрсөн газар нь мах хадгалах зоорь, ногоо хадгалах зоорь, бараа материал хадгалах агуулахын дэргэд байгаа автомашины замаас 2-5 метр зайтай байгаа нь хууль зөрчиж байна.
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” Монгол улсын барилгын норм ба дүрмийг баталсан. Нийтийн орон сууц болон бусад барилга объектын хоорондох зай 12- 32 метр зайтай байх заалттай.
Баригдах орон сууц нь хот суурин газарт шатахуун түгээх станц барьж ашиглах стандартыг зөрчиж, нийтийн орон сууц шатахуун түгээх станцаас хэдэн метр зайтай байх гэсэн нормативыг зөрчсөн, нийтийн орон сууц барьж цаашид ашиглахад хүний эрүүл мэндэд хортой байна.
Орон сууц барих зөвшөөрөл олгосон Өлгий сумын 13 дугаар багт байршилтай газрын урд талд “Х” ХХК-ийн шатахуун түгээх станц, хажуу талд 2 м-ийн зайтай барааны агуулах, хойд талд конторын барилга, хажуу талд компанийн эздийн орон сууц байрлагдсан байхад уг газрыг хувьчилж авсан гэнэ. Хувийн орон сууц барих эзэмшлийн газрыг хувьчлахад ойрхон байршилтай барилга байгууламжийн эзэмшигч нарын санал, хүсэлтийг авч байж, хувьчлах хуулийн заалттай. Гэтэл уг газрын дөрвөн талд “Х” ХХК-ийн барилга байгууламж байхад мэдэгдээгүй, санал хүсэлтийг ч авалгүй хувьчилсан бол хууль бус хувьчлал юм.
Аймгийн Засаг даргын А/549 дугаар захирамж нь “Х” ХХК-ийн болон тэдний үйлчлүүлэгч түншүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Уг Засаг даргын захирамжид 9 давхар нийтийн орон сууц барихыг зөвшөөрсөн нь “Х” ХХК-ийн өмч, 10000 тонн бараа материал хадгалах, борлуулах зориулалттай 12 склад бүхий агуулахыг хөлслөх үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, ажил үйлчилгээ эрхлэх эрх нь зөрчигдөнө. Агуулахад өдөрт орж гарах 20-50 гаруй хүнд даацын ачааны машин, шатахуун түгээх станцаар үйлчлүүлдэг 100-200 гаруй машины жолооч нарт саад учруулж, тэдний эрх зөрчигдөнө. Барих гэж байгаа орон сууц нь барааны агуулахын орох, гарах хаалганы замаас 4 м зайтай байгаа нь ачаа ачих буулгахаар орж, гарч байгаа машины хөдөлгөөнд саад учруулах, аваар осол гарах, хохирол учрах өндөр эрсдэлтэй. Уг үндэслэл шалтгаанаар агуулах эзэмшигч, хөлслөгч, ажилчид нийтдээ 30 орчим хүн ажил орлогогүй болж, эрх нь ноцтой зөрчигдөнө.
Агуулах нь 1978 онд баригдаж, анх баригдсан зориулалтаар нь өнөөдрийг хүртэл 46 жил тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв агуулахад орж, гарах хаалганд тулж 9 давхар, 300 орчим хүн амьдардаг орон сууц барих бол хэрэглэгч түншүүд агуулахад орох, гарахад аваар осол гарах эрсдэл өндөр, орон сууцанд амьдрах олон хүний авто машины хөдөлгөөн нэмэгдэж, үйл ажиллагаа явуулахад саад ихтэй болно гэж татгалзах үндэслэл болж байна.
Тухайн орон сууц барих зөвшөөрөл олгосон захирамж нь Орон сууцны тухай хууль, Зам тээвэр,барилга, хот байгуулалтын сайдын гаргасан хууль, дүрэм журмуудыг зөрчиж байна. Иймд Аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 287 дугаар захирамжаар иргэн Б овогтой Н олгосон газрын зориулалтыг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/549 дүгээр захирамжаар өөрчилсөн нь хууль бус тул А/549 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5.Хариуцагч аймгийн Засаг дарга хариу тайлбартаа:
“Иргэн Б.Н орон сууц барих байршил нь “Хот төлөвлөлтийн норм” БНбД 30-01-04-д заасан шаардлагуудыг бүрэн хангаж байгаа бөгөөд Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн бүсэд Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дүгээр заалтаар зөвшөөрөл олгогдож, байршлын схемийг холбогдох байгууллагуудтай зөвшөөрөлцөж баталсан ба түүний дагуу зураг төсөл боловсруулагдсан байна.
Маргаан бүхийн газрыг урьд нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсоныг өмчлөгчийн хүсэлтээр хот төлөвлөлтийн нормд нийцүүлэн нийтийн зориулалттай барилга барихаар шийдвэрлэсэн. Орон сууц барихаар төлөвлөсөн газар нь “Х” ХХК-ийн газартай давхцахгүй байх ба түүнчлэн төлөвлөж буй орон сууцны барилга нь нийтийн эдэлбэр газраар дамжин орох орц, гарцыг төлөвлөсөн, “Х” ХХК-ийн барааны агуулахад орох хөдөлгөөнийг хязгаарлаагүй, барилга хоорондын зай нь орон сууцны барилга төлөвлөлтийн нормд нийцэж байна. Тухайлбал “Х” ХХК-ийн 1 давхар барааны агуулахаас 30 метр, “Х” ХХК-ийн хуучин конторын 1 давхар барилгаас 20 метр, “Х” ХХК-ийн шатахуун түгээх станцаас 36 метр зайтай байгаа нь орон сууцны барилгын төлөвлөлтийн нормын шаардлагыг бүрэн хангаж байгааг мэргэжлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулан байршлын схемд гарын үсэг зурснаар нотлогдож байна.
Өлгий хотын төв хэсэг буюу орон сууц, олон нийтийн бүсэд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүсчлэл тогтоосон ба орон сууц, олон нийтийн бүсэд маргаан бүхий газар орж байгаа, Хот байгуулалтын тухай хуулийн 14.1-д зааснаар нийтийн орон сууц төлөвлөхийг зөвшөөрдөг. Иймд “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
”Нэхэмжлэгчийн зүгээс маргаан үүсгэж байгаа газар нь иргэн Б.Н анх аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 287 дугаар захирамжаар олгогдсон. Тухайн үед “Х” ХХК нь хууль бус газар олгогдсон гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр хэлэлцэж, ямар нэгэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан. Улмаар иргэн Б.Н нь тухайн газрыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/295 дугаар захирамжаар өмчилж авсан. Дараа нь иргэн Б.Н өмчлөх эрхээсээ татгалзаж, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/489 дүгээр захирамжаар дахиад эзэмшлээр тухайн газрыг авсан. Мөн тухайн газарт орон сууц барих хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг аймгийн ерөнхий архитекторт уламжилж, ерөнхий архитектор тухайн газар дээр худалдаа үйлчилгээтэй, орон сууц барьж болно гэж байршлын схем зургийг үйлдэж өгөөд, түүнд холбогдох дэд бүтцийн байгууллагууд гарын үсэг зурсны дагуу аймгийн Засаг дарга 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/549 дүгээр захирамжийг гаргасан. Тухайн захирамжийн дагуу газрын зориулалтыг өөрчилж, орон сууц барихаар болсон.Тухайн газарт баригдах барилга байгууламж нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10 барилгын норм ба дүрэмд заасан шаардлагыг хангасан гэдэг үндэслэлээр ерөнхий архитектор холбогдох зөвшөөрлүүдийг олгосны дагуу тухайн ажиллагааг үргэлжлүүлэх холбогдох шийдвэрүүд гараад явж байна.
6. Гуравдагч этгээд Б.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Б.Н гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшиж буй газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/549 дүгээр захирамж нь “Х” ХХК-ийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй юм. “Х” ХХК-ийн өөрсдийн эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгө, шатахуун түгээх станц болон бусад хөрөнгийг эзэмшин, ашиглахад уг захирамж саад учруулаагүй, эрх ашгийг хөндөөгүй бөгөөд хөндөж болзошгүй ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна.
“Х” ХХК нь өөрт эзэмшүүлсэн газраас хэд дахин их газрыг хууль бусаар эзэмшиж байгаа мөртлөө хууль, журмын дагуу эзэмшиж байгаа газарт шүүхэд гомдол гаргаж байгаа нь шударга бус байна. Тодруулбал “Х” ХХК нь өөрсдийн эзэмшил газрын гадна талд буюу нийтийн эзэмшлийн газарт их хэмжээний шатахуун буюу аюултай бодис агуулсан савыг газрын хэвлийд булж ашиглаж байгаа бөгөөд энэ асуудлаар холбогдох байгууллагуудад гомдлоо гаргаж, хууль бусаар эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлүүлэхээр мэдэгдэл гаргуулсан.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, шүүхээс хийсэн хэргийн газрын үзлэг зэрэг баримтуудын хүрээнд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ямар нэгэн эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй, цаашид хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.
Б.Н хувьд 750 м.кв газрыг 2007 оноос эхэлж эзэмшиж, улмаар өмчилж, өмчлөлөөс дахиж өөрийнхөө эзэмшилд шилжүүлэн, 2024 онд газрын зориулалтыг зохих эрх бүхий албан тушаалтан буюу холбогдох мэргэжилтнүүдийн зөвшөөрлөөр өөрчилсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Аймгийн төвийн дэд бүтэц бүхий газруудад нийтийн үйлчилгээний орон сууцны барилга байгууламж барих газар хомс байна. Орон сууц барих газруудыг дангаар нэг иргэнд эзэмшүүлэх нөхцөл байдлыг дэмжихгүй, харин тухайн газарт нийтийн орон сууц барих ажлыг дэмжиж ажиллаж байна” гэсэн. Гуравдагч этгээдийн зүгээс 9 давхар барилга барьж байгаа асуудал нь нийтийн эрх ашиг, сонирхолд нийцсэн, зорилго бүхий үйл ажиллагаа гэж үзэж байна.
Мөн тухайн газарт 9 давхар орон сууцны барилга барьснаас болж нэхэмжлэгч “Х” ХХК-ийн шатахуун түгээх станц, агуулах зэрэг үл хөдлөх хөрөнгүүдэд ямар нэгэн саад учруулсан нөхцөл байдал одоогийн байдлаар тогтоогдоогүй. Хэрвээ ирээдүйд тухайн орон сууцны барилга баригдаж оршин суугчид амьдарч эхэлсэн хугацаанд ямар нэгэн байдлаар “Х” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн объект буюу үйл ажиллагаанд саад учруулах бол тухайн асуудлыг цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагад гомдол гаргаж таслан зогсоолгох, эрх ашгаа хамгаалуулан шийдвэрлүүлж авах бүрэн боломжтой байдаг. Өнөөдрийн байдлаар 9 давхар орон сууцны зориулалттай барилга баригдсанаас болж “Х” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байгаа, эсхүл ирээдүйд зөрчиж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.
Тухайн газрыг 2-3 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшүүлсний дараа 2009 онд мөн адил шүүхэд маргаан үүссэн. Тухайн маргааныг 3 шатны шүүхээр хэлэлцээд Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй, “Х” ХХК-ийн эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцал үүсээгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй ялгаагүй ижилхэн нөхцөл байдал дээр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/549 дүгээр “Зориулалт өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 49-51, 55, 56, 57, 60, 63, 65,66,67,72,73,75,76,79,81,82,83,95,110-120,125-131 дэх тал, 2 дах хавтаст хэргийн 6-7, 33-35 дах тал/ дараах үйл баримтууд тогтоогдсон.
Нэхэмжлэгч “Х” ХХК-д Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар баг /одоогийн 13 дугаар баг/-ийн нутаг дэвсгэрээс 225 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр захирамжаар Өлгий сумын 5 дугаар баг /одоогийн 13 дугаар баг/ нутаг дэвсгэрээс 12050 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшүүлсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/549 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Н Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 8312007825 дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшиж буй 750 м.кв газрын зориулалтыг өөрчилж, үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
Гуравдагч этгээдэд зориулалтыг нь өөрчлөн эзэмшүүлсэн 750 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 12050 м.кв газрын хойд талд, 225 м.кв газрын баруун талд байрладаг ба гуравдагч этгээд нь уг 750 м.кв газарт үйлчилгээтэй, орон сууц /9 давхар/-ны барилга барихаар эрх бүхий этгээдээр байршлын зураг үйлдүүлэн, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулсан, одоогийн байдлаар барилгын суурь, 2 давхрын баганыг цутгасан байгаа, харин нэхэмжлэгчийн эзэмшлийн 12050 м.кв талбайтай хашаалсан газарт барааны агуулах, манаачийн байр, конторын барилга байрладаг, 225 м.кв газарт шатахуун түгээх станцын түгээгүүр байрладаг болох нь тус тус тогтоогдсон.
Анх уг 750 м.кв газрыг гуравдагч этгээд Б.Наргуланд аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 287 дугаар захирамжаар аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ахуйн орон сууц барих зориулалтаар “Х” ХХК-ийн хашааны хойд талаас 4 м зай үлдээж эзэмшүүлсэн байх ба тухайн үед уг газарт 2-3 давхар, ахуйн зориулалттай орон сууц барихаар аймгийн ерөнхий архитектораар байршлын зураг үйлдүүлэн, холбогдох эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авсан байна.
Тухайн үед энэхүү аймгийн Засаг даргын 2007 оны 287 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар “Х” ХХК-аас “Тухайн газарт орон сууц барихаар тусгагдаагүй,барилгын норм, дүрмийг зөрчсөн, Б.Н олгосон газар нь манай компанийн эзэмшлийн газар буюу автомашины зогсоолын газар” гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг тус аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 284 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор уг шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дараа нь гуравдагч этгээд Б.Н нь аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/295 дугаар захирамжаар эзэмшлийн 750 м.кв газраа өмчилж авсан байх ба улмаар гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/489 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтаар өмчлөх эрхийг нь дуусгавар болгоод, 2 дугаар заалтаар уг 750м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлсэн байна.
3.Нэхэмжлэгчээс “Орон сууцны зориулалтаар газар олгоход орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэл болгоно гэж Орон сууцны тухай хуульд заасан ба гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй.
Гуравдагч этгээдэд үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 750 м.кв газарт баригдаж буй барилга нь барилгын норм, дүрэмд заасан барилга байгууламж хоорондын зай хэмжээг зөрчсөн.
Хот суурин газарт баригдах барилга байгууламж, объектын хоорондох зай 12 м -ээс доошгүй байх ёстой гэсэн норм, норматив байдаг. Манай компанийн бараа хадгалах агуулах нь өндөр нь 2.5 м, зузаан нь 0.5 м чулуугаар баригдсан хашаагаар хүрээлэгдсэн. Уг хашаа нь агуулахад хадгалагдаж байгаа бараа материалыг гаднын нөлөөнөөс хамгаалж байгаа объект, барилга байгууламж ба зөвхөн уг хашааны дотор байгаа бараа хадгалах агуулахыг барилга байгууламж, объект гэж байгаа нь буруу. Гуравдагч этгээдийн барьж буй орон сууцны барилга нь агуулахын хашаа буюу барилга байгууламжаас 4 м зайтай байгаа нь барилгын норм, дүрмийг зөрчиж байна.
Баригдах орон сууц нь хот суурин газарт шатахуун түгээх станц барьж ашиглах стандартыг зөрчиж, нийтийн орон сууц шатахуун түгээх станцаас хэдэн метр зайтай байх гэсэн нормативыг зөрчсөн.
Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “Оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах” гэж заасан боловч тухайн орон сууц барихаар зөвшөөрсөн газар нь мах хадгалах, ногоо хадгалах зоорь, бараа материал хадгалах агуулахын дэргэд байгаа автомашины замаас 2-5 метр зайтай байгаа нь хууль зөрчиж байна” гэж маргасан.
Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар “Уг газарт 9 давхар нийтийн орон сууц барихыг зөвшөөрсөн нь “Х” ХХК-ийн бараа материал хадгалах, борлуулах зориулалттай агуулахыг хөлслөх үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, ажил үйлчилгээ эрхлэх эрх нь зөрчигдөнө, улмаар агуулахын ачигч болон агуулахыг хөлслөн үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажилтнууд ажил, орлогогүй болж эрх нь зөрчигдөнө, орон сууцны барилга нь агуулахад орж, гарах замаас 4 м зайтай байгаа тул агуулахад өдөрт орж, гарах 20-50 гаруй хүнд даацын ачааны машин, шатахуун түгээх станцаар үйлчлүүлдэг 100-200 гаруй машины жолооч нарт саад учруулна, аваар осол гарах эрсдэлтэй” гэж тайлбарласан.
4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж,
Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Орон сууц, түүний дэд бүтцийг шинээр барих, шинэчлэх, өргөтгөх арга хэмжээг орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ”, 9.4-т “Орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад дараахь шаардлагыг биелүүлнэ: 9.4.1.тухайн нутаг дэвсгэрт орон сууцыг дэд бүтэцтэй нь хамт төлөвлөж хөгжүүлэх, орон сууц нэмж барихад түүнийг дэд бүтцийн сүлжээнд үр ашигтайгаар холбох;9.4.2.оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах;9.4.3.хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө, үр дагавар гаргуулахгүй байх”, 9.5-д “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна”,9.6-д “Иргэдэд орон сууцны зориулалтаар газар олгоход орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэс болгоно”, 9.7-д “Тухайн төв, суурин газарт орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгүй бол орон сууцны зориулалтаар газар олгоход энэ хуулийн 9.4-т заасан шаардлагыг биелүүлнэ” гэж,
Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Хот, тосгоны нутаг дэвсгэрт дараахь бүсчлэлийг хот байгуулалтын норм ба дүрэм, журмын дагуу төлөвлөж тогтооно:13.1.1.орон сууц, олон нийтийн бүс;13.1.2.үйлдвэрлэлийн бүс;13.1.3.инженерийн шугам сүлжээ болон зам тээврийн бүс;13.1.4.ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс;13.1.5.хөдөө аж ахуйн бүс;13.1.6.зуслангийн бүс;13.1.7.тусгай зориулалтын бүс”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлгийн холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц, сургалт, соёл, үзвэр, шинжлэх ухаан, эмнэлэг, амралт, сувилал, спорт, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, тээвэр, холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно” гэж тус тус заажээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 94-95,110-120 дах тал/ гуравдагч этгээдэд уг 750 м.кв газрыг анх 2007 онд бусдын эзэмшил, ашиглалын газартай давхцуулахгүйгээр, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газраас ахуйн орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдсон, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд анх газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2,31.3 дах заалтад нийцсэн байна.
Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар зохицуулсан боловч тус аймагт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байх ба 2014 онд шинээр батлагдсан Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар аймгийн Засаг даргын 2024 оны А/549 дүгээр захирамжаар үйлчилгээтэй, орон сууц барихаар зориулалтыг нь өөрчилсөн гуравдагч этгээдийн эзэмшлийн 750 м.кв газар нь олон нийт, үйлчилгээний бүсэд хамаарч /2 дах хавтаст хэргийн 1-3 дах тал/ байна.
Хот байгуулалтын тухай хуульд зааснаар “орон сууц,олон нийтийн бүс”-д орон сууц болон үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөхийг зөвшөөрсөн ба тус аймагт өнөөдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байх тул хариуцагчаас Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн газрын зориулалтыг өөрчилсөн шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй байна.
Мөн маргаан бүхий захирамжаар зориулалтыг нь өөрчилсөн гуравдагч этгээдийн эзэмшлийн 750 м.кв газарт барих үйлчилгээтэй, нийтийн орон сууцны барилгын байршлын схем зураг , техникийн нөхцөл буюу дэд бүтцийн эх үүсвэр, технологийн шийдлийн талаар эрх бүхий этгээдээс авах зөвшөөрөлд холбогдох этгээдүүд гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн гаргасан шийдвэр нь Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс гуравдагч этгээдийн эзэмшлийн 750 м.кв газрын зориулалтыг үйлчилгээтэй, орон сууц барихаар өөрчилсөн маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. 31.3, Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.7, Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасантай тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.
6. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна: 5.1.1.барилгын норм, дүрэм; 5.1.2.барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал;5.1.3.стандарт”, 5.2-т “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал, … мөрдөнө” гэж тус тус заасан.
Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалаар баталсан “Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм /БНБД 21-07-14/” барилгын норм ба дүрмийн “5.Байршилд тавигдах шаардлага” гэсэн хэсэгт “Шатахуун түгээх станцаас зэргэлдээ орших барилга, байгууламж хүртэл хамгийн бага зайг Хүснэгт 1-ийн дагуу тогтооно” гэж заасан ба Хүснэгт 1-ийн 3 дугаарт орон сууц, олон нийтийн барилга нь газар доор байрлах савтай шатахуун түгээх станцаас 25 м-ийн зайтай байхаар тогтоожээ.
Шүүхээс хийсэн үзлэгээр /2 дах хавтаст хэргийн 33-35 дах тал/ маргаан бүхий захирамжаар зориулалтыг нь өөрчлөн эзэмшүүлсэн газрыг гуравдагч этгээд 3 талаас нь хашаалсан бөгөөд уг газрын зүүн талд “Х” ХХК-ийн шатахуун түгээх станц байрладаг, гуравдагч этгээдийн хашаалсан хашаа хүртэл шатахуун түгээх станцын түгээгүүрээс 39 м, шатахуун хадгалах савыг хашаалсан хашаанаас 35.4 м, шатахуун буулгах ослын савнаас 31.4 м, шатахуун буулгах хоолойноос 25.5 м зайтай, мөн гуравдагч этгээдийн уг хашаанаас барьж байгаа орон сууцны барилга хүртэл 4.3 м зайтай болох нь тус тус тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт баригдаж буй барилгаас шатахуун түгээх станцын шатахуун буулгах хоолой буюу хамгийн ойр байрлах тоног төхөөрөмж хүртэл 29.8 м, хамгийн хол байрлаж байгаа түгээгүүр хүртэл 43.3 м зайтай болох нь тус тус тогтоогдож байх тул шатахуун түгээх станц болон орон сууцны барилга хоорондын зай нь “Шатахуун түгээх станц, Галын аюулгүй норм”-ын шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
7. Зам тээвэр,барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/БНбД 31-01-10/”-ийн 4.18-д “Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно” гэж, 4 дүгээр хавсралтын 2.5-д “Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд үзүүлэв” гэж тус тус заажээ.
Гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт баригдаж буй орон сууцны /9 давхар/ барилгын хөндлөн талаас нэхэмжлэгч “Х “ ХХК-ийн 1 давхар манаачийн байр, конторын зориулалттай барилгын урт талын хооронд 21.2 м -21.6 м, орон сууцны барилгын урт талаас “Х” ХХК-ийн захирал С.З 2 давхар амины сууцны барилгын хөндлөн тал хүртэл 30.9 м, орон сууцны барилгын урт талаас “Х” ХХК-ийн 1 давхар барааны агуулахын барилга хүртэл 31.4 м (26.2 м /агуулахын барилгын хананаас агуулахын чулуун хашаа хүртэлх зай/ + 0.5 м /чулуун хашааны өргөн/ + 4.7 м /агуулахын хашаанаас орон сууцны барилга хүртэлх зай/) зайтай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /2 дах хавтаст хэргийн 33-35,47-48 дах тал/ тогтоогдсон.
“Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-01-10/” -ийн зөвлөмжийн 12 дугаар хүснэгтийн дэс дугаарын 1,2-т зааснаар 9 давхар барилгын хувьд барилгын тууш /урт/ талуудын хооронд 32 м, барилгын тууш тал, хөндлөн талын хооронд 18 м байхаар ойролцоо хэмжээг тогтоосон байх ба гуравдагч этгээдийн 9 давхар барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар хийлгүүлсэн орон сууцны барилга болон уг барилгын ертөнцийн зүгээр хойд, урд, баруун талд байрлах нэхэмжлэгч компанийн 1-2 давхар барилга байгууламжууд хоорондын зай нь орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг тогтоосон норм, дүрмийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Үүнээс гадна гэрч аймгийн ерөнхий архитектораас “...тухайн баригдах гэж байгаа орон сууц нь 9 давхар боловч барааны агуулах нь 1 давхар барилга байгаа. Энэ тохиолдолд 32 метрийн хэмжээг баримтлахгүй. Агуулах нь цонхгүй байгаа учраас 12 дугаар хүснэгтийн 3 дах хэсэгт зааснаар галын нормыг баримтална” гэж мэдүүлсэн ба гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт барьж буй орон сууцны барилга болон уг орон сууцны барилгын 3 талд байрлах дээр дурдсан барилга байгууламжууд хоорондын зай нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/”-ийн “Галын аюулаас хамгаалах шаардлага” Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасан барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээг хангаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 249-252 дах тал, 2 дах хавтаст хэргийн 29-30,33-35 дах тал / тогтоогдсон болно.
8.Нэхэмжлэгчийн хувьд ““Х” ХХК-ийн барааны агуулахын гадна талыг хүрээлэн барьсан чулуун хашааны өргөн нь 0.5 м, өндөр нь 2.5 м бөгөөд хашаа нь агуулахад хадгалагдаж байгаа бараа материалыг гаднын нөлөөнөөс хамгаалж байгаа объект, барилга байгууламж мөн, гуравдагч этгээдийн барьж буй орон сууцны барилга нь агуулахын хашаа буюу барилга байгууламжаас 4 м зайтай байгаа нь барилгын норм, дүрмийг зөрчиж байна” гэж маргасан.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “"барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгоно” гэж заасан, мөн дээр дурдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/ БНбД 31-01-10/”-ийн орон сууцны барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг үзүүлсэн зөвлөмжийн 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгт, “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/”-ийн “Галын аюулаас хамгаалах шаардлага” Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад тус тус зааснаас үзэхэд барилга байгууламжийн хоорондын зай хэмжээг барилгаас буюу барилгын хананаас /гадаргуунаас/ тооцохоор зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, барилга байгууламж хоорондын зай, барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг хэрхэн тодорхойлох талаарх зохицуулалтуудад барилга хоорондын зай хэмжээг барилгын давхар, гал тэсвэршилтийн зэргээс шалтгаалан барилгын тууш, хөндлөн тал, цонхгүй хөндлөн хана, гадна хавтгайлжин ханын гадаргуу зэргээс тооцохоор зааж өгсөн, мөн хуульд барилга байгууламжийг дээрх байдлаар тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эзэмшлийн 12050 м.кв газарт байрлах барааны агуулахын зориулалттай 1 давхар барилгын гадна талыг хүрээлсэн хашаанаас барилга байгууламжийн хоорондын зайг тооцох эрх зүйн үндэслэлгүй байна.
9. Нэхэмжлэгчээс “Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “Оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах” гэж заасан боловч орон сууцны барилга нь агуулахын дэргэд байгаа автомашины замаас 2-5 метр зайтай байгаа нь хууль зөрчиж байна” гэж маргасан ба орон сууцны барилгын зүүн талд 4.3 м зайтай байрлах агуулахад орж, гарах шороон зам бүхий хэсгийн өргөн нь 6 м, орон сууцны барилгын орц нь хойд талдаа төлөвлөгдсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 249-252 дах тал, 2 дах хавтаст хэргийн 33-35 дах тал/ тогтоогдож байгаа.
Мөн гэрч аймгийн ерөнхий архитектораас “...энэ нь орон сууцны хорооллын доторх зам учраас ... “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/”-ийн 10 дугаар хүснэгтийн орон сууцны хорооллын гудамж зам гэсэн хэсгийг хангаж байна. Мөн 9 давхар орон сууцны барилгын орц, гарц, замын хэсэг нь хойд талдаа төлөвлөгдсөн учраас орон сууцны оршин суугчдад тухайн замтай холбоотой аюул учирна гэж үзэх үндэслэлгүй”, гал түймрийн хяналтын улсын байцаагчаас “...Төв зам биш, мөн албан ёсны зам биш тохиолдолд нарийвчилсан норм, дүрэм байхгүй” гэж тус тус мэдүүлсэн ба “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/”-ийн 10 дугаар хүснэгт “Гудамж замын төлөвлөлтийн тооцооны үндэслэл”-д орон сууцны хорооллын гудамж зам, үйлдвэр аж ахуйн газар болон бусад гудамж замын хувьд гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэлх зайг тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
10. Дээр дурдсанаар орон сууцны барилгын орц нь хойд талдаа төлөвлөгдсөн ба орон сууцны барилгын зүүн талын хананаас агуулахын хашааны 6 м өргөнтэй хаалга хүртэл буюу агуулахын хашаа уруу орж, гарах шороон зам бүхий хэсгийн зах хүртэл 4.3 м, мөн шатахуун хадгалах сав, буулгах сав, буулгах хоолой, түгээх, буулгах талбай,түгээгүүр бүхий шатахуун түгээх станц хүртэл 29.8-43.3 м тус тус зайтай болох нь тогтоогдож байгаа.
Эдгээр нөхцөл байдлууд, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд тухайн орон сууцны барилгын улмаас агуулахад орж, гарах ачааны машин, шатахуун түгээх станцаар үйлчлүүлдэг автомашины хөдөлгөөнийг хязгаарлана, жолооч нарт саад учирна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа, мөн тухайн орон сууцны барилгын улмаас аваар осол гарах эрсдэлтэй гэж урьдчилан дүгнэх боломжгүй байна.
Түүнчлэн ““Х” ХХК-ийн бараа материал хадгалах, борлуулах зориулалттай агуулахыг хөлслөх үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, ажил үйлчилгээ эрхлэх эрх нь зөрчигдөнө, улмаар агуулахын ачигч болон агуулахыг хөлслөн үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажилтнууд ажил, орлогогүй болж эрх нь зөрчигдөнө” гэх үндэслэлийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт барьж буй орон сууцны барилгын улмаас барааны агуулахыг хөлслөх боломжгүй болно гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшлийн хашаалсан 12050 м.кв газрын гол хэсэгт нь агуулахын барилга байрладаг, агуулахын барилгаас хашааны хойд тал хүртэл 26.2 м зайтай, уг хашаанаас гуравдагч этгээдийн орон сууцны барилгын урд тал хүртэл хүртэл 4.7 м зайтай, түүнчлэн дээр дурдсанаар агуулахын хашааны хаалганаас орон сууцны барилгын зүүн тал хүртэл 4.3 м зайтай, агуулахын хаалганы буюу орж, гарах хэсгийн замын өргөн нь 6 м байгаа тул орж, гарах ачааны машины хөдөлгөөнд саад учирна, улмаар агуулахыг хөлслөх үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэж тус тус үзэх үндэслэлгүй байна.
Үүнээс гадна нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн орон сууцны барилгын улмаас агуулахыг хөлслөх боломжгүй болсон, үүний улмаас агуулахын ачигч нарын эрх зөрчигдсөн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иймээс хариуцагчаас үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар газрын зориулалтыг өөрчилж эзэмшүүлсэн шийдвэр гаргахдаа барилгын норм, дүрмийг мөрдөөгүй гэж үзэх, улмаар уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж тус тус үзэхээргүй байна гэж дүгнэлээ.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д тус тус зааснаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгохоор зохицуулсан ба дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж, мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тус тус үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. 31.3, Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.7, Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/549 дүгээр захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ