Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02304

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О нар нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02492 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.О нар хариуцагч ЭЭ холбогдуулан гаргасан хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж Г.Оюу-Ундрах сургалтын төлбөрт төлсөн 4 950 000 төгрөг, Б.Билгүүн сургалтын төлбөрт төлсөн 3 960 000 төгрөгийг тус бүр буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.Оюу-Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 5 настай охин М.Сэцэнзаяатыг Эко гэр цэцэрлэгт сургахаар тус цэцэрлэгтэй 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 10 сар буюу 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл охиноо цэцэрлэгт явуулахаар нийт 9 900 000 төгрөг төлсөн. Гэвч корона вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарсан тул хүүхдээ цэцэрлэгт нь явуулж, сургалтын хөтөлбөр болох биеийн тамир, балет, усан бассейн гэх мэт сургалт болон хоол хүнсний үйлчилгээ огт авч чадаагүй. Эко гэр цэцэрлэгийн удирдлагын зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан, эцэг эхчүүдэд хохиролтой шийдвэр гаргасан. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Эко гэр цэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/12 дугаар бүхий албан бичгээр бидний шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн нийт төлбөрийн 50 хувь болох 4 950 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3 настай хүү Б.Одбагмидыг Эко гэр цэцэрлэгт сургахаар 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 9 сар буюу 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүүгээ цэцэрлэгт явуулахаар 8 910 000 төгрөг төлсөн. Гэвч Корона вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарсан тул хүүхдээ Эко гэр цэцэрлэгт явуулж чадаагүй учраас сургалтын хөтөлбөр болох биеийн тамир, балет, усан бассейн гэх мэт сургалт болон хоол хүнсний үйлчилгээ огт авч чадаагүй. Эко гэр цэцэрлэгийн удирдлагын зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан, эцэг эхчүүдэд хохиролтой шийдвэр гаргасан. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Эко гэр цэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/12 дугаар бүхий албан бичгээр бидний шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд гэрээнээс татгалзсан тул сургалтын төлбөр болох 3 960 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан, гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн үйл баримтын талаар маргахгүй. Эко гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч дэлхий нийтэд шинэ төрлийн короно вирус гэх цар тахал гарч уг тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар явуулах боломжгүй болсон боловч цэцэрлэгийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломж нь биднээс үл шалтгаалах асуудлаас болж үргэлжлэх боломжгүй болсон хэдий ч сургалтын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллагын нэр хүнд, түүнчлэн талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ зэргээ ухамсарлаж хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа. Улсын онцгой комиссын шийдвэр гарснаас хойших сургалтын төлбөрийн үлдэгдлээ буцаан авах хүсэлтийг эрчимтэй гаргах болсон. Эко гэр цэцэрлэгийн тухайд дээрх асуудалд хүндэтгэлтэй хандаж аль болох эвийн журмаар шийдвэрлэхээр зорьж ирсэн бөгөөд зарим эцэг эхчүүд бидний тавьсан саналыг хүлээж авахаас татгалзсан бөгөөд цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрээнд төлбөрийг буцаан олгохгүй талаар зохицуулсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Эко гэр цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 4 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюу-Ундрахад, 3 960 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Билгүүнд тус тус олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Оюу-Ундрахын төлсөн 94 150 төгрөг, Д.Билгүүний төлсөн 78 310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эко гэр цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 94 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюу-Ундрахад, 78 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Билгүүнд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эко гэр цэцэрлэг нь нэхэмжлэгч Г.Оюу-Ундрахтай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ-г байгуулж, түүний 5 настай охин М.Сэцэнзаяаг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 9 900 000 төгрөгийг, Д.Билгүүн нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ-г байгуулж түүний 3 настай хүү Б.Одбагмидыг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож сургалтын төлбөрт нэхэмжпэгчийн зүгээс 8 910 000 төгрөгийг тус тус төлсөн. Улмаар Эко гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч Дэлхий нийтэд СОVID19 буюу шинэ төрлийн коронвирус гэх цар тахал гарч уг тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос мөн өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд улмаар Улсын онцгой комиссоос шат дараалсан шийдвэр гарсаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үндсэнд нь зогсоож шийдвэрлэсэн. Улмаар дээрх үйл явдал буюу давагдаашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас ганцхан тус цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан бус улс даяараа дээрх нөхцөл байдлын улмаас хүнд нөхцөл байдалд орж олон аж ахуй нэгж байгууллагууд хаалгаа барьсан. Харин Эко гэр цэцэрлэгийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломж нь биднээс үл шалтгаалах асуудлаас болж үргэлжлэх боломжгүй болсон хэдий ч сургалтын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллагын нэр хүнд, түүнчлэн талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ зэргээ ухамсарлаж хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж, хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн юм. Хариуцагч байгууллагын зүгээс ийнхүү үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулахыг хичээн, зорьж ажиллаж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Г.Оюу-Ундрах нарын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нь 10 сар бөгөөд нэг сарын сургалтын төлбөр нь 990 000 төгрөг болно. СOVID19 цар тахлын улмаас цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 4 сар 27 хоногийн хугацаанд тасралтгүй явагдсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд сургалтын хөтөлбөр нийт гэрээний хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулсан тал дээр хэн аль нь маргаагүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.5.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага болох 4 950 000 төгрөгийн 20 хувь болох 990 000 төгрөгийг хариуцагч байгууллага нь суутган авч, үлдэх 3 960 000 төгрөгийг хангах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Д.Билгүүн нарын хооронд байгуулагдсан гэрээний нийт хугацаа нь 9 сар бөгөөд нэг сарын сургалтын төлбөр нь 990 000 төгрөг болно. СOVID19 цар тахлын улмаас цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 4 сар 27 хоногийн хугацаанд тасралтгүй явагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д Хичээлийн улирал цэцэрлэгийн хичээлийн жил тэнцүү хэмжээний 2 улиралтай буюу 9-01 дүгээр сар дуустал 1-р улирал, 02-06 дугаар сар дуустал 2-р улиралтай байхаар зохицуулсан талаар шүүх шийдвэртээ дурдсан бөгөөд Д. Билгүүнтэй байгуулсан гэрээний үргэлжлэх хугацаа нь 10 биш 9 сар байсан бөгөөд дээрхээс үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 01-2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу гэрээний нийт хугацааны 50 хувийг давсан. Ингээд гэрээний 7.5.3-д заасны дагуу хариуцагч байгууллагын хувьд нэхэмжпэгч Д.Билгүүнтэй байгуулсан гэрээний үүрэгт ямар нэгэн төлбөр төлөх үндэслэлгүй бөгөөд дээрх үндэслэлээр Д.Билгүүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй байсан. Гэвч анхан шатны шүүх нь хэргийг тал бүрээс нь бодитоор судалж, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Оюу-Ундрах, Б.Билгүүн нар хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсан тул Г.Оюу-Ундрах сургалтын төлбөрт төлсөн 4 950 000 төгрөг, Б.Билгүүн сургалтын төлбөрт төлсөн 3 960 000 төгрөгийг тус бүр буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Оюу-Ундрах, Б.Билгүүн нар нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагатай гэрээ байгуулж, уг гэрээгээр талууд хүүхдийг цэцэрлэгт хамрагдах хугацаанд төлбөртэй сургаж хүмүүжүүлэх, эрүүл зөв хооллох, хүүхдийн бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх, хүүхдэд хүмүүжил харилцааны хичээл заах, бусадтай зөв боловсон харилцах, нийтэч байх, зөв бурууг ялган, ахуйн зөв дадал суулгахаар тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний нэг тал нь сургуулийн өмнөх насны хүүхдэд мэдлэг, чадвар, дадал хүмүүжлийн зөв хэвшил төлөвшүүлэх үйлчилгээг үзүүлэх, нөгөө тал нь хөлс төлөхөөр тохиролцжээ. Ийнхүү гэрээний зүйл нь ажил үйлчилгээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь заалт нь гэрээний үүргийн эрх зүйн тусгай ангиар зохицуулагдах боломжгүй гэрээг байгуулсан бол нэрлэгдээгүй гэрээ гэж үзэхээр хуульд зохицуулагдсан байхад анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан үйлчилгээ үзүүлэх агуулгатай гэрээг Иргэний хуулиар зохицуулагдаагүй, нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах боломжтой байна.

 

Талууд гэрээгээр хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10 сар үргэлжилэх бөгөөд сургалтын төлбөрийг 9 900 000 төгрөгөөр тохиролцсон. Хэргийн 7, 35-36 дугаар тал дах Хаан банк болон Голомт банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч Г.Оюу-Ундрах охин М.Сэцэнзаяатын сургалтын төлбөрт 9 900 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Билгүүн хүү Б.Одбагмидын сургалтын төлбөрт 8 910 000 төгрөг хариуцагч байгууллагад төлсөн нь тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаангүй.

 

Зохигчид гэрээндээ хичээлийн жилийг 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацааг нэгдүгээр улирал, 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааг хоёрдугаар улирал гэж тохиролцсон боловч улс орон даяар дэгдсэн цар тахалтай холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр зогсоосон тул нэгдүгээр улирлын цэцэрлэгийн сургалтад хүүхдүүдийг суралцсан гэж үзнэ.

 

Харин хоёрдугаар улирлын хичээл хариуцагч байгууллагаас хамаарахгүй буюу цар тахал өвчнөөс сэргийлэх онцгой дэглэм тогтоогдсоны улмаас гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байна. Иймд талууд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар шаардах эрхтэй.

 

Гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсдэг байна. Энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг буцаан өгсөн бол өөрт учирсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй нөгөө тал нь төлөх үүрэгтэй.

 

Гэрээний 7.5.3-т эцэг, эх хүүхдээ гэрээний хугацааны 50 хувиас дээш хугацааг өнгөртөл цэцэрлэгт хамруулсан бол төлсөн төлбөрийг буцаан олгохгүй гэж тохиролцсон нь хуульд заасны дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд аваагүй үйлчилгээний хөлсөө буцаан шаардах эрхийг зөрчсөн тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д зааснаар хүчин төгөлдөр бус. Иймд хариуцагч нь энэ заалтад үндэслэн төлбөрийн үлдэгдлийг буцаан төлөхөөс татгалзах эрхгүй.

 

Хариуцагч боловсрол сургалтын байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааны хүрээнд өөрт нь хандсан иргэдэд санал болгодог гэрээ байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

 

Харин, гэрээний 7.5.2-т эцэг, эх төлбөрийг бүрэн шилжүүлсний дараа хүүхдийг гэрээний хугацааны 50 хувьд хамруулсаны дараа эцэг, эх гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргаж элсэх хүүхдийн орон тоог хязгаарласны торгуулыг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ногдох төлбөрийн 20 хувиар суутган эцэг, эхэд буцаан өгнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгууль бус хариуцагчид үүсэх зайлшгүй зардлын талаар тохирсон гэж үзэх боломжтой.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал гарсан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон нөхцлийг тусгасан бол хүчин төгөлдөр бус байна гэжээ. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 7.5.2, 7.2.3-т элсэх хүүхдийн орон тоо хязгаарласаны торгууль төлүүлэх бус харин өөрт бий болох зардлыг тогтоосон агуулгатай байх боловч 20 хувиар тогтооосон нь хэт өндөр биш тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.10-т заасан өөрт учирсан хохирлыг хэт өндрөөр тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Гэрээний 7.5-д Хүүхэд цэцэрлэгт бүртгүүлж, төлбөр төлж орон тоог баталгаажуулснаар цэцэрлэгийн үйл ажиллагааны зардал, ажиллагсдын орон тоог тогтоож, багш ажилчид болон бэлтгэн нийлүүлэгч нартай гэрээ байгуулж, цэцэрлэгийн зүгээс үүрэг хүлээх, худалдан авалт хийх, хөрөнгө оруулах зэргээр ихээхэн хэмжээний зардлыг урьдчилан гаргах нөхцөл байдал үүсдэг талаар тохирсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдаж нэхэмжлэгчид хариуцагч хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй тул цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой гарсан зайлшгүй зардлыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлөх үүрэгтэй болно.

 

Иймээс нэхэмжлэгч Г.Оюу-Ундрахын төлсөн 9 900 000 төгрөгийн үлдэгдэл 4 950 000 төгрөгийн 20 хувь болох 990 000 төгрөгийг зайлшгүй зардалд суутган, үлдэгдэл 3 960 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Билгүүний төлсөн 8 910 000 төгрөгийн үлдэгдэл 4 455 000 төгрөгийн 20 хувь болох 891 000 төгрөгийг зайлшгүй зардалд суутган, үлдэгдэл 3 564 000 төгрөгийг тус бүр хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Эко гэр цэцэрлэг боловсрол сургалтын байгуулагаас 3 960 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Оюу-Ундрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 990 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Эко гэр цэцэрлэг боловсрол сургалтын байгуулагаас 3 564 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Билгүүнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 990 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын үлдээж гэснийг үлдээсүгэй гэж, 94 150 төгрөг гэснийг 78 310 төгрөг гэж, 78 310 төгрөг гэснийг 71 974 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 106 620 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ