Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/870

 

 

М.Г д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Пүрэвдагвын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр М.Г д холбогдох эрүүгийн 2309009001226 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д овгийн Г Г , 1975 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт - оршин суух, /РД:-/,

            Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 124 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 130.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

            Шүүгдэгч М.Г  нь Ц.Дтой бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр N48°27, Е107°0.10 солбицолтой Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг Өвөр Хадат гэх нэршилтэй уулын орой хэсгээс түлээний мод бэлдэх зорилгоор 2-5,7 метрийн урттай, 0,82м3 хэмжээтэй Нарсны овгийн /Pinaceae/, Сибирь шинэс /Larix sibirica Ledeb/ мод 14 ширхгийг зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэж нийт 666.588 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Д овогт ГГ ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Г т 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа дүүргээс өөр газар зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г аас 333.294 төгрөгийг гаргуулан хохирогч Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, шүүгдэгч М.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Пүрэвдагва бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”-г шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар хуульчилжээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч М.Г д оногдуулсан ялын төрөл, хэмжээг тусгаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж хуульчлан тогтоосон. Гэвч шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан гэх зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрхэн биелүүлэх буюу засаг захиргааны аль нэгжээс гарахыг хориглосон талаар дурдаагүй, оногдуулсан нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”-г шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар хуульчилжээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч М.Г д оногдуулсан ялын төрөл, хэмжээг тусгаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж хуульчлан тогтоосон. Гэвч шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан гэх зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрхэн биелүүлэх буюу засаг захиргааны аль нэгжээс гарахыг хориглосон талаар дурдаагүй, оногдуулсан нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Г ыг Ц.Дтой бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр N48°27, Е107°0.10 солбицолтой Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг Өвөр Хадат гэх нэршилтэй уулын орой хэсгээс түлээний мод бэлдэх зорилгоор 2-5,7 метрийн урттай, 0,82м3 хэмжээтэй Нарсны овгийн /Pinaceae/, Сибирь шинэс /Larix sibirica Ledeb/ мод 14 ширхгийг зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэж нийт 666.588 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М.Г д холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина ...” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг тодорхойлсноос гадна мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ...” гэж заасан.

Ийнхүү хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөгч, прокурорын шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг ямагт үүсгэж байдаг бөгөөд нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ойн сан бүхий газарт учирсан хохирлын хохирогчоор тогтоогдвол зохих эрх бүхий байгууллагаас олгосон итгэмжлэлээр холбогдох этгээдийг томилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулан мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон Ц.Бнь хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн аль нь болохыг тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг тогтоосноор, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад онцгой ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон гэх мэт хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.

Шүүгдэгч М.Г  нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Ц.Дтой бүлэглэн үйлдсэн талаар мэдүүлсэн, мөн Ц.Днь М.Г тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлсэн атал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Дт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байх тул түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй байна.

Эдгээрийг хянаж, хэргийн оролцогчийн байр суурийг тодорхойлох, тэдний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хуультай харьцуулан судалсны үндсэн дээр бодит байдлыг тогтоож, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих бөгөөд хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх ёстой.

Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Пүрэвдагвын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ