Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/008

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,  

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1714001580195 дугаартай эрүүгийн хэргийг 20178 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******,

Холбогдсон хэргийн талаар :    

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны орчим насанд хүрээгүй *******ийг ******* улсын дугаартай Suzuki Swift маркийн автомашинаар мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны орчим насанд хүрээгүй *******ийг ******* улсын дугаартай Suzuki Swift маркийн автомашинаар мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь  ...

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц гийн ... манай хүүхэд Т 2017 оны 09 сарын 10-ны өдөр байрныхаа гадаа машинд мөргүүлж баруун хөлөндөө гэмтэл авсан. Одоо Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Хүүхдийн баруун хөлийн шагай мултарч, зөөлөн эдийн гэмтэл, мөн шөрмөс нь тасарсан. Осол болсны маргааш Улаанбаатар хотруу яаралтай яв гэж эмнэлгийн эмч нар хэлсэн. Тэгээд хүүхдээ аваад эхнэр бид хоёр явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч *******ы ... 2017 оны 09 сарын 10-ны өдөр миний 5 настай хүү ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр баг 56 дугаар байр буюу гэрийнхээ гадаа тоглож байгаад хажуу талын байр болох 48 дугаар байрны үүдэнд машинд мөргүүлж баруун хөлөндөө гэмтэл авсан. Түүнээс хойш Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлэгт 2017 оны 09 сарын 11-ний өдрөөс 44 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гадуур хэд хоног эмчилгээ хийлгээд 2017 оны 11 сарынэ 04-ний өдөр Баянхонгор аймагт ирсэн. Одоо хүү минь алхахгүй хөл ьнь ил шархтай байгаа. 4 удаа хөлөндөө хагалгаанд орсон. Ясандаа бол бэртэлгүй, зөөлөн эдийн арьс, шөрмөс бэртсэн ба задгай шархтай байгаа. Хүүхдийнхээ хөлийг эдгээчих юм бол гомдолгүй. Нилээд удаж байж эдгэрнэ гэж эмч хэлж байсан. Тодорхой хэмжээний мөнгийг эмчилгээнд өгсөн байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Шүүгдэгч ******* ын ... 2017 оны 09 сарын 10-ны өдөр Баянохонгор сумын Номгон 1 дүгээр багийн 48 дугаар байрны орчимд айлын гаднаас хөдөлж яваад холгүй газарт хүүхэд гэнэт гарч ирэн миний жолоодож явсан машинд мөргүүлсэн. Би гэм буруугаа ухамсарлаж ойлгосон. Өөрийн анхаарал болгоомжгүй байдлын улмаас зам тээврийн осол хэрэг гарсан. ... Хохирогч талд хохирлын  мөнгө нийт 4.780.375 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Бид эвлэрсэн. Иймд хэргийг түргэн хугацаанд шийдэж өгнө үү гэж хүсэх байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 652 тоот шинжээчийн ... ******* ийн биед баруун шагайнд хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалданд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ... гэсэн дүгнэлт  /хх-ийн 74-75/,

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 36 тоот шинжээчийн ... хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал болох жолооч ******* нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцөлийг хангана /жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлыг хангасан гэдгийг биечлэн мэдэж, зогсож байгаа тээврийн хэрэгслийн ойролцоо эсэхийг толинд болон эргэж харсаны дараа хөдөлгөөнөө эхлэх/ хүүхэд тоглож байгаа эсэх, зам дээр болон ойр орчимд ямар нэгэн саад байгаа гэсэн заалтыг зөрчсөн байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 17/19 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-79/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 10-15/, насанд хүрээгүй хохирогч ******* ийн өвчний түүх, эмчилгээ хийлгэсэн тухай баримтууд /хх-ийн 49-73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц шүүгдэгч ******* нар нь эвлэрч хэргийн 108 дугаар хуудсанд эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч ******* ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч ******* ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч ******* т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА